Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1865

 

МБ-ны нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МБ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д-д холбогдох

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс уг үл хөдлөх хөрөнгийг  чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй тус амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ж.Номин-эрдэнэ, Д.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МБ- нь “Анод банк” ХК-д олгосон зээлийн эргэн төлөлтөд тооцож Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн оронд “Анод банк” ХК-аас 2004-2008 оны хооронд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бусад этгээдэд ажлын хөлсийг төлж, нийт 2.505.782.220,95 төгрөгийн зардлын санхүүжилт гарган бариулж, тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлдээ тусгасан тус банкны өмчлөлийн амины орон сууцыг гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Монгол Улсын Их Хурлаас 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан Банк дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиар банк дахь мөнгөн хадгаламжид учирсан төр хохирлыг хариуцна гэж заасны дагуу МБ-, “Анод банк” ХК-тай 2008 онд 12 дугаар сард зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг хадгаламж эзэмшигчид буцаан олгоход зориулан МБ-наас нийт 127.6 тэрбум төгрөг нийт 149.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. “Анод банк” ХК-аас 2015 онд 76.3 тэрбум төгрөгийг барагдуулсан боловч 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 62.151,3 тэрбум төгрөгийн хүү нийт 137.005.402 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан. Тиймээс уг өр төлбөрт тооцож дээр дурдсан 2014 оны 6 дугаар 10-ны өдөр 0214/313 дугаартай МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцон актив хөрөнгө шилжүүлсэн тухай акт үйлдэн “Анод банк” ХК дахь зарим авлага, үндсэн хөрөнгө болон өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийг МБ- өмчлөлдөө шилжүүлэн авсан. Дээрх гэрээгээр шилжин ирсэн хөрөнгө дотор Анод банкны удирдлагууд болох Н.Д-, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын эзэмшиж байсан “Анод банк” ХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 76А, 76Б, 76В тоот хаягт байрлах, “Анод банк” ХК-ийн тайлан тэнцэлд нийт 2.505.782.220 төгрөгөөр, нэг байшин 835.260.740 төгрөгөөр бүртгэгдсэн тус бүр 537,8 м.кв бүхий гурван ширхэг амины орон сууц багтсан болно. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг банкны эрх хүлээн авагч “Анод банк” ХК-ийн хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох зорилгоор төрд учирсан хохирол болон “Анод банк” ХК-ийн бусдад өгөх төлбөрийг багасгах, Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасны дагуу бусдын эзэмшилд байгаа банкны актив хөрөнгийг буцааж авах ажлын хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж Ү-2206019778Ү-2206019779, Ү-2206019780 дугаарт гэрчилгээ олгосон байдаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээ болон МБ-наас “Анод банк” ХК-д олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийг МБ-ны өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч 76Б, 76В байруудын өмчлөлийг баталгаажуулж, Ү-2206019778 дугаартай 76А байрыг маргаантай тул бүртгэлд хамруулаагүй. Анх маргаан бүхий амины орон сууцыг “Анод банк” ХК банкны төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар бариулах шийдвэрийг “Анод банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор гурван байрны төсвийг 717.900 ам.доллараар батлан гаргаж, “Анод банк” ХК-ийн 915000000000000001 тоот дуусаагүй барилга зайсан нэртэй данс нээн “Анома” ХХК болон бусад туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажил гүйцэтгэх болон бараа материал нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулан дээрх дуусаагүй барилга зайсан дансаар “Анод банк” ХК-аас зардлыг гарган бариулж, 2008 онд барилгыг бүрэн дуусгасан. Хан-Уул Дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийн санхүүжилттэй холбоотой “Анод банк” ХК-ийн ТУЗ-ийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай Зайсан дахь барилгын төсөв батлуулах тухай тогтоолд 3 байрны төсвийг 1 барилгад 239.300 ам.доллараар тооцож, нийт 717.900 ам.доллараар баталсан байдаг. “Анод банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зардал гаргах тухай тушаалаар Зайсан дахь 3 байрны төсвийг 1 барилгад 239.300 ам.доллараар тооцож, нийт 717.900 ам.долларыг холбогдох данснаас гаргахыг нягтлан бодогч Г.Энхцэцэгт зөвшөөрч шийдвэрлэсэн. Үүний хүрээнд “Анод банк” ХК 1915000000001 дугаартай дуусаагүй барилга-Зайсан гэсэн нэртэй дансны хуулгаар 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 2 856.296.220 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Мөн “Анод банк” ХК-ийн Дотоод аудитын газрын 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Анод банк” ХК-ийн тэнцэл дэх авлагын дансанд хийсэн хэсэгчилсэн шалгалтын тайланд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ТУЗ-өөс 3 байрны төсвийг 717.000 ам.доллараар баталж, тухайн үеийн ханшаар 850.711.500 төгрөг. Уг дүнгээр, гүйцэтгэх удирдлагын тушаалаар данснаас гарган зарцуулах зөвшөөрөл олгогдсон байна. Барилгын санхүүжилттэй холбоотойгоор бодитой гарсан зардал 1.146.890.157,68 төгрөг, бусад урьдчилгаа зардал болох 1.358.892.063,27 төгрөг бүртгэсэн байна. Зайсан дахь дуусаагүй барилгын санхүүжилтийг 100 хувь “Анод банк” ХК-аас гаргасан учир банкны өмчлөлд холбогдох баримт бичгийг үндэслэн шилжүүлэн авах шаардлагатай гэж үзэж байна гэж дүгнэсэн. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Анома” ХХК-аас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр “Анод банк” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 76А, 76Б, 76В тоот байруудыг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгоход газар эзэмшигчийн зүгээс татгалзах зүйлгүй тухай албан бичиг зэрэг нь “Анод банк” ХК-ийн 100 хувь хөрөнгө оруулалтаар баригдсан болохыг гэрчилдэг. Н.Д- нь уг үл хөдлөхийг хууль бусаар эзэмшиж байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Харин “Анод банк” ХК-ийн удирдлагууд аливаа хууль, гэрээ, хэлцэл, шийдвэргүйгээр удирдлагаар ажиллаж байсан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар байраа маргаангүйгээр суллаж өгсөн байдаг. Н.Д- нь уг хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхгүйгээс гадна “Анод банк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болон хувь нийлүүлэгч нарт уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх асуудлаар ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй шийдвэр, тогтоол гараагүй буюу өмчлөгч “Анод банк” ХК Н.Д-д шилжүүлэх, Н.Д- барилга барихад захиалагчийн эрх үүргийг гүйцэтгэсэн, гүйцэтгүүлсэн эсхүл санхүүжилт оруулсан ямар ч баримт байхгүй төдийгүй уг хөрөнгийг шаардах хуулийн үндэслэл шийдвэр байхгүй. Иргэн Н.Д-гийн хувьд тухайн сууцыг эзэмших, өмчлөх ямар нэг гэрээ хэлцэл, мөн компанийн эрх бүхий этгээдээс гарсан шийдвэргүй. “Анод банк” ХК-аас амины орон сууцны 76А тоот байшинг бариулах санхүүжилтийг Н.Д- гаргах болон түүнд өмчлүүлэхтэй холбоотой ямар ч зохицуулалт байхгүй бөгөөд өмнө дурдсанчлан “Анод банк” ХК-ийн хөрөнгө оруулалтаар төлбөрийг 100 хувь төлөхөөр зохицуулсны дагуу “Анод банк” ХК-аас бүх зардал гарсан. “Анод банк” ХК төлбөрийн чадваргүй болсонтой холбогдуулан банкны удирдлагуудтай холбогдох эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 34 дүгээр шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 287 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 330 дугаар тогтоолоор “Анод банк” ХК-ийн удирдлагууд банканд онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож, Н.Д- МБ-анд 1.824.481.612 төгрөг төлөх өр төлбөрийн үүрэг хүлээсэн. Банкны эрх хүлээн авагч болон МБ-наас байрыг суллан хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл байрыг суллаж өгөөгүй байна. Дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан уг хөрөнгийг битүүмжилсэн боловч “Анод банк” ХК-ийн өмч хөрөнгө байсан тул цагдаагийн байгууллагаас уг хөрөнгийн битүүмжийг суллан “Анод банк” ХК-ийн мэдэлд шилжүүлж Н.Д-гаас банкны харилцагч, хадгаламж эзэмшигч. “Анод банк” ХК-д учруулсан хохирлын шаардлагын дүнгээс уг байшингийн үнэ хасагдаж тооцогдсон юм. Иймд дээр дурдсан үндэслэл нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ү-2206019778 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 76А тоот үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр МБ-ийг тогтоож, Н.Д-гийн хууль бус эзэмшлээс уг хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Н.Д- би 2004-2008 онд “Анод банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед “Анод банк” ХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны амралт үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Анод банк” ХК-ийн төлөөлөгчийн газрын 3 барилга барихаар төлөвлөж, 2005 онд “Анод банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарч, нэг барилгад 239.300 ам.доллар, нийт 3 барилгад 717.900 ам.долларыг төлөвлөж, “Инкох” ХХК-тай гэрээ байгуулж, “Эй Жи Би” ХХК захирал нь н.Батбилэг гэх залуу гүйцэтгэгч болсон. Гэтэл гүйцэтгэгч компани оруулсан хөрөнгөөр барилгын суурийг хагас дутуу тавиад алга болсон. Ингээд барилгын ажил явахаа больсон тул захирлууд өөрсдөө барилгаа барьж, амьдрах орон сууц болгохоор шийдвэрлэж, барилгын зургийг манай эхнэр Т.Оюунгэрэл сэтгүүлээс харж уг загварыг барих болсон. Нөгөө хоёр барилгын санхүүжилт цааш яаж шийдвэрлэснийг би сайн мэдэхгүй. Одоо манай амьдарч байгаа 76А байрыг бид өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225.876.462 төгрөг, 68.000 ам.долларын хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулаад өнөөг хүртэлх хугацаанд амьдарч байна. Манайх орон сууцыг ашиглалтад оруулсны дараа өмчлөх эрхийг баталгаажуулахаар хөөцөлдсөн боловч тухайн үед газар нь “Анома” ХХК-ийн нэр дээр байсан болохоор өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүй. 68.000 ам.долларыг ойролцоогоор 1.200 төгрөгөөр тооцоход 81.600.000 төгрөг болж байгаа, одоогийн орон сууцны зах зээлийн үнэлгээ 500.000.000 төгрөг болж байна. Иймд иргэн Н.Д- намайг өөрийн болон ах дүүсийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж 76А тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулан, одоог хүртэл бүхий ашиглалтын зардлыг хариуцан амьдарч ирсэн уг орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар амралтын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч МБ-ийг тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Д- /РД:КЮ58052776/-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д-гийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2,  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч МБ- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.588.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.334.253 төгрөгийг хариуцагч Н.Д-гаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Д-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Н.Д-, түүний гэр бүл нь уг барилгад өөрсдийн 225.876.462 төгрөгийг хөрөнгө оруулж, өөрсдөө дизайныг гаргаж, барьж босгосон талаар тайлбарлаж, хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн атал тэдгээр баримтуудыг огт үнэлээгүй. Шүүх “...“Анод банк” ХК, МБ-ны хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн актив хөрөнгө шилжүүлэх гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 01214/336 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг  гэрээнд дээрх хаягт буй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр заасан ч уг гэрээг эрхийн бүртгэлийн газарт  бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн. Тухайн үед орон сууц эзэмшигчид мэдэгдэхгүйгээр байгуулагдсан байдаг. Түүнчлэн Төв банкны тухай хуульд зааснаар Төв банк нь хөрөнгө өмчлөгч биш. Шүүх банкийг дээрх орон сууцыг 505.782.220 төгрөгөөр авлагад бүртгэсэн гэх боловч МБ-, “Анод банк” ХК-ийн гэрээнд 835.260.740 төгрөгөөр үнэлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, мөн орон сууцанд хэмжилт хийлгэх байсан ч хүлээж аваагүй. Маргаан бүхий орон сууцыг эрхийн бүртгэлд бүртгэгдсэн, МБ-ны өмч гэж шүүх үзжээ. Гэтэл Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн. Хэрэв уг өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэж буй, өмчлөх эрхийн гэрчилгээгээр МБ- өмчлөгч гэж дүгнэж буй бол нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Д- нь 2004, 2005 оноос одоог хүртэл 14-15 жил уг орон сууцанд амьдарч, эзэмшиж ирсэн бөгөөд өөрийн болон гэр бүл, ах дүүсийн 225.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулж, өөрсдийн хүчээр барьж, засал чимэглэлийг хийж, одоог хүртэл бүхий л ашиглалтын зардлыг төлж, амьдарч байсан нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байх давуу эрхтэй. МБ- нь үл хөдлөх эд хөрөнгийг 2014, 2016 онд шилжүүлэх гэрээнүүдийн дагуу өмчлөх эрхтэй гэх боловч маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх 6 жил өнгөрсөн байтал гэнэт нэхэмжлэлийг 2019 онд гаргасныг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн шүүх маргаан бүхий орон сууцанд Н.Д- түүний гэр бүл, ах дүүсийн тодорхой хэмжээний хөрөнгө орсонд ямар дүгнэлт хийсэнгүй. Уг орон сууц нь дан ганц банкны хөрөнгөөр босоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс зөвхөн 76А байранд банкнаас гаргасан хөрөнгийг буцаан төлж болно гэсэн тайлбар хийснийг анзаарсангүй. Шүүх хариуцагчийн үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүйд гомдолтой байна. Гэрчүүд уг орон сууцыг банктай бус Н.Д-, түүний эхнэртэй тохирч ажил гүйцэтгэсэн болохоо гэрчилдэг. Шүүх банк тодорхой байгууллагуудтай гэрээ хийж, зарим төлбөр хийсэн ч орон сууц барих ажлыг гүйцэтгээгүй талаарх хариуцагчийн тайлбарыг анхаарч үзсэнгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч МБ- нь хариуцагч Н.Д-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76 А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, Н.Д-гийн хууль бус эзэмшлээс уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд энэ хэргийн талуудын хооронд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдаагүй, харин МБ- болон Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 6 дугаар 10-ны өдөр 0214/313 дугаартай МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойлогдсон байна.

МБ- болон Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0214/313 дугаартай, МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний  дагуу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцон актив хөрөнгө шилжүүлсэн тухай акт үйлдэн МБ-анд шилжин ирсэн хөрөнгө дотор хариуцагч Н.Д-гийн эзэмшилд байгаа  “Анод банк” ХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 76А тоот хаягт байрлах, “Анод банк” ХК-ийн тайлан тэнцэлд 835.260.740 төгрөгөөр бүртгэгдсэн 537.8 м.кв бүхий амины орон сууц багтсан байна.

Дээрх гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах амралтын байрны зориулалттай, 537,84 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Анод банк” ХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, уг бүртгэл хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019778 дугаарт бүртгэж, өмчлөгч “Анод банк” ХК-д 2011 оны 11 сарын 16-ны өдөр олгосон 000173127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба уг шийдвэрээр бүртгэлийг хүчингүй болгоогүй, харин бүртгэлийг түдгэлзүүлснээр  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар уг шийдвэрт дүгнэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Анод банкны ТУЗ-ийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны /Зайсан дахь/ нутаг дэвсгэрт баригдах Анод банкны төлөөлөгчийн газрын 3 байрны төсвийг 1 барилгад 239 300 ам.доллараар тооцож, нийт 717.900 ам.доллараар баталж, санхүүжилт хийхийг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн” 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоол,  гүйцэтгэх захирлын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 275 дугаар “зардал гаргах тухай” тушаал, барилгын ажилтай холбоотой Анод банкнаас иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ болон дуусаагүй барилга-Зайсан нэртэй  191500 00 000001 тоот дансны 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хүртэл хугацааны хуулга, гүйлгээний мемориалын ордер, Анод банкны Дотоод Аудитын газрын 2009 оны 02 дугаар сарын     16-ны өдрийн “.. 3 байрны барилгын ажилд бодит байдлаар 1.146.890.157,68 төгрөг зарцуулсан...” талаар дүгнэсэн Анод банкны баланс дахь авлагын дансны үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилэн шалгалтын тайлан зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, МБ- болон “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 0214/313 дугаартай, МБ-наас Анод банканд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал “...Анод банк амралт үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний дагуу банкны төлөөлөгчийн газрын 3 барилгыг захирлууд өөрсдийн санхүүжилтээр үргэжлүүлэн барьж, амьдрах орон сууц болгохоор шийдвэрлэсэн. Манай гэр бүлийн одоогийн амьдарч буй 76А тоот байрыг бид өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225.876.462 төгрөгийн хөрөнгөөр гүйцээн барьж ашиглалтад оруулаад одоог хүртэл амьдарч байгаа...” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал тайлбар үгүйсгэгдсэн, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 Анод банкны баланс дахь авлагын дансны үйл ажиллагаанд хийсэн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хэсэгчилэн шалгалтын тайланд “...дотоод засал тэдгээрийн материал болон ажлын хөлс зэрэгт нийт 710 440 676 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар гаргасан, ...дотоод засал чимэглэлийн материалуудын үнийг ихэвчлэн бэлэн ам.доллараар, 3 захирлын гэр бүлийн хүмүүс авч зарцуусан нь баримтнаас тогтоогдож байна. н.Ариунжаргал, н.Оюунгэрэл, н.Цэцгээ нараас бэлнээр авсан мөнгөний зарцуулалтын баримтыг ихэнхдээ бүрдүүлж өгөөгүй байна...” гэж тусгагдсан байгаагаас үзэхэд маргааны зүйл болох орон сууцыг, барилгын сууриас эхлэн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан гэх хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76А тоот хаягт байрлах 537,84 м.кв талбайтай, хоёр давхар амралтын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Д-гийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Шүүх Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.7, Төв банк /МБ-/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул  Төв банкны хуульд зааснаар Төв банк өмчлөгч биш гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн “өөрсдийн болон ах дүүсийн тусламжтайгаар 225.876.462 төгрөгийн хөрөнгөөр дуусаагүй барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулсан” гэх хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байхаас гадна хариуцагч нь маргаж буй хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн гомдол үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн, хариуцагч талаас анхан шатны шүүхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг бичгээр  гаргаж байгаагүй, хариуцагчийн эзэмшил хууль болон гэрээнд үндэслэсэн буюу хууль ёсоор эзэмшиж байгаа гэх байдлаа хариуцагч нотлоогүй, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зохицуулалт хариуцагчид үйлчлэхгүй,  тухайн маргаан нь өмчлөх эрхийн маргаан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, хариуцагч нь эд хөрөнгө нийлсэн, холилдсон үндэслэлээр өөрт учирсан хохирлыг арилгуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй зэргээс үзэхэд эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.588.000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ