Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2020/01418

 

 

 

 

 

 

 

 

                   2020        05           26  

                                       181/ШШ2020/01418

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:Я.С-ын

 

хариуцагч: НШШГГ холбогдох

 

ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэв.  

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.С нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.А, нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн  нар оролцов.

                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: А.М, С.Э нар нь зээлийн гэрээгээр халхавчилж 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөгийг залилан мэхлэх замаар авч, уг хэрэг одоо Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. А.М нь надад итгэл төрүүлэхээр, 60,000,000 төгрөгийн баталгаа болгож байна гэж ойлгуулж, өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Д ХХК”-ийн энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлж өгсөн. Уг компанийн санхүүгийн орлого, зарлагыг хянаж бай гэж тайлбарласан бөгөөд миний бие тухайн үед 60,000,000 төгрөгөө эргүүлэн авахыг тулд зөвшөөрсөн. Би ямар ч хариуцлага хүлээнэ гэж ороогүй, авлагатай учраас дансыг нь хянах зорилгоор орсон. Гэтэл, А.Мын “Д ХХК” нь үйл ажиллагаа явуулаагүй ба урьд нь үйл ажиллагаа явуулж байхдаа тендерийн сонгон шалгаруулалтаар Хөдөө аж ахуйн яамны дээврийн барилгын ажлыг авсан атлаа хийж гүйцэтгээгүй тул шүүхийн шийдвэр гарч “Д”ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг миний бие мэдээгүй байсан. 2019 оны 9 дүгээр сард охиныхоо сургалтын төлбөрийг төлөх зорилгоор бусдаас 4,674,000 төгрөгийг зээлж, өөрийн ХААН банкны 55555 тоот дансанд байршуулчаад уг мөнгийг авах гээд ХААН банкны хүүхдийн 100 салбарт очиход НШШГГаас таны данснаас таталт хийсэн байна гэж хэлсэн. Миний бие НШШГГт очиж, Сүхбаатар дүүргийн тасгийн дарга И, шийдвэр гүйцэтгэгч Д нартай уулзахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасны дагуу “Д ХХК”-ийн өр төлбөрт суутгасан гэсэн. Сүхбаатар дүүргийн тасгийн дарга И уг мөнгийг буцааж өгнө гэж цохолт хийж өгснийг шийдвэр гүйцэтгэгч Д өгөхгүй гэсэн. Ямар нэг өр төлбөрийн талаар хэн ч надад юм хэлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай бүр юү ч сонсоогүй.

Одоо л НШШГГаас компанийн үүсгэн байгуулагч гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж мэдлээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд компанийн үүсгэн байгуулагч нь Я.С биш гэдэг нь тогтоогддог. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр А.М гэдэг хүнээс “Д” ХХК-ийн 50 хувийн хувьцааны эрхийг шилжүүлж авсан үйл баримт байдаг. Үүнтэй холбогдуулан компанийн үүсгэн байгуулагч гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хууль бус. Үүсгэн байгуулагч гэдэг нь тусдаа ойлголт. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан, хувь хөрөнгөө оруулсан этгээдийг хэлнэ. Хувьцаа эзэмшигч гэдэг нь тухайн хуулийн этгээдийн нийт хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байгаа этгээдийг ойлгодог. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байсан ч компанийн үүргийг шууд хариуцах эрх бүхий субъект биш. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахдаа яг эд хөрөнгийн хариуцлага хүлээхэд Я.С гэдэг хүний үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг огт тодруулаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Я.Сын дансыг битүүмжилсэн мөн 4,664,000 төгрөг гаргуулж авсан үйлдлүүд нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгтэй нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн яаж зохицуулсан, Я.С эд хөрөнгийн хариуцлагыг хэдэн хувиар оногдуулах вэ гэдэг үйл баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоогоогүй хирнээ Я.Сыг хувьцаа эзэмшигч гэдгээр нь шууд хувь хөрөнгөд хариуцлага ногдуулж байгаа нь хууль бус. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн байгаа. Хуулийн эрх хэзээ шилжиж ирсэн, данснаас төлбөр авсан үйл баримт нь тогтоогдож шийдвэр гүйцэтгэгч энэ үйл баримтад маргаагүй. Мөн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байсан. 2016 оны үйл ажиллагаанд Я.С огт холбогдолгүй. 2016 оны хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь өөр. Түүнээс биш 2016 онд хийсэн үйл ажиллагаатай холбогдуулаад 2017 онд шинээр хувьцаа эзэмшигч орж ирэхэд нь хариуцлага ногдуулна гэж байгаа нь шударга биш байна. Тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Я.С ямар хэмжээгээр, яаж хариуцлага хүлээх вэ гэдэг үйл баримт нь тогтоогдохгүй байна.  Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4,668,000 төгрөгийг гаргуулж иргэн Я.Ст олгон,түүний Хаан банкны дансны битүүмжлэл зарлагын гүйлгээг нээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2632 тоот шийдвэрээр “Д”ХХК-иас 17,000,000 төгрөг гаргуулж Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газарт олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч “Д”ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өр төлбөрөөс төлж барагдуулалгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мөн төлбөр төлөгч “Д”ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагуудаас тодруулахад эд хөрөнгө бүртгэлгүй талаар хариу ирүүлсэн. Мөн тус төлбөр төлөгч компанийн харилцах болон хадгаламжийн данснаас хасалт хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар мэдэгдэл ирүүлсэн. Төлбөр төлөгч компанийн нэр дээр эд хөрөнгө байхгүй учраас улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.С, 50 хувийн хувьцаа эзэмшигч А.М нарын хувьцааны хэмжээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ гэж Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу уг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Я.Сын эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр төлбөр гаргуулахаар арилжааны банкуудад дансны хасалт хийх мэдэгдэл хүргүүлэхэд харилцах дансанд нь 4,674,000 төгрөгийг Хаан банкнаас дансны хасалтаар татаж төлбөрт гаргуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй. Тухайн хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар авагдсан.

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг ойлголт нь хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журамд зааснаар хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагын албан ёсны лавлагаагаар тогтоогдсон үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэл гэсэн хэсэгт Я.Сын хувьцаа эзэмших эрх нь 50 хувь, үүсгэн байгуулагч гэдэг нь тодорхой байгаа. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж байгаа бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээр хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Бид төлбөр төлөгч “Д” ХХК-ийн ямар ч эд хөрөнгө байхгүй учраас компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Я.Сын 50 хувийн хувьцааны хэмжээгээр хасалт хийсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “Д” ХХК бүртгэгдсэн он, сар нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэсэн, анхны хуулийн этгээдийн бүртгэл 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэж байна. Я.С энэ хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч болж байгаа нь бүртгэлээр 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан. Компанийн нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй учраас хувьцаа эзэмшигчийн дансанд явагдсан ажиллагаа хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.С/РД: /-ын хариуцагч НШШГГт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үл зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан. Компанийн нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй учраас хувьцаа эзэмшигчийн данснаас татан авсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02632 дугаар шүүгчийн захирамжаар,хариуцагч “Д”ХХК-иас 17,000 000 төгрөгийг 2017 оны 11 сарын 30-наас 2018 оны 1 сарын 30-ны өдрийн хугацаанд “Засгийн газрын нийтлэг үйлчилгээний газар”ТӨААТҮГ-т хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2018 оны 1 сарын 31-ний өдрийн 01477 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 153 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2018 оны 4 сарын 20-ы өдөр “Д”ХХК-ийн байрлаж байсан байранд очиход хүнгүй цоожтой, түрээслэж байгаад 2018 оны 3 сарын 1-нээс хойш холбогдохгүй болсон тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн.

2018 оны 4 сарын 24-ий өдөр 2018 оны 4 сарын 24-ий өдөр “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоолоор арилжааны банкуудад төлбөр төлөгч “Д”ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг 17,221,475 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан. 2018 оны 8 сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст, төлбөр төлөгч “Д”ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай 4/14115 тоот албан бичиг хүргүүлсэн.

2018 оны 9 сарын 25-ны өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийн 153/01дугаар мэдүүлгээр Алтангэрэлийн Мандахын мэдүүлгийг авч бөглөн тэмдэглэл үйлдсэн.

2018 оны 9 сарын 25-ны өдөр “Д”ХХК-д шийдвэр гүйцэтгэгчийн “шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”153/1-ийг гардуулсан.

2019 оны 8 сарын 30-ны өдөр “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоолоор, “Д”ХХК болон 50 хувийн үүсгэн байгуулагч А.М, Я.С нарын эзэмшиж байгаа танай банкинд байрших хрилцах хадгаламжийн зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөр 17 000 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж, уг дансны мөнгөн хөрөнгийн талаарх мэдээллийг ирүүлээгүй тогтоосон хугацаанд хөрөнгийг битүүмжлээгүй хариу мэдэгдээгүй мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахыг анхааруулжээ.

2019 оны 9 сарын 05-ны өдөр ХААН банкнаас 17/8659 дугаартай албан бичгээр, “Д”ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй, Я.С 00000 тоот данс эзэмшдэг, 2019 оны 9 сарын 02-ны өдөр 4 668 000 төгрөг шилжүүлж зарлагын гүйлгээг хязгаарласан гэжээ.

2019 оны 10 сарын 01-ий өдрийн хариу мэдэгдэх хуудсаар иргэн Я.Ст төлбөрийн ноогдох хэсгээс төлбөр гаргуулах ажиллагаа хуулийн дагуу явагдсан хариу өгчээ.

2019 оны 12 сарын 24-ий өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Д”ХХК нь тус хороонд үйл ажиллагаа явуулдаггүй бүртгэлгүй болохыг тодорхойлсон.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2017 оны 5 сарын 17-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр “Д”ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.М 1 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй “Д”ХХК-ийн 50 хувийн эрх буюу 500 000 төгрөгийг Я.Ст шилжүүлж байна гэжээ.

2018 оны 12 сарын 17-ны өдрийн иргэдэд үйлчлэх автомат машины хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар, үүсгэн байгуулагч 50 хувийн 500 ширхэг хувьцаа эзэмшигч А.М, Я.С нарыг 2017 оны 5 сарын 22-ны өдөр бүртгэсэн байх ба итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд А.М байна.

Харин тус компанийг үүсгэн байгуулсан 01 дугаар шийдвэрээр 2013 оны 12 сарын 13-ны өдрийн батлагдсан дүрэм, дүрмийн дагуу байгуулагдсан компанийг 2013 оны 12 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл одоог хүртэл хэвээр байгаа нь ямар үндэслэл шийдвэрээр өөрчлөлт орох болсон нь тодорхойгүй, дүрмийн өөрчлөлт бүртгэгдээгүй гэж үзэхээр байна.

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг 22.3 “хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ., 22.3.1.”баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.3.2.”эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр”, 22.3.3.”дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт”гэж зааснаар компанийн хөрөнгийн 50 хувийг бусдад шилжүүлэхэд шалтгаан үндэслэл, холбогдох баримт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, компанийн дүрмийн өөрчлөлт бүртгэгдэж байж, Иргэний хуулийн 26.1.”Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.”гэж зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журамд нийцэж бий болох шаардлага хангагдсан баримт бүрдээгүй байгаа нь хуулийн 26.3.”Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсч, татан буугдсанаар дуусгавар болох ..”гэж заасан компанийн хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлт хийгдсэн гэх үндэслэлгүй байна.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага 7.1.”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно.” 7.2.”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.”гэж заасан ба шийдвэр гүйцэтгэгч хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаанд хувь эзэмшигч гэх иргэний эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалтад заасан ажиллагааг хийгээгүй төдийгүй, ажиллагааны баримтаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн орон сууц,хадгаламжийн мөнгөн хөрөнгө байгаа нь төлбөрөөс хэдий хэмжээгээр барагдуулах, харин Я.Сын хамтран үүрэг гүйцэтгэх эсэх, төлбөр хариуцах хэмжээ үндэслэл юү болох, тухайн иргэнд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэлийг мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх хуулиар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлээгүй, Я.Сыг нэг ч дуудаагүй уулзаагүй байж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоолоор,иргэн Я.С/ /-ын ХААН банк дахь 00000 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжилсэн, уг данснаас хасалт хийсэн ажиллагаа нь хууль бус байна.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.”Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ.”гэж зааснаар ажиллагаанд төлбөр төлөгчөөр татан оролцуулж байгаа бол хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.”иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах”,33.1.2.”холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах”, 33.1.3.”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах”, 33.1.4.”шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах”,44 дүгээр зүйлийн 44.2.1.”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх”, 44.2.2.”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах”, 44.2.3.”төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх”, 44.2.4.”төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх”, 44.2.5.”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх”, 44.2.6.”төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байрнаас бусад газар, барилга байгууламж, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, үзлэг хийх”, 44.2.7.”төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байранд нэвтрэн орох, үзлэг хийх”, 44.2.8.”гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх”, 44.2.10.”төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах”, 44.2.11.”төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах”, 44.2.12.”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх”гэсэн хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь хязгаарласан гэж үзэх үндэстэй.

 

4. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.”Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.”, 9.4.”Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна.”гэж заасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдлыг бүрэн шалган тогтоох ажиллагааг хийгээгүй тухайлбал, 2019 оны 8 сарын 30-ны өдөр “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоол үйлдэх үед өмнөх ажиллагаагаар арилжааны банкуудын мэдээллийг бүрэн аваагүй, хувьцааны 50 хувь болох 500 000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшигч компанийн төлөх төлбөрийн хэдэн хувь хэдэн төгрөгийн төлбөрийг хэрхэн хариуцах нь тодорхойгүй, компанийн өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгах, энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байгаа нь хуулийн 93.4.”Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”гэж заасан хуулийн зохицуулалт журамд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүх талуудын тайлбар, хэрэгт ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоолоор иргэн Я.С/ММ/-ын ХААН банк дахь 00000тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжилснийг хүчингүй болгож, уг данснаас татан авсан 4 668 000/дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг НШШГГаас гаргуулж нэхэмжлэгч Я.Ст олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /89638+70200=/159 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид тооцон 159 838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 93 дугаар зүйлийн 93.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 8 сарын 30-ны өдрийн “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”18280262/153 дугаар тогтоолоор иргэн Я.С/ММ/-ын ХААН банк дахь 00000тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарлан битүүмжилснийг хүчингүй болгож, уг данснаас татан авсан 4 668 000/дөрвөн сая зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг НШШГГаас гаргуулж нэхэмжлэгч Я.Ст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 838 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах хураамжид тооцон 159 838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.УРАНЧИМЭГ