Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/01484

 

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/01484

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймагт оршин суух Б овогт Ч.Б  /РД:ЧК49/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах ГБ  ХХК /РД:20/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах СД  ХХК /РД:21/-нд холбогдох,

 

Хохирол 18,207,879 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Ж, иргэдийн төлөөлөгч н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Б овогт О.Х  нь Баянхонгор аймагт байршилтай, 18 мкв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар Баянхонгор аймаг дахь ГБ тай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ61000-03417 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг жилийн 8,0 /найм/ хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан. Ингэхдээ О.Х  нь 2013 онд С датгал ХХК болон ГБ ны хооронд байгуулсан Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар даатгалын зуучлагч болох ГБ тай даатгалын гэрээ байгуулж амь насны даатгал 20,000,000 төгрөгийн 0,11 хувь 22,000 төгрөг, эд хөрөнгийн даатгал 29,700,000 төгрөгийн 0,11 хувь 32,670 төгрөгийн шимтгэл төлсөн тул тус банк нь Соёмбо датгал ХХК-ийн даатгалын баталгааг өгсөн.

Хариуцагч ГБ  нь орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тооцоог 120 сарын хугацаанд сарын төлбөр, хүү, үндсэн төлбөр, амь насны даатгалын сарын төлбөр, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр гэж cap бүрийн 29-ний өдөр төлж байхаар хуваарь гаргасан. Зээлдэгч О.Х  нь Зээлийн гэрээний хавсралт №1 графикийн дагуу ГБ анд сарын төлбөр 242,663 төгрөг дээр амь насны даатгалын төлбөр 1,823 төгрөгийг нэмж буюу нийт 245,000 төгрөгийг cap бүр төлж байсан. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү 131,506 төгрөг, үндсэн төлбөр 111,156 төгрөг, амь насны даатгалын сарын төлбөр 1,823 төгрөг, нийт 244,485 төгрөгийг /сар сард буурдаг тоо/ тэгшлээд 245000 төгрөг болгон, зарим үед 250,000 төгрөгийг cap болгон төлдөг байв.

Хүү минь 2016 оны 8 сарын 22 ны өдөр гэнэт нас барж даатгалын тохиолдол бий болсон тул бид ГБ анд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргасан. ГБ ны даатгалын хэлтсийн захирал Г.Отгонжаргал 2017 оны 03 сарын 22-ны өдөр 04/88 дугаартай албан бичгээр ...талийгаачийг нас барах үед даатгалын гэрээний хугацаа нь дууссан байжээ. Тодруулбал, талийгаачийн СД  ХХК-тай байгуулсан 000076705 дугаартай Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2015 оны 01 сарын 24-ний өдрөөр хугацаа нь дууссан байна. Даатгалын гэрээний хугацаа дууссан үед даатгалын тохиолдол гарсан байх тул ГБ  нь СД  ХХК-аас даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй байна. Орон сууцны зээлийн гэрээний 3.1.6-д зээлдэгч нь эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй." гэсэн хариуг өгсөн.

Энэ хариуг эс зөвшөөрч ГБ ны дотоод аудитын газарт гомдол гаргахад тус банкны Мэдээллийн технологи, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн захирал Б.Цэрэнпүрэв 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 12/12 дугаар албан бичгээр Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч зээл, зээлийн хүүний төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн гэрээний дагуу банк зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлдэгчийн данснаас суутгаж ажилласан ... даатгалын гэрээг 2015 оны 01 сарын 24 ний өдрөөс хойш сунгаагүй байна гэсэн хариу өгсөнийг мөн эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан. Учир нь Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1 дахь хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон гэж заасан үндэслэлээр даатгалын гэрээ дуусгавар болоогүй. Тодруулбал зээлдэгч буюу даатгуулагч нь зээлийн гэрээнд заасны дагуу cap бүр зээл, зээлийн хүү дээр нэмж амь насны даатгалын сарын төлбөрийг тогтмол төлж байхад даатгалын гэрээ дууссан гэж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэв даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол даатгалын зуучлагч буюу хариуцагч ГБ  нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дахь хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаварыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар даатгуулагчид бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч энэ талаар бид огт мэдэгдээгүй атал даатгалын гэрээний хугацаа дууссан гэж хариу өгсөн нь үндэслэлгүй гэж үзсэн. ГБ ны энэ үйлдэл нь Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжпийн оролцогчийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчиж, даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу тус хорооноос 2019 оны 11 сарын 15 ны өдөр 9/3986 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, даатгалын мэргэжпийн оролцогчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг тус тус үндэслэн уг даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тухай хариу ирүүлсэн.

Гэвч хариуцагч ГБ  нь тус хорооны шийдвэрийг эс биелүүлж, даатгалын нөхөн төлбөр олгоогүйгээр зогсохгүй дааатгалын тохиолдол болсноос хойш буюу 2016 оны 9 сараас 2017 оны 05 cap хүртэл 8 cap илүү төлсөн 1,960,000 төгрөгийг даатгуулагчийн өвлөгчөөс зээлийн төлбөрт хүлээн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хэрэв хариуцагч нь даатгалын нөхөн олговор олгосон бол даатгуулагч буюу түүний хууль ёсны өвлөгч нь уг олговроор орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх байсан тул дээр дурдсан төлөх ёсгүй төлбөрийг төлөхгүй байсан. Нэхэмжлэгч Ч.Б  миний хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлиин 520.1.1 дахь хэсэгт зааснаар хүү О.Х ийн хууль ёсны өвлөгч тул 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд ингэснээр миний шаардах эрх хуульд заасан журмын дагуу үүссэн.

Иймд ГБ  ХХК-аас даатгалын тохиолдол бий болсныг мэдсээр байж даатгалын тохиолдол болсноос хойш нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хүлээн авсан буюу 2016 оны 9 сараас 2017 оны 05 cap хүртэл 8 сарын турш cap бүр 245,000 төгрөг буюу нийт 1,960,000 төгрөг гаргуулж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9/3986 дугаар Даатгалын нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг биелүүлэхийг даалгаж буюу даатгалын тохиолдол бий болох үед даатгагчаас авах ёстой байсан мөнгө болох 16,247,879 төгрөг, нийт 18,207,879 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Мөн хариуцагч СД  ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тус байгууллагатай байгуулсан даатгалын гэрээний хугацаа дууссан тул шаардлага гаргах үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б  нь ГБ  ХХК-нд холбогдуулан Даатгалын нөхөн төлбөр 16,247,879 төгрөг, 2016 оны 09 сараас 2017 оны 05 дугаар cap хүртэлх 8 cap илүү төлсөн 1,960,000 төгрөг буюу нийт 18,207,879 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.

О.Х  /ЧК77022617/ нь Баянхонгор аймгийн Голомт салбараас Ипотекийн 8 хувийн орон сууцны зээл 120 сарын хугацаатай 20,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харамсалтайгаар нас барсан байна.

ГБ  ХХК нь СД  ХХК-тай 2013 оны 06 сарын 01-ний өдөр байгуулсан № ГБ-52 дугаартай Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго нь 1.1-д зааснаар банк СД  ХХК-ийн үзүүлж буй даатгалын хураамжийг төвлөрүүлж СД  ХХК-д шилжүүлэх, СД  ХХК-аас холбогдох даатгалын үйлчилгээг банкны зээлдэгч нарт үзүүлэхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. Уг хамтран ажиллах гэрээний 6.2.1-т Даатгалын хураамжийг төвлөрүүлэн хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд даатгагчид шилжүүлэх ба даатгуулагчтай холбоотой тайланг Хавсралт №1 дагуу тайлант хугацааны дараа сарын 10-ны дотор ирүүлэх үүрэгтэй гэж зааснаас үзвэл банк даатгуулагчаас холбогдох даатгалын хураамжийг шаардах, нэхэмжлэх үүрэг хүлээдэггүй ба зөвхөн сайн дураараа төлсөн даатгалын хураамжийг тодорхой хугацааны туршид төвлөрүүлж даатгагч буюу СД  ХХК-д нэгдсэн байдлаар шилжүүлэх, шилжүүлсэнтэй холбогдуулан даатгалын хураамж төлсөн даатгуулагч нарын мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч ГБ  ХХК, СД  ХХК-нд холбогдуулан үндэслэлгүй төлсөн зээлийн эргэн төлөлт 1,960,000 төгрөг, даатгалын нөхөн төлбөрийн дагуу орох байсан орлого 16,247,879 төгрөг, нийт 18,207,879 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад СД  ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Түүний хүү О.Х  нь ГБ  ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний хугацаа нь дуусгавар болохоос өмнө нас барсан бөгөөд зээл, түүний хүү, амь насны даатгалын хураамжаа бүрэн төлж байсан боловч банкны буруутай ажиллагаанаас буюу зээлдэгчийн төлсөн хураамжийг СД д шилжүүлээгүйн улмаас даатгалын гэрээ дуусгавар болж амь насны даатгалын нөхөн төлбөрийг СД  ХХК-аас шаардан авах боломжгүй болсон гэжээ. Иймд даатгагчаас шаардан авах байсан нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн ГБ  ХХК-аас 16,247,879 төгрөгийг нэхэмжилнэ гэв. Түүнчлэн тэрээр зээлдэгчийг нас барснаас хойших хугацаанд ГБ инд үндэслэлгүй төлсөн 8 сарын зээл, хүүгийн төлбөр 1,960,000 төгрөгийг буцаан гаргуулах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Зээлдэгчээс даатгалын хураамжийг төвлөрүүлэн авч, цааш төлөх үүргийг хууль болон гэрээгээр зээлдэгчийн өмнө банк хүлээгээгүй, амь насны даатгалын гэрээ байгуулах нь зээлдэгч ба даатгагчийн хоорондын асуудал. СД  ХХК-тай ГБ ны байгуулсан хамтран ажиллах гэрээ нь зөвхөн тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулна. Энэ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гуравдагч этгээд гаргах боломжгүй. Иймд банк ямар үүргээ зөрчиж зээлдэгчид хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн зээлдэгч нас барсан бол өв залгамжлагчид зээлийн үүрэг шилжихээр зээлийн гэрээнд заасан тул 8 сарын зээлийн төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж хариу мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Зохигчид дараах үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд эдгээр нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дор дурдсан баримтуудаар тус тус тогтоогдсон болно. Үүнд:

1)    Нэг талаас зээлдэгч О.Х  нөгөө талаас ГБ  ХХК нар 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ61000-03417 тоот зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаанд орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 24-35 дугаар тал, зээлийн гэрээ/ Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж, улсын бүртгэлийн Ү-0320000313 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 17-р байрны 27 тоот, 18 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 36-40 дүгээр тал, барьцааны гэрээ/

2)    Зээлдэгч О.Х  2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас баржээ. /хх-ийн 10 дугаар тал, нас барсны гэрчилгээ/

3)    Зээлдэгч О.Х  нь нэхэмжлэгч Чулуунбаатарын Баярсайханы төрсөн хүү байх ба Ч.Б  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр 19,500,000 төгрөгийн үнэтэй, эд хөрөнгийн эрхийн Ү-0320000313 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой үүргийг өвлөн авчээ. /хх-ийн 9, 10 дугаар тал, өвлөх эрхийн гэрчилгээ, Ч.Б ы иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/

4)    Зээлдэгч О.Х  нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр амь насаа 20,000,000 төгрөгөөр үнэлэн даатгаж, СД  ХХК-тай нэг жилийн хугацаатай амь насны даатгалын гэрээ байгуулжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

5)    Зээлдэгч О.Х  нас барах өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт аливаа зөрчилгүй байсан талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 16,379,253 төгрөг байжээ. /хх-ийн 34 дүгээр тал, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн тооцоо/

6)    Нэг талаас ГБ  ХХК, нөгөө талаас СД  ХХК-ийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ГБ-52 дугаартай Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулагдсан үйл баримтын тухайд зохигчид харилцан маргаагүй /хх-ийн 41-47 дугаар тал/

7)    Зээлдэгч О.Х  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нэг сард зээлийн үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрт 242,663.31 төгрөг төлөх үүрэгтэй боловч сар бүр 245,000-250,000 төгрөг төлдөг болох нь хавтаст хэргийн 53-55 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч ГБ  ХХК-нд холбогдуулан тус банкны буруутай үйл ажиллагааны улмаас тэрээр СД  ХХК-аас шаардан авах боломжтой байсан даатгалын нөхөн төлбөр 16,247,879 төгрөгийг авч чадаагүй, энэ хэмжээгээр түүнд хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа. Тэрээр ГБ  ХХК-ийн буруутай үйл ажиллагаа гэдэгт Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан даатгалын зуучлагчийн үүргээ зөрчсөн явдал, мөн СД  ХХК болон ГБ  ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 6.2.1-д заасан хураамжийг төвлөрүүлэн шилжүүлэх үүргээ зөрчсөн явдал хэмээн тайлбарлаж эдгээр зөрчлийн улмаас даатгуулагч хохирч, хураамжаа төлсөн атал даатгалын гэрээ дуусгавар болсон гэж мэтгэлцэж байна.

 

Харин ГБ  ХХК нь дээрх тайлбарыг эс зөвшөөрч, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд энэ тохиолдолд зуучлагчид хүлээлгэсэн тодорхой үүрэг байхгүй, хамтран ажиллах гэрээ нь гагцхүү СД  ХХК-тай байгуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгч энэ гэрээний тал биш тул гэрээний үүргийн зөрчлийг ГБ  ХХК-аас шаардан нэхэмжлэх эрхгүй, түүнчлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хүснэгтэд амь насны даатгалын хураамжийг тооцоолон сар бүрээр дүнг бодож гаргасан боловч төлбөр тооцооны үүргийн дагуу банк зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчийн данснаас гагцхүү зээлийн төлбөр, хүүг л зөвшөөрөлгүй суутган тооцох эрхтэй, нэгэнт даатгалын хураамжийг суутган тооцох зөвшөөрлийг гэрээгээр банк шилжүүлэн аваагүй тул тус дүнг даатгалын хураамжид суутгах боломжгүй зээлийн төлбөр, үндсэн хүүнд тооцон авч байсан гэж тайлбарлаж байгаа.

 

Шүүх дараах үндэслэлээр ГБ  ХХК нь зээлдэгчийн төлж байсан даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлэх үүргийг ГБ  ХХК ба зээлдэгч О.Х  нарын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээсэн, улмаар тус үүргээ зөрчсөн нь даатгагч, О.Х  нарын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл болсон гэж дүгнэлээ. Үүнд:

1)       Зээлдэгч ба зээлдүүлэгчийн хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Зээлдэгч стандарт нөхцөл бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх бөгөөд даатгалын хураамжийн баганыг тусгайлан үүсгэж, зээлдэгчид даатгалын хураамж төлөх үүрэг үүссэн гэх ойлголтыг зүй ёсоор төрүүлжээ. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж буй үндэслэл болох түүний зөвшөөрөлгүй зээлийн төлбөр, хүүгийн төлбөрөөс өөр суутгал хийлгүй түүний төлсөн даатгалын хураамж зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрт шилжин тооцогдож байсан талаараа зээлдэгчид хэрхэн ойлгуулж тайлбарлаж байсан нь тодорхойгүй байна.

2)       Нэгэнт зээлдэгч банкны заасан этгээдтэй даатгалын гэрээ байгуулсан, гэрээний эргэн төлөлтийн хүснэгтэд заасанчлан зээлийн эргэн төлөлтийг хийхдээ зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, даатгалын хураамжийг оруулан тооцсон дүнгээр сар бүр төлдөг байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл даатгалын хураамжийг банкинд шилжүүлнэ, банк уг хураамжийг цааш төлж улмаар амь насны даатгалын гэрээ сунгагдсаар байна гэсэн итгэл үнэмшил зээлдэгчид төрсөн байх бүрэн боломжтой байна. Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны үеэр банк нь зээлийн гэрээний төлбөрөөс зөвшөөрөлгүй суутгал хийх эрхгүй талаар тайлбарлаж зээлийн гэрээний энэ тухай заалтыг иш үндэс болгож байх ба энэ нь гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарьт заасан даатгалын хураамжийг банкинд төлөхийг зээлдэгчид үүрэгжүүлсэн гэрээний нөхцөлтэй эсрэгцэж байна. Гэвч зээлдэгч хүснэгтэд тодорхой жагсааж, энгийн ойлгомжтой үзүүлсэн заалтыг илүүтэй хүлээж авах боломжтой. Харин түүний зээлийн данснаас даатгалын хураамжийг банк суутгахгүй талаар тухайлан хэлж тайлбарлаагүй үед түүний төлөлтөөс гагцхүү зээлийн үндсэн төлбөр, хүү суутгагдаж, зээлдэгч даатгалын хураамжаа төлсөөр атал төлсөнд тооцогдохгүй гэдгийг шууд ойлгох ёстой байсан мэтээр дүгнэх нь илтэд эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасныг анхаарвал зохино.

3)       Нэг талаас ГБ  нөгөө талаас СД  ХХК нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ГБ-52 дугаартай Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ нь ГБ , СД  ХХК нарын хооронд эрх, үүрэг үүсгэсэн хоёр талын гэрээ гэх үндэслэлийг шүүх хүлээн зөвшөөрч байна. Гэвч нөгөө талаас тус гэрээ нь О.Х  болон ГБ  ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулах үед зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд бий болсон зээлийн эрсдлийг хэрхэн даатгахтай холбоотой харилцаанд зээлдүүлэгчийн ухамсрын байдлыг ойлгох, зээлийн гэрээнд буй дээр дурдсан эсрэг утга бүхий заалтуудыг тайлбарлахад ач холбогдол бүхий үйл баримт мөн байна.

Зээлийн гэрээ байгуулах тухай үеийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл зээлдүүлэгч эргэн төлөлтийн хуваарь үүсгэж даатгалын хураамжийг өөртөө төвлөрүүлэх, улмаар тус хуримтлалыг тодорхой хугацаанд даатгагчид шилжүүлж байх хувийн зохион байгуулалттай ажиллаж, ийм ухамсрын байдлаар зээлийн гэрээний стандрат нөхцлийг боловсруулж байсан гэж дүгнэхээр байна. Энэ нь Банк даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан, тус гэрээний 3.5-д энэ гэрээний 2.1.3 [амь насны даатгал]-т заасан даатгалын зүйлийн даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож Даатгагчид шилжүүлнэ. Зээлийн үлдэгдлийг зээлдэгчийн банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно. Даатгалын хураамж нь зээлдэгчийн тооноос хамааралгүйгээр тогтмол байх буюу хэдэн зээлдэгч байхаас үл хамааран Даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд гэрээний 3.3-т заасан дүнгээр нэг удаа төлснөөр бүх зээлдэгчийн амь нас даатгагдсанд тооцогдоно. гэж заасан, гэрээний 3.3-т амь насны даатгалын хураамжийг 0.11 хувиар тохирсон, зээлдэгч банкны заасан этгээдтэй амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан, улмаар тухайн этгээдэд 0.11 хувийн даатгалын хураамж төлсөн зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч ГБ  ХХК нь зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн зээлийн төлбөрт хамтатган шилжүүлж байсан даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагч СД  ХХК-нд шилжүүлэх зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзлээ.

 

3. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлдүүлэгчид тавих шаардлагыг зээлдэгч О.Х  бус түүний өв залгамжлагч Ч.Б  гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Б  нь зээлдэгч О.Х ийн төрсөн эх байх ба хүү О.Х  2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон уг эд хөрөнгөтэй холбоотой зээлийн үүргийг хууль ёсны өв залгамжлагчийн хувиар Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу шилжүүлэн авчээ. Нэгэнт зээлийн үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр шилжүүлэн авсан бол тус үүргийн талаар үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох байсан үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг өвлөгч гаргах хууль зүйн боломжтой. Түүнчлэн зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн амь насны даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлж байх зээлдүүлэгчийн үүрэг нь гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл байх ба Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасны дагуу хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

 

Энэ үндэслэлээр талийгаач О.Х ийн хууль ёсны өв залгамжлагч Ч.Б  нь хариуцагч ГБ  ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээгээр тохирсон зээлдэгчээс төлсөн зээлийн амь насны даатгалын хураамжийг төвлөрүүлэн даатгагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас амь насны даатгалын гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдэж улмаар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр хохирол учирсныг шаардан нэхэмжлэх хууль зүйн үндэстэй гэж дүгнэлээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Б  дээрх үндэслэлээр 16,247,879 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрөөс орох байсан орлого буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж тодорхойлж байна. Тэрээр уг дүнг тодорхойлохдоо зээлдэгч О.Х  нас барах өдрийн байдлаар буюу 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлээр тодорхойлон тогтоожээ. Зохигчдын үл маргаж, хүлээн зөвшөөрсөн үйл баримтын дагуу О.Х  даатгагч СД  ХХК-тай амь насны даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг 20,000,000 төгрөгөөр буюу авсан зээлийн дүнгээр тохиролцжээ. Тус дүнд нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын дүн багтаж байгаагийн зэрэгцээ зээлдэгч нас барах өдрийн байдлаар даатгалын гэрээ хүчин төгөлдөр байсан бол зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгагчаас төлж дуусган зээлийг хаах дүн 16,379,253 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 203 дугаар зүйлийн 203.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг тус тус удирдлага болгон хариуцагч ГБ  ХХК-аас 16,247,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Ч.Б  хариуцагч ГБ  ХХК-нд холбогдуулан зээлдэгчийг нас барснаас хойш үндэслэлгүй төлсөн 8 сарын зээлийн эргэн төлөлт 1,960,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч тус шаардлагаа дэмжин, талийгаач О.Х  болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг өвлөгч төлөх үндэслэлгүй байсан, зээлийн төлбөрт барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгдэхээс болгоомжилж төлбөрийг төлж байсан нь буруу байсныг хожим ойлгосон гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгээр эс зөвшөөрч, зээлдэгч О.Х той байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нас барвал түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүхэлдээ түүний өв залгамжлагчид шилжихээр тохиролцсон тул төлбөрийг бид хүлээн авсан нь хуульд нийцнэ гэж тайлбарлаж байна.

 

Шүүх 1,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээр дурдсанчлан өв залгамжлагчид хууль ёсоор шилжиж ирсэн хөрөнгийн хэмжээгээр зээлдэгчийн хүлээсэн үүргийг өв залгамжлагч хариуцах хэдий ч энэ нь зээлийн гэрээний улмаас ирээдүйд үүсэх бүхий л үүргийг өв залгамжлагч хариуцан арилгах хууль зүйн үр дагаврыг үүсгэх учиргүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч амьд байх тухайн хугацаанд нэгэнт үүсчихсэн байсан, түүний хувийн байдалтай салшгүй холбоотой бус, өв залгамжлагчид өвлөгдсөн хөрөнгөтэй уялдуулан шилжих боломжтой тухайн дүнгээр энэ үүргийн хэмжээ тодорхойлогдох учиртай. Энэ ч агуулгаар зээлдэгчийн хүлээж авсан зээлийн дүнд 2016 оны 08 дугаар сарын 21 (зээлдэгч нас барсан өдөр) өдрөөс хойших хугацаанд бодогдох хүүгийн үүргийг өв залгамжлагч хариуцахгүй. Зээлийн хүүгийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу зээлдэгч нас барснаар дуусгавар болно. Харин тухайн өдрийн байдлаар тооцогдсон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл буюу 16,247,879 төгрөгийг банкинд төлөх үүрэг нь өвлөж авсан хөрөнгө, шаардах эрхийн хэмжээгээр нэхэмжлэгч Ч.Б д шилжиж ирсэн болно.

 

Нэхэмжлэгч зээлдэгч О.Х ийг нас барснаас хойш нийт 8 сарын (2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр) зээлийн төлбөрт 1,960,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 150-155 дугаар талд авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ дүнгээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид шилжиж ирээгүй үүрэг болох хүүгийн төлбөр 840,175 төгрөгийг хасаж тооцвол үндсэн төлбөрт 1,119,824.87 төгрөгийг хүлээж авах эрх ГБ  ХХК-нд хэвээр байна. Тодруулбал, үүрэг дуусгавар болсноос хойш хариуцагч ГБ  ХХК-нд үндэслэлгүй шилжүүлсэн 840,175 төгрөгийг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б д хадгалагдаж байна.

 

Зээлийн гэрээний 3.3.8-д зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон тохиолдолд энэхүү гэрээний эрх, үүрэг түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжихээр заасан нь зарчмын хувьд хоёр талын гэрээнд гуравдагч этгээдэд үүрэг ногдуулж зааснаараа хууль зөрчсөн байх ба өв залгамжлагчаас өвлүүлэгчийн үүргийг хүлээх хүрээ хязгаар ямар ч тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаас хэтрэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 1,119,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 840,175 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан хариуцагч ГБ  ХХК-аас 17,088,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,119,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Ч.Б  нь анх шүүхэд бичгээр гаргасан шаардлагаа хариуцагч ГБ  ХХК-нд холбогдуулан гаргасан бөгөөд тус шаардлагаар 20,000,000 төгрөгийг хуулийн этгээдээс хуульд заасан үүргээ зөрчиж учруулсан гэм хорыг арилгуулах үндэслэлээр, 1,960,000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн зээлийн төлбөрийг буцаан гаргуулах үндэслэлээр гаргаж байгаагаа тайлбарласан болно. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад СД  ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, даатгалын гэрээний үүргийн дагуу хамтран хариуцах учиртай хэмээн шаардаж байсан боловч тус шаардлагаа дэмжилгүй тус компанид холбогдох шаардлагаасаа татгалзсан болохоо шүүх хуралдааны явцад тайлбарласан.

 

СД  ХХК нь тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ГБ  ХХК-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан боловч нэхэмжлэгч түүнийг хариуцагчаар оролцуулах болсонтой холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гуравдагч этгээдийн эрх, үүрэг нь дуусгавар болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд СД  ХХК-ийг цаашид хариуцагчаар оролцуулах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухайгаа нэхэмжлэгч илэрхийлснээс хойш СД  ХХК тус ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй гэж, мөн хүсэлт гаргасан ГБ  ХХК-аас ийнхүү оролцуулах шаардлагагүй гэж үзсэнээ тайлбарласан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч СД  ХХК-нд холбогдуулан гаргасан 18,207,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нийтэд нээлттэй мэдээллийн сангаас авсан лавлагааны дагуу СД  ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь Эрдэнийн Тэмүүжин байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлөн оролцсон О.Болдбаатар, Ч.Нямсамбуу нарт итгэмжлэлийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболдоос олгосон болно. Учир нь тус компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож даатгалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон учир өдөр тутам үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа, компанийн захирал Э.Тэмүүжин гадаадад зорчиж, цар тахал өвчний хөл хорионы улмаас Монгол Улсад ирж чадахгүй байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн дарга өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа талаар гуравдагч этгээдийн ажилтан О.Болдбаатар тайлбарлаж, хэргийн бусад оролцогчид энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ГБ  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243,390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч ГБ  ХХК-аас 17,088,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,119,824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч СД  ХХК-аас 18,207,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хариуцагч СД  ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ГБ  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 243,390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

Н.НАРАНГЭРЭЛ