Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00929

 

  

Я.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Алтанчимэг, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01418 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1898 дугаар магадлалтай,

 

Я.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Хаан банкны харилцах данснаас татан авч төлбөрт суутгасан 4,668,000 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 9 сард охиныхоо сургалтын төлбөрийг төлөх зорилгоор бусдаас 4,674,000 төгрөгийг зээлж, өөрийн Хаан банкны 5005293959 тоот дансанд байршуулан уг мөнгийг авах гээд очиход Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас таны данснаас таталт хийсэн байна гэж хэлсэн. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж Сүхбаатар дүүргийн тасгийн дарга н.Идэрчулуун, шийдвэр гүйцэтгэгч н.Даваасүрэн нартай уулзахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу Дрийм Тауэр констракшн ХХК-ийн өр төлбөрт суутгасан гэсэн. Ямар нэг өр төлбөрийн талаар хэн ч надад хэлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай бүр юү ч сонсоогүй байсан, одоо л мэдэж байна.

2017.07.26-ны өдрийн гэрээгээр А.Мандах гэдэг хүнээс Дрийм Тауэр констракшн ХХК-ийн 50 хувийн хувьцааны эрхийг шилжүүлж авсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байсан ч компанийн үүргийг шууд хариуцах эрх бүхий субъект биш. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахдаа эд хөрөнгийн хариуцлага хүлээхэд Я.Сүхбаатар гэдэг хүний үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг огт тодруулаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Я.Сүхбаатарын дансыг битүүмжилсэн, мөн 4,664,000 төгрөг гаргуулж авсан үйлдлүүд нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн яаж зохицуулсан, Я.Сүхбаатарт эд хөрөнгийн хариуцлагыг хэдэн хувиар оногдуулах вэ гэдэг үйл баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоогоогүй атлаа Я.Сүхбаатарыг хувьцаа эзэмшигч гэдгээр нь шууд хувь хөрөнгөд хариуцлага ногдуулж байгаа нь хууль бус юм. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн байгаа, данснаас төлбөр авсан үйл баримт нь тогтоогдож шийдвэр гүйцэтгэгч энэ үйл баримтад маргаагүй. Мөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид 2016.04.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байсан. 2016 оны үйл ажиллагаанд Я.Сүхбаатар огт холбогдолгүй. 2016 оны хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь өөр. Түүнээс биш 2016 онд хийсэн үйл ажиллагаатай холбогдуулаад 2017 онд шинээр хувьцаа эзэмшигч орж ирэхэд нь хариуцлага ногдуулна гэж байгаа нь шударга биш байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.02.12-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч Дрийм Тауэр констракшн ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өр төлбөрөөс төлж барагдуулалгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мөн төлбөр төлөгч Дрийм Тауэр констракшн ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй талаар хариу ирүүлсэн. Мөн тус төлбөр төлөгч компанийн харилцах болон хадгаламжийн данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч компанийн нэр дээр эд хөрөнгө байхгүй учраас улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.Сүхбаатар, 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Мандах нарын хувьцааны хэмжээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ гэж Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу уг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.Сүхбаатарын эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр төлбөр гаргуулахаар арилжааны банкуудад дансны хасалт хийх мэдэгдэл хүргүүлэхэд харилцах дансанд нь 4,674,000 төгрөгийг Хаан банкнаас дансны хасалтаар татаж төлбөрт гаргуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй. Тухайн хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж байгаа бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээр хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Бид төлбөр төлөгч Дрийм Тауэр констракшн ХХК-д ямар ч эд хөрөнгө байхгүй учраас компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Я.Сүхбаатарын 50 хувийн хувьцааны хэмжээгээр хасалт хийсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01418 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 8 сарын 30-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 18280262/153 дугаар тогтоолоор иргэн Я.Сүхбаатарын Хаан банк дахь 5005293959 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжилснийг хүчингүй болгож, уг данснаас татан авсан 4,668,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж нэхэмжлэгч Я.Сүхбаатарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид тооцон 159,838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1898 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...8 дугаар зүйлийн 8.1.1, 93 дугаар зүйлийн 93.4-т... гэснийг ...122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төлбөр төлөгч Дрийм тауэр констракшн ХХК-иас 17,121,475 төгрөгийг гаргуулж Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч компанийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд ШШГТХуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомж буюу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу нэхэмжлэгч Я.Сүхбаатарын Дрийм тауэр констракшн ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байсан тул тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.Сүхбаатарын Хаан банкин дахь харилцах данснаас төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 8,560,737 төгрөгийн хэмжээнд данснаас хасалт хийх мэдэгдлийг хүргүүлж харилцах данснаас 4,668,000 төгрөгийг суутгасан нь хууль бус биш юм.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ШШГТХ-ийн 50.1-дэх хэсэгт заасан заалт төлбөр төлөгч хуулийн этгээдэд хамааралтай байхад төлбөр төлөгч бус хувьцаа эзэмшигч Я.Сүхбаатарын дансыг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь ШШГТХуулийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5-д заасан хуулийн зүйл заалтыг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Мөн СБДИХАШШ-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02632 дугаар захирамжаар Дрийм тауэр констракшн ХХК-аас 17,121,475 төгрөгийг гаргуулж Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч Я.Сүхбаатар нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2017.05.22-ны өдөр бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг компанид хувьцаа эзэмшигчээр сайн дураараа бүртгүүлж, бүртгүүлсэн компанидаа ямар эрх үүрэгтэйгээр хувьцаа эзэмшигчээр орсон, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн атлаа огт үүрэг хүлээнэ гэдгийг мэдэхгүй байсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 9.3-т заасантай нийцээгүй гэж дүгнэсэн бөгөөд Компанийн тухай хуулийн 9.5-д заасныг огт дүгнэж үзэлгүйгээр төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Я.Сүхбаатар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Хаан банкны харилцах данснаас татан авч төлбөрт суутгасан 4,668,000 төгрөгийг буцаан олгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4., Компанийн тухай хуулийн 9.5. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.23-ны өдрийн 181/ШШ2017/02632 дугаартай шүүгчийн захирамжаар Дрийм Тауэр констракшн ХХК нь 17,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ-т төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигч Я.Сүхбаатарын дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгасныг үндэслэн Хаан банк нэхэмжлэгчийн эзэмшдэг дансны зарлагын гүйлгээний эрхийг хязгаарлаж, 4,668,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн нь тогтоогджээ.

 

2.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, үйл ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.-д ...төлбөр төлөгчийг ...дуудан ирүүлж, тайлбар авах, ...хүлээх хариуцлагыг танилцуулна гэж, 14.2.-т төлбөр төлөхийг шаардах, эсхүл ...цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө гэж, 44.2., 46.1.-д ...төлбөр төлөгчөөс түүний хөрөнгийн талаар мэдүүлэг авна... гэжээ.

 

Төлбөр төлөгч Дрийм Тауэр констракшн ХХК-ийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдахдаа Я.Сүхбаатарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг ...хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5.-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч юуны өмнө төлбөр төлөгч-хуулийн этгээдийн нийт хөрөнгийг тодорхойлох, тухайн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахгүй гэж үзсэн үндэслэл, улмаар төлбөрт хүрэлцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тодорхойлж төлбөрийг гаргуулах үйл ажиллагаа явуулах учиртай. Энэ тохиолдолд компанийн ямар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэж үзсэн үндэслэлээ тогтоож, эцэст нь тэдгээрийн хувийн хөрөнгөд халдах эрхтэй болно.

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг тодорхойлох тухайлсан ажиллагаа явуулснаа нотлоогүй атлаа хувьцаа эзэмшигчийн хөрөнгөд халдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4. дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй алдаа гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1898 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД