Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00056

 

 Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Батдэлгэр, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00049 дүгээр магадлалтай,                                                                                                                    

Т ийн нэхэмжлэлтэй,

“Т ” ХХК, “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох

35,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг      

Хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, өмгөөлөгч И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “Т ” ХХК, “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т т олгож, нэхэмжлэлээс 25,834,735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 166,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00049 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн талаар. Давж заалдах шатны шүүхээс “М” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, банкны үйл ажиллагаатай холбоотой эрх, үүргийг “Х ” ХХК-д нэгтгэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөхгүй гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ.” гэж ерөнхий зохицуулсан. Тус зохицуулалт хэрхэн хэрэгжих талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулиудаар тус тус нарийвчлан тусгасан. Үүнд: Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.” гэж заасан. Хавтаст хэргийн 1-р хавсралтын 6-р талд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтад ... банкны хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа нь ... банк одоог хүртэл Монгол Улсад бүртгэлтэй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болж, үйл ажиллагаа нь зогссоноос биш хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.” гэж тус тус зааснаас үзвэл “М” ХХК-ийн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй, түүнчлэн “Х ”, “М” ХХК нар нэгтгэгдсэн үйл баримт тогтоогдоогүй атал анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дур мэдэн хоёр хуулийн этгээдийг нэгтгэсэнд тооцож, улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг үл хэрэгсэн, эрх мэдлээ хэтрүүлэн дүгнэлт гаргасан байна.

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийг буруу хэрэглэн ойлгомжгүй шийдвэр гаргасан талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т т олгож... ” гэж шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж хуульчилсан байна. Ийнхүү шүүхээс гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх агуулгатай хуулийг баримтлан хариуцагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, хуулийн зүйл, заалтууд хоорондоо зөрчилтэй байна. Монгол улсын Дээд шүүхийн 2006.04.24-ний өдрийн 21 дугаартай Шүүхийн шийдвэрийн тухай тогтоолын 3.3 дахь хэсэгт “Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн.” гэж заасан. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс тус маргааныг хариуцах үндэслэлгүй болох хангалттай нотлох баримтуудыг гарган өгсөн атал шүүхээс гэрээ болон баримтуудыг үнэлэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон хэмээн хуулийн этгээдийг нэгтгэгдсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүхийн үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн.

4.3. Шүүх гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 8 дугаарт “... банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ нь “М” ХХК-ийн ажилтны асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг биш болно, 11 дүгээрт Талуудын хооронд үүссэн маргаан нь гэм хорын эрх зүйн харилцаанд хамаарч буй тул гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэх гомдол үндэслэлгүй” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй 2010.03.17-ны өдрийн 01 тоот “... банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний удиртгал хэсгийн 2 дахь мөрөнд дурдсанаар “Энэхүү гэрээг Иргэний хуулийн 123 (2,6) дугаар зүйл ...-ийг үндэслэн” байгуулах тухай тохиролцсон байх ба ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулсны дагуу уг гэрээгээр талууд зарим хөрөнгийн шаардах эрхийг л шилжүүлэхээр тохиролцсон байдаг. ... банкнаас Х анд актаар шилжүүлсэн актив, пассив хөрөнгөд юу хамаарч авч үзсэн талаар гэрээний 1.2 дугаар зүйлд тодорхой тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зүйлтэй холбогдох аливаа нэгэн баримт, шаардах эрх шилжиж ирээгүй болох нь хавсралтаар тогтоогддог. Мөн гэрээний 6.1-д “Х ” ХХК нь гэрээний 1.2-т заасан хавсралтуудад тусгагдаж, "М” ХХК-аас хүлээн авснаас бусад актив, пассив хөрөнгө /зээл, бусад хүлээж болзошгүй үүрэг/-тэй холбоотой бусад үүрэг, хариуцлагыг хариуцахгүй, 6.2 дугаар зүйлд “М” ХХК нь энэ гэрээний 1.2-т заасны дагуу “Х ” ХХК-д хүлээлгэн өгснөөс бусад өөрийн тэнцэлд үлдсэн актив, пассив хөрөнгө зээл, бусад хүлээж болзошгүй үүрэг/-тэй холбоотой бусад үүрэг, хариуцлагыг өөрөө хариуцна гэж тохиролцон гэрээг байгуулсан нь банкнууд хоорондоо нэгтгэгдээгүйг илтгэж байна. Дээрхээс үзвэл, бусад хүлээж болзошгүй үүрэг хариуцлагыг “Х ” ХХК хариуцахгүй, “М” банк өөрөө хариуцна гэдгийг маш тодорхой заасан. Тус гэрээ нь “М” банкны ажилтны асуудлыг шийдвэрлэсэн баримт биш гэж үзэх боломжгүй буюу бусад хүлээж болзошгүй үүрэг хариуцлага гэдэгт цаашид үүсэж болзошгүй аливаа асуудал буюу ажилтны ч асуудлыг бүгдийг хамруулж ойлгохоор тохиролцсон болох нь илт байтал шүүхээс талуудын тохиролцоог үгүйсгэн дүгнэсэн нь алдаатай байна. Түүнчлэн гэм хорын эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчим яригдахгүй мэтээр дүгнэсэн. Тус гэрээний ач холбогдлыг шүүхээс үнэн зөв авч үзсэнээр гэм хорын маргаанд хамаарахгүй буюу гэрээ байгуулах болсон гол үндэслэлийг шүүхээс хэтрүүлэн тайлбарлаж маргааныг буруу шийдвэрлэжээ. Ийнхүү талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад шүүх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын дундуур орж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулан, гэрээгээр тохирсон нөхцөлийг нэгдэх хүсэл зоригтой байсан мэтээр тайлбарласан нь шүүх төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.4. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тогтоон нэхэмжлэл гаргасан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ. О  нь “Х ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, тус банкны ажилтан биш бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2019.04.02-ны өдрийн 10 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 4 дүгээрт хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо О , Б  нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан ба нэхэмжлэгч нараас тус хариуцагч болон “М” ХХК нарт холбогдуулан аливаа нэхэмжлэл шаардлага гаргаагүй хэдий ч хариуцах этгээд биш болох “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь банкны эрх хүлээн авагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Гэвч энэхүү чиг үүргийг хэт өргөжүүлэн шүүхээс “...Ц ын хадгаламжийн үлдэгдэл 9,465,265 төгрөгөөр О ийн авсан зээлийг төлүүлж, дансыг хаасан тул ... “Х ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж дүгнэснээр холбогдох хууль тогтоомжийг төдийгүй хууль ёсны ба шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “М” ХХК-ийн ажилтан О ийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.16-ны өдрийн 001/ШХТ2023/00299 тогтоолоор хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, “Т " ХХК-д тус тус холбогдуулан 35,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 9,465,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т т олгож, нэхэмжлэлээс 25,834,735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан 35,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийг анх шаардсан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг татаж,  “...хариуцагч байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирол” гэх зэргээр үндэслэлээ өөрчилж байсан боловч “...М банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгч О ийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 35,300,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж, хариуцагч “Т ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

9. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлж, “...М банкны ...тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эцэг Ц ыг 1131014869 тоот хадгаламжаа барьцаалан 50,000,000 төгрөгийн зээл авсан мэтээр түүний нэр дээр зээлийн гэрээг байгуулж, мөнгийг өөртөө авч ашигласан үйлдэлдээ шалгагдсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, ...тус банкны актив, пассив хөрөнгийг Х д 2010.03.17-ны өдрийн “... банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлсэн, харин Х ны актив, пассив хөрөнгийг салбар нэгжийн хамт 2013.07.22-ны өдрийн гэрээгээр “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Т ” ХХК-д шилжүүлсэн. Иймд ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага хүлээх зохицуулалтын дагуу хадгаламжийн дансны үлдэгдэл 9,465,265 төгрөгийг, 11 жил 4 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод сарын 2,01 хувийн хүү тооцож, 25,834,735 төгрөг, нийт 35,300,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан бөгөөд хадгаламж эзэмшигч Ц  2012.08.10-ны өдөр нас барсан ба түүний өвийг Т  хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

10. Хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “... Ц ын нэр дээрх зээлийн болон хадгаламжийн данс, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд түүний эзэмшлийн хадгаламжийн данс шилжиж ирээгүй, харин 10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869 төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг. ...Ц , Т  нарын эзэмшлийн хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9,467,265 /9,508,831/ төгрөг нь “М” банк ХХК-аас “Х” ХХК-д шилжиж ирээгүй, ...гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарласан байна.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т  нь хариуцагч "Т ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

12. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн тушаалаар “Х ” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатай авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон ба хугацааг тухай бүр сунгасан үйл баримт тогтоогдсон болно.

13. Нэг талаас “М" ХХК болон нөгөө талаас Ц , Т  нарын хооронд 2006.01.24-ний өдөр хийгдсэн хэлцлээр талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

14. Гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүд 2006-2008 онд хийгдэж байсан байх бөгөөд “М” ХХК-ийн 1131036123 тоот хадгаламжийн дансанд 2008.02.26-ны өдөр 9,465,265 төгрөгийн орлого орсон, уг 11310036123 тоот данснаас 2008.03.17-ны өдөр 1100000102 тоот дансанд 9,508,831 төгрөгийг шилжүүлсэн, уг 1100000102 тоот дансыг банк дотооддоо ашигладаг, тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс, 1100000102 тоот дансанд 2008.03.17-ны өдөр шилжиж ирсэн 9,508,831 төгрөгийг тухайн өдөрт нь Ц ын нэр дээр бүртгэлтэй 1100649919 тоот данс руу шилжүүлж зээлийн үлдэгдлээс төлүүлсэн үйл баримт нь маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийхдээ хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

15. Хэргийн баримтаас үзэхэд "М" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2003.06.25-ны өдрийн тушаалаар тус банкны 1 дүгээр төвийн эрхлэгчээр О  томилогдон ажиллаж эхэлсэн, түүний ажиллаж байсан 1 дүгээр төвд ноцтой зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн тухай тус банкны гүйцэтгэх захирлын 2007.02.20-ны өдрийн тушаал гарсан. Улмаар О т холбогдуулан 2007.03.06-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн, ... прокурорын 2019.04.02-ны өдрийн 10 тоот тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг тогтоолд О  нь “М” ХХК-ийн 1 дүгээр төвөөс 2004 оны 05 сараас 2007 оны 11 сар хүртэлх хугацаанд нэр бүхий 33 иргэний нэр дээр зээл гаргуулан авч, хохирол учруулсан гэх үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, ... Ц т 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын талаар дурджээ.

16. “Х ”-ны хувь нийлүүлэгчдийн хурал, “М” банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010.03.17-ны өдрийн 10-05/07 тоот тогтоолын 4 дэх хэсэгт: “... банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн пассив хөрөнгө Х анд шилжиж буйтай холбогдуулан тэдгээрийн гүйлгээг хийж гүйцэтгэж ирсэн ... банкны нэгж, харьяа салбар, тооцооны төвүүдийг 2010.03.19-ний өдрөөс эхлэн Х ны нэгж, харьяа салбар, тооцооны төв болгон өөрчлөн зохион байгуулахыг Х ны захирал О т даалгаж, мөн тогтоолын 5 дахь хэсэгт “Энэхүү тогтоолын 4-т заасан өөрчлөн байгуулалттай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж буй ... банкны ажилтнуудаас Х ны ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн томилж ажиллуулахыг ... банкны гүйцэтгэх захирал П , Х ны гүйцэтгэх захирал О  нарт тус тус даалгах”-аар шийдвэрлэсэн байна.

Иймээс “... ‘‘М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтан О ийг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлснээс өөр баримтгүй байх тул түүний ажлын байр болон уг ажилтныг шилжүүлж аваагүй хариуцагч "Х " ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасан журмын дагуу гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гэм хор учрахад буруугүй гэдгээ нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй” гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

17. “М" ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, банкны үйл ажиллагаатай холбоотой эрх, үүргийг “Х ” ХХК-д нэгтгэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг  Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл зөв байна.

18. “Х ” ХХК-ийн эрх хүлээн авагч нь О т холбогдуулан гэм хорын хохиролд 131,746,377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлд "... Иргэн Ц  нь ... банктай 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 196 дугаартай “Зээлийн гэрээ”, 196 дугаартай "Барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.01 хувь, жилийн 24.14 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар авсан бүртгэлтэй байна. ... зээлийн болон барьцааны гэрээнд иргэн ... Ц  ... нар гарын үсэг зурсан боловч зээлийг өөрсдөө авч ашиглаагүй, тухайн үед ... банкны тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О зээлдэгч нарын нэр дээр авсан зээлийг өөрөө авсан гэх үйл баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж байсан ... банкны дотоод хяналтын хэлтсээс тус банкны төвд шалгалт хийж 2007.02.28-ны өдөр ... нийт 348,400,000 төгрөгийг тус тооцооны төвийн эрхлэгч О ээр төлүүлж акт тогтоосон..." гэсэн үйл баримтыг дурдсан ба О  хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.10.28-ны өдрийн 182/ШШ2021/02316 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай баримтаас үзэхэд “...О  нь “М” ХХК-ийн 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Ц  болон “М” ХХК-ийн хооронд 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 196 дугаартай Зээлийн гэрээ, 196 дугаартай Барьцааны гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн зээлийг Ц т олголгүй өөрөө авсан гэж үзнэ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

19. “М” ХХК-ийн 2008.02.26-ны өдрийн Хадгаламжийн орлого гэх баримтаар Ц ын эзэмшлийн 1131036123 тоот хадгаламжийн дансанд тухайн өдөр 9,465,265 төгрөгийн орлого орсон байх бөгөөд уг баримтын мөнгө тушаагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй ба хэн мөнгө шилжүүлснээс үл хамаарч 9,465,265 төгрөгийн мөнгөн хөрөнгө Ц ынх байсан гэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасныг зөрчөөгүй байна. 

20. “М" ХХК-ийн тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О  нь иргэн Ц ын мөнгөн хадгаламжийг хууль бусаар барьцаалж зээл авсан, улмаар банк иргэн Ц ын хадгаламж болох 9,465,265 төгрөгийг барьцаа хөрөнгө гэх үндэслэлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар иргэн Ц т хохирол учруулсныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар түүний ажил олгогчийн эрх, үүргийг шилжүүлж авсан "Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж үзэж, хохирлыг 9,465,265 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэсэн, дүгнэлт нь хуульд нийцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй хадгаламж нь актив, пассивын баримтаар өөрт нь шилжиж ирээгүй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

21. Хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулгатай байх тул гомдлын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

22. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ‘‘Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03209 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2023/00049 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                          П.ЗОЛЗАЯА 

                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД