Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1864

 

Т.О-ийн нэхэмжлэлтэй                                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01525 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 35.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжпэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О-, Ц.Төмөрбаатартай хамтран 48.120.840 төгрөгийг 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэл 12 сарын хугацаатай хадгалуулахаар 1131014869 дугаар хадгаламжийн данс бүхий Платинум мөнгөн хадгаламжийн гэрээг Монгол шуудан банктай байгуулсан. 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дээрх хадгаламжийн дансны үлдэгдэл 68.510.905,44 төгрөг байснаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 34.309.205 төгрөгийн зарлага гарч 34.201.700 төгрөг үлдсэн байдаг. Тухайн үед Платинум мөнгөн хадгаламжийн гэрээ бүхий 1131014869 дугаар хадгаламжийн дансыг ашиглах хязгаарлагдмал эрхтэй байсан тул уг дансанд үлдсэн үлдэгдэл 34.201.700 төгрөгийг өөр тоот дансанд шилжүүлсэн. Учир нь Платинум хэлбэрийн хадгаламж нь хадгалуулсан мөнгийг тус банкны зөвхөн нэг салбараас олгодог байсан бөгөөд хадгаламжийн хүүг авах боломжгүй байсан тул ийнхүү өөр дансанд шилжүүлсэн. Үүний дараа данснаасаа 25.000.000 төгрөгийг авч 9.465.265 төгрөг үлдсэн байдаг. Тухайн үед дансан дахь үлдэгдэл мөнгөө бүхэлд нь авах гэсэн боловч Монгол шуудан банкнаас зузаатгал хийнэ үлдэгдэл мөнгийг дараа өгнө гэсэн шалтгаанаар 9.465.265 төгрөгийг олгоогүй. Дээрх хугацаанд О.Чулуунчимэг /тухайн үед Монгол шуудан банкны нэгдүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан/ Б.Болд нар нь хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатарын нэрийг ашиглан банкнаас нийт 50.000.000 төгрөгийг авч ашигласан байдаг. О.Чулуунчимэг, Б.Болд нарын Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шуудан банк-ны тооцооны нэгдүгээр төвөөс 2004 оны 05 дугаар сараас 2007 оны 11 дүгээр сарын хооронд нэр бүхий 33 иргэний /Үүнд Ц.Төмөрбаатар орсон/ нэр дээр зээл гаргуулан авсан, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2007 оны 3 дугаар сарын хооронд нэр бүхий 3 иргэний нэр дээр зээл гаргуулан авсан үйлдлүүдэд 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн шалгагдаж улмаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хэргийн улмаас аав маань 2007 оны 6 дугаар сарын 08-нд цус харван хэвтэрт орж улмаар 2012 оны 8 дугаар сарын 12-нд нас барсан бөгөөд гэр бүл, үр хүүхдүүд бид сэтгэл санааны болон эд материалын хохиролтой болж үлдсэн. Хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар болон хамтран эзэмшигч Т.О-ийн хадгаламж барьцаалан Монгол шуудан банктай зээлийн гэрээ байгуулаагүй, бидэнд мэдэгдэлгүйгээр нэр ашиглаж хийсэн хууль бус үйлдэл бөгөөд мөнгөн хадгаламжид аливаа этгээдийн үйлдлээс шалтгаалж учирсан хохирол, хариуцлага нь хадгаламж эзэмшигчид хамааралгүй гэж үзэж байна. Бид хадгаламжийн данс дахь үлдэгдэл мөнгийг гаргуулахаар ТБинд хандсан боловч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр иргэн Ц.Төмөрбаатар нь тус банкинд ямар нэгэн данс эзэмшдэггүй болно хэмээн хариу ирүүлж хадгаламжийн үлдэгдэл мөнгийг олгохоос татгалзсан. Гэтэл бид Монгол шуудан банктай байгуулсан хадгаламжийн гэрээний үлдэгдэл мөнгийг энэ хугацаанд огт аваагүй. ТБинд удаа дараа хандаж байсан боловч ямар үндэслэл шалтгаанаар данс эзэмшдэггүй гэх нөхцөл байдал үүссэн талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй. Талийгаачийн эхнэр Ч.Цэцэгсүрэн, хүү Т.Оюунбаяр болон миний бие Т.О- бид хууль ёсны өв залгамжлагч бөгөөд талийгаач эцэг Ц.Төмөрбаатарын өв хөрөнгөөс эхнэр Ч.Цэцэгсүрэн, хүү Т.Оюунбаяр нар татгалзаж миний бие өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрхтэй болсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Төмөрбаатарын өв хөрөнгө болох Монгол шуудан банк дахь 1131036123 тоот дансны 35.300.000 / 9.465.265 төгрөг хүүгийн хамт/ төгрөгийг Т.О-т 100 хувь олгохоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Тус Монгол шуудан банкны 1131036123 тоот данс дахь мөнгөн хадгаламж ТБинд шилжсэн. Дээрх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн дансан дахь 9 465 265 төгрөгийг 11 жил 4 сарын 2.01 хувийн хүүгээр тооцож үзэхэд 2019 оны 05 дугаар сарын байдлаар 35 300 000 төгрөг байна. Монгол шуудан банкыг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу өөрчлөн байгуулж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 252, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн A/153 дугаар тушаалаар Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээг Хадгаламж банкид шилжүүлсэн, “Монгол шуудан банк” ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, хүчингүйд тооцож, “Хадгаламж банк” ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатайгаар авсан байдаг. Харин Банкны тухай хуулийн 48.2., 55 дугаар зүйл болон холбогдох хэм хэмжээг үндэслэн Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилон, эрх хүлээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив хөрөнгийг салбар, нэгжийн хамт “ТБ” ХХК-д шилжүүлжээ. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар ажилтны буруугаас учруулсан гэм хорын хохирлыг “Монгол шуудан банк” ХХК, түүнчлэн “Хадгаламж банк” ХХК-ийн эрхийг хүлээж авсан “ТБ” ХХК хариуцах ёстой гэж үзэж гэм хорын хохирол 9.465.265 төгрөг, олох ёстой байсан орлоод тооцон 25.834.735 төгрөг, нийт 35.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ч.Рэгзэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/157 тоот тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, эрх хүлээн авагчийг томилсон байдаг. “ТБ” ХХК нь эрх хүлээн авагчтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 007/201ЗБЭХА/164 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банкны зарим актив хөрөнгийг шилжүүлэн авсан. Хадгаламж банкны мөнгөн хадгаламжийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 004/2013БЭХА/171 тоот Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, түүний хавсралтын дагуу шилжүүлэн авсан. Ийнхүү шилжиж ирсэн хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад Цэнддорж овогтой Төмөрбаатар /РД:ХН50092870/, Төмөрбаатар овогтой Оюунчимэг /РД:ХН77031762/ гэсэн хадгаламж эзэмшигч байдаггүй. Дээр дурдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж эрх хүлээн авагч томилсон бөгөөд Иргэний хуулийн 31.3.-т заасны дагуу ТБинд нэгтгээгүй, харин Банкны тухай хуулийн 57.1.2., Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн байдаг. Иймд ТБ нь Ц.Төмөрбаатар болон Т.О- нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний эрх, үүргийг Хадгаламж банк дах банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн Ц.Төмөрбаатар нь Монгол шуудан банкинд хадгаламж эзэмшиж байсан бөгөөд Монгол шуудан банкийг мөн хуулийн этгээдийн нь хувьд татан буулгаж, эрх хүлээн авагч болгосон. Эрх хүлээн авагчтай байгуулсан гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгийг Хадгаламж банкид шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхэд Ц.Төмөрбаатар гэдэг хүн мөнгөн хадгаламждаа үлдэгдэлтэй байсан эсэх, байсан бол мөнгөн хадгаламжийг Хадгаламж банкид шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нотариатчаас олгогдсон 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 515.1, 528.1, Нотариатын тухай хуулийн 43.2.3-т заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар О.Чулуунчимэг нь ТБтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаагүй, өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн 1131036123 тоот дансны хадгаламжийн гэрээ, дэвтэр хэрэгт авагдаагүй бөгөөд хадгаламжийн хэмжээ, хүүгийн хэмжээг тодорхойлох боломжгүй,  Хадгаламж банкны мөнгөн хадгаламжийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013 БЭХ А/171 тоот Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, түүний хавсралтын дагуу манайх шилжүүлэн авсан боловч уг хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад Цэнддорж овогтой Төмөрбаатар /РД:ХН50092870/, Төмөрбаатар овогтой Оюунчимэг /РД:ХН77031762/ гэсэн хадгаламж эзэмшигч мөн Ц.Төмөрбаатарт төлөх өглөг шилжиж ирээгүй, О.Чулуунчимэг гэх ажилтан Монголшуудан банкнаас Хадгаламж банкинд, Хадгаламж банкнаас ТБинд шилжин ажиллаагүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж эрх хүлээн авагч томилсон бөгөөд Иргэний хуулийн 31.3-т заасны дагуу ТБинд нэгтгээгүй, харин Банкны тухай хуулийн 57.1.2., 59.1, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн. Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нээхмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О-ийн, хариуцагч “ТБ” ХХК-аас гэм хорын хохиролд 35.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Монгол шуудан банкны ажилтан О.Чулуунчимэг Б.Болд нарын хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатарын нэрийг ашиглан 1131014869 тоот хадгаламжийг барьцаалан зээлийн гэрээ байгуулж нийт 50.000.000 төгрөгийг ашиглан хохирол учруулсан үйлдлийг шалгах хугацаанд хадгаламж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламж барьцаалсан зээлийг төлүүлэх боломжгүйгээс гадна 1131014869 тоот хадгаламжийг барьцаалсан байдаг учраас уг зээлийн үүрэг гэж үзэн шинээр эзэмшиж эхэлсэн 1131036123 тоот данснаас хадгаламж барьцаалсан зээлийг төлүүлэх боломжгүй /1131036123 тоот данс бүхий хадгаламжийг барьцаалаагүй/ юм. Талийгаач Ц.Төмөрбаатарын хадгаламжийн данс хэд хэдэн удаа түүний зөвшөөрөлгүй солигдож, орлого зарлагын гүйлгээ хийгдэж байсан шалтгаан тодорхойгүй бөгөөд хадгаламж барьцаалсан зээл төлүүлсэн талаар огт мэдээгүй. О.Чулуунчимэг, Б.Болд нарын эцэслэн шийдвэрлээгүй байсан хугацаанд Монгол шуудан банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, актив пассив хөрөнгө, салбар нэгжийн хамт Хадгаламж банкид, Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчаас Төрнйн банкинд шилжсэн нөхцөл байдал үүссэн бөгөөд дээрх гэрээгээр шилжсэн хадгаламжийн бүртгэлийн мэдээллийг хадгаламж эзэмшигчид мэдэх боломжгүй байсан тул нэхэмжлэгчид илт хохиролтой гэрээ болсон. О.Чулуунчимэг Б.Болд нарт холбогдох хэрэгт Монгол шуудан банк тухайн үеийн Хадгаламж банк хохирогчоор тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд О.Чулуунчимэг, Б.Болд нартай холбогдох өр төлбөрийн асуудал 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ”-ний дагуу шилжсэн эсэх нөхцөл байдал тодорхойгүй учраас О.Чулуунчимэг нарын гэм буруутай үйлдэлтэй холбоотой эрх, үүрэг ТБинд шилжээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч ТБ ХХК-д холбогдуулан, банкны ажилтны буруугаас учирсан хохиролд 35.300.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол шуудан банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг, Б.Болд нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Төмөрбаатарын 1131014869 тоот хадгаламжийг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээл авч ашигласан үйлдэлтэй холбоотойгоор тайлбарласан.

Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 тоот тогтоолоор О.Чулуунчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх боловч О.Чулуунчимэг нар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад гэм хор учруулсан” эсэхэд хамааралтай нотлох баримт хэрэгт авагдаагүй  тохиолдолд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна. Тухайлбал, О.Чулуунчимэг, Б.Болд нар нь зээлийн ямар материалыг хуурамчаар бүрдүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн гэх зээлийн гэрээний үүрэгт Ц.Төмөрбаатар, Т.О- нарын хадгаламж барьцаалагдсан эсэх, Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээлийг хэний ямар шийдвэрээр төлүүлсэн, энэ нь  О.Чулуунчимэг, Б.Болд нарын хуурамчаар бүрдүүлсэн гэх зээлтэй хамааралтай эсэх нөхцөл байдлууд тодорхой бус байна.

 Т.О-, Ц.Төмөрбаатар нар нь 2008 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар нийт 9.465.265 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс хойшхи удаа дараагийн данс хоорондын болон зарлагын гүйлгээ хэний зөвшөөрөл, анхан шатны ямар баримтыг үндэслэн хийгдсэн болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч талаас ТБ, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас тус тус нотлох баримт гаргуулахаар удаа дараа шүүхэд хүсэлт гаргаж, шүүх эдгээр хүсэлтийг тухай бүр хангаж шийдвэрлэсэн байдаг ба Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь өөр хүний дансны лавлагаа ирүүлсэн /хх-ийн 166-170/, дансны хуулгыг бүрэн ирүүлээгүй /хх-ийн 193-194, 212/ байдаг ба хамгийн сүүлд  2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 634 тоот албан бичгээр “2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9.508.831 төгрөгийг Хадгаламж банкны дотооддоо ашигладаг 1100000102 тоот данс руу, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн гүйлгээний утгатай тус тус  шилжсэн талаар тодорхойлжээ. /хх-ийн 249-250/

Анхан шатны шүүхэд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс явагдсан, Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн дээрх баримтуудыг талуудад шүүх хуралдаан явагдсан 2020 оны 06 дугаар сарын 29-ний  өдөр  танилцуулсан зэргээс үзэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буюу нэхэмжлэгч нь хариуцагчаа  зөв тодорхойлсон эсэхийг тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчихгүй юм. 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Т.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Т.О-, түүний эцэг Ц.Төмөрбаатар нарын Монгол шуудан банк ХХК дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдэл Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжсэн нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий  нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/07599 дугаартай захирамжаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ