Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01593

 


  2020           06            10                                                183/ШШ2020/01593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х б” ХХК-д холбогдох,

 

Харилцах данснаас суутган авсан 630.700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г эгчийн нөхөр болох Э.Б нь хувийн хэрэгцээндээ зориулж, Хаан банкнаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цалингийн зээл авсан. Тухайн үед Г.Г хэлэхдээ “...банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авна” гэж нотариат дээр хамтран зээлдэгчээр орох итгэмжлэл хийлгэж авсан. Гэтэл Э.Б нь өмнө 5.073.800 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 14.900.000 төгрөгийн зээлийг надад мэдэгдэлгүйгээр Хаан банкнаас авсан байна. Э.Б нь авсан зээлээ төлөөгүйн улмаас Хаан банк нь надад мэдэгдэлгүйгээр миний Хаан банкны цалингийн 50943270 тоот данснаас нийт 630.700 төгрөгийг суутган авсан байна. Хаан банк нь үндсэн зээлдэгч Э.Б зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрсдийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй байж хууль бусаар миний эрхэнд халдаж, дансны зарлагын гүйлгээг хааж, данснаас дур мэдэн бусдын зээлийг төлүүлсэн нь хууль зөрчиж байх тул Г.Г Хаан банкин дахь харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг Хаан банкинд даалгаж, Г.Г Хаан банкин дахь данснаас үндэслэлгүйгээр суутган авсан 630.700 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдүүлэгч “Х б” ХХК нь зээлдэгч Э.Б, Г.Г нартай 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201843613 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 5.073.800 төгрөг дээр нэмж, 14.900.000 төгрөг нэмж нийт 19.973.800 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хамтран зээлдэгч Г.Гансүх нь уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч Э.Б нь гэрээний дагуу зээлээ төлөхгүй, үүргээ зөрчсөн, мөн түүний харилцах дансанд мөнгө байхгүй тул гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г данснаас суутгал хийж, зээлийн төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Г нэхэмжлэлтэй, “Х б” ХХК-д холбогдох, харилцах данснаас суутган авсан 630.700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээлдүүлэгч “Х б” ХХК, зээлдэгч Э.Б, хамтран үүрэгч гүйцэтгэгч Г.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/20184361 дугээр “Зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г Хаан банкин дахь 5094327066 дугаар данснаас 630.700 төгрөгийг гаргуулан зээлдэгч “Х б” ХХК нь шилжүүлэн авсан, мөн зээлийн гэрээний үүргийн төлбөрийн тооцоолол, зээлдэгч Э.Б Хаан банкин дахь дансанд зээлийн төлбөр төлөх мөнгөн хөрөнгө байхгүй талаар зохигчид маргаагүй болно.

 

Зээлийн гэрээний 1.2.2-т “зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдийг хэлнэ” гэж заасан, 3.2, 3.2.1-д “Хаан банкин дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авахыг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зөвшөөрлийг банкинд энэхүү гэрээгээр олгож, бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй...” гэж заасан, 5.1.2-т “зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах...” гэж заасан, 2.4.6-д “банк нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ” гэж заасан, 4.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Гансүхийн Хаан банкин дахь 5094327066 дугаар данснаас зээлдэгч Э.Б зээлийн төлбөр болох 630.700 төгрөгийг суутган зээлдэгч “Хаан банк” ХХК нь шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэж байна.

 

Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Г Хаан банкин дахь 5094327066 дугаар данснаас зээлдэгч Э.Б зээлийн төлбөр болох 630.700 төгрөгийг зээлдэгч “Хаан банк” ХХК нь суутган шилжүүлэн авсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуульд нийцсэн, түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Хаан банк ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Г.Г харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах, харилцах данснаас суутган авсан 630.700 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Г.Г нэхэмжлэлтэй, “Хаан банк” ХХК-д холбогдох, харилцах данснаас суутган авсан 630.700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 19.571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.СЭМЖИД