Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01017

 

 Г.Галтмаагийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1886 дугаар магадлалтай, 

Г.Галтмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, гуравдагч этгээд Ц.Содхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Г.Галтмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, Ц.Содхүүгээс мөнгө зээлж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжлэн хураан авч, үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авсан боловч үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул орон сууцыг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлсэн болно. Хөрөнгийн шинжээч нь миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг хэт доогуур буюу 268,000,000 төгрөгөөр үнэлж миний эрх ашгийг илтэд хохироосон гэж үзэж байна. Миний орон сууц хотын А зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд энэ бүсэд байрлалтай үйлчилгээ хийх боломжтой орон сууцнууд 1 м.кв нь 3,0 сая орчим төгрөгийн зах зээлийн ханштай байхад 1 м.кв-ийг дөнгөж 1 сая 66 мянган төгрөгөөр тооцож, 239,200,000 төгрөгөөр үнэлсэн. Түүнчлэн барьцаалагдсан хөрөнгөө боломжийн үнээр өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй. Миний орон сууц багаар бодоход 330,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ нь тооцогдох ёстой гэж би үзэж байгаа болно.

Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны замын 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01877 дугаар тогтоолоор Шүрэн ХХК-иас 525,722,448 төгрөгийг гаргуулж, Ц.Содхүүд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Шүрэн ХХК-д 2019 оны 157/01, 157/02, дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгч Шүрэн ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Г.Галтмаагийн өмчлөлийн хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157/02 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19280525/02 дугаар хураах тогтоолоор хураан, талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд 129,969,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг Шүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал Г.Галтмаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4/29982, 4/29983 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийн 1 хувийг гардуулан өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Төлбөр төлөгч Шүрэн ХХК-ийн төлбөрт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 103/01 дүгээр байрны 42 тоот, 110.73 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 239,969,000 төгрөгийг 70 хувиар тооцон 167,978,300 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 122,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шүрэн ХХК-ийн төлбөрт хураагдсан Г.Галтмаагийн өмчлөлийн эд хөрөнгөнд 2019 онд 2 удаа хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтоолгоход зөрүү байгаагүй. Үнэлгээг төлбөр төлөгч Г.Галтмаад удаа дараа мэдэгдэж, хуулийн дагуу албадан дуудлага худалдаа явуулж худалдан борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Содхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг ШШГ-ийн ажилтан, дарга нарыг дарамталсан, хууль бус шаардлага тавьсан зүйлгүй бөгөөд гагцхүү гэмт хэргийн шинж бүхий үйлдлийг Р.Энхтайванд холбогдуулан АТГ-аар шалгуулсанд тэрээр гэм буруутай болох нь нотлогдож, шүүхэд шилжээд байгаа билээ. Тус орон сууцны үнэлгээг 2019 оны 8 болон 12 сард 2 удаа хөндлөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийж, тус бүр 257,352,908 болон 239,969,000 төгрөгөөр үнэлсэн. Тус байр нь 2010 онд ашиглалтад орсон орон сууцны барилга. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байгаагүй. Шүрэн компани нь барилгын ажилчдыг байрлуулан, олон зуун хүн хөлхөж байсан, муу, буруу, зориулалтын бусаар эдэлснээс шалтгаалж их хэмжээгээр элэгдэж, эвдэрсэн 1 давхрын орон сууц юм. Тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, цаг хугацаа хожиж буйг зориуд тэмдэглэж байна.

Иймд иргэн Г.Галтмаагийн барьцааны орон сууцыг хэт доогуур үнэлсэн гэдэг гомдол үндэслэлгүй болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Галтмаагийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Галтмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1886 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 181/ШШ2020/01779 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1886 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны замын 103/01 байрны 42 тоот 110,73 мкв талбайтай 4 өрөө орон сууц нь А зэрэглэлийн бүсэд оршдог, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой, өмнө үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан, 4 зүгрүүгээ харсан цонхтой, эргэн тойрон олон орон сууцаар хүрээлэгдсэн, ашигтай байрлалтай, энэ бүсэд байрлалтай үйлчилгээ хийх боломжтой орон сууцнууд одоогийн зах зээлийн ханшаар 1мкв нь 3,000,000 орчим төгрөгийн ханштай, төлбөр төлөгч Г.Галтмаа нь 490,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Ц.Содхүү нь 100,000,000 төгрөгөөр санаанд багтамгүй доогуур үнийн санал гаргасан нь үнэлгээнд нөлөөлж 1мкв-ыг дөнгөж 1,660,000 төгрөгөөр тооцож 239,200,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Барьцаалагдсан хөрөнгөө боломжийн үнээр өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй. Мөн Г.Галтмаа надад дүгнэлтийг танилцуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй атлаа дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл өгч миний эрхийг зөрчсөн. 2020.06.23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бус үйлдэл гаргаад байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийг 3, 4 удаа хүлээн авахаас татгалзсан. Шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Мөн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие удаа дараа өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтэй байна гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан, шүүх хэргийг миний өмгөөлөгчийн эзгүйд эрх зүйн туслалцаа авах боломжийг хангахгүйгээр шууд хурлаа хийж шийдвэрлэсэнд их гомдолтой байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч Ганбаатарыг оруулъя гэсэн хүсэлт гаргасан. Шүүхээс өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралд ирээгүй гэж өмгөөлөгчийн хүсэлт болон миний өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг тус тус хангахгүй шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нь шүүгч Хишигбатаас 2 ч удаа татгалзаж, уг татгалзлыг шүүгч Мөнхзул шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ ерөнхий шүүгчийн бланкан дээр гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Ерөнхий шүүгчийг орлож байгаа, ерөнхий шүүгч өөрийг нь түр орлох талаар ямар нь шийдвэр уг иргэний хэрэгт байхгүй байхад 2 удаа шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхэд хэлэхэд шүүхийн дотоод асуудал гээд хүлээж аваагүй. Ерөнхий шүүгч байсан юу эсхүл өөрийгөө түр орлох шүүгчийг томилсон эсэх нь тодорхойгүй. Шүүгч Мөнхзул нь үнэхээр ерөнхий шүүгчийг орлож байсан бол орлож байсан талаарх баримт шийдвэр хэрэгт байх ёстой. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн маш том зөрчил гэж үзэж байна энд бас эргэлзээ төрсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 181/ШШ2020/01779 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 1886 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай Г.Галтмаагийн нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.Содхүү оролцож, тайлбар гаргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. 

Хэргийн баримтаас үзвэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Шүрэн ХХК нь 522,949,750 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн, 25-р хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 103/01 дугаар байрны 42 тоот 110,73 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах ажиллагаа явуулжээ.

Дээрх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь Виннэр Вэй ХХК-г шинжээчээр томилсон ба 239,969,000 төгрөгөөр үнэлсэн байна.  

Шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийг олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу хандлагын, орлогын, зах зээлийн аргуудыг харьцуулан, үнэлэгдэж буй объектын байршил, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон, нийтэд зар гаргаж худалдаалагдаж байгаа ижил төстэй орон сууцны үнийн харьцуулалт хийсэн байна. 

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн дотор үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй тул хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй байна.

 Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

Хариуцагч нь үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2019.12.25-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн /1 хх 151 тал/ байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.  

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 2020.06.12-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, өмгөөлөгч Г.Алтанчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /1 хх 240-241, 2хх 13 тал/ байх тул эрх зүйн туслалцаа авах боломж олгоогүй гэж үзэхгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.06.23-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилох хүсэлтийг, 2020.07.03-ны өдөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзсан, татгалзлыг шүүгч А.Мөнхзул шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй тогтоол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-г зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч нь шүүгч А.Мөнхзулыг татгалзлыг шийдвэрлэх эрхгүй гэж маргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжээч томилох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох нь хоорондоо холбоогүй, хоёр өөр ажиллагаа тул нэхэмжлэгчийн шинжээч томилох тухай хүсэлтийг хангаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1886 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01779 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дэх хэсэгт... гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чулуунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ