Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01821

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г К ББСБ” ХХК-ийн хариуцагч О.Н, О.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 50 962 382  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Батгарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: О.Н, О.Б нар 2018 оны 12 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1 сарын 4 хувийн хүүтэй зээлж, О.Нгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуур гудамж, 54-р байр, 30 тоот хаягт байршилтай 39.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, түүний хүүг буцааж төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг бичгээр болон утсаар удаа дараа шаардсан. Зээлдэгч нар 2019 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 17-ны өдөр дууссан болно.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 04 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 14 687 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү                   1 215 124 төгрөг, нотариатын төлбөр 20 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөг, нийт 50 962 382 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хариуцагч талаас 35 000 000 төгрөгийн зээл авсан гэдэгт маргахгүй боловч зээлийн тооцоолол буруу гэж үзэж байна. Иймд зээлийн хүү                         25 687 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 215 124 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Санхүүгийн шинжээч томилуулах хүсэлттэй байна. Ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас хариуцагч нарын эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөр төлөхөд давагдашгүй хүчин зүйл үүссэн. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй учир шийдвэрлэх боломжгүй.

Иймд үндсэн зээл 35 000 000 төгрөг, нотариатын зардал, эвлэрүүлэн зуучлалын зардлыг тус тус зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Н, О.Б нараас 50 962 382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г К ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Нгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 54-р байрны 30 тоот 39.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Н, О.Б нараас 483 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г К ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч талаас шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэл 35 000 000 төгрөгт маргаагүй, харин хүүг байнга төлж байгаад Ковид-19 цар тахлын хоригийн улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй хүүгийн алдагдалд орсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу санхүүгийн шинжилгээ хийлгэж бодит хүүг тооцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авч шийдэлгүйгээр шууд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хуулийн уг заалтаар санхүүгийн шинжилгээ хийлгэж гарсан дүнгээр нь хүүний талаарх нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Г К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О.Н, О.Б нар үндсэн зээл 35 000 000 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж 40 000 төгрөг, нийт 35 060 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх зээлийн хүү 14 687 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 215 124 төгрөг, нийт 15 902 382 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 45/

 

Хэрэгт авагдсан зээл болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ /хх 11-16/, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буцаан төлөх, ийнхүү тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх11-13/ Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Нгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 54-р байрны 30 тоот 39.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх 14-16/

 

Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, гэрээний 3.2.4-д тус тус зааснаар зээлийн үндсэн төлбөр, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон мөн Ковид-19 цар тахлын хориг тогтоосны улмаас бизнесийн үйл ажиллагааг явуулж чадаагүй нь зээлийн хүүгийн төлөлтөд нөлөөлсөн гэх үндэслэл заан маргаж байх боловч хариуцагч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг няцааж, өөрсдийн зүгээс тооцоолол гаргаж өгөөгүйн гадна цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн хэмжээг санхүүгийн шинжээч томилж тайлан гаргуулах байдлаар тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй учир анхан шатны шүүх тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөөр 50 962 382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 480 000 төгрөг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 35 000 000 төгрөг, хүү 14 687 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 215 124 төгрөг болон хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учирсан хохирол болох нотариатын төлбөр 20 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээнд төлсөн төлбөр 40 000 төгрөг, нийт 50 962 382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА                                                       

                                                    ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР