Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1886

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дугаартай шийдвэртэй Г.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Содхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүрэн ХХК-ийг Г.Г- үүсгэн байгуулсан, 1 гишүүнтэй компани бөгөөд ерөнхий захирал Г.Г-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, Ц.Содхүүгээс мөнгө зээлж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцыг битүүмжлэн хураан авч, үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авсан боловч үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52.2.2-т зааснаар уг орон сууцыг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлсэн болно. Хөрөнгийн шинжээч нь орон сууцны үнэлгээг хэт доогуур буюу 268 000 000 төгрөгөөр үнэлж өмчлөгчийн эрх ашгийг илтэд хохироосон гэж үзэж байна. Үүнд:

a/ Орон сууцыг төлбөр төлөгч 490.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад төлбөр авагч тал нь 100.000.000 төгрөгөөр санаанд багтамгүй доогуур үнийн санал гаргасан нь үнэлгээнд нөлөөлсөн.

б/ Уг орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд энэ бүсэд байрлалтай үйлчилгээ хийх боломжтой орон сууцнууд 1 м.кв нь 3.000.000 орчим төгрөгийн зах зээлийн ханштай байхад 1 м.кв-ийг дөнгөж 1.066.000 төгрөгөөр тооцож, 239.200.000 төгрөгөөр үнэлсэн.

в/ Уг орон сууц нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой өмнө нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан, 4 зүг рүү харсан цонхтой, эргэн тойрон олон орон сууцаар хүрээлэгдсэн /замын цагдаагийн ард/ ашигтай байрлалтай тул төлбөр авагч аль болох бага үнэлүүлж авах гэсэн сонирхлоор шинжээчид нөлөөлсөн байх магадлалтай.

г/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаагаар худалдахад ийм ашигтай байрлалтай, үйлчилгээ явуулах боломжтой 4 өрөө байрыг төлбөр авагч тал үндсэндээ 119.000.000 төгрөгөөр авах боломж бүрдэж байна.

д/ Түүнчлэн барьцаалагдсан хөрөнгөө боломжийн үнээр өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй, төлбөр авагч Ц.Содхүү шийдвэр гүйцэтгэх албаны зарим ажилтныг хууль бусаар дарамталсан дарамт шахалтад хэт автсан. Зарим ажилтныг нь Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан гэх мэт.

Миний орон сууц багаар бодоход 330.000.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ нь тооцогдох ёстой гэж би үзэж байгаа болно. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь н.Отгонжаргал гэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, надад дүгнэлтийг танилцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй атлаа дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл өгч миний эрхийг зөрчсөн. Энэ тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч, болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргахад танд танилцуулсан байна гэж худал хариу өгсөн. Үнэлгээний талаар гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй учраас өөр хэлэх зүйл алга байна. Хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тухай тоот тогтоолын дагуу миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, У.Билэгтмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаар тогтоолоор Шүрэн ХХК-иас 525 722 448 төгрөгийг гаргуулж, Ц.Содхүүд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Шүрэн ХХК-д 2019 оны 157/01, 157/02, дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Компанийн тухай хуулийн 9.5 дахь заалт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-т заасны дагуу төлбөр төлөгч Шүрэн ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Г.Г-гийн өмчлөлийн хөрөнгийг 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 157/02 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19280525/02 дугаар хураах тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 129.969.000 төгрөгөөр тогтоож, хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг Шүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал Г.Г-д 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийн 1 хувийг гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Төлбөр төлөгч Шүрэн ХХК-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-1124047115 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/01 дүгээр байрны 42 тоот, 110.73 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 239 969 000 төгрөгийг 70 хувиар тооцон 167.978.300 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 122.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шүрэн компанийн төлбөрт хураагдсан нэхэмжлэгч Г.Г-гийн өмчлөлийн эд хөрөнгөд 2019 онд 2 удаа хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоолгоход зөрүү байгаагүй. Үнэлгээг төлбөр төлөгч Г.Г-д удаа дараа мэдэгдэж, хуулийн дагуу албадан дуудлага худалдаа явуулж худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Содхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн 10 жилийн өмнө ашиглалтад орсон 110 м.кв талбайтай орон сууцаа 490.000.000 төгрөг буюу ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөдрийн зах зээлийн ханш нь 10 жилийн өмнө ашиглалтад орсон хуучин байр ийм үнэтэй гэдгийг нотолсон ямар ч нотолгоо ирүүлээгүй. Баянзүрх дүүргийн 13-р хорооллын байрлалыг хотын төвийн А зэрэглэлийн бүс хэмээн тодорхойлсон хэдий ч мөн л энэ байдлаа нотлоогүй. Бидний зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, дарга нарыг дарамталсан, хууль бус шаардлага тавьсан зүйлгүй бөгөөд гагцхүү гэмт хэргийн шинж бүхий үйлдлийг Р.Энхтайванд холбогдуулан АТГ-аар шалгуулсанд тэрээр гэм буруутай болох нь нотлогдож, шүүхэд шилжээд байгаа. Төлбөрт хураагдсан 110 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг 2019 оны 8 болон 12 сард 2 удаа хөндлөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийж, тус бүр 257.352.908 болон 239.969.000 төгрөгөөр үнэлсэн. Тус байр нь 2010 онд ашиглалтад орсон орон сууцны барилга бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байгаагүй. Шүрэн компани нь барилгын ажилчдыг байрлуулан, олон зуун хүн хөлхөж байсан, зориулалтын бусаар эдэлснээс шалтгаалж их хэмжээгээр элэгдэж, эвдэрсэн 1 давхрын орон сууц юм. Тус байрны ижил орцонд байрлах, өөрийн өмчлөлийн 66 тоот орон сууцаа Г.Г- нь 2016 оны 4 сард 130.000.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Г.Г- болон шийдвэр гүйцэтгэгч н.Атаржаргалыг байлцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд Г.Г- нь хөндлөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үнэлгээний газраар үнэлүүлсэн боловч тухайн үед шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр худалдан борлуулж чадаагүй. Ийм учраас 2 дахь албадан дуудлага худалдаагаар 120.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, цаг хугацаа хожиж буйг зориуд тэмдэглэж байна. Иймд иргэн Г.Г-гийн барьцааны орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэдэг гомдол үндэслэлгүй болно гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-гийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж завж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны замын 103\01 байрны 42 тоот 110,73 мкв талбайтай 4 өрөө орон сууц нь одоогийн зах зээлийн ханшаар 1 м.кв нь 3 000 000 орчим төгрөгийн ханштай, төлбөр төлөгч Г.Г- нь 490 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Ц.Содхүү нь 100 000 000 төгрөгөөр санаанд багтамгүй доогуур үнийн санал гаргасан нь үнэлгээнд нөлөөлж 1 м.кв-ыг дөнгөж 1 066 000 төгрөгөөр тооцож 239 200 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Багаар бодоход 330 000 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдэх боломжтой тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцаалагдсан хөрөнгөө боломжийн үнээр өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бус үйлдэл гаргаад байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийг 3, 4 удаа хүлээн авахаас татгалзсан байдаг. Шинжээч томилуулъя гэсэн хүсэлтийг өмнөх шүүх хуралд гаргасан. Шинжээч томилохгүй яваад байгаа нь бүрхэг байдал үүсгээд байна. НШШГГ-ын тасгийн даргыг шүүх хуралд оруулъя гэхэд шүүхээс эзгүйд нь шийдвэрлэнэ гэж байна. Тиймээс эргэлзээ төрж байгаа учраас энэ хэргийг хянан шийдвэрлэх өөр шүүгч томилж өгнө үү гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргахад шүүгч шүүх хурлыг хойшлуулж, хурлын товыг 2020 оны 7 дугаар сарын 03-ны 09 цагт өөрөө шийдвэрлэхээр зарласан нь эргэлзээг дахин төрүүлсэн. Мөн энэ өдөр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь Төв аймагт шүүх хурал зарлагдсан гэхэд шүүгч нэгэнт шүүгчийн захирамж гарсан гэсэн болно. Шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-д зааснаар 2020 оны 7 дугаар сарын 03-ны 11.00 цагт Төв аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч У.Анхбаярт холбогдох Эрүүгийн хэргийн шүүхийн хуралд хохирогч н.Сэлэнгээгийн өмгөөлөгчөөр оролцоно, уг шүүх хурлын товыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар товлосон. Г.Г-д холбогдох 2020 оны 7 дугаар сарын 03-ны 09.00 цагт зарласан шүүхийн хуралдааны хойшлуулж өгнө үү, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбатын хамтаар биечлэн оролцож хүсэлтийн хамт шүүхийн мэдэгдэх хуудас, тов мэдэгдэх хуудсыг хавсарган шүүхэд өгсөн боловч хангахгүй орхиж шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г- хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийн  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00920 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1499 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01877 дугаар тогтоолоор “Шүрэн” ХХК-аас 522.949.750 төгрөгийг гаргуулж Ц.Содхүүд олгохоор шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. / хх-ийн 36-66 /

 

Нэхэмжлэгч Г.Г- нь төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-ийн нийт хувьцааг дангаараа 100% эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллага төлбөр төлөгч “Шүрэн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г.Г-гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157/02 тоот тогтоолоор Г.Г-гийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/01 байр, 42 тоот 110.73 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  19280525/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 88, 89, 98, 120, 121 /

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Виннэрвэй”     ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ. / хх-ийн 123-126 /

Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 239.969.000 төгрөгөөр тодорхойлсон, НШШГГ- нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 167.978.300 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсон тухай мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/29982 болон 4/29983 тоот албан бичгээр Г.Г-д мэдэгдэж, тэрээр уг мэдэгдлийг гарын үсэг зурж, хүлээн авсан баримт хэрэгт авагдсан  байна. /хх-ийн 151, 152/

 

 Иймд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Зах зээлийн жишиг үнийн хандлагад тохирох аргуудыг ашигласан, жишиг үнийн мэдээллийн эх сурвалжуудыг тодорхой заасан тул хөрөнгийн шинжээч нь орон сууцны үнэлгээг хэт доогуур үнэлж өмчлөгчийн эрх ашгийг илтэд хохироосон гэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсэгт тус тус зааснаар үнэлгээг хүчингүй болгох шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй.

 

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулахаар тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаж, улмаар шүүх тухайн шийдвэр, үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх учир шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан, мөн нэхэмжлэгч талын шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаснаар хойшлогдож, дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийхээр товлоход энэ шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Г.Алтанчимэг нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд мэдэгдээгүй тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

                                         ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 Н.БАТЗОРИГ