Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00672

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1899 дүгээр магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Уорли инженеринг ХХК-д холбогдох,

Жэйкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.07.31-ний өдрийн 152/19 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоонд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Б.Шаарийбуу, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: ******* нь*******-ийг Жэйкобс инженеринг ХХК байх үед 2018.01.22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж барилгын угсралтын хэлтэст барилгын механик шугам хоолойн ахлах ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.07.31-ний өдрийн 152/19 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.1, тухайн үед байсан Жэйкобс инженеринг ХХК-ийн 2017.07.21-ний өдрийн дүрмийн 9.5 (с) дэх хэсэг, гүйцэтгэх захирлын 2019.05.09-ний өдрийн 089/19 тоот тушаалуудыг үндэслэл болгосон байдаг бөгөөд барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоонд ажиллаж байгаа ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү ажилтны тоог цөөрүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа дулааны станцын төслөөс болон Monadelphous компаниас өөр ажилтан шилжүүлэн авч *******ын оронд ажиллуулсан. *******ыг ажлаас халах шалтгаан нь орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой бус. Учир нь тэрээр ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүнээр 2019.04.27-ны өдөр сонгогдсон бөгөөд хамт олноо төлөөлөн компанийн удирдлагуудтай хуульд зааснаар цалин хөлс бодож олгох талаар олон удаа уулзалт хийж, шаардлага гаргасантай холбоотойгоор зориуд ажлаас нь халсан гэж үзэж байна. ******* нь байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч гишүүн байхад түүнийг шууд ажлаас халсан үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Бүтэц орон тоо хасагдана гэдгийг нэг ижил ажил, албан тушаал хамааралтай. Гэтэл барилгын шугам сүлжээний ахлах ажилтан гэдгээ тухайн байгууллага бүтэц зохион байгуулалтын тушаал шийдвэр дээр маш олон янзаар орчуулсан байдаг. 2019.05.01-ний өдрийн тушаалыг харахад 419 ажилтан байсныг 376 болгож багасгасан байна. Гэтэл бүтэц зохион байгуулалтаар халсан ажилтан нь 7 байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болгосон зохицуулалт байхгүй талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр өөр иргэний хэргийн материалаас ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь 3 хүн гаднаас гэрээгээр авч ажиллуулж байгаа. Нэхэмжлэгчийг 2019.06.19-ний өдөр ажлаас халсан нь хариуцагчаас гаргаж авсан хамгийн сүүлийн тайлангаар харагдана. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчсөн байна. Иймд ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тус компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, 2019.07.31-ний өдрөөс 2020.07.20-ны өдөр хүртэл нийт ажлын 275 ажлын өдрийг Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэг сарын дундаж цалин хөлс 6,927,418 төгрөг, нэг өдрийн 322,205 төгрөгт тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 88,606,375 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: ******* нь*******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, барилгын механик шугам сүлжээний ахлах ажилтнаар ажилд орсон. Компанийн гүйцэтгэх захирлын 2019.05.09-ний өдрийн 089/19 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтныг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр нэг сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх үүрэг хүлээдэг. Ажил олгогчийн салбар нэгж татан буугдаагүй. Иймээс хуулийн хугацаанд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.*******-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн. Энэ дагуу 2019.06.14-ний өдөр үйлдвэрчний эвлэлд болон *******т мөн адил мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийг ******* өөрөө танилцаж гарын үсэг зурсан баримт нь хэргийн 23 дугаар хуудсанд байгаа. Орон тоо бодитоор цөөрөөгүй гэдэг асуудал ярьж байна. Энэ нь компанийн дүрмийн 9.5 (с)-д заасан зохицуулалтаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг гүйцэтгэх захирал эрх хэмжээ болгосон. Хавтаст хэргийн 151 дүгээр хуудсанд зааснаар 2019.02.01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.8-т зааснаар гүйцэтгэх захирал бүтэц зохион байгуулалт хийх эрх олгосон. Уг эрхийн дагуу 2019.05.09-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргасан. Бүтцийн өөрчлөлтөөр барилгын механик хоолойн шугамын ахлах ажилтны орон тоог цөөрүүлсэн. Оюутолгой төслийн хувьд барилгын механик хоолойн шугамын ахлах гэдэг нь тухай бүр төсөл бүрээр өөр байдаг. ******* босоо ам 2 гэдэг төсөл дээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон түүний тайлбаруудаар тогтоогддог. Энэ талаар талууд маргадаггүй. *******т 2019.06.16-ны өдөр мэдэгдэл өгөөд 2019.07.31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 1 сарын тэтгэмж олгосон байдаг. Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан, бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн, бид нар мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2019.06.08-ны өдөр ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийсэн, ур чадварын үнэлгээ тогтмол хийгдэж байсан бөгөөд ******* доогуур үнэлэгдсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн тайлбарласан шиг ялгаварлан гадуурхсан, шаардлага хүргүүлсэнтэй холбоотойгоор ажлаас халсан зүйл байхгүй. Үүнийгээ нэхэмжлэгч тал нотлох байх гэж бодож байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* үйлдвэрчний эвлэлийн тэгүүлэгчээр томилогдсон гэдэг байдлаар хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлаад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөхөөр заасан. 1973 оны Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгох бололцооны тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 135 дугаар конвенцод зааснаар бүтэц орон тооноос болж чөлөөлөх асуудлыг огт дурдаагүй. Монгол Улс 1995.05.29-ний өдөр нэгдэн орсон, агуулгын хувьд хамтын гэрээ хэлэлцээр хийснээс нь эхлээд түүнтэй холбоотойгоор ажлаас халахыг хориглоно гэж байгаа. Түүнээс биш ажил олгогчийн эрхийг дордуулж өгсөн байдаг. Нөгөө талаар Улсын дээд шүүхийн тайлбар, шүүхийн шийдвэрүүдээр дээрх хуулийн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг бус мөн зүйлийн 40.1.4-д заасныг хамааруулдаг. Иймээс хууль хэрэглээний хувьд зөв ойлгож хэрэглэх ёстой. Нөгөө талаас ******* үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч биш. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018.03.18-ны өдрийн байдлаар******* нь 139 гишүүнтэй үйлдвэрчний эвлэлтэй байсан. Улсын бүртгэлээс ирүүлсэн нотлох баримтаар 53 гишүүн хуралдаж, *******ыг үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр томилсон нь үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 4.3-т заасан ирц 50 хувиас дээш байж тэргүүлэгч гишүүнээ сонгоно гэж заасныг зөрчсөн байна. Мөн тэргүүлэгч гэдэг албан тушаал дүрэмд байхгүй. ******* тэргүүлэгч гэдэг нь хуульд зааснаар нотлогдохгүй байгаа. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тайлбарладаг боловч ******* хамтын гэрээ хэлэлцээрт оролцоогүй. Тухайн компанийн орон тоо хасагдсан болон шинээр бий болж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг хэрэглэдэг. Орон тоо цөөрүүлсэн боловч гаднаас орон тоо авсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн харилцаатай огт хамааралгүй, ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулиар зохицуулдаг. Орон тоо бий болж байгаа зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-т зааснаар тухайн компани ажлын байр орон тоогоо тухайн компани дотроо баталж байгаа. Тэгэхээр 2019.05.09-ний өдрийн тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасантай холбоотой 2 зүйл тайлбарладаг. н.Баянбаатар нь 2018.03.14-ний өдөр ажилд орсон байдаг. Ажилд орохдоо барилгын механик хоолойн ахлах ажилтан буюу яг босоо ам 2 төсөл дээр хамт ажилладаг байсан. н.Баянбаатарыг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад сэлгэн ажиллуулсан нь хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Сэлгэн ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт ажлын байрыг хэвээр хадгалж байгаа тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Ийм учраас н.Баянбаатарыг ажлын байр хэвээр хадгалагдаж байсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дэх хэсэгт н.Баянбаатар хамаарахгүй. Ахлах ажилтнаар ажиллаж байсан гэж яриад байгаа. Аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэдэг нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр хавтаст хэргийн материалд өгдөг. Энэ аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ гэж нэг л ажлын байрны тодорхойлолтыг хэлж байгаа. Ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Ганцхан энэ орон тоог буцаагаад бий болгож байгаа гэдэг үндэслэлээр тогтоогдохгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.12.31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдаг. Хугацааг сунгах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаарх маргаан шүүхийн харьяаллын маргаан байдаг. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч*******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,177,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг буюу 54,429,077 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч *******ын 2019.07.31-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч*******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч*******-аас 328,836 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.09.07-ны өдрийн 1899 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь анх ажилд орохдоо БМШХ-ын ахлах ажил- албан тушаал дээр ажиллахаар ажлын санал хүлээж аваад Босоо ам-2 гэ төсөл дээр ажиллаж байсан үүнийг хариуцагчийн 2 шатны шүүхэд өгсөн тайлбар, хариуцагчаас нэхэмжлэгч *******ын ажлын тайланг гаргуулахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гаргаж өгсөн өдөр дутамын барилгын ажлын тайлан, мэдээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Мөн үүнийг г Д.Баянбаатарын мэдүүлгээр давхар нотлогддог.

1.Хөдөлмөрийн гэрээний ажил албан тушаал дээр- БМШХ-ын ахлах ажилтан

2.Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал мөн БМШХ-ын ахлах ажилтан

3.Нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээр болохоор Барилгын механик шугам хоолойн ахлах ажилтан гэсэн зөрөөтэй.

4.2019/07/31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал дээр ажилтны тоог цөөрүүлсний улмаас бүтэц зохион байгуулалтаар ажлаас халсан гэсэн.

Хууль эрх зүйн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бөгөөд энэхүү орон тоо хассан гэснийг тус хуулийг тайлбарлсан дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.2-т Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэсэн байна. Тэгвэл энэ орон тоо цөөрүүлсэн гэсэн зохицуулалтын дагуу хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэдэн орон тооноос хэдэн орон тоог хассан байна уу гэдгийг шалгахад Жейкобс Инженеринг ХХК-ны 2019/05/09-ны өдрийн 089/19 тоот тушаалаар Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай тушаал, энэхүү тушаалыг гарахаас өмнө байсан тушаалуудыг тус тус шинэчлэн судлах шаардлагатай гэж үзэж байна. Гэтэл 2019/05/09-ны өдрөөс өмнө ямар тушаал байсан эсэхийг гаргуулахаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад энэхүү тушаалаас өөр тушаал байхгүй гэсэн тайлбар хариуцагч бичгээр өгдөг. Жейкобс Инженеринг ХХК-ны 2019/05/09-ны өдрийн 089/19 тоот тушаалаар Ажил, албан тушаалын жагсаалтыг шинээр батлах, зарим ажлын байрны тодорхойлолтыг хүчингүй болсонд тооцох тухай тушаалын 2 дугаар зүйлд Гүйцэтгэх захирлын 2019/01/01-ны өдрийн тушаал байгаа нь батлагддаг. Энэхүү тушаалын хавсралт В-р одоогийн ажил албан тушаалын жагсаалт гэсэн хэсгийн 132, 133 дах хэсэгт БМШХ-н ахлах ажилтан -Босоо ам-2, Барилгын механик шугам хоолойн /БМШХ/ ахлах ажилтан -Босоо ам2 гэсэн орон тоо уг тушаалын С хавсралт: Компанийн нэмэлт өөрчлөлт оруулсан албан тушаалын жагсаалтын 124, 125-д хэвээрээ эргээд батлагдсан байгаа нь харагдана. /нийт албан тушаал баталсан хэсгээс шүүлт хийхэд хэдэн орон тоо байснаас хэдийг нь хассан байгаа нь тодорхой харагдах ёстой атал эргээд яг ижил албан тушаалыг буцаагаад томилсон/ Гэтэл давж заалдах шатны шүүх уг тушаалын хавсралт А хэсэг болох Орон тоо хассан ажилтны тоог цөөрүүлсэн албан тушаалын 2-т ажилтны тоог цөөрүүлсэн ажил албан тушаалуудад байгаа учир нэхэмжлэгчийн орон тоо цөөрсөн байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн уг тушаалын хавсралт Е хэсэгт: цуцлагдах хөдөлмөрийн гэрээ хэсэгт нэр нь хамрагдсан л болоо гээд үндсэн ажил албан тушаалын жагсаалттай харьцуулж үзэхгүй байгаа нь шүүх хэрэглэх ёстой хуулиа буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна. Тэгээд ч энэхүү тушаал шийдвэрийг батлах үед Жейкобс Инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Эшли Баскервилле энэхүү 2019/05/09-ны өдрийн 089/19 тоот тушаал батлах эрхтэй эсэх нь тодорхойгүй хариуцагч үүнийгээ нотлоогүй. Учир нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас тухайн байгууллагын удирдлага зохион байгуулалт эрх хэмжээний асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагддаг учраас үүнийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч манайд Хөдөлмөрийн дотоод журам байхгүй зөвхөн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай стандарт үйл ажиллагааны журам гэдгийг гаргаж өгсөн бөгөөд энэхүү журмын 9.6-д гүйцэтгэх захирал биш Бүх цомхтголыг Улс хариуцсан менежер болон ахлах дэд ерөнхийлөгч баталсан байна гэсэн байгаа болно. Мөн 9.6.1-д заасан Цомхтгох ажиллагааны журмаа зөрчсөн байгаа учраас гүйцэтгэх захиралд тухайн үед энэ тушаал шийдвэрийг гаргах эрх нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Гүйцэтгэх захирал Эшли Баскервилле-д цомхтгол хийх эрх олгосон албан бичигт хэзээ эрх олгосон эсэх нь тодорхойгүй огноо байхгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Хариуцагч******* буюу хуучин нэрээр Жейкобс инженеринг ХХК нь нэхэмжлэгч *******ыг ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа 2019/12/31-ны өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч *******ыг өмнө эрхэлж байсан барилгын шугам хоолойн ахлах ажилтны эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна ... гэж шийдвэрлсэнийг хариуцагч нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээ дуусгавар болохоос өмнө 2019/08/09-ны өдрийн 152/19 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалаар ажлаасаа орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдсан болно. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэл болгоод байгаа үйл баримт буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан байна гэж зөв дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,*******-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.07.31-ний өдрийн 152/19 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

******* Жейкобс инженеринг ХХК-нд 2018.01.22-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр барилгын механик шугам хоолойн ахлах ажилтнаар нэг жилийн хугацаатай ажилд орсон, улмаар гэрээний хугацааг 2019.12.31-ний өдрийг хүртэл сунгажээ.(хх-3 дугаар хавтасны 55-56 дугаар тал)

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.07.31-ний өдрийн 152/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр *******ыг ажлаас чөлөөлжээ.(хх-24)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Жейкобс инженеринг ХХК нь******* гэж нэрээ өөрчилжээ.

Ажил олгогч, тушаалын үндэслэлийг ажилтны орон тоо цөөрүүлэхдээ ур чадвар давуу талыг харгалзан үзсэн, нэхэмжлэгчийн хувьд 2019 оны ажлын гүйцэтгэл, ур чадварын үнэлгээ доогуур үнэлэгдсэн нь ажлаас чөлөөлөх нөхцөл болсон, сонгуульт ажлынхан хувьд ялгаварлан гадуурхаж Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль зөрчсөн, цөөрүүлсэн ажлын орон тоог дахин бий болгож буцааж ажилтан авсан байдал байхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Жейкобс инженеринг ХХК-ийн (хуучин нэрээр) гүйцэтгэх захирлын 2019.05.09-ний өдрийн 089/19 дугаар тушаалаар компанийн бизнесийн үйл ажиллагааны шаардлагыг, үндэслэн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, компанийн нийт 419 ажлын байр орон тоог 374 болгон цөөрүүлсэн байх ба үүнд нэхэмжлэгчийн ажлын байр болох барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоо багтсан нь хэргийн 102 дугаар талд авагдсан Хавсралт А: Орон тоо хасагдсан/ажилтны тоог цөөрүүлсэн ажил, албан тушаалын жагсаалт, 118 дугаар талд авагдсан Хавсралт Е: Цуцлагдсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал нь байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажилчдын орон тоог цөөрүүлэх, шинэчлэн тогтоох шийдвэр гаргах эрхтэй болох нь Жэйкобс инженеринг ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, зэрэг баримтаар тогтоогджээ. (хх-37-39, 148-153 дүгээр тал)

Компани нь ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийн хувьд бизнесийн үйл ажиллагааны ашиг, алдагдлыг тооцож компанийн бүтэц зохион байгуулалт, ажил, албан тушаалын орон тоог эрх бүхий этгээд нь хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрхтэй болно.

Хариуцагч Жейкобс инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.05.09-ний өдрийн 089/19 дугаар тушаалаар компанийн зарим ажиллагсдын орон тоо цөөрүүлсэнд нэхэмжлэгч *******ын ажлын байр болох барилгын механик шугам хоолойн ахлах ажилтны орон тоо багтсан, энэ үндэслэлээр түүнд хуульд заасан хугацаанд мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөн, тэтгэмжийг олгосон нь хэргийн баримтаар тогтоогджээ.(хх-94)

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгож шийдвэрлэсэн нь алдаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 -д заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж нэхэмжлэгч *******ын ажлын байрны орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг маргааны харилцаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн ажилтны орон тоо цөөрүүлсэн нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны хувьд нэхэмжлэгчид давуу байдал үүсгэхгүй гэсэн нь Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг зөвтгөсөн боловч хариуцагч гомдол гаргаагүй гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь талуудын маргаанд шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцсэн, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01861 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1899 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ

                               ШҮҮГЧИД                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД