Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02362

 

 

 

 

 

 

 

 

                           2020         06         30                             

                               101/ШШ2020/02362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд  а регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатми гандийн гудамж, галазсий товер, 1004 тоотод байрлах ЭХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн Ф  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 60 байр 8 тоотод оршин суух  Монгол овогт Жамбажамцын Бд холбогдох,

580,399,222 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Ичинхорлоо нар оролцов.                                                            

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Экокапитал ББСБ нь иргэн Ж.Бтай 2015 оны 10 сарын 27-ны өдөр 15/240 тоот зээлийн, 15/240а тоот барьцааны гэрээ байгуулж,  200,000,000 төгрөгийг 3 сарын  хугацаатай сарын 4,5 хувийн хүүтэй зээлүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсэг-д байршилтай, үйлчилгээний зориулалтай 336 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 73,666,300 төгрөг, хуримтлагдсан хүнээс 18,800,000 төгрөг төлсөн ба 126,333,700 төгрөгийн үндсэн зээл 358,445,102 төгрөгийн хуримтлагдсан хүү төлөгдөөгүй байна. Зээлдэгч Ж.Баас зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шаардаж удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Экокапитал ББСБ иргэн Ж.Баас гэрээний үүрэгт 553,527,049 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019/09/09-ний өдөр БЗД-ийн ИХАШШүүхэд гаргасан боловч хариуцагч нь хаяг дээрээ оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож 2019/10/08-ний өдрийн 15816 тоот захирамж гаргасан. БЗД-ийн ИХАШШ-ийн 2019/10/08-ийн өдрийн 15816 тоот захирамжийг үндэслэн Экокапитал ББСБ нь зээлдэгч Ж.Быг эрэн сурвалжлах тухайн хүсэлтийг ХУД-ийн ИХАШШ-д 2019/10/25-ны өдөр гаргасан бөгөөд ХУД-ийн ИХАШШ-ийн 2019/11/25-ны өдрийн 02529 тоот шийдвэрээр иргэн Ж.Быг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг олж тогтоохыг ХУД-ын Цагдаагийн 1, 2-р хэлтэст даалгасан юм. ХУД-ийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс нь 2020/03/02-ны өдөр Ж.Бын хаягийг олж тогтоон эрэн сурвалжилж ажиллагааг зогсоосон байна. Зээлдэгч Ж.Баас 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 15/240 тоот зээлийн гэрээний үүрэгт Монгол улсын иргэний хуулийн 451.1,  452.2, 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3, 24.3-т тус тус хуульчилсны дагуу 15/240 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 126,333,700 төгрөг, зээлийн хүү 396,760,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,304,966 төгрөг нийт 580,399,22 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 15/240а тоот барьцааны гэрээнд дурдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсэгт байршилтай, үйлчилгээний зориулалтай 336 мкв талбай бүхий Ү-2205037456 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Экокапитал ББСБ-аас 2015 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд авсан зээлээсээ үндсэн зээлийн төлбөрт 73,666,300 төгрөгийг, хүүнд 18,800,000 төгрөг, нийт 92,466,3000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 126,333,700 төгрөг төлөх юм. Гэтэл үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү бодож 580,399,222 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 126,333,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 454,065,522 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 580,399,222 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15-240 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15-240А зээлийн барьцааны гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 126,333,700 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй нэхэмжилсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

ЭХХК нь Ж.Б, Ё.Хандмаа нартай 2015 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр 15-240 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 200,000,000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг  хүртэл зээлж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205037456 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15-240 А дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г  тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-11 дэх талд/

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр зээлдэгч Ж.Бын Худалдаа хөгжлийн банкны 463008032 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан үүрэг талуудын хооронд үүссэн байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заажээ.

Зээлдэгч Ж.Б, Ё.Хандмаа нар нэхэмжлэгч ЭХХК-тай зээлийн гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан байх тул тэд нэхэмжлэгчид уг зээлийг буцаан төлөх үүргийг хамтран хүлээсэн үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч тал тэдгээрийн хэн нэгнээс үүргийг бүхэлд нь, аль эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй тул хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний хугацаа дууссан боловч үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл хүүний тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 30 дахь талд/

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нар нь гэрээний үүрэгт 92,466,300 төгрөгийг төлсөн байх ба үүний 73,666,300 төгрөгийг үндсэн зээлд, 18,800,000 төгрөгийг хүүнд нь тооцсон нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар “... эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд зээлдэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлдүүлэгчид зээлийн төлбөрийг төлж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 126,333,700 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 396,760,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,304,966 төгрөг нийт 580,399,222 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Тодруулбал, гэрээний хугацаа дууссан нь хариуцагчийг зээлийн гэрээнд заасан хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг эхний сараас буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс зөрчил гаргасан боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг 2019 оны 10 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээ болох нэмэгдүүлсэн хүүг нэмэгдэх үндэслэл болсон байна.

Ийнхүү, зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Ж.Баас үндсэн зээл 126,333,700 төгрөг, зээлийн хүүнд 396,750,556 төгрөг нийт 523,094,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч” ЭХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,304,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Баас 523,094,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,304,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Бын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037456 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,130,146  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 2,843,621.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ