Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01898

 

 

 

 

 

 

 

 

 

Я.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01418 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.С-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан данс битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож, уг данснаас татан авсан 4 668 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Мандах нь надад итгэл төрүүлэн 60 000 000 төгрөгийн баталгаа болгож байна гэж ойлгуулж, өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлж өгсөн. Уг компанийн санхүүгийн орлого, зарлагыг хянаж бай гэж тайлбарласан бөгөөд миний бие тухайн үед 60 000 000 төгрөг эргүүлэн авахыг тулд зөвшөөрсөн. Би ямар ч хариуцлага хүлээнэ гэж ойлгоогүй, авлагатай учраас дансыг нь хянах зорилгоор орсон. Гэтэл А.Мандахын “Дрийм Тауэр констракшн” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй ба урьд нь үйл ажиллагаа явуулж байхдаа тендерийн сонгон шалгаруулалтаар Хөдөө аж ахуйн яамны дээврийн барилгын ажлыг авсан атлаа хийж гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэр гарч “Дрийм Тауэр констракшн” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг миний бие мэдээгүй байсан. 2019 оны 9 сард охиныхоо сургалтын төлбөрийг төлөх зорилгоор бусдаас 4 674 000 төгрөгийг зээлж, өөрийн Хаан банкны 5005293959 тоот дансанд байршуулан уг мөнгийг авах гээд очиход Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас таны данснаас таталт хийсэн байна гэж хэлсэн. Ингээд НШШГГ-т очиж Сүхбаатар дүүргийн тасгийн дарга н.Идэрчулуун, шийдвэр гүйцэтгэгч н.Даваасүрэн нартай уулзахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн өр төлбөрт суутгасан гэсэн. Ямар нэг өр төлбөрийн талаар хэн ч надад хэлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай бүр юү ч сонсоогүй байсан, одоо л мэдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд компанийн үүсгэн байгуулагч нь Я.С- биш гэдэг нь тогтоогддог. 2017 оны 07 сарын 26-ны өдрийн гэрээгээр А.Мандах гэдэг хүнээс “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн 50 хувийн хувьцааны эрхийг шилжүүлж авсан үйл баримт байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байсан ч компанийн үүргийг шууд хариуцах эрх бүхий субъект биш. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахдаа эд хөрөнгийн хариуцлага хүлээхэд Я.С- гэдэг хүний үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг огт тодруулаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Я.С-ын дансыг битүүмжилсэн, мөн 4 664 000 төгрөг гаргуулж авсан үйлдлүүд нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн яаж зохицуулсан, Я.С- эд хөрөнгийн хариуцлагыг хэдэн хувиар оногдуулах вэ гэдэг үйл баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоогоогүй атлаа Я.С-ыг хувьцаа эзэмшигч гэдгээр нь шууд хувь хөрөнгөд хариуцлага ногдуулж байгаа нь хууль бус юм. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн байгаа. Хуулийн эрх хэзээ шилжиж ирсэн, данснаас төлбөр авсан үйл баримт нь тогтоогдож шийдвэр гүйцэтгэгч энэ үйл баримтад маргаагүй. Мөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид 2016 оны 04 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байсан. 2016 оны үйл ажиллагаанд Я.С- огт холбогдолгүй. 2016 оны хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь өөр. Түүнээс биш 2016 онд хийсэн үйл ажиллагаатай холбогдуулаад 2017 онд шинээр хувьцаа эзэмшигч орж ирэхэд нь хариуцлага ногдуулна гэж байгаа нь шударга биш байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч “Дрийм Тауэр констракшн” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өр төлбөрөөс төлж барагдуулалгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мөн төлбөр төлөгч “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй талаар хариу ирүүлсэн. Мөн тус төлбөр төлөгч компанийн харилцах болон хадгаламжийн данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч компанийн нэр дээр эд хөрөнгө байхгүй учраас улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.С-, 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Мандах нарын хувьцааны хэмжээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ гэж Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу уг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.С-ын эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр төлбөр гаргуулахаар арилжааны банкуудад дансны хасалт хийх мэдэгдэл хүргүүлэхэд харилцах дансанд нь 4 674 000 төгрөгийг Хаан банкнаас дансны хасалтаар татаж төлбөрт гаргуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй. Тухайн хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж байгаа бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээр хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Бид төлбөр төлөгч “Дрийм Тауэр констракшн” ХХК-ийн ямар ч эд хөрөнгө байхгүй учраас компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Я.С-ын 50 хувийн хувьцааны хэмжээгээр хасалт хийсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 8 сарын 30-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 18280262/153 дугаар тогтоолоор иргэн Я.С-ын Хаан банк дахь 5005293959 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжилснийг хүчингүй болгож, уг данснаас татан авсан 4 668 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж нэхэмжлэгч Я.С-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид тооцон 159 838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч “Дрийм Тауэр констракшн” ХХК-иас 17 121 475 төгрөгийг гаргуулж, “Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газраас явуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “Дрийм Тауэр констракшн” ХХК нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлт хийгдсэн гэх үндэслэлгүй гэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Төлбөр төлөгч “Дрийм Тауэр констракшн” ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу хуулийн этгээд болох нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаагаар тогтоогдоно. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлд Я.С- нь  2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байхад шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.1.3, 33.1.4, 44 дүгээр зүйлд заасан бусад эрхийг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй гэдэг нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүхээс гүйцэтгэгчийг хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь нотлох баримтаас хальсан дүгнэлтийг гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94.4 дэх хэсэгт тус тус заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй гэдэг нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Төлбөр төлөгч компанийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, дүүргүүдийн газрын албаны лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, арилжааны банкуудаас дансандаа үлдэгдэлтэй эсэх талаарх лавлагаа зэргээр тухайн компанийн нэр дээр ямар ч эд хөрөнгөгүй болох нь тогтоогддог, мөн компани шийдвэрт заасан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсоны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт зааснаар явуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Я.С- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02632 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын нэхэмжилсэн 17 000 000 төгрөгийг хариуцагч “Дрийм Тауэр констракшн” ХХК-аас төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 18-19/

 

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2018 оны 08 сарын 30-ны өдөр “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх, хасалт хийх тухай” 18280262/153 тоот тогтоол үйлдэж, “Дрийм тауэр констракшн” ХХК болон 50 хувийн үүсгэн байгуулагч А.Мандах, 50 хувийн үүсгэн байгуулагч Я.С- нарын банкуудад эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 17 000 000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, уг битүүмжлэгдсэн данснаас 17 000 000 төгрөгийг НШШГГ-т шилжүүлэхийг мэдэгдсэн, үүнийн дагуу “Хаан банк” ХХК нь Я.С-ын эзэмшдэг 5005293959 тоот данснаас 4 668 000 төгрөгийг шилжүүлж, зарлагын гүйлгээг хязгаарласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Мөн шүүх дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болжээ. /хх 30, 30-арын нүүр/

 

Учир нь нэхэмжлэгч Я.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасанд хамаарч байх тул хуулийн уг зохицуулалтыг баримтлах нь зүйтэй юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх зохицуулалт нь төлбөр төлөгчид хамааралтай байхад төлбөр төлөгч бус хувьцаа эзэмшигч Я.С-ын дансыг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй байхаас гадна шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаанд Я.С- ямар эрх, үүрэгтэй оролцох талаар тайлбарлан танилцуулаагүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг түүнд олгоогүй байна.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Я.С- нь “Дрийм тауэр констракшн” ХХК-ийн 500 000 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцаа эзэмшигчээр 2017 оны 05 сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогддог. /хх 28, 47/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Я.С- нь 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны эзэмшдэг байхад түүнийг 17 000 000 төгрөгийн 50 хувийг хариуцах ёстой хэмээн үзэж данснаас нь 4 668 000 төгрөгийг суутган авсан нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч... гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглэх талаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...8 дугаар зүйлийн 8.1.1, 93 дугаар зүйлийн 93.4-т...” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ                                                                   

                                          ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР