Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01849

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01484 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ы Г Б” ХХК, “С Д”” ХХК-д холбогдуулан гаргасан 18 207 879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагч Г Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, Г.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ч.Б-ы хүү О.Хурцзориг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-17-27 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар 2014 оны 01 сарын 29-ний өдөр Г Б” ХХК-тай ЗГ61000-03417 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 20 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлж авсан. Ингэхдээ О.Хурцзориг нь 2013 онд “С Д”” ХХК болон Г Б” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 2.3-т тус тус зааснаар даатгалын зуучлагч болох Г Б” ХХК-тай даатгалын гэрээ байгуулж амь насны даатгалд 20 000 000 төгрөгийн 0,11 хувь 22 000 төгрөг, эд хөрөнгийн даатгалд 29 700 000 төгрөгийн 0,11 хувь                  32 670 төгрөгийн шимтгэл төлсөн тул тус банк нь “С Д”” ХХК-ийн даатгалын баталгааг өгсөн.

Хариуцагч Г Б” ХХК нь сар бүрийн 29-ний өдөр үндсэн төлбөр, хүү, амь насны болон эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр төлж байхаар хуваарь гаргасан. Уг хуваарийн дагуу О.Хурцзориг нь сарын төлбөр 242 663 төгрөгт амь насны даатгалын төлбөр 1 823 төгрөгийг нэмж нийт 245 000 төгрөгийг cap бүр төлж байсан. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү 131 506 төгрөг, үндсэн төлбөр 111 156 төгрөг, амь насны даатгалын сарын төлбөр 1 823 төгрөг, нийт 244 485 төгрөгийг /сар сард буурдаг тоо/ тэгшлээд 245 000 төгрөг, зарим үед 250 000 төгрөгийг cap бүр төлдөг байв.

О.Хурцзориг нь 2016 оны 08 сарын 22 ны өдөр гэнэт нас барж даатгалын тохиолдол бий болсон тул Г Б” ХХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргахад 2017 оны 03 сарын 22-ны өдөр 04/88 дугаартай албан бичгээр “...талийгаачийг нас барах үед даатгалын гэрээний хугацаа нь дууссан байжээ. Тодруулбал, талийгаачийн “С Д”” ХХК-тай байгуулсан 000076705 дугаартай зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2015 оны 01 сарын 24-ний өдрөөр хугацаа нь дууссан байна. Даатгалын гэрээний хугацаа дууссан үед даатгалын тохиолдол гарсан байх тул Г Б” ХХК нь “С Д”” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй байна. Орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д зээлдэгч нь эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй...” гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг эс зөвшөөрч банкны дотоод аудитын газарт гомдол гаргахад тус банкны Мэдээллийн технологи, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 12/12 дугаар албан бичгээр “Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн гэрээний дагуу банк зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн данснаас суутгаж ажилласан ... даатгалын гэрээг 2015 оны 01 сарын 24 ний өдрөөс хойш сунгаагүй байна” гэсэн хариу өгснийг мөн эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан.

Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-т хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон гэж заасан үндэслэлээр даатгалын гэрээ дуусгавар болоогүй. Тодруулбал зээлдэгч буюу даатгуулагч нь зээлийн гэрээнд заасны дагуу cap бүр зээл, зээлийн хүү дээр нэмж амь насны даатгалын сарын төлбөрийг тогтмол төлж байхад даатгалын гэрээ дууссан гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн хэрэв даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол даатгалын зуучлагч буюу хариуцагч Г Б” ХХК нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагчид бичгээр мэдэгдээгүй атал даатгалын гэрээний хугацаа дууссан гэсэн нь үндэслэлгүй.

Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу тус хорооноос 2019 оны 11 сарын 15-ны өдөр 9/3986 дугаар “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “уг даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг барагдуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн хариу ирүүлсэн.

Гэвч хариуцагч Г Б” ХХК нь тус хорооны шийдвэрийг эс биелүүлж, даатгалын нөхөн төлбөр олгоогүйгээр зогсохгүй даатгалын тохиолдол болсноос хойш буюу 2016 оны 09 сараас 2017 оны 05 cap хүртэл 8 cap илүү төлсөн 1 960 000 төгрөгийг даатгуулагчийн өвлөгчөөс зээлийн төлбөрт хүлээн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хэрэв хариуцагч нь даатгалын нөхөн олговор олгосон бол даатгуулагч буюу түүний хууль ёсны өвлөгч нь уг олговроор орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх байсан тул дээр дурдсан төлбөрийг төлөхгүй байсан.

Нэхэмжлэгч Ч.Б-ы хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар О.Хурцзоригийн хууль ёсны өвлөгч тул 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 17 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авснаар түүний шаардах эрх хуульд заасан журмын дагуу үүссэн.

Иймд Г Б” ХХК-аас даатгалын тохиолдол бий болсныг мэдсээр байж даатгалын тохиолдол болсноос хойш буюу 2016 оны 09 сараас 2017 оны 05 cap хүртэл 8 сарын турш cap бүр 245 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр авсныг буцаан гаргуулж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 9/3986 дугаар “Даатгалын нөхөн төлбөр олгох тухай” шийдвэрийг биелүүлэхийг даалгах буюу даатгалын тохиолдол бий болох үед даатгагчаас авах ёстой байсан 16 247 879 төгрөг, нийт 18 207 879 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин хариуцагч “С Д”” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаа дууссан тул тус компанид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г Б” ХХК хариу тайлбартаа: О.Хурцзориг нь тус банкны Баянхонгор аймгийн салбараас орон сууц худалдан авахаар ипотекийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлдэгч 2016 оны 08 сарын 21-ний өдөр харамсалтайгаар нас барсан байна.

Г Б” ХХК нь “С Д”” ХХК-тай байгуулсан 2013 оны 06 сарын 01-ний өдрийн ГБ-52 дугаартай “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн зорилго нь банк “С Д”” ХХК-ийн үзүүлж буй даатгалын хураамжийг төвлөрүүлж “С Д”” ХХК-д шилжүүлэх, “С Д”” ХХК-аас холбогдох даатгалын үйлчилгээг банкны зээлдэгч нарт үзүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. Уг хамтран ажиллах гэрээний 6.2.1-т даатгалын хураамжийг төвлөрүүлэн хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд даатгагчид шилжүүлэх ба даатгуулагчтай холбоотой тайланг хавсралт 1-д заасны дагуу дараа сарын 10-ны дотор ирүүлэх үүрэгтэй гэж зааснаас үзвэл банк даатгуулагчаас холбогдох даатгалын хураамжийг шаардах, нэхэмжлэх үүрэг хүлээдэггүй ба зөвхөн сайн дураараа төлсөн даатгалын хураамжийг тодорхой хугацааны туршид төвлөрүүлж даатгагч буюу “С Д”” ХХК-д нэгдсэн байдлаар шилжүүлэх, шилжүүлсэнтэй холбогдуулан даатгалын хураамж төлсөн даатгуулагч нарын мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Г Б” ХХК-аас 17 088 054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 119 824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч “С Д”” ХХК-аас 18 207 879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хариуцагч “С Д”” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243 390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүх Г Б” ХХК-ийг зээлдэгчийн харилцах данснаас даатгалын шимтгэлийг суутган авч даатгагч “С Д”” ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирол гэх 16 247 879 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлдэгчийн 6100003472 дугаартай харилцах дансны хуулгыг гаргаж өгсөн. Г Б” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг зээлдэгчийн уг данснаас суутган авахаар харилцан тохиролцсон болно. Данс эзэмшигч нь өөрийн харилцах дансанд хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө байршуулах нь түүний хүсэл зоригийн асуудал бөгөөд тухайн дансанд 245 000-250 000 төгрөг байршуулж байсныг зээлийн эргэн төлөлт хийсэн гэж дүгнэсэн нь дутагдалтай юм. Түүнчлэн, төлөх байсан зээлийн хэмжээнээс багахан хэмжээгээр илүү дүнтэй мөнгөн дансандаа байршуулсан нь зээлдэгч өөрийн төлбөл зохих байсан амь насны даатгал болон орон сууцны даатгалын шимтгэл хураамжийг төлөх зорилготой байсан эсэхийг тогтоох боломжгүй юм. Зээлдэгчийн харилцах дансны хуулганаас үзэхэд илүү байршсан мөнгөн хөрөнгө тодорхой хэмжээнд хуримтлагдсаны дараа буюу 2016 оны 07 сарын 19-ний өдөр зарлага хийж авсан байх бөгөөд хэрэв зээлдэгч үнэхээр зохих даатгалын шимтгэл хураамжийг төлөх зорилгоор илүү мөнгө байршуулсан бол энэ талаар банкнаас тодруулж, холбогдох даатгалын хураамжийг төлөх бүрэн боломжтой байсан боловч тийм арга хэмжээг аваагүй байна. Гэтэл шүүх дансанд байршуулж байсан мөнгөн хөрөнгийг шууд банканд төлөхөөр өгсөн гэж дүгнэж, энэ талаар талууд маргаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх талууд маргаж буй нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Г Б” ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй зөвхөн орон сууцны зээлийн гэрээний харилцаанд оролцож байгаа бөгөөд амь насны даатгал, эд хөрөнгийн даатгалын харилцаа нь банкнаас хамааралгүйгээр үүсдэг бие даасан харилцаа юм. Зээлдэгч нь өөрийн амь насны болон эд хөрөнгийн эрсдэлийг даатгуулах даатгалын компанийг банкнаас хамааралгүйгээр сонгож үйлчлүүлэх, даатгалын хураамж хэзээ төлж, даатгалын харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх нь зээлдэгчийн бүрэн эрх бөгөөд банк хүчээр даатгалын компанийг сонгох, даатгалын хураамжийг төлүүлэх боломжгүй юм. Зээлдэгч өөрийн амь нас, эд хөрөнгийн эрсдэлийг даатгуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг өөрийн харилцах дансандаа байршуулж буй үйлдэл нь банканд данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр холбогдох мөнгөн хөрөнгийг суутгаж, өөрийн дураар аль нэг даатгалын компанид шилжүүлж даатгалын харилцаа үүсгэх зөвшөөрлийг олгож байна гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүх банк уг үүргийг хүлээсэн гэж дүгнэж, зээлдэгчээс “С Д”” ХХК-тай үүсгэсэн даатгалын харилцааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа эсэхийг огт тодруулалгүйгээр даатгалын шимтгэлийг зээлдэгчийн данснаас суутгаж, даатгалын харилцааг хүчээр үргэлжлүүлэх ёстой байсан гэжээ.

“С Д”” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа нь 2016 оноос эхлэн доголдож эхэлсэн ба одоогийн байдлаар ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос түдгэлзүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Мөн өмнөх хэсэгт дурдсанчлан зээлдэгч нь өөрийн харилцах дансандаа даатгалын хураамж суутгуулах зорилгоор зээлийн сарын төлбөрөөс илүү хэмжээний мөнгө байршуулж байсан эсэх эсхүл төлбөл зохих төлбөрийн хэмжээг өөрт амар байдлаар тодорхойлж, бүхэл дүнгээр байршуулж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүхээс зээлдэгчийн хүсэл зоригийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж, зээлийн гэрээний дагуу бий болсон зээлийн эргэн төлөлтийн харилцааг зээлдэгч хэрхэн ойлгож байсныг таамаглах байдлаар дүгнэж байгаа нь ноцтой алдаа гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Г Б” ХХК нь “С Д”” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу зээлдэгч нараас даатгалын хураамжийг суутган авч шилжүүлэх үүрэг хүлээж байгаагаа ухамсарласан тул зээлийн гэрээний стандарт нөхцөлийг боловсруулсан гэж дүгнэсэн. Г Б” ХХК-ийн хувьд “С Д”” ХХК-тай 2013 оны 06 сарын 01-ний өдөр “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллаж гэрээ” байгуулж хамтран ажиллаж байсан болно. Уг хамтран ажиллах гэрээг байгуулах болсон гол үндэслэл шаардлага нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хязгаарлалт юм. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт даатгагч зөвшөөрснөөс бусад тохиолдолд даатгуулагчийн төлж буй хураамжийг хүлээн авах, эзэмшихийг даатгалын мэргэжлийн оролцогчид хориглосон байдаг. Уг хязгаарлалтаас шалтгаалан банкны зээлдэгч нар даатгалын харилцаа үүсгэхийн тулд заавал даатгагч буй “С Д”” ХХК дээр очих шаардлагыг бий болгож байсан тул тухайн асуудлыг хялбарчлах зорилгоор уг хамтран ажиллах гэрээг байгуулсан болно. Тухайн гэрээний хүрээнд Г Б” ХХК нь зээлдэгч нараас сайн дураараа төлж буй даатгалын хураамжийг хүлээн авч төвлөрүүлэх, нэгдсэн байдлаар “С Д”” ХХК-д шилжүүлж, мэдээлэл солилцох үүрэг хүлээх бөгөөд ямар нэг байдлаар “С Д”” ХХК-ийг төлөөлж даатгуулагч нартай харилцах эсхүл түүний нэрийн өмнөөс даатгалын хураамж төлөхийг зээлдэгч нараас шаардах үүрэг хүлээгээгүй.

Түүнчлэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоололд “амь нас даатгалын сарын хураамж”, “эд хөрөнгийн даатгалын хураамж”-ийн мэдээлэл тусгагдсан эсэхээс үл хамааран зээлдэгч хүссэн тохиолдолд Г Б” ХХК нь дээр дурдсан хамтран ажиллах гэрээний дагуу даатгалын хураамжийг зээлдэгчээс хүлээн авч “С Д”” ХХК-д шилжүүлэх боломжтой юм.

Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хамтран ажиллах гэрээгээр Г Б” ХХК-ийг даатгалын хураамж суутгах үүрэг хүлээсэн, улмаар даатгалын хураамжийг суутгах зорилгоор өөрийн зээлийн гэрээний загварт өөрчлөлт оруулжээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Мөн тухайн хамтран ажиллах гэрээ нь нэг жилийн хугацаатай байгуулагдсан ба 2014 оны 06 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон болохыг анхан шатны шүүх огт харгалзаж үзээгүй болно. Г Б” ХХК-ийг зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн зээлийн төлбөрт хамтатган шилжүүлж байсан даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагч “С Д”” ХХК-д шилжүүлэх зээлийн гэрээний заасан үүргээ зөрчсөн гэм буруутай гэж дүгнэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар учирсан хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үзэхдээ гэрээний үүрэг мөн эсэх, хохирлын бодит байдал зэргийг хангалттай үнэлж чадаагүй байна. О.Хурцзориг болон Г Б” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсгэж байгаа зээлийн гэрээний аль ч зүйл заалтад “даатгалын хураамжийг зээлдэгчийн харилцах данснаас суутгаж аль нэг даатгагч компанид шилжүүлэх үүрэг” байхгүй юм. Анхан шатны шүүхийн дүгнэснээр банкны зүгээс зээлдэгчид буруу ойлголт төрүүлсэн гэж үзсэн ч гэсэн тухайн нөхцөл байдал нь зээлийн гэрээ болон түүнийг зохицуулж буй хууль тогтоомжийн хүрээнд “даатгалын хураамжийг зээлдэгчийн данснаас суутгаж даатгагч компанид шилжүүлэх гэрээний үүрэг’’-г банканд бий болгох хууль зүйн шалтгаант холбоо байхгүй юм. Түүнчлэн уг үүргийн зөрчлөөс үүссэн гэх хохирол нь үнэхээр бодитоор бий болсон хохирол мөн эсэхийг анхан шатны шүүхээс хангалттай дүгнээгүй болно. Зээлдэгчийн өв залгамжлагч нь даатгалын тохиолдолд бий болсон тохиолдолд бий болсноос хойш 90 хоногийн дотор холбогдох баримтуудын бүрдүүлбэрийг хангаж, даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг Г Б” ХХК эсхүл “С Д”” ХХК-д гаргах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас уг ажиллагааг заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн болохыг нотлох баримт байхгүй юм. Үүнийг ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн, даатгагч “С Д”” ХХК-ийн зүгээс тухайн нөхцөл байдалд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах өөр үндэслэл байсан эсэх талаар ямар нэг дүгнэлт огт хийлгүйгээр тухайн нөхөн төлбөрийг авах ёстой гэж дүгнэх нь хангалтгүй юм.

Анхан шатны шүүх гэрээний үүрэг байсан эсэх, тухайн үүргийн зөрчлөөс шалтгаалаад бодитоор учирсан хохирол бий эсэх, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой бий эсэхийг тал бүрээс авч үзэж дүгнэлгүйгээр, хэрэгт авагдсан баримтуудыг зөвхөн нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлаж, дээр дурдсан дүгнэлтийг хийсэн нь хариуцагч Г Б” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн шинж байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсон тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болгох үндэслэл болно гэж заажээ.

Зээлдэгч О.Хурцзориг нь Г Б” ХХК-тай 2014 оны 01 сарын 29-ний өдөр ЗГ6100003417 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн санхүүжилтээр худалдан авсан Ү-0320000313 тоот дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 17-р байрны 27 тоот 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээж буй үүрэг нь үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлөх мөнгөн төлбөрийн үүрэг бөгөөд энэ үүрэг зээлдэгчийн хувийн шинж байдалтай холбоотой үүрэг гэж үндэслэлгүй гэж үзэж байна. Мөнгөн төлбөрийн үүрэгт зээлдэгчийн хувийн шинж байдал төдийлөн нөлөөлдөггүй буюу мөнгөн төлбөрийн үүрэг нь зөвхөн тухай зээлдэгчийн хувийн ур чадвар дээр суурилж гүйцэтгэгдэх шаардлагатай үүрэг биш юм.Түүнчлэн уг мөнгөн төлбөрийн үүрэг нь орон сууцны зээлийн зориулалттай буюу амьдран суух зориулалтаар худалдаж авсан орон сууцны төлбөрийг төлөх зориулалттай юм.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэсэн. Түүнчлэн, өвлүүлэгчийн хүлээн авч буй эд хөрөнгө нь зээлийн гэрээнээс бий болсон зээл, зээлийн хүү төлөх үүрэг ногдуулсан хөрөнгө юм. Барьцааны үүрэг ногдуулсан эд хөрөнгийн хувьд өмчлөгч нь хэн байхаас үл хамаараад барьцаалагч нь холбогдох үүргийн гүйцэтгэлийг тухайн барьцааны зүйлээс гаргуулахаар шаардах эрхтэй. Зээлдэгчийн өв залгамжлагч нь барьцааны зүйлийг хүлээн авсантай холбогдуулан зээлийн гэрээний дагуу бий болсон үүргийг шилжүүлж авах, зээлийн харилцааг банктай үргэлжлүүлэх хүсэл зоригтой байсан бөгөөд түүнийгээ удаа дараа банканд илэрхийлж байсан болно.

Иймд, зээлдэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг нь зээлдэгч нас барснаар дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэгчийн сайн дураар төлсөн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн зарим хэсгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Г Б” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 20 000 000 төгрөг, 2016 оны 09 сараас 2017 оны 05 сар хүртэл 8 сар илүү төлсөн 1 960 000 төгрөг, нийт 21 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /хх 1-4/ гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “С Д”” ХХК-ийг татан оролцуулсан боловч /хх 126-130, 150-151/ дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч “С Д”” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Г Б” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт авах байсан 16 247 879 төгрөг, үндэслэлгүй төлсөн зээлийн эргэн төлөлт 1 960 000 төгрөг, нийт 18 207 879 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх 159-160/ хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 176-178/

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ч.Б-ы төрсөн хүү талийгаач О.Хурцзориг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, 17-р байр, 27 тоотод байрлах 17 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар хариуцагч Г Б” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 сарын 29-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлэх 20 000 000 төгрөгийг хүлээн авахтай холбоотойгоор зээлдүүлэгчийн заасан даатгалын байгууллагад амь насны болон орон сууцны даатгалын төлбөр төлснөөр хамрагдсан, улмаар зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч 2016 оны 08 сарын 21-ний өдөр нас барснаар дээрх орон сууц болон уг орон сууцтай холбоотой гэрээний үүргийг түүний төрсөн эх Ч.Б- 2018 оны 03 сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх 9-11, 29-40/

 

Харин зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөр болон түүнийг нас барснаас хойш хугацаанд төлөгдсөн зээлийн төлбөрийг буцаан олгох үүргийг хариуцагч Г Б” ХХК хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Г Б” ХХК нь “С Д”” ХХК-тай байгуулсан 2013 оны 06 сарын 01-ний өдрийн “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 6.2.1-д зааснаар зээлдэгчийн төлж байсан даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон гэж дүгнэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г Б” ХХК-аас 16 247 879 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, зээлдэгч буюу талийгаач О.Хурцзориг нь хариуцагч Г Б” ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үнийн дүн 20 000 000 төгрөг, ипотекийн гэрээний үнийн дүн 29 700 000 төгрөгт хариуцагч болон “С Д”” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх хамтран ажиллах гэрээний 3.3-т заасан хэмжээгээр даатгалын 1 жилийн хураамжийг хариуцагч банканд төлсөн /хх 11/, улмаар орон сууцны зээлийн гэрээний талууд гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлтийн тооцоо бүхий хуваарьт амь насны даатгалын төлбөрийг сараар, эд хөрөнгийн даатгалын төлбөрийг жилээр төлөхөөр тохиролцож багана үүсгэсэн /хх 34-35/ байгаа зэргээс дүгнэхэд хариуцагч Г Б” ХХК-ийг даатгалын зуучлагч гэж үзэхээр байна.

 

Иймд зээлдэгчийн зүгээс зээлийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг өөрийн амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг банканд төлсөн гэж үзэхгүй, Г Б” ХХК нь ямар нэг байдлаар “С Д”” ХХК-ийг төлөөлж даатгуулагч нартай харилцах эсхүл түүний нэрийн өмнөөс даатгалын хураамж төлөхийг зээлдэгч нараас шаардах үүрэг хүлээгээгүй, даатгалын гэрээний хугацааг хүчээр сунгах үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлдэгч даатгалын хураамжийг зээлдүүлэгчид төлнө гэж ойлгосноор уг төлбөрөө зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж байсан нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон гэж дүгнэн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд хариуцагч нь зээлдэгчээс зээлийн төлбөрт хамтатган шилжүүлсэн даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагч “С Д”” ХХК-д шилжүүлэх, даатгалын гэрээний хугацаа дууссан талаар зээлдэгчид мэдэгдэх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг өв залгамжлагч Ч.Б- нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, хэргийн 12-15 дахь талд авагдсан Г Б” ХХК-ийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 04/88, 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 12/12 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооноос тус банканд хаягласан 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 9/3986 дугаар албан бичиг зэргээс үзэхэд хариуцагч талын “нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор зээлдүүлэгч эсхүл даатгагчид хандах байсан” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь энэхүү үндэслэлээр гаргасан тайлбараа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Харин хариуцагчийн давж заалдах гомдлоос зээлдэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг нь зээлдэгч нас барснаар дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэгчийн сайн дураар төлсөн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн зарим хэсгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хэсгийг хангах нь зүйтэй байна. Учир нь зээлийн гэрээний үүргийг өвлөгчийн зүгээс төлж байсан үйл баримт тогтоогдсон учраас төлсөн төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлгүй буюу хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул зээлийн төлбөрт төлөгдсөн 1 690 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлдэгч нас барсан болохыг мэдсээр байж өөрөө хүлээн зөвшөөрч хариуцагчид зээлийн эргэн төлөлтийг хийж байсан буюу Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөнд тооцох тул холбогдох шаардлага үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01484 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...17,088,054...” гэснийг “...16,247,879...” гэж, “...1,119,824...” гэснийг “...1,960,000...” гэж өөрчлөн,

              Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...243,390...” гэснийг “...239,190...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР