Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01952

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01952

 

 

                              Э.К ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.К ББСБХХК-ийн хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан 580 399 222 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: “Экокапитал ББСБ” ХХК нь иргэн Ж.Бтай 2015 оны 10 сарын 27-ны өдөр 15/240 тоот зээлийн, 15/240а тоот барьцааны гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалтай 336 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 73 666 300 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 18 800 000 төгрөг төлсөн ба 126 333 700 төгрөгийн үндсэн зээл 358 445 102 төгрөгийн хуримтлагдсан хүү төлөгдөөгүй байна. Зээлдэгч Ж.Баас зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шаардаж удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймээс зээлдэгч Ж.Баас 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 15/240 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 126 333 700 төгрөг, зээлийн хүү 396 760 556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 304 966 төгрөг нийт 580 399 22 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Экокапитал ББСБ” ХХК-аас 2015 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай 200 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлээс үндсэн зээлийн төлбөрт 73 666 300 төгрөгийг, хүүнд 18 800 000 төгрөг, нийт 92 466 300 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 126 333 700 төгрөг төлөх юм. Гэтэл үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү бодож 580 399 222 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 126 333 700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 454 065 522 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Баас 523 094 256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 304 966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037456 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 130 146 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 2 843 621.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж процессийн зөрчил гаргаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч Ж.Бд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хэргийн оролцогчид хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч Ж.Бд шүүх хуралдааны товийг мэдэгдээгүй атлаа мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хийж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Нэхэмжлэгч Э.К ББСБХХК анх зээл олгохдоо Ж.Б, Ё.Хандмаа нарт зээл олгож зээлийн хамтран зээлдэгчээр Ё.Хандмаа гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ дурдсан учир хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ё.Хандмаа оролцох ёстой гэж үзэж байна. Ж.Б нь Э.К ББСБХХК-тай 2015 оны 10 сарын 27-ны өдөр 15/240 тоот зээлийн гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлээс 73 666 300 төгрөг хуримтлагдсан хүүнээс 18 000 800 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Э.К ББСБХХК нь Ж.Баас нэхэмжилж байгаа зээлийн хүү нь 396 760 556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 304 966 төгрөг нийт 580 399 222 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндсэн зээлийг хэд дахин нэмэгдүүлж хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. Анх зээлийн гэрээний хугацаа 3 сар байсан ба авсан зээлээсээ нийт 92 466 300 төгрөгийг төлсөн атал төлөгдөөгүй хүү, нэмэгдүүлсэн хүү гэж маш их мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах заалтыг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Дээрх хуулийн заалт бол авсан зээлээ огт төлөөгүй байхыг ойлгохоор байна. Ж.Бын хувьд 92 466 300 төгрөг төлсөн учир хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг давхар бодох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэрэв хэргийг буцаах боломжгүй гэж үзвэл нэмэгдүүлсэн хүү болох 57 304 966 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Экокапитал ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 580 399 222 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“Экокапитал ББСБ” ХХК болон Ж.Б, Ё.Хандмаа нар нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15-240 тоот зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15-240А тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг, 2015 оны 10 сарын 27-ны өдрөөс 2016 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-1-2, 5-11/

Талууд зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ тус тус байгуулан, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 4.8-д заасан зээл, хүүг хугацацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч байгууллага 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200 000 000 төгрөгийг зээлдэгч Ж.Бын дансаар шилжүүлэн өгсөн. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 73 666 300 төгрөг, хүүнд 18 800 000 төгрөг, нийт 92 466 300 төгрөг төлсөн ба гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн тооцооны хуудас, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон./хх-5-10, 30/

Талууд зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн хүүг 4,5 хувь байхаар, гэрээний 3.1.6-д зээлийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохиролцсон боловч, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч нь “...хамтран зээлдэгчийг хамтран хариуцагчаар хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой...” гэх тайлбар, гомдол гаргах боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох талаар зохицуулсан тул зээлдүүлэгч нэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийг бүхэлд нь шаардсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, хариуцагч Ж.Баас зээлийн үндсэн төлбөр 126 333 700 төгрөг, зээлийн хүү 396 750 556 төгрөг, нийт 523 094 256 төгрөгийг гаргуулж, шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгчид шүүх 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, тэрээр мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан зэргээс дүгнэхэд шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдсон. /хх-57/  Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                         ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                           Б.НАРМАНДАХ