Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01756

 

МАГАДЛАЛ

2020.08.12                                               Дугаар 1756

 

 

 

 

 

 

И.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 309 258 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэрлэх ёслолын ордоны баруун урд талд байрлах 0.36 га газрыг Д.Бболон нэр бүхий 3 иргэнд 2 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгосон тул Д.Бнь өөрт ногдох 900 м.кв талбай бүхий газарт 2000 оны 4 дүгээр сард 2 давхар 324.69 м.кв талбайтай амины орон сууцыг барьж 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжийг 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Д.Бнь 2000 оны 10 дугаар сараас тухайн үеийн Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын албанд амаар, бичгээр, биечлэн уулзах зэргээр удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй улмаар, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дугаар захирамжаар Д.Б-гийн амины орон сууцыг албадан буулгасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга болон Засгийн газарт холбогдуулан нөхөх олговрыг олгоогүйгээс учирсан хохирол болох амины орон сууцны үнэ 309 258 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад анхан болон дээд шатны шүүх нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрөө хүчингүй болгосон нь хэргийн оролцогчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаар шийдвэрт тусгасан. Д.Бнь Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамжийг хүчин төгөлдөр байх үед тухайн газар дээр 2 давхар 270 м.кв талбайтай амины орон сууцны барилга барьсан, уг барилгыг албадан буулгах 2018 оны 9 дүгээр зарын 24-ний өдрийг хүртэл барилгыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэсэн.

Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон Д.Б-гийн хохирлыг захиргааны байгууллага барагдуулах үүрэгтэй гэж дүгнэсэн боловч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлын хэмжээнд маргаантай гэдгээ хяналтын шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн учраас хохирлын асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Д.Бнь 2 давхар амины орон сууцыг Нийслэлийн Засаг дарга албадан буулгахаас нь өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлүүлэхэд, амины орон сууцыг анх барьж байгуулсан үеийн үнэ буюу нөхөн оруулах нийт үнэ цэнэ 621 556 900 төгрөг, анх барьж байгуулснаас хойш элэгдэл хорогдол 312 298 300 төгрөгийг хасаж өнөөгийн үнэ 309 258 600 төгрөг болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Д.Б-гийн шаардах эрхийг И.Гшилжүүлж авсан гэжээ. Д.БНийслэлийн Засаг дарга нарын хооронд гэрээ, үүргийн харилцаа үүсээгүй байхад шаардах эрхийг шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 66 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Г-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243 258 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 704 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 487 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа болон Нийслэлийн Засаг даргын гэм буруутай үйлдлээс Д.Бд гэм хор учирсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа гэм хорын хохирлыг тогтоохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан хохирлын хэмжээг 309 258 600 төгрөгөөр тодорхойлох боломжгүй байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байна гэж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлангаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг тогтоох нь учир дутагдалтай гэж  буруу дүгнэсэн. Д.Б-гийн эзэмшиж байсан амины орон сууцны зориулалттай үл; хөдлөх эд хэрөнгийн үнэ цэнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2010 оноос хойш мөрдөж буй MNS:6058 барилгын норм дүрмийн дагуу амины орон сууцны талбайг хэмжихэд 324.69 м.кв талбайтай, анх баригдсан үеэс хойшх эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцож 2018 оны бодит үнэ цэнэ нь 309 258 600 төгрөг болохыг тогтоосон. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайланд амины орон сууцыг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх журам” /БД 81-106-16/-ыг баримталсан гэж тодорхой дурьдсан ба энэхүү журам нь нийтэд илэрхий баримтын хувьд Барилга, хот байгуулалтын яамны сайтын хууль эрх зүй буланд хавсралтын хамт тавигдсан. Мөн Монгол Улсад орон сууцны талбайн хэмжээг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ҮСХ-ны Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS:6058 стандартын дагуу орон сууцны нийт талбайд гал тогооны өрөө, ариун цэврийн өрөө, тагтыг тооцдоггүй учраас талбайн хэмжээ зөрүүтэй гарсан болохыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн тодруулбал, хувийн сууцны барилгын ажлын явцад эрх бүхий байгууллагаас холбогдох шаардлага тавьж байсан боловч хувийн сууц барих ажлыг үргэлжлүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг бодит бусаар тогтооход нөлөөлсөн. Д.Бнь амины орон сууцны 2 дугаар давхрыг бүрэн барьж дууссаны дараа газар ашиглах эрхийг нь захиргааны актаар хүчингүй болгосон тул үүнийг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол нэмэгдсэн гэж буруутгах үндэслэл болохгүй юм. Д.Б-гийн хувьд газар эзэмших, ашиглах эрх нь хүчин төгөлдөр байх хугацаанд барилга баригдсан болохыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, тогтоолуудаар тогтоогдсон атал энэхүү үйл баримтад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Д.Бд бодитой хохирол учирсан цаг мөчийг амины орон сууцыг албадан буулгасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дугаар захирамжийн хугацаагаар тодорхойлсон атлаа хохирлын үнийг тодохойлохдоо маргаан бүхий хувийн сууцны барилгыг баригдаж дууссаны дараа Д.Б, нөгөө талаас иргэн Ш.Баярсайхан нарын хооронд худалдах, худалдах авах гэрээнд үнийг 66 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэж тус хохирлын хэмжээг энэ хэмжээгээс тогтоосон нь  дутагдалтай байна. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс уг үнэлгээг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Шүүх энэ үнэлгээг зөвхөн орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй гэх үндэслэлээр үнэлээгүй нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэм хорын хохиролд 309 258 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Бд хохирол учраагүй. Газрын төлбөр нэг ч төлж үзээгүй, газар эзэмших эрхээ үл хөдлөхийн хамт Ш.Баярсайханд 300 000 000 төгрөгөөр худалдсан, Ш.Баярсайханд төлбөрийг төлөөгүй, газар эзэмших эрх олгосон захирамж хүчингүй болсноор үл хөдлөх эд хөрөнгөөр хохирох боломжгүй юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрх Ш.Баярсайханд шилжсэн байсан ба Д.Б, Ш.Баярсайхан нарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүйд тооцогдсон. Анхан шатны шүүх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барихад гаргасан зардлын талаар дүгнэсэн гэх боловч байшин барихад гарсан зардлын талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байхад хохирлын хэмжээг тооцож гаргасан буруу. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Д.Бд газар эзэмшүүлсэн захирамж 2000 онд гарч, найман сарын дараа тухайн ондоо хүчингүй болсон. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2000 оноос эхлэн тооцоход нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон. Д.Бнь барилга барих зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн. Байшин барьж болохгүй гэдгийг сануулсаар атал үргэлжлүүлэн барьсан нь Д.Б-гийн буруутай үйл ажиллагаа болохоос хариуцагчийг гэм буруутайд тооцогдох үндэслэл болохгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Д.Бшүүхэд нэхэмжлэл гарах итгэмжилсэн төлөөлөгчийг томилоогүй юм. Түүнээс шаардах эрхийг шилжүүлсэн авсан И.Гнь Д.Б-гийн өөр хэрэгт ажиллаж байсан хуульч, өмгөөлөгч бөгөөд ашиг олох сэдлээр нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, тухайн маргаанд хамааралтай иргэний хуулийн холбогдох зүйлийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Гнь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 309 258 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, газар эзэмших эрх олгосон захирамж хүчинтэй байх хугацаанд барилгыг бариагүй тул хохирлыг хариуцахгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар олгосон эзэмшлийн газарт барьсан 2 давхар амины орон сууцыг албадан буулгасан, “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-аар үнэлүүлэхэд уг амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 309 258 600 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Бнарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэрлэх ёслолын ордны баруун талд амины орон сууцны зориулалтаар 0.36 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон, 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр А/12 тоот захирамжийг хүчингүй болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Д.Бнь 2000 онд маргаан бүхий газарт 2 давхар амины орон сууц барьсан, улсын бүртгэлд 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлж Ү-2203011483 дугаар гэрчилгээ авсан ба Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 дугаар шийдвэрээр тус гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ хугацаанд Д.Бд амины орон сууцыг буулгах талаар шаардлага хүргүүлж байсан гэх тайлбараа хариуцагч байгууллага баримтаар нотлоогүй байна. /1х- 95, 136-147х/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2830 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордоны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий газраас Д.Б-гийн хувийн сууцыг албадан буулгасан үйл баримт тогтоогджээ. /1х-201-206х/

 

Иймд Д.Бнь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар Нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй.

 

Д.Бнь И.Галбуянтай 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бичгээр байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжийн улмаас учирсан хохирол болох амины орон сууцны үнэ 309 258 600 төгрөгийг шаардах эрхээ И.Г-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх журмыг зөрчөөгүй, шилжүүлж буй шаардах эрх нь хуулийн дагуу үүссэн, үүргийн мөн чанарт харшлахгүй буюу амин хувийн эрхэд хамаарахгүй байна. Иймд шилжүүлэх боломжгүй шаардах эрхийг шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд байрлах газрыг чөлөөлж, 2 давхар барилгыг албадан буулгажээ. /1х-135х/ Иймд хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгчид бодитой хохирол учирсан үеэс буюу барилгыг албадан буулгасан 2018 оны 9 дүгээр сараас гэм хорын хохирлыг шаардах эрхийн хугацааг тоолсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг барилгыг албадан буулгасан үеэс тоолсон нь хуульд нийцсэн тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун талд байрлах 324.69 м.кв талбайтай амины орон сууцныг зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 309 258 600 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээг хариуцагч үгүйсгэсэн тайлбараа баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгө хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хэмжээг бодит хохирлын хэмжээ бус Ш.Баярсайхантай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ 66 000 000 төгрөг гэж тогтоосон нь гэм хорын хохирлыг бүрэн арилгах зарчимтай харшилсан байна.

 

Мөн хэргийн баримтаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 309 258 600 төгрөгийн хэмжээнд тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 309 258 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Г-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... 487 950 төгрөг” гэснийг “…1 704 243 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 374 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА