Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00903

 

2022           10            04                                         001/ХТ2022/00903

“ЧН” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2020/00282 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1823 дугаар магадлалтай,

“ЧН” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Н Д С” ТӨХК-д холбогдох

27,641,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ЧН” ОНӨААТҮГ нь “Н Д С” ТӨХК-д холбогдуулан 27,641,637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2020/00282 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Д С ТӨХК-иас 27 641 637 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЧН ОНӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 296 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1823 дугаар магадлалаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 104/ШШ2020/00282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Н Д С” ТӨХК-аас 27 603 944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ-т олгож, үлдэх 37 693 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас 296 158...” гэснийг “...хариуцагчаас 295 970...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн 1823 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: ...Тодруулбал, уг шинжээчийн дүгнэлтээр “2015.12 сараас 2016.09 сар хүртэлх хугацаанд нийт 30,334004 төгрөгийн үнэ бүхий 190,683 квт цахилгааны 91 хувийг “Н Д С” ТӨХК хэрэглэсэн” болохыг тогтоожээ гэжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Н Д С ТӨХК-ийн дулаан түгээх, дамжуулах үйл ажиллагаанд хамаарч байна гэж дүгнэсэн. Үйл ажиллагаанд хамаарч байна гэж үзэж байгаатай хариуцагчийн хувьд маргахгүй. Гэвч шүүх эрчим хүчний төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ Н Д С ТӨХК нь эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй нөхцөл байдалд ач холбогдол өгөөгүйн зэрэгцээ иргэний хуулийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг тодорхойлсон байдаг. Манай компанийн хувьд Шинэ Налайх хорооллын ЦТП буюу ус дулаан дамжуулах төвийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017.02.14-ний өдрийн 86 тоот “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын дагуу “Тэлмэн констракшн” ХХК-ийн хүсэлтийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.12.16-ны өдрийн 559 тоот “Үндсэн хөрөнгө бүртгэж авах зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор өмчлөгч болсон. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 30.1.13-т “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх” үүргийг “Тэлмэн констракшн” ХХК хүлээхээр хуульчилсан. Гэтэл “Тэлмэн констракшн” ХХК-ийн Шинэ Налайх хорооллын ус дулаан дамжуулах товийн цахилгааны зардлыг “ЧН” ОНӨААТҮГ нь хариуцахаар 2015.08.24-ний өдрийн хүсэлтээрээ УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээндээ нэмэлт оруулж, төлбөр мөнгийг төлөх үүргийг “ЧН” ОНӨААТҮГ хүлээсэн /энэхүү асуудлаар 3 шатны шүүхээс “ЧН” ОНӨААТҮГ-ыг төлөхөөр шийдвэрлэсэн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 917 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.09.14-ний өдрийн 001/ХТ2017/00937 дугаар тогтоолтой/. Анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна. Иймд магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4. дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. “ЧН” ОНӨААТҮГ нь хариуцагч “Н Д С” ТӨХК-д холбогдуулан түүний өмнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлсөн төлбөр 27,641,637 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...манай байгууллага шүүхийн шийдвэрээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д цахилгааны төлбөр 30,641,248 төгрөгийг төлөх болсон,  үүнд “Н Д С” ТӨХК-ийн хариуцаж буй хэрэглэгчийн төлбөр орсон, ...хариуцагч нь цахилгааны хэрэглээний 91,1 хувийг авдаг, төлбөр нь 27,641,637 төгрөг болж байгаа, хариуцагч нь айл өрх, албан байгууллагаас цахилгааны төлбөрийг авдаг атлаа эрчим хүчээр хангагч байгууллагад тушаагаагүй, тэдний хэрэглэсэн төлбөрийг бид төлөх үндэслэлгүй...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргахдаа “...нэхэмжлэгч нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээтэй тул гэрээний дагуу үүргээ биелүүлэх ёстой, энэ талаар шүүхийн шийдвэр гарсан, ...манайх нэхэмжлэгч талтай төлбөр төлөх гэрээний харилцаа байхгүй, ...2019 онд ТӨБЗГазрын тогтоолоор маргаж буй ЦТП-г манай өмчөөр бүртгэсэн, үүнээс өмнөх ЦТП-ийн үйл ажиллагаа “Тэлмэн констракшн” ХХК-ийн мэдэлд байсан, иймд манайх өмчлөгч болохоос өмнөх төлбөрийг хариуцах үндэслэлгүй...” гэж мэтгэлцсэн байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 27,603,944 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

8. Нэхэмжлэгч нь 2014.05.30-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан ба 2015.08.24-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ тоолуур нэмсэн, уг тоолуур нь Шинэ Налайх хорооллын ЦТП дотор байрладаг, тус хорооллын айл өрхийг цахилгаанаар хангадаг байна. Хэдийгээр нэхэмжлэгч болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан ч уг гэрээний дагуу нэхэмжлэгч цахилгаанаар хангагдахаас гадна өөр этгээд буюу Шинэ Налайх хорооллын айл өрхийг цахилгаанаар хангаж, харин айл өрхийн хэрэглээний төлбөрийг нэхэмжлэгч бус хариуцагч нь  авч байсан үйл баримт тогтоогджээ.

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.09.14-ний өдрийн 001/ХТ2017/00937 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “ЧН” ОНӨААТҮГ нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 30,641,248 төгрөгийг төлөхөөр болсон байна. Энэ үүрэгт “Н Д С” ТӨХК-ийн хэрэглэсэн төлбөр байгаа талаар нэхэмжлэгч нь тайлбар гаргаж байсан ч шүүх “ЧН” ОНӨААТҮГ болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хооронд үүссэн гэрээний маргааныг шийдвэрлэсэн тул энэ шийдвэр нь нэхэмжлэгчийн зүгээс “Н Д С” ТӨХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020.05.25-ны өдрийн дүгнэлтээр 2015 оны 12 сараас 2016 оны 09 сар хүртэлх хугацаанд нийт 30,334,004 төгрөгийн үнэ бүхий 190 683 квт цахилгааны 91 хувийг “Н Д С” ТӨХК хэрэглэсэн болохыг хэмжиж тогтоожээ. /хх 59-61/

Эдгээр баримтыг үндэслэн шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, зохих төлбөрийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болсон байна. Шинэ Налайх хорооллын айл өрх нь цахилгааны төлбөрийг хариуцагч байгууллагад тушааж байсан ба харин нэхэмжлэгч нь энэ төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлөхөөр болсон тул нэхэмжлэгчээс хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн гэж адилтгаж үзэх үндэслэл бий болсон, шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах хуулийн урьдчилсан нөхцөл тогтоогдсон гэж үзнэ.

9. Иймд дээрх үндэслэлээр /хянавал хэсгийн 8/ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар  сарын 24-ний өдрийн 1823 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 296,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН