Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/01861

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оныс07 срын   20 өдөр

                               181/ШШ2020/01861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Г -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: У И  ХХК -д холбогдох

 

Ж И  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 152/19 тоот хөдөлмөрийн  гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Барилгын механик шугам хоолойн Ах ажилтаны орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, түүний өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, гэрч Д.Баянбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Г  нь “У И ” ХХК-ийг “Ж И ” ХХК байх үед 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулаад барилга угсралтын хэлтэст барилгын механик шугам хоолойн ахлах ажилтнаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд уг компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани. Монгол ажилчдын эрх ашгийг маш их зөрчдөг. Тийм учраас ажилчдын дуу хоолой болж үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон байдаг. Үүний дагуу шаардлагаа тавиад явж байхад ажил олгосон хэрнээ гэнэт 2017 оны 07 сарын 30-ны өдөр таныг ажлаас халлаа гэдэг тушаал өгсөн байдаг. Уг тушаалыг өгөхөөс өмнө 06 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байхад нь дуудаж уулзаад 06 дугаар сарын 19-ний өдөр буюу маргааш таныг ажиллуулахгүй гэж хэлээд, мэдэгдэл өгөөд, шууд ажлын талбайгаас буцаасан байдаг. Та ажиллахгүй байж болно. Таны цалин хөлсийг бүтэн өгнө гэж хэлсэн. Уг тушаалыг судлаад үзэхээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42, 43.1, тухайн үед байсан Ж И  ХХК-ийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн дүрмийн 9.5с, гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 08919 тоот тушаалуудыг үндэслэл болгосон байдаг. Ингэхдээ юу гэж үндэслэл болгосон бэ гэхээр барилгын хоолойн шугам сүлжээний ажилтны тоог цөөрүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийг халсны дараа өөр ажилтан шилжүүлэн авч оронд нь ажиллуулсан байдаг. Мөн халах болсон шалтгаан нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон бөгөөд цалин хөлстэй холбоотой шаардлага тавьснаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Тэргүүлэгч гишүүн учраас үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2 дахь заалт өөрт нь үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. 6.2-т заасныг юу гэж ойлгож байна гэхээр орон тоо бүтэц бол хамаарахгүй. Сахилгын шийтгэл болон ноцтой зөрчил гаргасан бол энд хамааралтай гэдэг зүйлийг авч үзээд байдаг. Гэтэл ямар ч тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн зохицуулалт байгаа.

Хэрвээ үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн байгаа тохиолдолд нийт гишүүдийн саналыг харгалзаад хална гэсэн ойлголт байгаа. Шууд халсан үйлдэл нь 6.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Бүтэц орон тоо хасагдана гэхээр нэг ижил ажил албан тушаал хамааралтай гэж үзэж байгаа. Гэтэл барилгын шугам сүлжээний ахлах ажилтан гэдгээ тухайн байгууллага бүтэц зохион байгуулалтын тушаал шийдвэр дээр юу гэж дурьдсан бэ гэхээр маш олон янзаар орчуулсан байдаг. Орчуулга нь алдаатай. Хэдэн албан тушаалаас хэд болгож цөөрүүлсэн бэ гэдэг нь тодорхой бус. Энэ байгууллагын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг харахад 419 ажилтан байгаа. Түүнийгээ 376 болгож багасгасан байгаа. Гэтэл бүтэц зохион байгуулалтаар халсан ажилтан нь 7 байгаа. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгосон зохицуулалт байдаггүй. Үүнийг сүүлд нэхэмжлэгчийн хүсэлтээр өөр хэргийн материалаар гаргаж ирснээр нотлогдож байгаа.

Дараагийн нэг зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 гэдэг зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад зөрчсөн гэж үзэж байгаа вэ гэхээр одоо ч гэсэн энэ байгууллага дээр 3 хүн гаднаас гэрээгээр авч ажиллуулж байгаа. Мөн энэ байгууллага ажлаас халахдаа 06 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халагдсан байгаа. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргаж авсан хамгийн сүүлийн тайлангаа явуулж байгаа материалаас харагдаж байгаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн байна гэж үзэж байгаа.

Ийм учраас ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тус компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 275 ажлын өдөр байгаа. Үүнийг дундаж цалин хөлс тогтоох тухай хуулийн 7а-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр буюу 0310908 тоот бичилт хийснээс тооцоход нэг сарын дундаж цалин хөлс 6,927,418 төгрөг байгаа. Нэг өдөр 322,205 төгрөг байгаа. Ажилгүй байсан хугацааны 275 хоногт үржүүлэхээр 88,606,375 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ц.Г  нь “У И ” ХХК-ийн барилгын механик шугам сүлжээний ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэг сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх үүрэг хүлээдэг. Ажил олгогчийн салбар нэгж татан буугдаагүй. Ийм учраас хуулийн хугацаанд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

“У И ” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн. Энэ дагуу 06 сарын 14-ний өдөр үйлдвэрчний эвлэлд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ц.Г т мөн адил мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдлийг Ц.Г  өөрөө танилцаж гарын үсэг зурсан байдаг. Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа 3 хууль зүйн үндэслэл байгаа. Тус бүрд нь хууль зүйн үндэслэлд тайлбар хийгээд явъя.

Орон тоо цөөрүүлсэн гэдэг нь өөрөө бодитоор цөөрөөгүй гэдэг асуудал ярьж байна. Энэ нь компанийн дүрмийн 9.5с-д зохицуулалтаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг гүйцэтгэх захирал эрх хэмжээ болгосон. Энэ нь хавтаст хэргийн 151 дүгээр хуудсанд зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.8-т зааснаар гүйцэтгэх захирал бүтэц зохион байгуулалт хийх эрхийг нь олгосон байгаа. Уг эрхийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргасан. Бүтцийн өөрчлөлт дээр барилгын механик хоолойн шугамын ахлах ажилтны орон тоог цөөрүүлсэн. Үүн дээр нэхэмжлэгч Ц.Г ын зүгээс ч тэр, өмнөх шүүх хуралдааны тайлбарууд дээр ч тэр уг 7 ажилтан ажиллаж байсан гэдэг нь батлагддаг. Оюутолгой төслийн хувьд барилгын механик хоолойн шугамын ахлах гэдэг нь тухай бүр төсөл болгоноороо өөр байдаг. Тэгэхээр Ц.Г  бол босоо ам 2 гэдэг төсөл дээр ажиллаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ч тэр, өөрийнх нь тайлбаруудаар ч тэр босоо ам 2 төсөл дээр ажиллаж байсан нь тогтоогддог. Энэ талаар талууд маргадаггүй. 06 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл өгөөд Ц.Г ыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 1 сарын тэтгэмж олгосон байдаг. Тэгэхээр үүнийг цохож хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. 41.1.1 дэх гол 3 үндэслэл нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан. Бүтэц өөрчлөгдсөн. Орон тоо цөөрсөн. Бид нар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийсэн байдаг. Ур чадварын үнэлгээг тогтмол хийгдэж явдаг байсан. Энэ үнэлгээн дээр Ц.Г  доогуур үнэлэгдсэн учраас ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа ялгаварлан гадуурхсан, шаардлага хүргүүлсэнтэй холбоотойгоор ажлаас халсан зүйл байхгүй. Үүнийгээ нэхэмжлэгч тал нотлох байх гэж бодож байна.

Хоёрдугаар үндэслэл нь үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2-т заасныг тайлбарлаад байна. Ц.Г ыг үйлдвэрчний эвлэлийн тэгүүлэгчээр томилогдсон гэж ярьж байна. Хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлаад байна. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөхөөр заасан. 1973 оны Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгох бололцооны тухай олон улсын  хөдөлмөрийн байгууллагын 135 дугаар конвенцэд зааснаар бүтэц орон тооноос болж чөлөөлөх асуудлыг огт дурьдаагүй. Энэ нь ямар агуулгатай байдаг вэ гэхээр Монгол улс 1995 оны 05 сарын 29-ний өдөр нэгдэн орсон байгаа. Агуулгын хувьд хамтын гэрээ хэлэлцээр хийснээс нь эхлээд түүнтэй холбоотойгоор ажлаас халахыг хориглоно гэж байгаа. Түүнээс биш ажил олгогчийн эрхийг дордуулж өгсөн байдаг. Нөгөө талаар Улсын дээд шүүхийн тайлбар, шүүхийн шийдвэрүүдээр ч гэсэн 6.2 ажил олгогч, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээр ажлаас халах асуудлыг хамааруулж үздэггүй. 40.1.4-д заасныг л хамааруулдаг. Тийм учраас хууль хэрэглээний хувьд зөв ойлгож хэрэглэх ёстой байх гэж ойлгож байна. Нөгөө талаасаа Ц.Г  бол үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч бол биш. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар “У И ” ХХК нь 139 үйлдвэрчний эвлэлтэй байсан. Улсын бүртгэлээс ирүүлсэн нотлох баримтаар 53 гишүүн хуралдаж, Ц.Г ыг үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр томилсон байдаг. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн 4.3-т ирц 50%-иас дээш байж тэргүүлэгч гишүүнээ сонгоно гэж заасан байдаг. Тэргүүлэгч гэдэг нь албан тушаал, дүрэм дээрээ байхгүй. Ц.Г  тэргүүлэгч гэдэг нь хуульд зааснаар нотлогдохгүй байгаа. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т заасныг ярьдаг. Ц.Г  бол хамтын гэрээ хэлэлцээрт оролцоогүй.

Дараагийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т бол орон тоо хасагдсан асуудлыг ярьж байгаа. Хууль хэрэглээнийхээ хувьд зөв ойлгох хэрэгтэй. Тухайн компанийн орон тоо хасагдсан болон шинээр бий болж байгаа тохиолдолд 36.3-т заасныг хэрэглэдэг. Үүн дээр орон тоо цөөрүүлсэн боловч гаднаас орон тоо авсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн харилцаатай огт хамааралгүй. Ажил гүйцэтгэх гэрээг иргэний хуулиар зохицуулдаг. Орон тоо бий болж байгаа зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т тухайн компани ажлын байр орон тоогоо тухайн компани дотроо баталж байгаа. Тэгэхээр 05 дугаар сарын 09-ний өдрийн тушаал орон тоо цөөрүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-тай холбоотой 2 зүйлийг яриад байгаа. Баянбаатарыг ажилд авсан тухай ярьдаг. Баянбаатар бол 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилд орсон байдаг. Ажилд орохдоо барилгын механик хоолойн ахлах ажилтан буюу яг босоо ам 2 төсөл дээр хамт ажилладаг байсан. Баянбаатарыг дулааны 4 дүгээр цахилгаан станцад сэлгэн ажиллуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Сэлгэн ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажлын байрыг хэвээр хадгалж байгаа тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Ийм учраас Баянбаатарыг ажлын байр хэвээр хадгалагдаж байсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Баянбаатар хамаарахгүй. Ахлах ажилтнаар ажиллаж байсан гэж яриад байгаа. Аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэдэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хавтаст хэргийн материалд өгдөг. Энэ аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэж нэг л ажлын байрны тодорхойлолтыг хэлж байгаа. Ажлын байрны тодорхойлолт бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа. Ганцхан энэ орон тоог буцаагаад бий болгож байгаа гэдэг үндэслэлээр тогтоогдохгүй гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдаг. Хөдөлмөрийн гэрээг сунгах сунгахгүй гэдэг нь ажил олгогчийн эрхийн асуудал байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бодитойгоор харж үзнэ үү гэж хүсэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-т зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөл шүүхийн харьяаллын маргаан байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа.

Тийм учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Г  нь хариуцагч У И  ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Ц.Г ыг чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Уорли инжеринг ХХК-ийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 152/19 тоот тушаалын 1 дэх заалтаар “Компани болон БМШХ-н ахлах ажилтан ажилтай Цолмонгийн Ганбаатар нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны ажил, албан тушаалын орон тоонд ажиллаж байгаа ажилтны тоог цөөрүүлсний улмаас энэхүү тушаал гарсан өдрөөр буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43.1, Ж И  ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дүрмийн 9.5 (c) дэх хэсэг, Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Г ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Ж И  ХХК нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр компанийн оноосон нэрийг Уорли инжеринг ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж тус тус заажээ.

 

Ж И  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 тоот тушаалын хавсралт А-гийн “Ажилтны тоог цөөрүүлсэн ажил, албан тушаалууд”-ын жагсаалтын 1-д “Барилгын механик шугам хоолойн ахлах ажилтан”-ы тоог 1 ээр, жагсаалтын 2-т “Бүтцийн, механикийн, шугам хоолойн ахлах ажилтан”-ы тоог 1-ээр, жагсаалтын 3-т “БМШХ-н ахлах ажилтан”-ы тоог 2-оор тус тус цөөрүүлж байгаа талаар дурьдсан байх ба “Барилга механик шугам хоолойн ахлах ажилтан /Босоо ам 2/ 2 орон тоо /Хавсралт С-ийн хүснэгт 124, 125/”-той ажиллахаар бүтэц баталсан байна.

 

Ж И  ХХК нь Ц.Г т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаараа 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэлээр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Ж И  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 089/19 дугаартай “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын хавсралт В-д заасан ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан тушаал хэрэгт баримтаар авагдаагүй, хавсралт В-д заасан ажил, албан тушаалын жагсаалтыг батлах эрх Ж И  ХХК-ийн гүйцэтгэх захиралд тухайн үед олгогдсон байсан байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нийт ажлын байрнаас хэдэн орон тоо цөөрсөн болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Уг үйл баримт нь Ж И  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 089/19 дугаартай “Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын хавсралт В-д заасан ажил, албан тушаалын жагсаалт, мөн С-д заасан ажил албан тушаалын жагсаалтыг нэгэн зэрэг баталсан гэх үйл баримтыг нотлож байгаа тул албан тушаал цөөрүүлсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар хариуцагч баримт гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо цөөрүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Г ыг ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Ж И  ХХК-тай барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны ажлын байранд 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ /1 хх-гийн 64-70 дахь тал/ байгуулан ажиллаж байгаад талууд уг гэрээнд 2019 оны 02 сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт /3 хх-ийн 56 дах тал/ оруулж, гэрээний хугацааг 2019 оны 03 сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна.

 

Гэрч Д.Баянбаатар “...Босоо ам 2 төслийн ажил дууссан...” гэх мэдүүлэг, мөн төслийн ажил дууссан болох Оюу толгой ХХК-ийн мэдэгдэл зэргээр тогтоодож байна.

 

Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Ажил олгогч, түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч, гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох хуулийн зохицуулалттай тул ажил олгогчтой байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Ц.Г ыг өмнө эрхэлж байсан барилгын шугам хоолойн ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тул нэхэмжлэгч Ц.Г ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 88,606,375 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч нэгэнт Ц.Г ыг ажлаас үндэслэлгүй халсан байх тул уг ажлаас халсан өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 6,867,418 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 107 хоногоор тооцоход  34,177,298 /319,414х107/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 54,452,077 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г ын 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч У И  ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалнаар нэхэмжлэгч Ц.Г ын хариуцагч У И  ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч У И  ХХК -аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,177,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 54,429,077 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г ын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12  дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч У И  ХХК-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч У И  ХХК-аас 328,836 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР