| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 102/2020/01364/И |
| Дугаар | 01920 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 01920
| 2020 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2020/01920 |
С.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч Г.Эт холбогдуулан гаргасан 7 256 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: С.Б нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр, Хар нүдэн гэх газарт улаан буудайн тариалан эрхэлдэг бөгөөд 2016 оны 8 дугаар сард Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн үр тариа хураах зориулалт бүхий комбайныг 9 000 000 төгрөгөөр иргэн Г.Эын удаа дараагийн хүсэлтээр худалдаж, шилжүүлэн өгсөн байдаг. Г.Э С.Бд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд комбайны үнээс 6 500 000 төгрөг одоогоор төлөгдөөгүй байгаа. Тухайн үед комбайныг авч явахдаа Г.Э нь Архангай аймаг руу өөрөөр нь /тээвэрлэж биш/ явуулж хүргэсэн бөгөөд замын холд эвдрэл гэмтэл гарч магадгүй гэж үзэн С.Б өөрт байсан шинэ сэлбэг болох явах ремин /вариатирын ремин/-ээс хоёр ширхэгийг Г.Эын эзэмшилд шилжүүлэн өгч явуулсан бөгөөд замдаа эвдэрч гэмтээгүй тул уг сэлбэгийг буцааж өгөх ёстой байсан хэдий ч буцаан өгөөгүй. Мөн тухайн үед комбайныг авч явахдаа Г.Э нь С.Бгаас 320 литр түлш зээлж авч явсан бөгөөд одоо хүртэл уг түлшний мөнгийг эргүүлэн өгөөгүй. Төлөх ёстой комбайны үнэ болон эзэмшилд нь түр зуур шилжүүлсэн сэлбэг, зээлж авсан түлшний мөнгө зэргийг төлөлгүй маш их цаг хугацаа авсан тул тухайн үйл баримтыг Эрүүгийн хуульд заасан залилангийн үйлдэл хийж байна гэж үзэн Г.Баасан 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар хянаж, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5/49 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол үйлдсэн. Уг тогтоолд Г.Э нь комбайныг худалдаж авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрөн, комбайны үнийг төлж барагдуулаагүй байгаа тухай мэдүүлэг, тогтоох хэсгийн 2-т төлбөр барагдуулах талаарх ажиллагааг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй тухай тус тус дурьдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн Г.Эын худалдан авсан комбайны үнийн үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөг, тухайн үед хариуцагч Г.Э нэхэмжлэгч С.Бгаас 320 литр түлш зээлсэн үнэ 576 000 төгрөг, Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн Г.Эын эзэмшилд түр шилжүүлсэн сэлбэг болох явах ремин 2 ширхэгийг, эсвэл уг сэлбэгийг үнэ болох 180 000 төгрөг, нийт 7 256 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Э нь 2016 оны 8 сард Хөтөлд явж байхдаа тухайн комбайныг худалдаж авахаар хоорондоо тохиролцож үнийг боломжоороо төлж бай гэсэн байдаг. Харин түлш болон ремэнийг нэхэмжлэгч “би өөрөө өгнө” гээд өгсөн байдаг. 2018 оны 1 сард 1 000 000 төгрөг, 2018 оны 11 сард 1 500 000 төгрөг, 2019 онд 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 3 500 000 төгрөг шилжүүлчихлээ бичиг баримтаа бүрдүүлээд аваад ирээч гэхэд Цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 15-нд хандсан боловч Прокурорын тогтоол гарсан. Би С.Бтай утсаар яриад бичиг баримтаа аваад ирвэл үнэлгээнд оруулъя гэхэд юун бичиг баримт юу яриад байгаа юм гэдэг. Тээврийн хэрэгслийн бичиг баримт нь ирээгүй болохоор ямар машин техник хэрэгсэл худалдаж авсан гэдгээ үнэлүүлэх боломжгүй болсон. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, гэрчилгээгээ өгөөгүй болохоор манайх энэ комбайныг буцааж өгье гэсэн байр суурьтай байна. Дараа нь хулгайн эд зүйл болох юм уу ямар ч тодорхойлох зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Барнууд овогт Гансэлэмийн Энхбаатараас 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цанжид овогт Сүрьеэгийн Баасанд олгож, нэхэмжлэлээс 756 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 046 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх “нэхэмжлэгч нь комбайныг улсад бүртгүүлээгүй бол түүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг шаардах үндэслэлгүй” гэж ташаа дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, эзэмшигч нь тодорхойгүй, баталгаажаагүй техник хэрэгслийг ямар бичиг баримт үндэслэж улсын бүртгэлд бүртгүүлэх гэдэг асуудал хариуцагчид үүссэн. Хариуцагчийн худалдан авч буй комбайн нь тухайн үед ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, МУ-ын хилээр гаалийн татвар төлөгдөж, тодорхой аж ахуй нэгж, хувь хүн төлбөр төлж улсын бүртгэлд бүртгүүлж, улсын дугаар авах ёстой. Гэтэл уг комбайн нь хулгайн эсвэл актлагдсан эсэхийг мэдэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Г.Эт холбогдуулан комбайны үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөг, 320 литр түлшний үнэ 576 000 төгрөг, 2 ширхэг реминий үнэ 180 000 төгрөг, нийт 7 256 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нийт 3 500 000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн, одоо доголдолтой хөрөнгийг нь буцааж өгнө, түлш болон сэлбэгийн үнийг комбайны үнэд оруулаад өгсөн гэж маргаж байна.
Зохигчид ОХУ-д үйлдвэрлэгдсэн үр тариа хураах зориулалт бүхий комбайныг 9 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд уг комбайныг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх-1-2, 6, 45-46/
Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ, Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2.5.2-т механизмын улсын дугаарыг бүх төрлийн дугуйт трактор, өөрөө явагч машин механизмд бүртгэнэ гэж тус тус заажээ.
Шүүх хариуцагчийг тээврийн хэрэгслийн бүртгэлийг хуульд заасны дагуу хугацаандаа хийгээгүй нь шаардах эрхээ алдсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байх боловч худалдах, худалдан авах гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэнд тооцож, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, хариуцагч нь комбайныг өмчлөх эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг холбогдох газарт бүртгүүлж гэрчилгээ авалгүйгээр бусдад худалдсан нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлажээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Гэтэл худалдан авагч нь гэрээгээр эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь баримтаар нотлогдоогүй байна.
Худалдах худалдан авах гэрээний зүйл болж буй комбайн бичиг баримтгүй байсан нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн эрхийн доголдолтой эсхүл биет байдлын хувьд доголдолтой гэх нөхцөл шууд болохгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагч гэрээний төлбөрт нийт 3 500 000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ, хэрэгт авагдсан дансны хуулга зэргийг харьцуулан үзэж хариуцагчийг гэрээний төлбөрт нийт 2 500 000 төгрөг төлсөн гэж үзэж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 6 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөн нэхэмжлэгч түлшний болон 2 ширхэг реминий үнийг шаардсан үндэслэлээ эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас эдгээртэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ