Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01921

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01921

 

 

 

 

                        “Д.Б.Ү.Э.Г”

                          ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00755 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Д.Б.Ү.Э.Г” ТӨҮГ-ын хариуцагч “Г.Б.Н.М” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот 2 давхар 637 м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах, түрээсийн төлбөрт 77 937 625.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б.Ү.Э.Г нь Голден бридж боловсролын төвд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот, 637м.кв бүхий 2 давхар байрыг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай ажлын байрны зориулаптаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. “Голден бридж нью Монголиа” ХХК нь түрээсийн гэрээ байгуулснаас хойш гэрээний 3.2 дахь хэсэгт заасан зөрчлийг удаа дараа гаргаж түрээсийн төлбөрийг байнга хожимдуулан төлж, авлага үүсгэсэн. Мөн Иргэний хуулийн 323.1 дэх заалт, Түрээсийн гэрээний 8.3-т заасныг тус тус зөрчин түрээсийн байрыг “Баухаус” ХХК, “Эй Кэй Юу” ХХК, “Билштайн” ХХК-уудад дамжуулан давхар түрээсэлж 33 000 000 төгрөгийн хууль бус ашиг олсон. Манай байгууллагаас тус компанид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн боловч шаардлагыг хүлээж аваагүй тул 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс талуудын хооронд байгуулсан турээсийг дуусгавар болгож, гэрээг цуцлах тухай мэдэгдэл, байр чөлөөлөх, түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн. Гэвч Голден бридж сургалтын төвөөс төлбөрийг барагдуулах тухай амлалт, хүсэлт бүхий албан бичиг ирүүлж байсан ч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг барагдуулалгүй гэрээний 3.2-т заасан зөрчил гаргасан. Түрээсийн гэрээ 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон боловч түрээслэгч “Голден бридж Нью Монголиа” ХХК нь Иргэний хуулийн 321.5, 326 дугаар зүйлд заасан түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ хэрэгжүүлэхгүй төрийн өмчийн эд хөрөнгийг чөлөөлөхгүй, байр хүлээж авах, шаардлагыг хүлээж аваагүй. Хариуцагч байрыг чөлөөлж өгсөн учир уг нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 01 сар хүртэлх түрээсийн төлбөрт 51 958 417.20 төгрөг, түрээсийн гэрээний 3.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож алданги 25 979 208.60 төгрөг, нийт 77 937 625.81 төгрөгийг нотариатын зардал 21 900 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Голден бридж боловсролын төвтэй түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг “Г.Б.Н.М” ХХК-аас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түрээсийн гэрээний “Голден бридж” боловсролын төвийн тамга дээр “Их Монголын удам” ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв гэсэн бичвэр байгаа. Голден бридж боловсролын төв нь “Г.Б.Н.М” ХХК-д хамаарахгүй. Голден бридж боловсролын төвийн захирал П.Мэндбаяр, “Г.Б.Н.М” ХХК-ийн захирал Д.Мэндбаяр гэж байгаа нь Голден бридж боловсролын төвтэй байгуулсан гэрээний үүргийг “Г.Б.Н.М” ХХК-аас нэхэмжлэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар хариуцагч “Г.Б.Н.М” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Д.Б.Ү.Э.Г ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 948.12 төгрөгийг улсын төсвийн 26 09 00 61 67 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ичинхорлоо давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг шууд нэр зааж тодорхойлсон бөгөөд “Их Монголын удам” ХХК, “Их Монголын Уудам” ХХК гэж зөрүүтэй байдлаар хуулийн этгээдийн нэрийг дурдаж хариуцлагагүй хандахын зэрэгцээ, нэхэмжлэгч бус шүүх хариуцагчийг нэр зааж тогтоодог жишиг бий болгосон. Манай байгууллага шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шүүхийн шийдвэрт зааснаар “Их Монголын Удам” ХХК-ийн дэргэдэх “Голден бридж боловсролын төв”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12221 дугаартай захирамжаар “Их Монголын Удам” ХХК-д холбогдуулан гаргаж буй эсэх, Голден бридж боловсролын төвд холбогдуулан гаргаж буй эсэх нь тодорхойгүй байна гэж нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхэд “Их Монголын Удам ХХК-д холбогдуулан дахин нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 932 дугаар захирамжаар “Их Монголын удам” ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гүйцэтгэж, “Их номгоны удам” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан П.Мэндбаярыг шүүхэд дуудан ирүүлсэн бөгөөд тэрээр “Их Монголын Удам” ХХК-тай ямар нэг хамааралгүй, миний нэр дээр “Их Номгоны удам ХХК харьяалагдаж байгаад татан буугдаж, одоо улсын бүртгэлд уг хуулийн этгээд байхгүй” гэх тайлбарыг гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Их номгоны удам” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдаж, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Манай байгууллага хариуцагчаа зөв тодорхойлсон байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар шийдвэрт “Их Монголын удам” ХХК нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 11/3991 дугаартай албан бичигт дурдсан. Монгол Улсад огг бүртгэлгүй, урьд бүртгэгдэж байгаагүй хуулийн этгээдээс шаардах эрхтэй болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан. “Голден бридж нью монголиа” ХХК нь “Д.Б.Ү.Э.Г” ТӨҮГ-т холбогдуулан засварын зардал гаргуулах тухай нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан атал Д.Б.Ү.Э.Г ТӨҮГ нь “Голден бридж нью монголиа” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад “Голден бридж нью монголиа” ХХК нь Д.Б.Ү.Э.Г ТӨҮГ-ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “...Голден бридж сургалтын төвд олгосон гэрчилгээ, “Голден бридж нью монголиа” ХХК-ийн дэргэдэх Голден бридж сургалтын төвийн гэрчилгээг сунгах хүсэлтийг гаргаж байсан” талаарх баримтыг ирүүлсэн байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар шийдвэрт заасан баримт нь манай байгууллага болон “Голден бридж нью монголиа” ХХК-ийн хооронд харилцаж байсан албан бичиг бөгөөд уг баримт “Их Монголын Удам” ХХК гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй болно. “Д.Б.Ү.Э.Г” ТӨҮГ нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77 937 625 төгрөгийг шаардах эзэнгүй болж байгаа бөгөөд нотлох баримтад үндэслээгүй шүүхийн шийдвэрээс үүдэн төрийн өмчит үйлдвэрийн газар хохироход хүрээд байна. “Голден Бридж Нью Монголиа” ХХК нь уг түрээсийн төлбөрийг хариуцах хариуцагч мөн. “Голден бридж” боловсролын төвтэй байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу төлбөр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрт 51 958 417 төгрөг, алданги 25 979 208 төгрөг, нотариатын зардал 21 900 төгрөг гаргуулна. Хариуцагч “Голден бридж Монголиа” ХХК-д төлбөрийг төлөхийг удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан ба “Голден бридж нью Монголиа” ХХК-аас түрээсийн төлбөрийг төлөх хүсэл зоригийг удаа дараа илэрхийлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай нотлогддог ба хариуцагч нь олон удаагийн албан бичгээр түрээсийн төлбөр, болон ашиглалтын зардлыг үлдэгдэл байгаа талаар маргаагүй. “Голден бридж нью Монголиа” ХХК нь түрээсийн байрыг бидэнд мэдзгдэлгүй дамжуулан түрээслэн ашиг олж байсан болох нь “Билштайн Монгол” ХХК, “Боухаус” ХХК, “Эй Кэй Юу” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагч нь шүүхэд түрээсийн төлбөрийн тооцоололд маргаж, шүүхэд хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар Хариуцагч нэхэмжпэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй.  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, /318.1/ 232 дугаар дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 77 937 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Д.Б.Ү.Э.Г” ТӨҮГ нь хариуцагч “Г.Б.Н.М” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж ДБҮЭГ-ын 12 тоот 2 давхар 637 м.кв байрыг чөлөөлүүлэх, албадан суллуулах, түрээсийн төлбөрт 77 937 625.81 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 29-33 дугаар талд авагдсан баримт болох “Г.Б.Н.М” ХХК-ийн албан бичгүүдэд “... сургалтын төвийн түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйд хүлцэл өчиж, төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болон гэрээг анх байгуулсан хугацаагаар дуусгах, төлбөрийн тооцооны үнийн дүн зөрүүтэй байгаатай холбоотой 2 тал албан ёсоор уулзалт хийж шийдвэрлэх хүсэлтэй, уулзалтаас гарах түрээсийн тооцоог биелүүлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэж дурдсан.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс талууд түрээсийн гэрээг шууд өөр хоорондоо байгуулаагүй боловч гэрээний дагуу үүссэн үүргийг хариуцагч байгууллага өөртөө шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал байгаа талаар тайлбар гаргаж байсныг “Голден бридж нью монголиа” ХХК нь няцаагаагүй байна.

Хариуцагч “Голден бридж нью монголиа” ХХК нь түрээсийн гэрээтэй холбоотой үүргийг гүйцэтгэх талаар зөвшөөрсөн агуулга бүхий баримт бичиг, нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, талууд уг асуудлаар мэтгэлцсэн эсэх нь тодорхойгүй байна. Түрээсийн гэрээний нэг талыг “Их монголын удам” ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв, “Их монголын уудам” ХХК-ийн дэргэдэх Голден бридж боловсролын төв гэж хоёр өөр зөрүүтэй тодорхойлж, нэхэмжлэгч байгууллагыг хариуцагчтай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулаагүй гэж үзэн, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны зүйлийг тодруулаагүй байна. 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2 дах хэсэгт зааснаар өр буюу үүрэг шилжих болон  өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч тавих эрхтэй гэж зохицуулсан.

Эдгээрээс үзэхэд “Голден бридж нью монголиа” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын өөр компанитай байгуулсан түрээсийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэх боломжтой болно. Талууд хоорондын маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг маргааны үйл баримтад харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар дээрх түрээсийн гэрээнд “Их номгоны удам” ХХК-ийн дэрэгдэх “Голден Бридж Боловсролын төв” гэсэн тамга дарагдсан гэж зохигчид тайлбарлах боловч хэрэгт авагдсан гэрээний хуулбараас тодорхой уншигдахгүй, жинхэнэ эхийг шаардан аваагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна./хх9-13/ “Их номгоны удам” ХХК нь татан буугдсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар эрх залгамжлан авах асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болно.

Иймд талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхэд бүрэн мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Б.НАРМАНДАХ