Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01073

 

 

                                                           Д.Б-ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1953 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат нарын хамтран гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Алтандавалгаа хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй иргэний хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-ийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан. Д.Б-ийн өмчлөлийн зүйлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Б.Элбэгзаяа гэх хүнээс санал авч энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байна. Гэтэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа Д.Б гэх хүний саналыг авахгүйгээр шууд шинжээч томилж, шинжээч нь 83,000,000 төгрөгөөр үнэлгээ гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Д.Б-аас үнийн саналыг нь авах ёстой. Үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б нарт 2019.03.15-ны өдрийн 01 тоот, 2019.05.13-ны өдрийн 2019/07 тоот, 2019.05.28-ны өдрийн 07 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг удаа дараа өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Элбэгзаяа, Д.Б нарын төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 16 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2019.05.22-ны өдрийн 2019/05 тоот, 2019.05.28-ны өдрийн 19280111/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019.06.04-ний өдрийн 4/13593 дугаар албан бичгээр Б.Элбэгзаяад, 2019.06.11-ний өдрийн 1/14116 дугаар албан бичгээр Д.Б-д тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн саналаа ирүүлээгүй. Талууд харилцан тохиролцоогүй тул 2019.06.17-ны өдрийн 201 тогтоолоор шинжээч томилж, улсын бүртгэлийн Y-2201002545 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 69,188,900 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2201000973 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 83,765,700 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Дээрх үнэлгээний мэдэгдэл болох 2019.07.04-ний өдөр 4/15519 дугаар албан бичгийг Б.Элбэгзаяа нь 2019.07.05-ны өдөр өөрийн биеэр гардаж авсан. Төлбөр төлөгч Д.Б-д 2019.07.04-ний өдөр 4/15520 дугаар мэдэгдлийг шүүхийн шийдвэрт заагдсан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1953 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх үнэлгээний талаарх 4/15520 тоот мэдэгдлийг 2019.07.04-ний өдөр шуудангаар хүргүүлсэн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 2019.07.04-ний өдрийн мэдэгдлийн баруун доод хэсэгт байх монгол шуудан гэсэн тэмдэг байх хэдий ч энэ нь шууданг хүлээн авсан эсхүл шууданг хүлээн авалгүй буцсан эсэхийг хангалттай нотолсон баримт биш юм. Энэ нь тухайн мэдэгдлийг шууданд тодорхой нэг этгээдэд хаяглан хийснийг л нотолж чадна. Харин өөр зүйлийг нотолж чадахгүй. Шууданд хийсэн мэдэгдэл нь зохих ёсоор очсон эсэх, эсхүл буцсан эсэхийг нотолж чадахгүй, энэ асуудал тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шуудангаар мэдэгдэл ирээгүй гэдэг ба харин 2020.05.19-ний өдөр нэхэмжлэгч өөрөө очиж хуулбар үнэн даруулж авсан байдаг. Тухайн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэхийг хариуцагч нотлох ёстой байсан гэж үзэж байна. Зөв хаягаар хийсэн эсэх, шуудан буцсан эсэх нь тодорхой бус байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Нэхэмжлэгчид үнийн санал авах талаар огт мэдэгдээгүй байтал шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдсэн гэдэг. Тэгсэн хэрнээ тухайн мэдэгдэл нь байдаггүй. Эндээс огт үнийн санал авах талаар мэдэгдээгүй хэрнээ үнэлгээ хийсэн нь нотлогддог. Шуудангаар мэдэгдлийг хүлээн авсан тухай тэмдэглэл хийгдсэн гэх боловч хувийн хэргийг бүхэлд нь гаргуулж авахад тийм тэмдэглэл гарч ирээгүй. Шууданг хүлээн аваагүй учир тийм тэмдэглэл хийгээгүй өнгөрөөсөн. Эсвэл хүлээн аваагүй нөхцөл байдлыг нуухын тулд шүүхэд гаргаж өгөөгүй байж болно. Үүнийг мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хувийн хэрэг гаргуулахад баруун доод хэсэгтээ шуудангийн тэмдэг бүхий албан мэдэгдэл байсан. Үнэхээр шуудангаар нэхэмжлэгчид ирсэн бол шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг дунд биш, тэр шуудангийн дардас бүхий мэдэгдэл нь нэхэмжлэгчид байх учиртай. Нэхэмжлэгчид өгсөн гэх мэдэгдэл нь хувийн хэрэгт нь байж байхад нэхэмжлэгчид яаж мэдэгдсэн болж таарах вэ, тэр мэдэгдлийг шуудангаас буцаасан учир тухайн мэдэгдэл хувийн хэрэгтээ хадгалагдаж байгаа юм. Энэ талаар буюу шуудан буцсан эсэх асуудлыг анхан болон давж шатны шүүх хуралдаан дээр удаа дараа ярьж, асуулт тавьж байсан. Гэтэл шүүхээс энэ тухай баримтыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзээгүй. Шуудан буцсан эсэхийг монгол шуудангаас тодруулах боломж байсан. Энэ баримтыг хариуцагч өгөх боломжтой байсан. Шуудан очих газраа очоогүй буцсан учир үүнийг санаатай нуун дарагдуулсан юм. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх тодруулах бүрэн боломжтой байтал энэ талаар баримт цуглуулаагүй нь буруу юм. 2019 онд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал их муу байсан, олон сараар шар хадны эмнэлэгт эмчлүүлж байсан. Энэ хугацаанд ирээд буцсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Иймээс нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод байрлах 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат нарын хамтран хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг баримтлахыг шаардахгүй.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороолол 2/58 дугаар байрны 15 тоот, байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Хариуцагч хураагдсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийн саналыг ирүүлэхийг төлбөр төлөгч Д.Б-д түүний 99165172 дугаарын утсанд 2019.06.10-ны өдөр мэдэгдсэн байна.

Д.Б 99165172 дугаарын утас эзэмшдэг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.05.28-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгөд анхны албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийн саналыг ирүүлэхийг Д.Б-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар мэдэгдсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Д.Б үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авах талаар огт мэдэгдээгүй болохыг баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат нарын хамтран гаргасан “...нэхэмжлэгчид үнийн санал авах талаар огт мэдэгдээгүй...” гэсэн гомдол үндэслэлгүй.

2.Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлбөгч Д.Б үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр төлөгч Б.Элбэгзаяа 2019.06.12-ны өдөр уг орон сууцыг 180,000,000 төгрөг үнэлсэн үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч “Алтандавалгаа” хадгаламж зээлийн хоршоо хэт өндөр үнээр үнэлсэн гэж зөвшөөрөөгүй тул хариуцагч 2019.06.17-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2019.11.20-ны өдөр шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

3. Хариуцагч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019.06.21-ний өдрийн үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Б-д 2020.07.04-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Д.Б Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 15 тоотод оршин суух хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр хугацаанд эзгүй байсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.21-ний өдөр нэхэмжлэлээ гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхгүй.

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг Д.Б-д 2020.07.04-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.7-д заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээж аваагүй, хариуцагчийг шууданд хүргүүлээгүй, олон сараар шар хадны эмнэлэгт эмчлүүлж байсан зэргийг бичгийн баримтаар нотлож чадаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй байна. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж зааснаар мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ.

Эдгээр нөхцөл байдлын талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат нарын хяналтын журмаар хамтран гаргасан “...нэхэмжлэгчид шуудангаар мэдэгдэл ирээгүй, ...мэдэгдлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэхийг хариуцагч нотлох ёстой...” гэх утгатай гомдол хангагдахгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01938 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1953 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ   

                                            ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД