| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2020/00334/и |
| Дугаар | 01792 |
| Огноо | 2020-08-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 01792
Д.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-гийн хариуцагч “М Т С” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 62 авдар буюу 3 100 блок “Улаан шонхор” тамхи, 15 авдар буюу 750 блок “Алтан навч” тамхи, 9 авдар буюу 450 блок “Даблис” тамхи, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор тамхи тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44 560 536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.А- нь “Нарантуул” ОУХТ-д тамхи бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлдэг юм. 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 07 сарын 25-ны өдрүүдийн хооронд “М Т С” ХХК-аас багцын урамшуулал зарлагдсан. Ч.Ань “М Т С” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг байсан ба 2017 оны 07 сард багцын урамшуулал зарлагдсан гэснийх нь дагуу 2017 оны 07 сарын 20-ны өдөр тус компанийн менежер Б.Анхбаяртай холбогдож багцын урамшууллыг Ч.Анхтуяагаас авч, түүний “Хаан банк” ХХК-ийн 5039444888 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ч.Ань Д.А-гийн шилжүүлсэн 112 900 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 21-ний өдөр “М Т С” ХХК-ийн “Хаан банк” ХХК-ийн 5007079477 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь өөрийн гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 2017 оны 07 сард нийт 37 900 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Д.А-д нийлүүлсэн ч 75 000 000 төгрөгийн үнэ бүхий “Улаан шонхор” тамхи 62 авдар буюу 3 100 блок, “Алтан навч” тамхи 15 авдар буюу 750 блок, “Даблис” тамхи 9 авдар буюу 450 блок, “Алтан шонхор” тамхи 3 авдар буюу 150 блок тамхийг өнөөдөр хүртэл нийлүүлэхгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна.
Ч.Ань 2017 оны 09 сараас ажиллахаа больсон. Д.А- нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 112 900 000 төгрөгийн үнэ бүхий тамхи худалдан авах хэлцлийг хариуцагч компанитай байгуулсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 сарын 20-ны өдөр “Хаан банк” ХХК-аас 100 000 000 төгрөгийн шугамын зээл авч, тус зээлийн хөрөнгөөр хариуцагч компаниас тамхи худалдан авсан. Д.А- нь “Хаан банк” ХХК-аас авсан зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 07 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 44 000 000 гаруй төгрөгийг төлж хохироод байна. Тодруулбал, дээрх шугамын зээлийн хүүгийн төлбөрт 2017 оны 08 сараас 2019 оны 12 сар хүртэл хугацаанд, нийт 44 560 536 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч компанийн зүгээс 75 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг 2017 оны 07 сард багтаан нийлүүлээгүйн улмаас дээр дурдсан 44 560 536 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг төлж хохироод байна.
Иймд гэрээнээс учирсан хохиролд 44 560 536 төгрөгийг, 62 авдар буюу 3 100 блок “Улаан шонхор” тамхи, 15 авдар буюу 750 блок “Алтан навч” тамхи, 9 авдар буюу 450 блок “Даблис” тамхи, 3 авдар буюу 150 блок “Алтан шонхор” тамхи тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Тус компанийн ажилтан Ч.Ань 2017 оны 01 сараас 2017 оны 07 сар хүртэлх хугацаанд манай компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж компанид нийт 477 170 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ үндэслэлээр эрүүгийн 1702001990083 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Нэхэмжлэгч Д.А-тай манай компани тамхи худалдах, худалдах авах гэрээ байгуулаагүй, гэрээ хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 07 сарын 20-ны өдөр Ч.Анхтуяагийн данс руу мөнгө шилжүүлсэн гэдэг боловч тухайн үед Ч.Ань ажлаа хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэлд дурдсан тамхи нь 75 000 000 төгрөгт хүрэхгүй, мөн тамхины мөнгөн дүнг хооронд нь нэмээд үзэхээр 106 000 000 төгрөг болж байна. Д.А-гаас шилжсэн мөнгийг харахаар ямар нэгэн гүйлгээний утга бичээгүй, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй. Ч.Анхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т С” ХХК-аас 62 авдар буюу 3 100 блок “Улаан шонхор” тамхи, 15 авдар буюу 750 блок “Алтан навч” тамхи, 9 авдар буюу 450 блок “Даблис” тамхи, 3 авдар буюу 150 блок “Алтан шонхор" тамхи тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44 560 536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 375 007 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан тамхинуудыг гаргуулж, Д.А-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч компани болон Ч.Анарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Ч.Ань бөөний борлуулагч гэсэн ажлын байранд ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор тэрээр компанийг төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрхгүй. Ч.Ань худалдааны төлөөлөгч биш, компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх итгэмжлэл олгогдоогүй этгээд юм.
Ч.Ань компанид ажиллаж байхдаа 2017 оны 01 сараас 07 сараас хүртэлх хугацаанд компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин нийт 477 170 000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учраас компанийн зүгээс 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн Ч.Анхтуяад тамхи нийлүүлэхээ больсон. Д.А-, Ч.Анарын хооронд хийгдсэн хэлцэл нь хариуцагч компанид огт хамааралгүй ба Ч.Анхтуяагийн бусдад учруулсан хохирлыг компани хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч “М Т С” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 75 000 000 төгрөгийн үнэ бүхий “Алтан навч”, “Алтан шонхор”, “Улаан шонхор”, “Даблис” гэсэн 4 нэр төрлийн тамхи, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 44 560 536 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 1-3, 38-39/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 оны 07 сарын 20-ны өдөр тус компаниас зарласан багцын урамшуулалд хамрагдах зорилгоор хариуцагч компанийн ажилтан /борлуулагч/ Ч.Анхтуяагаас дээр дурдсан 4 нэр төрлийн тамхи худалдан авахаар түүний “Хаан банк” ХХК дахь 5039444888 тоот данс руу 112 900 000 төгрөг шилжүүлсэн боловч 75 000 000 төгрөгийн үнэ бүхий тамхи нийлүүлээгүй, үүний улмаас нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн хүүд нийт 44 560 536 төгрөг төлж хохирсон гэх агуулгаар тайлбарласан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалдаа, нэхэмжлэгчтэй тамхи худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй, Ч.Ань 2017 оны 01 сараас 07 сарын хооронд компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс хойш тус компанид ажиллахаа больсон гэх үндэслэл заажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан “М Т С” ХХК-ийн Ч.Анхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, түүнийг ажилд томилсон тушаал, зарлагын падаан, 2017 оны 06, 07 сарын борлуулалтын тайлан, тооллогын бүртгэл /хх 78-83, 133-146/ зэргийг харьцуулан үнэлбэл, Ч.Ань хариуцагч компанид 2012 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн бөөний борлуулагчаар буюу тус компанийн бараа, бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулах, борлуулсан мөнгөн төлбөрийг хүлээн авч, компанид шилжүүлэх зэрэг ажлыг компанийн нэрийн өмнөөс гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажил үүрэг эрхэлж байсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, анхан шатны шүүх “М Т С” ХХК-ийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулан хийсэн талаар дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Ч.Ань компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн гэж үзэх тул тухайн хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгч буюу “М Т С” ХХК хариуцан арилгах үүрэгтэй. Иймд “Ч.Анхтуяад компанийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаас үзэхэд Д.А-гаас 2017 оны 07 сарын 20-ны өдөр Ч.Анхтуяагийн эзэмшлийн 5039444888 тоот данс руу 112 900 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, улмаар бөөний борлуулагч Ч.Адараа өдөр нь буюу 2017 оны 07 сарын 21-ний өдөр “М Т С” ХХК-ийн эзэмшлийн 5007079477 тоот данс руу 158 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 73, 85, 127-128/ үйл баримт тогтоогдож байхаас гадна Ч.Анхтуяагийн дансны 2017 оны 07 сарын 20, 21-ний өдрийн үлдэгдлээс үзэхэд уг шилжүүлсэн 158 000 000 төгрөгт Д.А-гийн шилжүүлсэн 112 900 000 төгрөг багтсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.А- нь “М Т С” ХХК-ийн бөөний борлуулагч Ч.Анхтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Ч.Анхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.
Иймд нэхэмжлэгч Д.А- нь дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч “М Т С” ХХК-д 112 900 000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч нь 37 900 000 төгрөгийн үнэ бүхий бараа нийлүүлж, үлдэх 75 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх тамхи гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хэрэгт авагдсан “Тооллогын бүртгэл” гэх баримтад дурдагдсан блок тамхины үнийг нэхэмжлэгчийн шаардсан нэр төрөл, тоо ширхэг бүхий блок тамхитай харьцуулан тооцоход 70 827 500 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь эдгээр нэр төрөл, тоо ширхэг бүхий тамхийг нийт 75 000 000 төгрөгийн үнэтэй гэж тайлбарлаж байх тул уг нэр төрөл, тоо ширхгээр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. /хх 145/
Түүнчлэн, Ч.Ань хариуцагч компанийн эд хөрөнгө завших байдлаар компани болон бусдад хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь ажил олгогч, ажилтан нарын хоорондын эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр зохицуулагдах асуудал тул талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн маргаанд хамаарахгүй тул энэ талаарх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Харин шүүхийн шийдвэрт доор дурдсан байдлаар хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тодруулбал, тамхи гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 75 000 000 төгрөгийн үнэ бүхий гэсэн хэсгийг орхигдуулсан байх тул тухайн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 44 560 536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг тайлбарлан, баримталсан нь буруу. Учир нь, талуудын хооронд бараа нийлүүлэх хугацааг тодорхойлон тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул тухайн заалтыг шийдвэрийн тогтоох хэсгээс хасаж, харин хохирол шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т С” ХХК-аас 75 000 000 төгрөгийн үнэ бүхий 62 авдар буюу 3 100 блок “Улаан шонхор” тамхи, 15 авдар буюу 750 блок “Алтан навч” тамхи, 9 авдар буюу 450 блок “Даблис” тамхи, 3 авдар буюу 150 блок “Алтан шонхор" тамхи тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44 560 536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “375,007” гэснийг “532 950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.НЯМБАЗАР