Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00871

 

И.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1756 дугаар магадлалтай,

И.Ггийн нэхэмжлэлтэй,

............д холбогдох,

Гэм хорын хохиролд 309,258,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.Г нь хариуцагч ............д холбогдуулан гэм хорын хохиролд 309,258,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу хариуцагч ............ас 66,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Гд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,258,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,704,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ас 487,950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1756 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............ас 309,258,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Гд олгосугай” гэж, 2 дахь заалтын “...487,950 төгрөг” гэснийг “...1,704,243 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,374,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бус бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1 Иргэн Д.Баасансүрэнд хохирол учраагүй. Иймд түүний хохирлыг барагдуулах үүрэг хариуцагчид үүсэхгүй. Газрын төлбөр нэг ч төлж үзээгүй, газар эзэмших эрхээ үл хөдлөхийн хамт Ш.Баярсайханд 300,000,000 төгрөгөөр худалдсан, нэг ч төгрөг буцаан Ш.Баярсайханд төлөөгүй хүн түүнд газар эзэмших эрх олгосон захирамж хүчингүй болсноор үл хөдлөх эд хөрөнгөөр хохирох боломжгүй юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрх Ш.Баярсайханд шилжсэн байсан ба Д.Баасансүрэн, Ш.Баярсайхан нарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүйд тооцогдсон. Давж заалдах шатны шүүхийн үзэж буйгаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барихад гаргасан зардлын талаар “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-аар үнэлүүлсэн 309,256,800 төгрөгийн хохирлыг тодорхойлж байгаа нь учир дутагдалтай ба хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, үнэлгээний тайлан болон нэхэмжлэгчээс гаргасан зарим баримтуудад маргаан бүхий сууцны талбайн хэмжээг 324.69 м.кв гэж тодорхойлсон байгаа бол 2001 оны Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, амины орон сууцыг буулгах тухай 2018 оны Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг баримтуудад уг байшингийн талбайн хэмжээг 270 м.кв тодорхойлсон байдаг. Иймд давж заалдах шатны шүүх дээрх эргэлзээтэй баримтуудыг үндэслэж шийдвэр гаргаж байгаад туйлын гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.12.18-ны өдрийн 0616 дугаар шийдвэрээр Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэн Ш.Баярсайханы нэр дээр бүртгэсэн Ү-2203011483 дугаар улсын бүртгэл болон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анх иргэн Д.Баасансүрэнгийн нэр дээр бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4.2 Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад буруу дүгнэсэн. Иргэн Д.Баасансүрэнд газар эзэмшүүлсэн захирамж 2000.01.24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар газар ашиглах эрх олгосон ба найман сарын дараа Нийслэлийн Засаг даргын 2000.09.21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон билээ. Иймд хөөн хэлэлцэх хугацааг 2000 оноос эхлэн тооцоход нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон байна.

4.3 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсон байхад хохирлыг тооцон гаргаж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэн Д.Баасансүрэн нь барилга барих зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн үйл явдал болсон. Одоо ч хавтаст хэрэгт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл байхгүй, огт олгогдоогүй. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг байшин барьж болохгүй гэдгийг сануулсаар атал үргэлжлүүлэн барьсан нь Д.Баасансүрэнгийн буруутай үйл ажиллагаа болохоос хариуцагч гэм буруутайд тооцогдох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан хохирлын хэмжээг нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Ш.Баярсайханы 2 давхар амины орон сууцны барилгын ажлын явцад эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас холбогдож барилга барихыг зогсоох тухай шаардлага тавьж байсан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Эрх бүхий байгууллагаас түүх соёлын дурсгалт газарт барилга байгууламж барьж болохгүй талаар сануулж, мэдэгдсээр байхад амины сууц барьсан нь хохирогчийн болгоомжгүй үйлдэл гэж үзэх нь үндэслэлтэй байна.

4.4 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэжээ. Өөрөөр хэлбэл байшинг сэргээн барих нь түүнийг албадан буулгах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт харшилна. Нэгэнт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах шүүхийн шийдвэр байсаар атал 2000 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хохирлын үр дагавар гэж үзэн 2020 онд шүүхээр шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй болжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.10-ны өдрийн 2830 дугаартай шийдвэрээр Ш.Баярсайханы барьсан амины орон сууцыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх талаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.19-ний өдрийн 00254 дүгээр магадлалаар, хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.05.22-ны өдрийн 001/ХТ2018/00821 дугаартай тогтоолоор тус тус хууль бусаар амины сууц барьсныг дүгнэсэн байдаг. Иргэн Д.Баасансүрэн нь хохироогүй гэдгээ мэдэх учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоогүй байдаг. Иргэн Д.Баасансүрэн нь 2019 онд захиргааны хэргийн шүүхэд эд хөрөнгийн хохирол болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар амины орон сууц үнэлсэн 309,258,600 мянган төгрөгийг ............ас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.10.28-ны өдрийн 345 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хүртэл бүрдсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.12-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.”, 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах,...” гэж заасныг тус тус зөрчсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч И.Г хариуцагч ............д холбогдуулан 309,258,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “............ 2000.01.24-ний өдрийн А/12 тоот захирамжаар Д.Баасансүрэн нарын 4 иргэнд амины орон сууц барих зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт байрлах Гэрлэх ёслолын ордны баруун талд 0.36 га газар эзэмших эрхийг олгосон боловч уг шийдвэрээ хууль бус байсан хэмээн 9 сарын дараа хүчингүй болгосон, захирамж хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч нь уг газарт хувийн сууц барьсныг хожим 2018 онд хүчээр буулгасан тул учирсан хохирлыг шаардах эрхтэй, энэ эрхээ надад шилжүүлсэн, иймээс мөнгийг гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй “И.Гг шаардах эрх шилжүүлж авсан гэж үзэхгүй, учир нь Д.Баасансүрэн болон Нийслэлийн Засаг даргын хооронд гэрээний эсхүл үүргийн харилцаа үүсээгүй, захирамжийг хүчингүй болгохоос өмнө сууц барих ажлаа зогсоохыг мэдэгдсэн, шаардлагыг хүлээн аваагүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хохирол үнэлсэн үнэлгээний тайлан алдаатай” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8.Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтыг харьцуулан үнэлж “............ 2000.01.24-ний өдөр А/12 тоот захирамжаар иргэн Д.Баасансүрэн нарын 4 иргэнд амины орон сууц барих зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт байрлах Гэрлэх ёслолын ордны баруун талд 0.36 га газар эзэмших эрхийг олгож, улмаар тухайн газар нь олгогдох ёсгүй, тухайлбал, түүх соёлын дурсгалт газарт хамаарснаас Засаг дарга 2000.09.21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, Д.Баасансүрэн нь газар эзэмших эрхтэй байхдаа хувийн сууц барьсан, газар чөлөөлөх талаар талуудын хооронд маргаан үүссэн, 2018.09.24-ний өдрийн А-879 дүгээр захирамжаар хувийн сууцыг албадан буулгасан, Д.Баасансүрэн хохирол гаргуулах нэхэмжлэлийг МУ-ын Засгийн газар болон ............д холбогдуулан 2019 онд Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг тус шүүх Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин “............ нь Д.Баасансүрэнд хохирол учруулсан гэх 2000.01.24-ний өдрийн А-12 тоот захирамж буюу захиргааны акт илт хууль бус байсныг маргаагүй тул уг актыг илт хууль бус болохыг тогтоох хэрэгцээ шаардлагагүй, хохирлын талаар маргаантай байгаагаас иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон”, эдгээр үйл баримтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

9.Дээрх үйл баримттай холбоотой ............ас хохирол шаардсан нэхэмжлэлийг И.Г шүүхэд гаргасан бөгөөд тэрээр уг шаардах эрхийг Д.Баасансүрэнгээс шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэхдээ шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан итгэмжлэлийн үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болох ба захиргааны байгууллагын илт хууль бус актын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах эрх нь хуульд зааснаар үүсэх үүргийн эсрэг хэрэгжиж байгаа, энэхүү шаардах эрхээ Д.Баасансүрэн гуравдагч этгээд буюу И.Гд шилжүүлэхэд үүргийн мөн чанарт харшилна гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Баасансүрэн хохироогүй, зөвшөөрөлгүйгээр сууцыг барьсан, захиргааны хэргийн шүүх өмнө нь хохирол гаргуулах тухай маргааныг хэлэлцэж шийдвэрлэсэн тул шүүх хүлээн авахаас татгалзах байсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэх гомдолд дурдсан нөхцөл дараах байдлаар үгүйсгэгдсэн, тухайлбал, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн, хөөн хэлэлцэх хугацаа, хохирол шаардах эрхийн, хэргийн харьяаллын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж дүгнэв.

10.1.Нэхэмжлэгч нь “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, уг хугацааг сууцыг буулгасан үеэс буюу 2018 оны 09 сараас тооцно” гэж, хариуцагч нь “Д.Баасансүрэнд газар эзэмшүүлсэн 2000.01.24-ний өдрийн А/12 дугаар захирамж илт хууль бус болсноос 2000.09.21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолоход уг хугацаа дуусгавар болсон” гэж маргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

Харин хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс эхэлж байгааг зөв тоолох нь ач холбогдолтой бөгөөд үүнийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заахдаа “шаардах эрх үүссэн үеэс тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэжээ.

Хэдийгээр газар эзэмшүүлэх эрхийг 2000.09.21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон ч уг захирамжид тухайн газарт баригдсан хувийн сууцыг хэрхэхийг шийдвэрлээгүй, газрыг хэвийн байдалд буцаан оруулахыг хэн нэгэнд үүрэг болгоогүй, Засаг даргын 2018.09.24-ний өдрийн А-879 дүгээр захирамж гарч хувийн сууцыг албадан буулгасан, Захиргааны хэргийн шүүх өмнө нь хохирлын маргааныг хэлэлцсэн эдгээр баримтыг шүүх харьцуулж хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

10.2.Зохигч хувийн сууц хэзээ баригдаж дууссан, тодруулбал нэхэмжлэгч тал газар эзэмших эрх хүчинтэй байх хугацаанд бүрэн баригдаж дууссан гэж, хариуцагч тал захирамж хүчинтэй байх хугацаанд баригдаж эхэлсэн, 2003 онд баригдаж дууссан гэж цаг хугацааны хувьд өөр өөрөөр тайлбарлан маргажээ.

Д.Баасансүрэн нь газар эзэмших эрхтэй байх үедээ хувийн сууцыг барьсан нь тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

10.3.Д.Баасансүрэнгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх өмнө нь хэлэлцэж шийдвэр гаргахдаа талуудын хооронд хохирлын хэмжээний талаар маргаантай учраас иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй гэж ............д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосныг өмнө дурдсан. Иймээс хохирол гаргуулах тухай энэ маргааныг өмнө нь өөр шүүх хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.

11.Анхан шатны шүүх хохирлын зарим хэсгийг хангасан буюу хариуцагчаас 66,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргахдаа “...хувийн сууцыг буулгасан тул дахин үнэлгээ хийх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар гэм хорын хэмжээг тогтооход учир дутагдалтай, учир нь уг тайланд сууцны талбайн хэмжээг 324,69 м.кв гэсэн бол ...хэрэгт байгаа бусад баримтад талбайн хэмжээг 270 м.кв-аар тодорхойлсон. Нэхэмжлэгч MNS стандартын ялгамжтай байдлаас талбай өөрчлөгдсөн гэж тайлбарласан ч энэ нь эргэлзээгүй үйл баримт гэж үзэхгүй, үнэлгээний тайланд авагдсан сууцны зургийг 2004 оны үеийн зурагтай харьцуулахад төдийлөн ялгаагүй, түүнчлэн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хэт болгоомжгүй үйлдэл буюу Засаг дарга хууль бус захирамжаа хүчингүй болгохоос өмнө сууцны барилгын ажлын явцад холбогдох шаардлага тавьж байсан” гэж дүгнэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагчаас 309,258,600 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ “..орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2018.06.08-ны өдрийн байдлаар үнэлсэн ба энэ үнэлгээг хариуцагч үгүйсгэсэн тайлбараа баримтаар ...нотлоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хэмжээг бодит хохирлын хэмжээ бус Ш.Баярсайхантай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 66,000,000 төгрөг гэж тогтоосон нь гэм хорыг бүрэн арилгах зарчимтай харшилсан, хохирол нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогдоогүй” гэжээ.

12.Дээрх байдлаар хоёр шатны шүүх хохирлын хэмжээний талаар өөр өөр дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч нь хувийн сууцыг буулгахаас өмнө 2018 онд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар хийлгэсэн өөрийн баримтыг хохирлын хэмжээг нотлох баримт болгож шүүхэд өгсөн байна.

Хариуцагч энэ баримт нь эргэлзээтэй, уг үнэлгээний тайланд сууцны талбайн хэмжээг 324,69 м.кв-аар үнэлсэн, хэргийн бусад баримтаар буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, худалдах-худалдан авах гэрээ, удаа дараагийн шүүхийн шийдвэрт тусгагдсан байдлаар сууц нь 270 м.кв талбайтай гэж тогтоогдсон гэж маргасан бөгөөд тухайн сууцыг буулгаснаас дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах бодит боломжгүй болсон, иймээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт эргэлзээтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь шийдвэрт тодорхой туссан байна.

Мөн хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ............ илт хууль бус захирамжаа 9 сарын дараа хүчингүй болгосон, үүнээс өмнө барилгын ажлаа зогсоохыг нэхэмжлэгчид сануулж байснаас гадна тухайн газар нь түүх соёлын дурсгалт газарт хамаарснаас цаашид сууцыг буулгахаас өөр аргагүй болсныг нэхэмжлэгч мэдэж байсан эдгээр нөхцөлийг анхан шатны шүүх харгалзаж хохирлын хэмжээ (энэ хугацаанд сууцны үнэ нэмэгдсэн) нэмэгдэхэд нэхэмжлэгчийн илт хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэн хэрэгт байгаа баримтын хүрээнд буюу Д.Баасансүрэн 2003 онд хувийн сууцыг иргэн Ш.Баярсайханд 66,000,000 төгрөгөөр худалдаж байсан гэрээний үнээр хохирлыг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно.

Иймээс давж заалдах шатны шүүхийн “хариуцагч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, гэм хор нэмэгдэхэд нэхэмжлэгчийн гэм буруу нөлөөлсөн нь тогтоогдоогүй, Ш.Баярсайхантай байгуулсан гэрээний үнэ бодит бус” гэсэн дүгнэлт өрөөсгөл гэж үзнэ.

13.Дээр дурдсанаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1756 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ............ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН