Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01938

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оныс07 срын   28 өдөр

                               181/ШШ2020/01938

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Н Ш Ш Г Г т  холбогдох

 

            Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтандавалгаа хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б гийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрэгжүүлсэн. Хураан авч, битүүмжилсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа төлбөр авагч, төлбөр төлөгч, тухайн хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээд, өмчлөгч зэргээс үнийн санал авч тохиролцоогүй, санал нийлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилдог журамтай.

Д.Б гийн өмчлөлийн зүйлээр ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч н.Элбэгзаяа гэх хүнээс санал авч энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байна. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа Д.Б  гэх хүний саналыг авахгүйгээр шууд шинжээч томилж, шинжээч нь 83,000,000 төгрөгөөр үнэлгээ гаргаад дуудлага худалдаанд оруулах гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Д.Б  гэх хүнээс эхлээд саналыг нь авах ёстой.

Иймээс Д.Б гийн хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналыг мэдэгдсээр байхад өгөөгүй бол Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ гаргуулахаар процесс ажиллагаа хийгдэх ёстой мэтээр тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт бол талууд болон өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй бол үнэлгээ хийлгэх заалт юм. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол гээд маш тодорхой зааж өгсөн. Иймээс үнийн саналын тохиролцоо явагдаж байж хөрөнгийн үнэлгээчин томилох эсэх асуудал шийдэгдэх ёстой.

Алтандавалгаа хадгаламж зээлийн хоршооны үнийн саналыг Д.Б  хүлээж авч магадгүй байсан шүү дээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг асуудлыг хийхгүйгээр мэдэгдэл явуулсан гэх халхавчаар хуулиар нарийн зохицуулсан журам зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлээд явж байгаа нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Хөрөнгийн үнэлгээчин томилсон асуудал нь эхнээсээ хууль зөрчиж хийсэн үйлдэл болох нь харагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт шүүхээс гадуур шинжилгээ хийлгэх гэж байгаа тохиолдолд тухайн шинжээчид хууль сануулж, эрх үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулах хуулийн зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудалд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтална гэж заасан байгаа.

Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудалд Шүүхийн шинжилгээний тухай хуулийг журамлах юм бол шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээчин томилж улмаар хөрөнгийн үнэлгээчний компаниас тухайн үнэлгээ хийлгэх шинжээчээ томилон ирүүлж, шинжээчид хуульд заасны дагуу аливаа ашиг сонирхол гуравдагчийн аль нэг талд оролцохгүйгээр хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу шударгаар гаргана гэсэн эрх үүрэг, хуулийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсны дараа үнэлгээг хийлгэх ёстой. Ашиг сонирхлын зөрчил үүсэх, хуулиар хүлээсэн үүргээ зөрчих асуудлууд хөндөгдөх магадлалтай учраас шинжээчид заавал хууль сануулсны дараа ажиллагаа хийгдэнэ. Гэтэл Д.Б гийн асуудалд ямар ажиллагаа хийгдээгүй.

Шийдвэр гүйцэтгэх алба Д.Б  гэх өмчлөгчийн хуулиар олгосон эрх, өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх газраас Д.Б д мэдэгдэл явуулсан гэх боловч тухайн мэдэгдлийг хүлээж авсан болохыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б  нарт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2019/07 тоот, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б  нарын төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө ррон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2019/05 тоот, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр Б.Элбэгзаяад, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Б д тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч Б.Элбэгзаяа 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002545 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 мк.в талбайтай 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнийн саналаа бичгээр ирүүлсэн боловч, төлбөр төлөгч Д.Б  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Y-2201002545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 69,188,900 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 83,765,700 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

Дээрх үнэлгээний мэдэгдэл болох 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4/15519 дугаар албан бичгийг Б.Элбэгзаяа нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биеэр гардаж авсан. Төлбөр төлөгч Д.Б д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4/15520 дугаар мэдэгдлийг шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Уг мэдэгдлийн талаар ямар нэгэн шалтгаанаар буцаалт хийсэн талаар баталгаат шуудангийн газраас ирүүлээгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот 38 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 83,765,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00572 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1087 дугаар магадлалаар “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шийдвэрлэж өөрчилсөн ба Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1436 дугаар тогтоолоор уг заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны 1109 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2019 оны 04 дүгээр сраын 12-ны өдрийн 19280111/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 19280111/05 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Хариуцагч нь төлбөр авагч Алтан давалгаа ХЗХ-оос 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, төлбөр төлөгч Б.Элбэгзаяагаас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үнийн саналыг тус тус авсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор “Хөрөнгө эстимэйт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Хөрөнгө эстимэйт ХХК” нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 83,765,700 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгч Д.Б гаас үнийн санал аваагүй, Д.Б  нь өөрийн төлөөлөгчийг томилсон байхад төлөөлөгчид нь мэдэгдээгүй, мөн үнэлгээний тухай мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарны 19-ны өдөр мэдсэн”, хариуцагч нь “үнэлгээний тухай санал авахаар мэдэгдэх хуудас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн” гэж тус тус тайлбарласан.

 

Мөн, хариуцагч нь үнийн санал авах тухай мэдэгдсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Д.Б гаас үнийн санал аваагүй гэж үзэхээр байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4/15520 тоот мэдэгдлээр Д.Б гийн хаягаар шуудангаар хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь үнэлгээний талаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэж заасан ба уг мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар мэдэгдэх хуудсыг шууданд хийсэн өдрөөс 7 хоногийн хугацааг тоолох хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЭНХБАЯР