Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01953

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01953

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мядагбадам, Б.Саяболд нар ирсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтандавалгаа” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бгийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан. Д.Бгийн өмчлөлийн зүйлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч н.Элбэгзаяа гэх хүнээс санал авч энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байна. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа Д.Б гэх хүний саналыг авахгүйгээр шууд шинжээч томилж, шинжээч нь 83 000 000 төгрөгөөр үнэлгээ гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Д.Бгаас үнийн саналыг нь авах ёстой. Үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б нарт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/07 тоот, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б нарын төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2019/05 тоот, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр Б.Элбэгзаяад, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Бд тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй. Талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 тогтоолоор шинжээч томилж, улсын бүртгэлийн Y-2201002545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 69,188,900 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 83,765,700 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Дээрх үнэлгээний мэдэгдэл болох 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4/15519 дугаар албан бичгийг Б.Элбэгзаяа нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр гардаж авсан. Төлбөр төлөгч Д.Бд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4/15520 дугаар мэдэгдлийг шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс үнэлгээний талаарх 4/15520 тоот мэдэгдлийг 2019 оны 7-р сарын 04-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байна гэж үзэн нэхэмжлэлийг гаргахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2019 оны 7-р сарын 4-ний өдрийн мэдэгдлийн баруун доод хэсэгт байх монгол шуудан гэсэн тэмдэг байх хэдий ч энэ нь шууданг “хүлээн авсан” эсвэл шууданг “хүлээн авалгүй буцсан” эсэхийг хангалттай нотлосон баримт биш юм. Энэ нь тухайн мэдэгдлийг шууданд хийснийг л нотлоно. Шууданд хийсэн нь очсон эсэх, эсвэл буцсан эсэх нь тодорхойгүй байна. Харин тухайн мэдэгдлийг надад хүлээлгэн өгсөн эсэхийг хариуцагч нотлох ёстой байсан. Шуудан буцсан эсэхийг монгол шуудангаас тодруулах боломж байсан. Энэ баримтыг хариуцагч өгөх боломжтой байсан. Шуудан очих газраа очоогүй буцсан учир үүнийг санаатай нуун дарагдуулсан юм. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх тодруулах бүрэн боломжтой байтал энэ талаар баримт цуглуулаагүй нь буруу юм. 2019 онд миний эрүүл мэнд их муу байсан, олон сараар шар хадны эмнэлэгт эмчлүүлж байсан. Энэ хугацаанд ирээд буцсан байна гэж би ойлгож байгаа. Иймээс нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 01436 дугаар тогтоолоор Б.Элбэгзаяагаас 187 292 900 төгрөгийг гаргуулж, Алтандавалгаа ХЗХ-д олгож, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 48-65 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хураан авсан, мөн албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг талууд тохиролцоогүйн улмаас шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 70-79/

Тодруулбал, хариуцагч байгууллага төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг төлбөр төлөгч болон тухайн хөрөнгийн өмчлөгч Д.Бд түүний 99165172 номерын утсанд захиа бичин мэдэгдсэн боловч тэрээр ирүүлээгүй, харин төлбөр төлөгч Б.Элбэгзаяа үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч  хэт өндөр үнээр үнэлсэн гэж зөвшөөрөөгүй болох нь хэргийн 76-78 дугаар талд авагдсан баримтаар нотлогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 06 сарын 17-ны өдрийн тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны үнэлгээг 83 765 700 төгрөгөөр тогтоосон байна. /хх84/

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 07 сарын 04-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. /хх83/

Учир нь, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин суух хаягаар мэдэгдсэн байх ба шуудангийн байгууллага хаяг андуурсан, илгээмж буцаж ирсэн талаар баримтгүй, мөн энэхүү үнийн талаарх 7/15519 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Элбэгзаяа нь 2019 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авсан байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн мэдэгдлийг хүлээн аваагүй, тухайн үнийн талаар мэдээгүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй болно. /хх82/ Энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                     ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                        Б.НАРМАНДАХ