Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01874

 

 

 

 

 

 

 

 

 

“У З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01378 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У З” ХХК-ийн Б Х З Х Т Б А А-нд холбогдуулан гаргасан 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаа, Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Баян-Өндөр сан” ХЗХ-ны төлбөрт “Баян-Өндөр инвест” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сум, Галт нэртэй газарт байрлах 28,66 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулснаас олсон орлогыг хохирогч нарын төлбөрт тооцон төлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 49.9 кг химийн цэвэр алтны нөөцтэй, MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийн үнэлгээг “Тресаммит” ХХК-аар гаргуулж, 13 031 066.95 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааны ажиллагааг 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар зарласан бөгөөд манай компани дээрх дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, дэнчинд 38 604 000 төгрөг төлсөн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014 оны 09 сарын 25-ны өдөр ашигт малтмал ашиглах MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийн анхны үнийг 383 031 066.95 төгрөгөөр тооцож албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Дуудлага худалдааны оролцогч “Дэвшилтворлд трейд” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг 1 711 000 000 төгрөгөөр худалдан авах хамгийн өндөр үнэ санал болгосноор ялагч болсон. Ордын нөөцийн тухайд “Аадгай трейд” ХХК нь 2002 онд дээрх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт буй алтны нөөцийг 49,9 кг химийн цэвэр алтны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байдаг. Гэтэл энэхүү нөөцийн талаар дуудлага худалдааны нэг оролцогч “Дэвшилтворлд трейд” ХХК нь ноцтойгоор төөрөгдсөн нөхцөл байдлын улмаас дуудлага худалдаанд оролцсон. Улмаар уг нөөцийн зах зээлийн үнэлгээний талаас илүү гарах үнээр худалдан авах тухай байж боломгүй өндөр үнийн саналыг гаргахад хүрч байсан нөхцөл байдлын талаар дуудлага худалдааны нөгөө оролцогч болох “У З” ХХК 2018 оны 04 сард бусдаас олж мэдсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Азгэрэл нь өөрийн компанийн хөрөнгө оруулагчдад MV-017274 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн алтны нөөцийн талаар үндэслэлгүй худал мэдээллийг өгч, тэдний итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд нөөц тогтоосон эрх бүхий этгээдийн үйлдсэн нөөцийн тайлан холбогдох баримт бичгүүдийг засварлаж, өөрчлөн танилцуулснаар тус компани дуудлага худалдаанд оролцох шийдвэрийг гаргахад хүрчээ. Ингэхдээ “Аадгай трейд” ХХК-ийн тайланд нөөцийг 49,9 кг гэж дурдсаныг 749,9 кг болгон өөрчилжээ. Үүний улмаас “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн хөрөнгө оруулагчид төөрөгдөж, дуудлага худалдаанд орж, улмаар үлэмж өндөр үнийг санал болгосноор ялагч болсон. Ялагч болсноор ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч уг талбай дахь нөөц бүртгэгдээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой нөөцийн асуудлууд хөндөгдөх болж, нөөц тогтоогдсон баримт бичгүүдтэй “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Вэй Сиень Жөү, Ли Дай Дун нар нь танилцсанаар нөөц эргэлзээтэй болохыг олж мэдсэн байна. Энэ хууран мэхэлсэн Г.Азгэрэлийн үйлдэлд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 2017 оны 05 сарын 16-ны өдөр 213 дугаар тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолд “Аадгай трейд” ХХК-ийн 2002 онд явуулсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгагдсан 49.9 кг гэдгийг урд талд 7 гэсэн тоог нэмж ордын нөөцийг 749.9 кг химийн цэвэр алт гэж өөрчилсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон талаар дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулж буй дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж буй хэрэг юм. Иргэний хуулиар тогтоосон хэлцлийн нийтлэг журам, зохицуулалт уг дуудлага худалдаа, түүний үр дүнд байгуулагдсан албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээнд хамааралтай үйлчлэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа нь гэрээ хэлцлийн гол нөхцөл, үнийг тогтоох ажиллагаа буюу гэрээний салшгүй нэг хэсэг юм. Дээр дурдсан нөөцийн мэдээллийг өөрчилсөн нөхцөл байдалд үндэслэн дуудлага худалдааны ялагч “Дэвшилтворлд трейд” ХХК болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б Х З Х Т Б А А-ны хооронд байгуулсан дээр дурдсан гэрээг хууль зүйн талаас нь үнэлбэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн хувьд болон 58 дугаар зүйлд заасан ноцтойгоор төөрөгдөж хийсэн хэлцэл юм. Хэрвээ Г.Азгэрэл нөөцийн талаарх худал мэдээллийг хөрөнгө оруулагчдаа өгөөгүй байсан бол “Дэвшилтворлд трейд” ХХК нь уг дуудлага худалдаанд оролцохгүй байх байсан. Улмаар үндэслэлгүй өндөр үнийг хэлж, бодитой мэдээллийн үндсэн дуудлага худалдаанд оролцож үнийн санал гаргасан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх бүрэн боломжтой байсан юм. Хэрэв албадан дуудлага худалдаанд оролцож ялагч болсон этгээд ордын нөөцийн талаар төөрөгдөөгүй тохиолдолд өндөр үнийн санал гаргаж ялагч болохгүй байж болох байсан бөгөөд харин нэхэмжлэгч албадан дуудлага худалдааны ялагч болох боломжтой байсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн. Уг албадан дуудлага худалдааны оролцогч эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа сонирхогч этгээд тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б Х З Х Т Б А А- болон “Дэвшилтворлд трейд” ХХК-ийн хооронд байгуулсан албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “...сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн зүйлийн 57.3 дахь хэсэгт “...гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болно” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “...үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна” гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Б Х З Х Т Б А А- Иргэний хуулийн Үнэ хаялцуулах ажиллагаа гэсэн 197 дугаар зүйлд заасан хэлцлийн нийтлэг журам, зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс “Дэвшилтворлд трейд” ХХК нь ялагч болж нэхэмжлэгч “У З” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Тус алба нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 05 сарын 25-ны өдрийн 155 дугaap шийтгэх тогтоолоор Баян өндөр сан хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч С.Самбалхүндэв, Р.Баярмаа нараас 16 515 115 355 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий 1416 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9.1.13-д “...мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн, худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцохоор шийдвэрлэсэн Төв аймгийн Заамар сумын Галт нэртэй газарт байрлах MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг тус албанаас 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Дээрх албадан дуудлага худалдааны алтны нөөцийн хэмжээг өөрчилж, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн 170200246 тоот хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж дуусаагүй байна. “У З” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд дээрх ажиллагаагаар эрх ашиг нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд “...албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Тиймээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн “У З” ХХК-д шаардах эрх байхгүй. Нэхэмжлэгч тал сонирхогч этгээд учир дуудлага худалдааны гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гомдол гаргах эрхтэй гэж ярьж байна. Энэ дуудлага худалдаанд 6 компани оролцсон байдаг. Энэ протоколд дурдсан үнийн санал хэлсэн дарааллыг харахаар “Дэвшилтэдворлд трейд” ХХК 1 711 000 000 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдааны ялагч болсон. Харин “У З” ХХК-ийн хувьд 1 688 000 000 төгрөгийн үнийн санал хэлж 4-т жагссан. “У З” ХХК дуудлага худалдаанд орохынхоо өмнө тухайн хөрөнгийн талаар зохих мэдээллийг авсан байдаг. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эхний дуудлага худалдаанд оролцохдоо уг талбайд тогтоогдсон 49.9 кг, дуудлага худалдааны доод үнийн тооцоо судалгааг хийж, нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолно гэж заасан. Тэгэхээр 49.9 кг алтны нөөцтэй байсан байна. Зах зээлийн үнэлгээгээр 3 500 000 000 төгрөгийн үнийн дүнтэй алт байсан байна. Нэхэмжлэлдээ ингэж дурдчихаад одоо болохоор дуудлага худалдааны зохих мэдээллийг аваагүй гээд байна. Тухайн дуудлага худалдаанд оролцож буй сонирхогчдын мэдээлэл болон дуудлага худалдаанд орж байгаа хөрөнгийн байршил тодорхой мэдээллүүдийг дуудлага худалдааны зар дээр тусгаад тухайн шийдвэр гүйцэтгэгчийн нэр, утас тавигддаг. Мөн дуудлага худалдаанд орохын өмнө шинжээчийн тайланг дуудлага худалдааны оролцогчдод танилцуулдаг. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэлтэй байна. Иймд “У З” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13, 197.24 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдах албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “У З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 70 200 төгрөгийг гаргуулан “У З” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэх, нотлох баримтыг буруу үнэлэх, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулах, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт дурдагдаагүй, талуудаас маргаан үүсгээгүй үйл баримтыг үндэслэл болгох зэргээр хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 сарын 25-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн дагуу Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас төлбөр төлөгч “Баян-Өндөр сан” ХЗХ-ны хөрөнгө болох ашигт малтмалын MV-017274 дугаартай лицензийг 2014 оны 09 сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар “Дэвшилтворлд трейд” ХХК худалдан борлуулсан бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид илт давуу байдал олгон хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн.Тухайн албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах үеийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эд хөрөнгө худалдан борлуулах арга хэлбэрийг тодорхойлохдоо хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулахаар, мөн хуулийн 39.4 дэх хэсэгт үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулахаар зохицуулсан. Тус алба дээрх тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, эрдэс баялгийн нөөцийн газар ашиглах эрх гэж үзэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43-52 дугаар зүйлд заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Гэтэл анхан шатны шүүх тус албанаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 03/08 тоот тогтоолыг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны тогтоол гаргасан мэтээр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулсан гэх хийсвэр дүгнэлт хийн, улмаар хуульд 14 хоногийн өмнө зарлахаар заасан албадан дуудлага худалдааг 30-аас доошгүй хоногийн зарлах байсан гэж дүгнэн нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашигт малтмал, эрдэс баялгийн нөөц бүхий газар ашиглах эрх гэж үзэн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагааг хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдааны эрх зүйн зохицуулалт буюу Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутган хуулийн дагуу явагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт баримт болон хэргийн материалд авагдсан зарим нотлох баримтыг судлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “У З” ХХК-ийн эрх зөрчигдсөн эсэх, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг  тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөөц нь 3.5 тэрбум төгрөг хүрэх 49.9 кг гэдгийг дуудлага худалдаанд оролцох үедээ мэдэж байсан, уг мэдээллийн үндсэн дээр 1 688 000 000 төгрөг хүртэл үнийн санал хэлж оролцсон болохыг тодорхой дурдсан байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тус албанаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дуудлага худалдааны тэмдэглэлээс дуудлага худалдаанд 6 оролцогч оролцсон бөгөөд “У З” ХХК нь 2 дахь өндөр үнийн санал гаргасан оролцогч биш 4 дэх өндөр үнийн санал хэлсэн оролцогч болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд уг баримтыг шүүх хуралдааны явцад судлуулсан боловч боловч энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, уг баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагад нийцээгүй. Албадан дуудлага худалдаанд 6 оролцогч оролцож, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж, “Дэвшилтворлд трейд” ХХК хамгийн өндөр үнэ хэлж ялагчаар тодорсон бөгөөд дуудлага худалдааны ялагч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөөцийн талаарх худал мэдээллийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гадуур олж авсныг тухай үед хэн ч мэдэх боломжгүй юм. Тус алба нь дуудлага худалдааны ялагч “Дэвшилтворлд трейд” ХХК худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “У З” ХХК эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул “У З” ХХК дээрх гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй бөгөөд “У З” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж гомдол гаргах эрх бүхий гуравдагч этгээд биш юм. Өөрөөр хэлбэл 2 этгээдийн хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар талууд маргаагүй байхад нэхэмжлэлд дурдсанаас өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “У З” ХХК нь хариуцагч Б Х З Х Т Б А А-нд холбогдуулан 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дуудлага худалдааны оролцогч “Дэвшилтворлд трейд” ХХК алтны нөөцийг 749.9 кг хэмээн төөрөгдсөний улмаас өндөр үнийн санал өгч ялсан, хэрэв алтны нөөцийг 49.9 кг гэж мэдсэн бол тийм өндөр үнийн санал хэлэхгүй, харин “У З” ХХК дуудлага худалдааны ялагч болох байсан гэж тайлбарладаг бол хариуцагч татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “У З” ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж тайлбарлан маргадаг.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 05 сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор “Баян өндөр сан” ХЗХ-ны захирал С.Самбалхүндэв, менежер Р.Баярмаа нараас 16 515 115 355 төгрөгийг гаргуулан нэр бүхий 1 416 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу Б Х З Х Т Б А А-наас төлбөрт хураан авсан “Баян өндөр инвест” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумд байршилтай ашигт малтмалын МV-017274 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах дуудлага худалдааг 2014 оны 12 сарын 25-ны өдөр зохион байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Дээрх дуудлага худалдаанд 1 711 000 000 төгрөгийн үнийн санал гаргаснаар “Дэвшилтворлд трейд” ХХК ялж, улмаар 2014 оны 12 сарын 08-ны өдөр Б Х З Х Т Б А А-тай “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдан авагч нь үнийг төлөх, худалдагч нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1хх 48-49/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргасныг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох журам тогтоосон.

 

Нэхэмжлэгч “У З” ХХК нь төлбөр авагч, төлбөр төлөгч биш байх тул Б Х З Х Т Б А А-наас явуулсан дуудлага худалдааны ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй этгээд байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн “У З” ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан гуравдагч этгээд гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан 2014 оны 09 сарын 25-ны өдрийн “Албадан дуудлага худалдааны тэмдэглэл”-ээс үзэхэд дуудлага худалдаанд нийт 6 этгээд оролцсон байх ба 3 дугаартай “У З” ХХК нь хоёр дахь өндөр үнийн санал өгсөн этгээд биш байна.  /хх1 45-р тал арын нүүр – 47/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б Х З Х Т Б А А-нд холбогдуулан гаргасан, 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай “У З” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б Х З Х Т Б А А-нд холбогдуулан гаргасан, 2014 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай “У З” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Б Х З Х Т Б А А-ны давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР