Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01823

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч Н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 104/ШШ2020/00282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ч Н” ОНӨААТҮГ-ын хариуцагч “Н Д С” ТӨХК-д холбогдуулан гаргасан 27 641 637 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөрмаа, түүний өмгөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус байгууллага нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-тэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах тухай 2014 оны 05 сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 08 сарын 24-ний өдрийн нэмэлтээр 401407053059 дугаартай тоолуурыг нэмсэн байдаг. Энэ тоолуур нь Шинэ Налайх хорооллын ЦТП дотор байрладаг бөгөөд тус хорооллын айл өрхөд дулааныг 2 хэлхээгээр дамжуулах, халуун хүйтэн усыг хүргэх үндсэн үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00937 дугаар тогтоолоор “Ч Н” ОНӨААТҮГ-аас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 30 641 248 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Манай байгууллагад дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл байдаггүй учир “Налайх дулааны станц” ТӨХК нь 46/2013 дугаартай дулаан түгээх, 47/2013 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд тус хорооллын айл өрх, ААН-д дулаан хэрэглээний халуун усыг худалдаж, борлуулалтын орлогыг төвлөрүүлж ажилладаг. Энэхүү ЦТП доторхи ялтсан бойлер дээр 55 квт/цаг хөдөлгүүр, хэрэглээний халуун усны ялтсан бойлер дээр 22 квт/цаг хөдөлгүүр, мөн хүйтэн усны даралт нэмэгдүүлэх 7.5 квт-ын насос 24 цагаар ажиллаж хэрэглэгчдэд дулаан, хэрэглээний халуун ус, цэвэр усыг түгээдэг. Нийт цахилгаан хэрэглээний 91.1% буюу 77 квт-ыг “Н Д С” ТӨХК хэрэглэж байгаа ба 8.9% буюу 7.5 кв-ыг манай байгууллага цэвэр усаа дамжуулахад ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ Налайх хорооллын айл өрх, ААН-д дулаан, хэрэглээний халуун ус түгээхэд 55 квт-ын болон 22 квт-ын 2 том хөдөлгүүрийг 24 цагийн турш цахилгаан эрчим хүч ашиглан ажиллуулж, хэрэглэгчдээс орлогоо “Н Д С” ТӨХК 100% хурааж авдаг байтал энэ байгууллагын 2015 оны 12 сар, 2016 оны 01 сараас 09 сар хүртэл ашигласан цахилгаан эрчим хүчний 27 641 637 төгрөгийг манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн.

Иймд хариуцагчаас 27 641 637 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: “Тэлмэн констракшн” ХХК-ийн Шинэ Налайх хорооллын ус дулаан дамжуулах төвийн цахилгааны зардлыг “Ч Н” ОНӨААТҮГ хариуцахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулж, төлбөр мөнгийг төлөх үүргийг хүлээсэн. Уг гэрээний дагуу “Ч Н” ОНӨААТҮГ нь 30 641 248 төгрөгийг төлөх үүрэгтэй. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00937 дугаар тогтоолоор “Ч Н” ОНӨААТҮГ-ыг төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Манай компани “Тэлмэн констракшн” ХХК-ийн Шинэ Налайх хорооллын ус дулаан дамжуулах төвийн цахилгааны зардлыг хариуцахаар “Ч Н” ОНӨААТҮГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өмнө үүрэг хүлээсэн хуулийн этгээд биш. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон ба 30.1.13-т “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх” нь хэрэглэгчийн үүрэг болохыг хуульчлаад шилжүүлэх журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан байдаг. “Н Д С” ТӨХК нь төрийн өмчид шилжиж ирээгүй эд хөрөнгийг өөрийн эзэмшилд бүртгэн авах, зардал мөнгийг хариуцах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, манай компанид “Тэлмэн констракшн” ХХК-ийн ус дулаан дамжуулах төвийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүлээн авах эрх олгогдоогүй тул өөрийн өмчид шилжиж ирээгүй эд хөрөнгийн зардал мөнгийг хариуцах эрх, үүрэг байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ““Тэлмэн констракшн” ХХК-ийн эзэмшлийн ЦТП-г манай байгууллагын өмчлөл ашиглалтад зохих журмын дагуу шилжүүлээгүй, үүнд хамааралтай 401407053059 дугаар бүхий тоолуурыг манай компанийн цахилгаан эрчим хүч ашиглах гэрээнд маргаантай байдлаар нэмсэн байдаг” зэрэг асуудлыг шүүхийн байгууллагаар өмнө нь шийдвэрлэсэн, манай байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм.

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу биелэгдсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Н Д С” ТӨХК-аас 27 641 637 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч Н” ОНӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 296 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 30.1.3-т “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй” байхаар хуульчилсан. Гэтэл “Тэлмэн констракшн” ХХК-ийн Шинэ Налайх хорооллын ус дулаан дамжуулах төвийн цахилгааны зардлыг “Ч Н” ОНӨААТҮГ хариуцахаар 2015 оны 08 сарын 24-ний өдрийн хүсэлтээрээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээндээ нэмэлт оруулж, төлбөр мөнгийг төлөх үүргийг хүлээсэн. Шинэ Налайх хорооллын ЦТП буюу ус дулаан дамжуулах төв 2019 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Тэлмэн констракшн” ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 559 тоот “Үндсэн хөрөнгө бүртгэж авах зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор манай байгууллагын өмч болсон тул манай байгууллага хариуцаж, холбогдох зардлыг хариуцан ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 1/747 тоот “Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд “...нийт хэрэглээний 91% буюу 173 756 квт цахилгаан нь “Н Д С” ТӨХК-ийн дулаан түгээх, хангах үйл ажиллагаанд хамаарч байна” гэж заасан шинжээчийн дүгнэлт нь “Ч Н” ОНӨААТҮГ-ын төлсөн цахилгааны төлбөрийг төлөх үндэслэл болохгүй юм. Учир нь “Ч Н” ОНӨААТҮГ нь ус дулаан дамжуулах төвийн цахилгааны зардлыг хариуцахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулсан, энэхүү асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гарч “Ч Н” ОНӨААТҮГ-ыг төлөхөөр шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

“Ч Н” ОНӨААТҮГ-аас ус дулаан дамжуулах төвийн хэрэглэсэн цахилгааны төлбөр 30 641 248 төгрөгийг гаргуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар зохигчид маргаагүй. /хх 8-16, 17-20, 21-24/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан “...Нийт цахилгаан хэрэглээний 91.1% буюу 77 квт-ыг “Н Д С” ТӨХК хэрэглэж байгаа...” гэсэн тайлбар үнэн зөв болох нь шүүхээс томилогдсон Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 05 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал, уг шинжээчийн дүгнэлтээр “2015 оны 12 сараас 2016 оны 09 сар хүртэлх хугацаанд нийт 30 334 004 төгрөгийн үнэ бүхий 190 683 квт цахилгааны 91 хувийг “Н Д С” ТӨХК хэрэглэсэн” болохыг тогтоожээ. /хх 59-61/

 

Иймд “Н Д С” ТӨХК хэрэглэсэн атлаа төлбөрийн төлөөгүй 173 758 квт цахилгааны зардал буюу 30 334 004 төгрөгийн 91 хувь 27 603 944 төгрөгийг “Ч Н” ОНӨААТҮГ төлж барагдуулсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Ч Н” ОНӨААТҮГ, “Тэлмэн констракшн” ХХК нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь “Ч Н” ОНӨААТҮГ болон “Н Д С” ТӨХК нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй буюу нэхэмжлэгчийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин 173 758 квт цахилгааны үнэ 30 334 004 төгрөгийн 91% нь 27 603 944 төгрөг байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан алдаатай дүн 27 641 637 төгрөг гаргуулсан нь буруу байх тул түүнийг давж заалдах шатны шүүхээс залруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 104/ШШ2020/00282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Н Д С” ТӨХК-аас 27 603 944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ч Н” ОНӨААТҮГ-т олгож, үлдэх 37 693 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас 296 158...” гэснийг “...хариуцагчаас 295 970...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА                                                       

                                                    ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР