Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01899

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Г-ын хариуцагч “У О” ХХК-д холбогдуулан гаргасан “Ж И” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 152/19 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу, Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ц.Г- нь “У О” ХХК-ийг “Ж И” ХХК байх үед 2018 оны 01 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж барилгын угсралтын хэлтэст барилгын механик шугам хоолойн ахлах ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 152/19 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, тухайн үед байсан “Ж И” ХХК-ийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн дүрмийн 9.5 (с) дэх хэсэг, гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалуудыг үндэслэл болгосон байдаг бөгөөд барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоонд ажиллаж байгаа ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү ажилтны тоог цөөрүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа дулааны станцын төслөөс болон Monadelphous компаниас өөр ажилтан шилжүүлэн авч Ц.Г-ын оронд ажиллуулсан. Ц.Г-ыг ажлаас халах шалтгаан нь орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой бус. Учир нь тэрээр ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүнээр 2019 оны 04 сарын 27-ны өдөр сонгогдсон бөгөөд хамт олноо төлөөлөн компанийн удирдлагуудтай хуульд зааснаар цалин хөлс бодож олгох талаар олон удаа уулзалт хийж, шаардлага гаргасантай холбоотойгоор зориуд ажлаас нь халсан гэж үзэж байна. Ц.Г- нь байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүн байхад түүнийг шууд ажлаас халсан үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Бүтэц орон тоо хасагдана гэдгийг нэг ижил ажил, албан тушаал хамааралтай. Гэтэл барилгын шугам сүлжээний ахлах ажилтан гэдгээ тухайн байгууллага бүтэц зохион байгуулалтын тушаал шийдвэр дээр маш олон янзаар орчуулсан байдаг. 2019 оны 05 сарын 01-ний өдрийн тушаалыг харахад 419 ажилтан байсныг 376 болгож багасгасан байна. Гэтэл бүтэц зохион байгуулалтаар халсан ажилтан нь 7 байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгосон зохицуулалт байхгүй талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр өөр иргэний хэргийн материалаас ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь 3 хүн гаднаас гэрээгээр авч ажиллуулж байгаа. Нэхэмжлэгчийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр ажлаас халсан нь хариуцагчаас гаргаж авсан хамгийн сүүлийн тайлангаар харагдана. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тус компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2019 оны 07 сарын 31-ний өдрөөс 2020 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 275 ажлын өдрийг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэг сарын дундаж цалин хөлс 6 927 418 төгрөг, нэг өдрийн 322 205 төгрөгт тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 88 606 375 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ц.Г- нь “У О” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, барилгын механик шугам сүлжээний ахлах ажилтнаар ажилд орсон. Компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэг сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх үүрэг хүлээдэг. Ажил олгогчийн салбар нэгж татан буугдаагүй. Иймээс хуулийн хугацаанд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй. “У О” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн. Энэ дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үйлдвэрчний эвлэлд болон Ц.Г-т мөн адил мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг Ц.Г- өөрөө танилцаж гарын үсэг зурсан баримт нь хэргийн 23 дугаар хуудсанд байгаа.

Орон тоо бодитоор цөөрөөгүй гэдэг асуудал ярьж байна. Энэ нь компанийн дүрмийн 9.5 (с)-д заасан зохицуулалтаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг гүйцэтгэх захирал эрх хэмжээ болгосон. Хавтаст хэргийн 151 дүгээр хуудсанд зааснаар 2019 оны 02 сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.8-т зааснаар гүйцэтгэх захирал бүтэц зохион байгуулалт хийх эрх олгосон. Уг эрхийн дагуу 2019 оны 05 сарын 09-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргасан. Бүтцийн өөрчлөлтөөр барилгын механик хоолойн шугамын ахлах ажилтны орон тоог цөөрүүлсэн. Оюутолгой төслийн хувьд барилгын механик хоолойн шугамын ахлах гэдэг нь тухай бүр төсөл бүрээр өөр байдаг. Ц.Г- босоо ам 2 гэдэг төсөл дээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон түүний тайлбаруудаар тогтоогддог. Энэ талаар талууд маргадаггүй. Ц.Г-т 2019 оны 06 сарын 16-ны өдөр мэдэгдэл өгөөд 2019 оны 07 сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 1 сарын тэтгэмж олгосон байдаг. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан, бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн, бид нар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2019 оны 06 сарын 08-ны өдөр ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийсэн, ур чадварын үнэлгээ тогтмол хийгдэж байсан бөгөөд Ц.Г- доогуур үнэлэгдсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг ялгаварлан гадуурхсан, шаардлага хүргүүлсэнтэй холбоотойгоор ажлаас халсан зүйл байхгүй. Үүнийгээ нэхэмжлэгч тал нотлох байх гэж бодож байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц.Г- үйлдвэрчний эвлэлийн тэгүүлэгчээр томилогдсон гэдэг байдлаар хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөхөөр заасан. 1973 оны Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгох бололцооны тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 135 дугаар конвенцод зааснаар бүтэц орон тооноос болж чөлөөлөх асуудлыг огт дурдаагүй. Монгол Улс 1995 оны 05 сарын 29-ний өдөр нэгдэн орсон, агуулгын хувьд хамтын гэрээ хэлэлцээр хийснээс нь эхлээд түүнтэй холбоотойгоор ажлаас халахыг хориглоно гэж байгаа. Түүнээс биш ажил олгогчийн эрхийг дордуулж өгсөн байдаг. Нөгөө талаар Улсын дээд шүүхийн тайлбар, шүүхийн шийдвэрүүдээр дээрх хуулийн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг бус мөн зүйлийн 40.1.4-д заасныг хамааруулдаг. Иймээс хууль хэрэглээний хувьд зөв ойлгож хэрэглэх ёстой. Нөгөө талаас Ц.Г- үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч биш. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар “У О” ХХК нь 139 гишүүнтэй үйлдвэрчний эвлэлтэй байсан. Улсын бүртгэлээс ирүүлсэн нотлох баримтаар 53 гишүүн хуралдаж, Ц.Г-ыг үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр томилсон нь үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 4.3-т заасан ирц 50 хувиас дээш байж тэргүүлэгч гишүүнээ сонгоно гэж заасныг зөрчсөн байна. Мөн тэргүүлэгч гэдэг албан тушаал дүрэмд байхгүй. Ц.Г- тэргүүлэгч гэдэг нь хуульд зааснаар нотлогдохгүй байгаа. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тайлбарладаг боловч Ц.Г- хамтын гэрээ хэлэлцээрт оролцоогүй.

Тухайн компанийн орон тоо хасагдсан болон шинээр бий болж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг хэрэглэдэг. Орон тоо цөөрүүлсэн боловч гаднаас орон тоо авсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн харилцаатай огт хамааралгүй, ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулиар зохицуулдаг. Орон тоо бий болж байгаа зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т зааснаар тухайн компани ажлын байр орон тоогоо тухайн компани дотроо баталж байгаа. Тэгэхээр 2019 оны 05 сарын 09-ний өдрийн тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасантай холбоотой 2 зүйл тайлбарладаг. н.Баянбаатар нь 2018 оны 03 сарын 14-ний өдөр ажилд орсон байдаг. Ажилд орохдоо барилгын механик хоолойн ахлах ажилтан буюу яг босоо ам 2 төсөл дээр хамт ажилладаг байсан. н.Баянбаатарыг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад сэлгэн ажиллуулсан нь хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Сэлгэн ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ажлын байрыг хэвээр хадгалж байгаа тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Ийм учраас н.Баянбаатарыг ажлын байр хэвээр хадгалагдаж байсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дэх хэсэгт н.Баянбаатар хамаарахгүй. Ахлах ажилтнаар ажиллаж байсан гэж яриад байгаа. Аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэдэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хавтаст хэргийн материалд өгдөг. Энэ аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэж нэг л ажлын байрны тодорхойлолтыг хэлж байгаа. Ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Ганцхан энэ орон тоог буцаагаад бий болгож байгаа гэдэг үндэслэлээр тогтоогдохгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдаг. Хугацааг сунгах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаарх маргаан шүүхийн харьяаллын маргаан байдаг. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ын хариуцагч “У О” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “У О” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34 177 298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 54 429 077 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г-ын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч “У О” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “У О” ХХК-аас 328 836 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 152/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалаар ажлаас орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдсан болно. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэл болгоод байгаа үйл баримт буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан байдаг. Энэхүү ажлаас халсан асуудлаар нэхэмжлэгч миний бие хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүсгээд гомдлоо гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн. 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 дугаар тушаалаар бүтэц баталсан гэх боловч энэхүү тушаалаас харахад нотлогддоггүй. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг үндэслэн шийдвэрээ гаргах нь зүйтэй байсан. Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн гишүүн тул түүнийг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар захиргааны санаачилгаар ажлаас халахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл хамаарна гэж нэхэмжлэгч маргасан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, үндэслэх хэсгийн дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г- нь хариуцагч “У О” ХХК /хуучнаар “Жейкобс инженеринг” ХХК/-д холбогдуулан “Ж И” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 152/19 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 сарын 31-ний өдөр дууссан гэх үндэслэл заан маргажээ. /1хх 1-2, 40/

 

Ажил олгогч “Жейкобс инженеринг” ХХК /одоогийн “У О” ХХК/ нь  Ц.Г-т 2018 оны 01 сарын 18-ны өдөр хандан Оюу Толгой Сайт-д байрлах, байнгын бус ажлын байранд барилгын механик шугам хоолойн ахлах ажилтан албан тушаалд ажиллахыг санал болгож, 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай хүчин төгөлдөр байх 013-18-01 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, үүний 3 сарын хугацаанд туршилтаар ажиллуулсан байна. /1хх 64-72, 3хх 54/ Улмаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныг үндэслэн 2018 оны 12 сарын 29-ний өдөр, 2019 оны 02 сарын 17-ны өдөр тус тус гэрээний хугацааг сунгаж 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна. /3хх 55-56/

 

Харин талуудын хооронд 2018 оны 01 сарын 22-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 152/19 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ, хариуцагч байгууллага Ц.Г-ын эрхэлж байсан ажлын орон тоог бодитоор цөөрүүлээгүй, үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байхад шууд ажлаас халсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн, түүний ажлыг өөр бусдаар гүйцэтгүүлж байгаа гэх агуулгаар тайлбарласан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шаардлагын үндэслэл болох ажил олгогчийн гаргасан дээрх тушаал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан асуудлыг дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тайлбарлан хэрэглэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарах үед уг гэрээний хугацаа дууссан тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт үйлчилнэ. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж, маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.  

 

Иймд анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ажил олгогч нь 2019 оны 07 сарын 31-ний өдөр “Ц.Г-тай байгуулсан 2018 оны 01 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 152/19 дугаар тушаалдаа, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, компанийн 2015 оны 07 сарын 21-ний өдрийн дүрмийн 9.5 (c) дэх хэсэг, гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалыг тус тус баримтлан, ажилтны ажил, албан тушаалын орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэл заажээ. /1хх 24/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай” 089/19 дугаар тушаал, уг тушаалын хавсралт А, В, С, D, Е /1хх101-102, 118/ зэргийг харьцуулан үнэлбэл, тухайн байгууллага нийт ажлын байрны 419 орон тоог 374 болгож цөөрүүлсэн, үүнд нэхэмжлэгч Ц.Г-ын эрхэлж байсан барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны ажлын байр багтсан үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, “Ж И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол гэх бичгийн баримтуудаар “Ж И” ХХК-ийн оноосон нэр “У О” ХХК болж өөрчлөгдсөн, нэхэмжлэлд дурдсан тушаалыг гаргасан гүйцэтгэх захирал Эшли Баскервилле /Baskerville Ashley/ нь тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн болох нь эрх бүхий байгууллагад 2019 оны 02 сарын 12-ны өдөр бүртгэгдсэн, түүнд компанийн бүтцийн өөрчлөлтийг хүчин төгөлдөр болгох үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээ авах бүрэн эрхийг цорын ганц хувьцаа эзэмшигчээс олгосон байна. /1хх 37-39, 148-153/ 

 

Иймээс анхан шатны шүүх “2019 оны 05 сарын 09-ний өдрийн тушаал гаргах эрх “Ж И” ХХК-ийн гүйцэтгэх захиралд олгогдсон эсэх нь баримтаар нотлогдоогүй, нийт ажлын байрнаас хэдэн орон тоон цөөрсөн болохыг хариуцагч нотлоогүй” гэж дүгнэсэн нь буруу байх тул нэхэмжлэгчийн “ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Зохигчид нэхэмжлэгчийн эрхэлж байсан гэх сонгуульт ажилтай холбогдуулан  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын талаар маргасан байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Зүй нь, ажил олгогч байгууллага ажлын байрны орон тоог цөөрүүлэх нь сонгуульт ажилтны эрхийн баталгааг зохицуулсан Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан хязгаарлалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, Ц.Г- сонгуульт ажил эрхэлж байсантай нь холбоотойгоор зориуд түүний ажлын байрны орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнд бусад ажилчдаас илүү давуу эрхийг олгохгүй бөгөөд харин үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил хийсэнтэй нь холбогдуулан өөрийнх нь болон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр ажлаас халахгүй байх зохицуулалт юм.

 

Нэхэмжлэгч Ц.Г- ажлаас үндэслэлгүй халагдсан буюу түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдсонгүй. Үүнтэй холбоотойгоор түүнд ажилгүй байсан хугацааны олговор олгох хууль зүйн үндэслэл байхгүй боловч хариуцагч байгууллагын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн олговор гаргуулсан хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаагүй учраас энэ хэсгийг зөвшөөрсөн гэж үзэх тул талуудын диспозитив зарчимд үндэслэн мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсгийг дээр дурдсан үндэслэлээр залруулан өөрчилж, шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ                                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.НЯМБАЗАР