Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1804

 

                                                                

 

 

 

 

 

 

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “-” ХХК-д холбогдох,

 

Харилцагчийн данснаас суутган авсан 630 700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцагчийн даснаас зээлийн төлбөр суутган авахгүй байхыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гантогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гийн эгчийн нөхөр болох Э.Бнь хувийн хэрэгцээндээ зориулж, “Х” ХХК-аас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цалингийн зээл авсан. Тухайн үед Г.Гэд “...банкнаас 5 000 000 төгрөгийн зээл авна” гэж нотариат дээр хамтран зээлдэгчээр орох итгэмжлэл хийлгэж авсан. Гэтэл Э.Бнь өмнө 5 073 800 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 14 900 000 төгрөгийн зээлийг надад мэдэгдэлгүй “Х” ХХК-аас авсан байна.

Э.Бнь авсан зээлээ төлөөгүйн улмаас “Х” ХХК нь миний данснаас нийт 630 700 төгрөгийг суутган авсан байна. “Х” ХХК үндсэн зээлдэгч Э.Бгаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрсдийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй байж хууль бусаар миний эрхэнд халдаж, дансны зарлагын гүйлгээг хааж, данснаас дур мэдэн бусдын зээлийг төлүүлсэн нь хууль зөрчиж байх тул Г.Гийн “Х” ХХК дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг “Х” ХХК-д даалгаж, Г.Гийн данснаас үндэслэлгүйгээр суутган авсан 630 700 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлдэгч Э.Бга, Г.Г нартай 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 5 073 800 төгрөг дээр нэмж, 14 900 000 төгрөг нэмж нийт 19 973 800 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.

Хамтран зээлдэгч Г.Г нь уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч Э.Бнь гэрээний дагуу зээлээ төлөхгүй, үүргээ зөрчсөн, мөн түүний харилцах дансанд мөнгө байхгүй тул гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Гийн данснаас суутгал хийж, зээлийн төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Г.Гийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох, харилцах данснаас суутган авсан 630 700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 19 571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Х” ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Гэд мөнгө шижлүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна.

Барьцааны гэрээнд Э.Бгын ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан байх бөгөөд Г.Гийн цалин түүний бусад орлогыг барьцаалсан нь тодорхойгүй энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна. Э.Бгад цалингийн зээл олгосон болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй. Цалингийн зээл нь тухайн зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг. Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Э.Бгад хамааралтай болохоос Г.Гэд хамааралгүй, Г.Г нь цалингаа барьцаалаагүй.

 Иймд Г.Г нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч байгууллагаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан Хин дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгуулах, өөрийн харилцах данснаас суутган авсан 630 700 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Э.Бга, Г.Г нар “Х” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр зээлдэгч Э.Бга, Г.Г нар нь өмнөх зээлийн үлдэгдэл 5 073 800 төгрөг дээр нэмж 14 900 000 төгрөгийг зээлж, нийт 19 973 800 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлжээ.

 

Мөн өдрөө талууд барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Г.Гийг төлөөлөн Э.Бгарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд Г.Г нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Э.Бгад “цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах” бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгож, нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч гэж Э.Бга, хамтран зээлдэгч гэж Г.Гийг тус тус тодорхойлсон байх бөгөөд төлөөлж, дээрх итгэмжлэлийг үндэслэн Э.Бгарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуульд нийцжээ.

 

Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу зээлийг Э.Бнь төлж байсан, 2019 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй үүргийн зөрчил гарсан, “Х” ХХК нь Г.Гийн эзэмшлийн 5094327066 тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 630 700 төгрөгийг зээлийн төлбөрт суутган авсан талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.6-д банк “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх, тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхгүй хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж,

3.1.8-д зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснуудад барилт хийх бөгөөд зээлийн төлбөрийг “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг үл харгалзан шууд суутгахаар тус тус тохиролцсон байна.

 

Иймд “Х” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үүргийг Э.Бга, Г.Г нарын аль нэгээс шаардах эрхийн хүрээнд гэрээнд заасан тохиролцооны дагуу Г.Гийн харилцан данснаас зээлийн төлбөрийг суутган авсныг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА