Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2020/01488

 

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2020/01488

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, Ж овогт И.Г  /РД:ПИ89/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах НЗД д холбогдох

 

Гэм хорын төлбөрт 309,258,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, иргэдийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 тоот захирамжаар иргэн Д.Б д амины орон сууцыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэрлэх ёслолын ордон-ын баруун урд талд байрлуулахыг зөвшөөрч, нэр бүхий 3 иргэний хамт 0.36 га газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгосон тул Д.Б  нь өөрт ноогдох 900 м2 талбай бүхий газар дээр 2000 оны 04 дүгээр сараас эхэлж, 2 давхар 324,69 м2 талбай бүхий амины орон сууцыг барьж, 09 дүгээр сард ашиглалтад оруулсан.

Гэтэл НЗД  өөрийн гаргасан 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаартай газар эзэмших эрх олгосон захирамжийг Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь заалтууд болон Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж, 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дугаар захирамжаар иргэн Д.Б гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Д.Б  нь 2000 оны 10 дугаар сараас тухайн үеийн Ерөнхий сайд, НЗД  болон Нийслэлийн Газрын албанд удаа дараа амаар, бичгээр, биечлэн уулзах зэргээр удаа дараа хандаж ирсэн боловч амины орон сууцны асуудлыг огт шийдвэрлээгүй бөгөөд улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр НЗД  А/879 дугаар захирамжаараа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэрлэх ёслолын ордон-ны баруун урд талд баригдсан Д.Б гийн амины орон сууцыг албадан буулгасан болно.

Ингээд Д.Б  нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд НЗД  болон Монгол улсын Засгийн газарт холбогдуулан, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3 болон 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас амины орон сууцыг үнэлсэн үнэ 309.258.600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0277 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0410 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаар тогтоолуудаар тус тус эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад анхан болон дээд шатны шүүхүүд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 Дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж НЗД  нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өөрөө хүчингүй болгосон, хэргийн оролцогчийн тайлбар болон Чингэлтэй Дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаар шийдвэрт тусгаснаар нэхэмжлэгч Д.Б  нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/12 дугаар захирамжийг хүчин төгөлдөр байх үед тухайн газар дээр 2 давхар 270 м2 талбайтай амины орон сууцны барилга барьсан, уг барилгыг албадан буулгасан 2018 оны 09 дүгээр зарын 24-ний өдрийг хүртэл барилгыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэсэн бөгөөд тухайлбал Улсын дээд шүүхийн 345 тогтоолын Хянавал хэсгийн 22 дугаарт Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 дүгээр захирамжтай нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэгчид газар ашиглуулах эрх олгосон 2000 оны А/12 дугаар захирамж хууль бус байснаас болж, нэхэмжлэгчид хохирол учирсан буюу энэ тохиолдлын хувьд барьсан байшинг нураасан тул нэхэмжлэгчийн хохирлыг захиргааны байгууллага барагдуулах үүрэгтэй гэж дүгнэсэн болно.

Хэдийгээр захиргааны хэргийн шүүхүүд Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэн Д.Б гийн хохирлыг захиргааны байгууллага барагдуулах үүрэгтэй гэж дүгнэсэн боловч хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлын хэмжээн дээр маргаантай гэдгээ хяналтын шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасныг баримтлан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул хохирлын асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Иргэн Д.Б  нь өөрийн хөрөнгөөр бариулсан Гэрлэх ёслолын ордон-ын баруун урд талд байрлах 2 давхар амины орон сууцыг НЗД  албадан буулгахаас нь өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлүүлэхэд, амины орон сууцыг анх барьж байгуулсан үеийн үнэ буюу нөхөн оруулах нийт үнэ, цэнэ 621,556,900 төгрөг, анх барьж байгуулснаас хойш элэгдэл хорогдол 312,298,300 төгрөгийг хасаж ТООЦОХОД өнөөгийн үнэ цэнэ нь 309,258,600 төгрөг болохыг тогтоосон болно.

Д.Б  нь Нийслэлийн засаг даргын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирол болох 309,258,600 төгрөгийг шаардах бүх эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх" гэрээгээр нэхэмжлэгч И.Г д олгосноор нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар газар эзэмших эрх олгосон хууль бус захирамжийн улмаас иргэн Д.Б д учирсан хохирол болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Гэрлэх ёслолын ордон-ны баруун урд талд барьсан 324,69м2 талбай бүхий амины орон сууцны үнэ 309,258,600 /гурван зуун есөн сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, заасны дагуу НЗД ас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна. И.Г  нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасныг баримтлан шаардах эрхийг Д.Б гээс шилжүүлж авсан гэжээ. Д.Б  НЗД  нарын хооронд гэрээ, үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг баримтлан шаардах эрхийг шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх болможгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Г  нь хариуцагч НЗД д холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 309,258,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, НЗД  2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан захирамжаа хууль бус болсон хэмээн үзэж 9 сарын дараа хүчингүй болгосон бөгөөд тус захирамжийг хүчинтэй байх хугацаанд баригдсан байсан байшинг хожим 2018 онд хүчээр буулгасан. Үүний улмаас байшингийн өмчлөгч Д.Б д учирсан хохирлыг нэхэмжилнэ, ийнхүү хохирол шаардах эрхийг гэрээгээр нэхэмжлэгч И.Г  шилжүүлж авсан хэмээн тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний бус үүргээс бий болох шаардах эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй, маргаан бүхий байшин нь захирамж хүчинтэй байх 9 сарын хугацаанд баригдаагүй, хожим буюу 2003 онд баригдсан, байшинг нураасны улмаас учирсан хохирлыг үнэлсэн гэх хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээний зориулалтыг заагаагүй алдаатай болсон гэж хариу мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1.    Зохигчид НЗД  2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/12 тоот захирамжаар иргэн Д.Б  нарын 4 иргэнд амины орон сууц барих зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэрлэх ёслолын ордны баруун талд 0,36 га газар ашиглах эрхийг олгосон, тус захирамжаа 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 311 дугаартай захирамжаар хүчингүй болгосон үйл баримтын тухайд тус тус маргаагүй /хх-ийн 10, 11 дүгээр тал, захирамжууд/. Зохигчдын хэн аль нь 2000 оны 01 дүгээр сарын 24-ний А/12 дугаар захирамж хууль бус болохыг зөвшөөрч, энэ үндэслэлээр тус захирамжийг хүчингүй болгосон 311 тоот захирамжийн хүчин төгөлдөр байдалд эс зөвшөөрч маргаж байна.

 

2.    Нийслэлийн засаг даргын А/12 дугаар захирамжаар олгосон ашиглах эрх бүхий газарт иргэн Д.Б гийн хөрөнгөөр барьсан хэмээн нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 2 давхар амины орон сууцыг Нийслэлийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дугаар захирамжаар албадан буулгасан байх ба тус захирамжийн хүчин төгөлдөр байдлын тухайд зохигчид мөн харилцан маргаагүй.

 

3.    Нэхэмжлэгч И.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэн Д.Б  нь түүнд газар ашиглах эрх олгосон А/12 дугаар захирамж хууль бус болсон талаар хүлээн зөвшөөрч, тус захирамжаас өөрт нь хохирол учирсан хэмээн дүгнэж уг хохирлын талаарх нэхэмжлэлийг НЗД  болон Засгийн газарт холбогдуулан 2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байжээ /хх-ийн 14-33 дугаар тал Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/. Тус хэргийн нэхэмжлэгч Д.Б , хариуцагч НЗД  нар Д.Б д хохирол учруулсан гэх захиргааны актын хууль бус болох талаар маргаагүй тул уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох хэрэгцээ, шаардлага үүсээгүй байна. Гэвч тухайн үед нэхэмжлэгч хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд бус, захиргааны хэргийн шүүхэд хандан гаргах болсон шалтгаанаа Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасны дагуу өөрт учирсан хохирлыг нөхөх олговортой адилтган тодорхойлж байсантай холбон тайлбарлаж байна. Энэ ч шалтгаанаар тус хэрэгт хариуцагчаар НЗД  болоод Засгийн газрыг хамтад нь татан оролцуулжээ. /хх-ийн 30 дугаар тал, захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/ Гэвч Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж, Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, НЗД д холбогдох захиргааны хэргийг хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлын талаар маргаантай байх тул иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ./хх-ийн 78-81 дүгээр тал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 345 дугаар тогтоол/

 

4.    Нэхэмжлэгч И.Г  нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг НЗД ас шаардах эрхийг эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд болох Д.Б гээс гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байх бол хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү шаардах эрх шилжих боломжгүй хэмээн маргаж байгаа. Тэрээр хуульд зааснаар үүссэн гэм хорын шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу бусдад шилжүүлэх хууль зүйн боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасан. Тус заалтын дагуу шилжүүлэх шаардах эрх нь хууль болон гэрээний дагуу үүссэн байх боломжтойн зэрэгцээ үүргийн мөн чанарт харшлахгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн шинж байдалтай салшгүй холбоотой бий болсон эрхээс бусад эрх байхаар хуульд томьёолжээ. Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шаардах эрх нь хуульд зааснаар үүсэх үүргийн эсрэг хэрэгжиж байх ба уг эрх бүхий этгээд шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь үүргийн мөн чанарт харшлахгүй гэж үзлээ. Зарим төрлийн хуульд зааснаар үүсэх үүргүүд, тухайлбал сэтгэл санааны гэм хорыг арилгуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах зэрэг шаардах эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд эдгээр нь үүргийн мөн чанарт харшилсан гэх урьдчилсан нөхцөлд хамаарах юм. Харин маргаан бүхий шаардах эрхийн тухайд эдгээртэй нэгэн адил үүргийн мөн чанарт харшлах нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд иргэн Д.Б гээс шаардах эрхээ И.Г д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг зөрчөөгүй байна. /хх-ийн 5-8 дугаар тал, шаардах эрх шилжүүлэх гэрээ/

5.    Нэхэмжлэгч И.Г д шаардах эрх бий эсэхийг тодорхойлоход уг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Зохигчид Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамж хууль бус байсны улмаас учирсан хохирол шаардах эрхийн талаар маргасан. Улмаар тус захирамжийг хууль бус болохыг холбогдох этгээдүүд 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамж гарснаар мэдсэн байх ба ийнхүү мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай. Гэвч хэргийн шинж байдлаас үзвэл зарим онцлог нөхцөл, хүчин зүйлс байгааг анхаарвал зохино. Тодруулбал, НЗД  2000 оны 01 дүгээр сард нэр бүхий 4 иргэнд барилга барих зориулалтаар газар ашиглах эрх олгосон, улмаар тус захирамжаа 2000 оны 09 дүгээр сард хүчингүй болгосон. Ийнхүү урьд гаргасан захирамжаа хүчингүй болгох үедээ тухайн газарт хийж гүйцэтгэгдсэн барилгын ажлын үр дүнг хэрхэх талаар тодорхой заагаагүй, уг газрыг хэвийн байдалд буцаан оруулж, түүх соёлын дурсгалт газрын хэв маягийг сэргээх үүргийг хэрхэн хэнд оногдуулсан нь тодорхойгүй үлджээ. А-12 дугаар захирамжийг хүчингүй болгосон 311 тоот захирамжийн үндэслэлээс үзвэл А-12 дугаар захирамж хууль бус болсонд газар ашиглагч этгээдийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. НЗД  хууль бус захирамж гаргасан алдаагаа залруулахын тулд түүний захирамжийн улмаас хохирсон этгээдэд дахин нэмж зардал гаргахыг шаардах нь шударга бус гэж үзнэ.

Харин Ч ламын сүмийн хамгаалалтын бүсийг хэвийн байдалд нь буцаан сэргээх буюу нэгэнт баригдсан барилгыг буулгах, нураах ажлыг хэн хариуцах нь тодорхойгүй байсаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/879 дүгээр захирамжаар албадан буулгажээ. /хх-ийн 135 дугаар тал/

Хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн газар чөлөөлөх маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр авагджээ /хх-ийн 201-220 дугаар тал/. Тус шийдвэрээр нэхэмжлэгч Чойжин ламын сүм музей хариуцагч Ш.Баярсайханд холбогдуулан газар чөлөөлүүлэх маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд иргэн Д.Б  уг хэрэгт хариуцагчаар болон гуравдагч этгээдээр оролцож байсан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл шүүх Д.Б гийн шаардах эрхийн талаар дүгнээгүй, энэ нь тухайн хэргийн маргааны зүйл байгаагүй гэж үзэх үндэстэй байна.

Иймд хууль бус захирамжийн улмаас газар ашиглагч этгээд Д.Б д бодитой хохирол учирсан тухайн цаг мөчөөс буюу энэ тухай захирамж гарч барилгыг албадан буулгасан 2018 оны 09 дүгээр сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

6.    Иргэн Д.Б гээс нэхэмжлэгч И.Г д шилжиж ирсэн гэх шаардах эрхийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх дараагийн гол хүчин зүйл нь газар ашиглах захирамж хүчинтэй байх 9 сарын хугацаанд хувийн сууц баригдсан эсэх тухай асуудал байна. Хариуцагч маргаан бүхий 2 давхар хувийн сууц нь 2003 онд баригдсан гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд тус барилгыг захирамж хүчинтэй байх хугацаанд барьсан талаар тодорхой дүгнэлтүүдийг өгч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 345 дугаар тогтоолын хянавал хэсгийн 21-д Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаар шийдвэрт тусгаснаар нэхэмжлэгч Д.Б  нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны А-12 дугаар захирамж хүчин төгөлдөр байх үед тухайн газар дээр 2 давхар 270 м.кв талбайтай амины орон сууцны барилга барьсан, ... үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хоёрдугаар хавтаст хэрэгт 2001 оны 12 дугаар сард хийсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байх ба тус шүүх хуралдаанд хариуцагч Д.Б  ...3 сард суурь цутгаж, 7, 8 дугаар сард барилгаа дууссан .. гэж, нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргыг төлөөлөн оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ариунгэрэл ... 7, 8 сард шаардах хуудас өгч байхад шаардлагыг хүлээн авалгүй бариад дууссан гэж тус тус тайлбарлаж байсан нь тусгагджээ. Эдгээрээс үзвэл хариуцагчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий хувийн сууц 2003 онд бус, харин 2000 онд А-12 дугаар захирамжийг хүчин төгөлдөр байх үед баригдсан байх боломжтой байна.

7.    Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар иргэн Д.Б  нарын 4 иргэнд газар ашиглах эрх олгосон байх ба иргэн Д.Б  нь маргаан бүхий хувийн сууцыг дангаар барьсан гэж үзэж хохирол шаардах эрхээ И.Г д шилжүүлжээ. Газар ашиглах эрхийг 4 иргэнд олгосон үйл баримтын тухайд зохигчид маргаагүй, түүнчлэн маргаан бүхий сууцыг барихад газар ашиглах эрх бүхий бусад этгээд оролцсон эсэх асуудлаар хариуцагч тодорхой үндэслэл дурдаж мэтгэлцээгүй.

Хавтаст хэрэгт маргаан бүхий хувийн сууцыг 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Б , Д.А, Д.Э, Ш.Т нараас Ш.Б д худалдахаар тохиролцож байсан болохыг илтгэх худалдах худалдан авах гэрээ авагдсан байх хэдий ч тус эд хөрөнгө анх удаа 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Б гийн дангаар өмчлөх эд хөрөнгөөр бүртгэгдэж байсныг нотлох баримтууд авагджээ. /хх-ийн 94-96 дугаар тал/. Хэдийгээр Д.Б гийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /хх-ийн 189-200 дугаар тал/ байх боловч энэ нь маргаан бүхий хувийн сууцыг иргэн Д.Б гийн эд хөрөнгөөр барьж босгосон гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэл биш юм. Тодруулбал, тухайн эд хөрөнгө буюу маргаан бүхий хувийн сууцыг 2004 онд Д.Б гийн дангаар өмчлөх эрхэд бүртгүүлэхийг зөвшөөрч байснаараа газар ашиглах эрхийг хамт олж авч байсан Д.А, Д.Э, Ш.Т нар тухайн цаг мөчид маргаан бүхий сууцны хувьд шаардах эрх эдлэхгүй болохоо хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болж байна.

8.    Нэхэмжлэгч И.Г  Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан гэм хорын төлбөрт 309,258,600 төгрөгийг нэхэмжилж байна. Гэвч энэ дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгаад дараах хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

1)    Тэрээр тус шаардлагаа нотлохыг зорьж хөрөнгийн үнэлгээчний гаргасан тайланг хэрэгт өгчээ. Маргаан бүхий хувийн сууцыг 2018 онд албадан буулгасан бөгөөд уг эд хөрөнгөд дахин үнэлгээ хийх боломжгүй болжээ. Гэвч нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн дээрх үнэлгээний тайлангаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хэмжээг тогтоох нь учир дутагдалтай байна. Тодруулбал, үнэлгээний тайлан болон нэхэмжлэгчээс гаргасан зарим баримтуудад маргаан бүхий сууцны талбайн хэмжээг 324,69 м.кв гэж тодорхойлсон байгаа бол 2001 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, амины орон сууцыг буулгах тухай 2018 оны Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг баримтуудад уг байшингийн талбайн хэмжээг 270 м.кв-аар тодорхойлсон байна. Энэ талаар нэхэмжлэгч, талбайн хэмжээний талаар баримталж байгаа MNS стандартын ялгамжтай байдлаас болсон хэмээн тайлбарлаж байгаа ч энэ нь эргэлзээгүй тогтоогдсон үйл баримт гэж үзэхээргүй байна. Нөгөө талаас хөндлөнгийн үнэлгээчний гаргасан тайланд авагдсан байшингийн гадна байдлын зургийг /хх-ийн 49, 63 дугаар тал/ хоёр дугаар хавтаст хэрэгт авагдсан 2004 оны үеийн байшингийн зурагтай харьцуулж харахад төдийлөн ялгаа ажиглагдахгүй байх боловч дан ганц эдгээр баримтын хүрээнд хувийн сууцны талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж дүгнэх нь үндэслэл муутай болно. Шүүхээс энэ талаар нэмэлт нотлох баримт гаргуулах бодит болон хууль зүйн боломжгүй байна.

2)    Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан хохирлын хэмжээг нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэстэй байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болсныг 9 сарын дараа залруулан арга хэмжээ авсан хэдий ч ийнхүү захирамж гарахаас өмнө буюу хувийн сууцны барилгын ажлын явцад эрх бүхий байгууллагаас холбогдон шаардлага тавьж байсан нь хэрэгт авагдсан 2001 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Байшин барих боломжгүй, түүх соёлын дурсгалт газарт хамаарч байгааг холбогдох байгууллагаас сануулсаар атал 2 жилийн хугацаатай, ашиглах эрхээр олж авсан газарт байнгын зориулалттай хувийн сууц барих ажлыг үргэлжлүүлсээр байсныг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэстэй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу хууль бус захирамжийн улмаас учирсан хохирол гэх 309,258,600 төгрөгийн шаардлагыг бүрэн хангах боломжгүй гэж үзлээ. Харин маргаан бүхий хувийн сууцны барилгыг баригдаж дууссаны дараа 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэг талаас Д.Б  нарын 4 иргэн, нөгөө талаас Ш.Баярсайхан гэх иргэдийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээнд уг барилгын үнийг 66,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч байжээ. Тус үнэлгээг уг хувийн сууцны туайн үеийн зах зээлийн үнэ гэж үзэн Д.Б д учирсан гэм хорын хэмжээг тогтооход үндэслэл болгох нь бодит байдалд нийцнэ. Түүнчлэн нэхэмжлэгч тус сууцыг 2018 оныг хүртэлх хугацаанд ашиглаж байгаагүй, ашиглах боломжгүй байсан гэх хэдий ч түүний уг тайлбарыг дэмжих аливаа баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад суурилан НЗД  нь хууль бус захирамжийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн гэм хор 66,000,000 төгрөгийг хариуцан арилгаж, уг гэм хорын төлбөрийг шаардах эрхийг иргэн Д.Б гээс шилжүүлэн авсан этгээд болох нэхэмжлэгч И.Г д төлөх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 498 дугаар зүйлийн 498.2-т заасантай нийцнэ гэж үзлээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,258,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,704,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД ас 487,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу хариуцагч НЗД ас 66,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Г д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,258,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,704,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД ас 487,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

Ж.БАЙГАЛМАА