Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00470

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1952 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Баасандуламд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 580,399,222 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 580,399,222 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ....Зээлээс үндсэн зээлийн төлбөрт 73,666,300 төгрөг, хүүнд 18,800,000 төгрөг, нийт 92,466,300 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 126,333,700 төгрөг төлөх юм. Гэтэл үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү бодож 580,399,222 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 126,333,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 454,065,522 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 523,094,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,304,966 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037456 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 36 дугаар бүхий барилгын 1 дүгээр давхрын А хэсгийн 336 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,130,146 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 2,843,621.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1952 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ялуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн процесийн зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Тухайлбал, хариуцагч*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хэргийн оролцогчид хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан боловч шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй атлаа мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

4.2. Нэхэмжлэгч ******* ХХК анх зээл олгохдоо*******, Ё.Хандмаа нарт зээл олгож зээлийн хамтран зээлдэгчээр Ё.Хандмаа гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч мөн нэхэмжлэлдээ дурдсан учир хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ё.Хандмаа оролцох ёстой гэж үзэж байна.

4.3.******* нь ******* ХХК-тай 2015.10.27-ны өдөр 15/240 тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлээс 73,666,300 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 18,000,800 төгрөг төлсөн. ******* ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 126,333,700 төгрөг, хуримтлагдсан хүү 396,760,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,304,966 төгрөг, нийт 580,399,022 төгрөгийг нэхэмжилсэн.

Тухайн зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 7-р хороо 3-р хороололд Ард-аюушийн өргөн чөлөө 36-р барилгын 1-р давхрын А хэсэгт байршилтай үйлчилгээний зориулалттай ЗЗ6 м.кв талбай бүхий Ү2205037456 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ******* ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээс буюу 580,399,022 төгрөгөөс 57,304,966 төгрөгийг хасч 523,094,256 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь*******аас нэхэмжилж байгаа зээлийн хүү нь 396,760,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,304,966 төгрөг, нийт 580,399,222 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндсэн зээлийг хэд дахин нэмэгдүүлж, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна. Анх зээлийн гэрээний хугацаа 3 сар байсан ба авсан зээлээсээ нийт 92,466,300 төгрөгийг төлсөн атал төлөгдөөгүй хүү, нэмэгдүүлсэн хүү гэж маш их мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Уг заалтыг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаж их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж, үүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн. Дээрх хуулийн заалт бол авсан зээлээ огт, нэг ч төгрөг төлөөгүй байхыг ойлгохоор байна. Гэтэл*******ын хувьд 92,466,300 төгрөг төлсөн байгаа учир хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг давхар бодох боломжгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүнээс 50,000,000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагчтай 2015.10.27-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө, 36 дугаар барилгын 1 дүгээр давхрын 336.0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь үндсэн зээлээс 73,666,300 төгрөгийг, хуримтлагдсан хүүнээс 18,800,000 төгрөг, нийт 92,466,300 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөлгүй удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 126,333,700 төгрөг, хуримтлагдсан хүүний үлдэгдэл 396,760,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,304,966 төгрөг, нийт 580,399,222 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт 92,466,300 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

7. Зохигчийн хооронд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2-т нийцжээ.

 

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Дээр дурдснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлсний үндсэн дээр гэрээний хугацаа дууссан, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байхад зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүд нийт 523,094,256 төгрөгийг гаргуулж, үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй атлаа хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ....хамтран зээлдэгч Ё.Хандмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой, ...хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 92,466,300 төгрөгийг төлсөн тул хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг давхар бодох үндэслэлгүй тул нэмэгдүүлсэн хүүнээс 50,000,000 төгрөгийг хасч өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4.1-4.3/

 

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

 

2020.06.30-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2020.06.24-ний өдөр, хариуцагчийн өмгөөлөгчид 2020.06.23-ны өдөр мэдэгдсэн тухай баримт хэргийн 57, 58 дугаар талд авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас хэн аль нь хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй тул ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

9.2. Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015.10.27-ны өдрийн Зээлийн гэрээг зээлдэгч*******тай байгуулж, гэрээнд хамтран зээлдэгчээр Ё.Хандмаа гарын үсэг зурсан байх тул тэдгээр нь хамтран үүрэг гүйцэтгэгчид. Нэхэмжлэлд заасан этгээдийг хариуцагч гэх ба нэхэмжлэгч нь*******ыг хариуцагчаар татсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй бөгөөд хамтран зээлдэгч Ё.Хандмааг заавал хариуцагчаар татах үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй тул Ё.Хандмаа хариуцагч байх ёстой гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

9.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад нэмэгдүүлсэн хүүгээс 50,000,000 төгрөгийг хасуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх гэрээний хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс талуудын зарчимд үндэслэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1952 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагаас 2020.10.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД