Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00429

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1804 дүгээр магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

Хаан банк ХХК-д холбогдох

 

Харилцагчийн данснаас суутган авсан 630,700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцагчийн данснаас төлбөр суутган авахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч *******ээс*******ХХК-д холбогдуулан харилцагчийн данснаас суутган авсан 630,700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцагчийн данснаас төлбөр суутган авахгүй байхыг даалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...Хаан банк ХХК нь зээлдэгч Э.Баттулга, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон, хамтран зээлдэгч ******* нь уг зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч Э.Баттулга нь гэрээний дагуу зээлээ төлөхгүй, үүргээ зөрчсөн, мөн түүний харилцах дансанд мөнгө байхгүй тул гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч *******ийн данснаас суутгал хийж, зээлийн төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй,*******ХХК-д холбогдох, харилцах данснаас суутган авсан 630,700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1804 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт нэхэмжлэгч *******ийг төлөөлөн Э.Баттулга гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд ******* нь 2018.05.16-ны өдөр Э.Баттулгад цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, холбогдох бичиг бариманд гарын үсэг зурах бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгож нотариатаар гэрчлүүлсэн байна гэж хянаад Зээлийн гэрээнд зээлдэгч Э.Баттулга, хамтран зээлдэгч гэж *******ийг тус тус тодорхойлсон байх бөгөөд төлөөлж, дээрх итгэмжлэлийг үндэслэн Э.Баттулга гарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзсэн.*******ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргийг Э.Батгулга, ******* нарын аль нэгээс шаардах эрхийн хүрээнд гэрээнд заасан тохиролцооны дагуу *******ийн харилцах данснаас зээлийн төлбөрийг суутган авсныг буруутгах боломжгүй байна гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

Дээрх дүгнэлтийг харахад ******* нь зээлдэгч Э.Баттулгад цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах итгэмжлэл өгсний үүднээс Э.Баттулга төлөөлж зээлийн гэрээ, болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгожээ. Давж заалдах шатны шүүхээс *******ийг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж тодорхойлсон байна гэж үзжээ.

4.2. Гэтэл ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлогдсоноос гадна зээлийн гэрээний 4.2.19-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглахгүй байх зохицуулалтыг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь анх Баттулгад хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохдоо хамтран зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг эдлэх хувиар олгосон байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу банкнаас мөнгө хамтран зээлэх ашиглах үүднээс олгосон.

Гэтэл нэхэмжлэгч *******ийн дансанд зээл олгогдоогүй ба зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр ороогүй зөвхөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж Баттулга төлөөлөн гарын үсэг зуржээ. Зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч гэж Гансүхийг тодорхойлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хамтран зээлдэгч гэж тодорхойлсон нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Иргэний хуулийн 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Мөн тус хуулийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид байна, 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.

Төлөөлүүлэгч Баттулга нь анх Гансүхэд хамтран зээлдэгчээр оруулж зээл авна гэсэн үүднээс хамтран зээлдэгчээр оруулах итгэмжлэл хийж өгсөн ч уг итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгчээр зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг төлөөлж гарын үсэг зурсан байна. Хамтран зээлдэгч гэдэг нь бол угтаа зээлийг авч ашиглах банкнаас зээл авч байгаа зээлийг эргэн төлөх үүрэгтэй субьект юм.

Харин Иргэний хуулийн 242.1-д хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Гэтэл зээлийн гэрээнд Гансүхийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж гэрээний 4.2.19-д зээлийг авч ашиглах эрхгүй гэж заасан үүнээс харахад Гансүх нь хамтран зээлдэгч биш зөвхөн батлан даагчийн хэлбэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон харагдаж байна. Иргэний хуульд батлан даагчийн гэрээг бичгээр байгуулах шаарддаг. Гэтэл Хаан банкны зүгээс хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд оролцуулах хүсэл сонирхлоо илэрхийлсэн итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд Гансүхийг тодорхойлж үүрэг хүлээлгэж байгаа нь хуулийн үндэслэлгүй харагдаж байна.

4.4. Мөн иргэний хуулийн 67.1-д Төлөөлөх бүрэн эрх хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол энэ тухай бүрэн эрх олгосон тэр хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно гэж заасан.

Хамтран зээлдэгчээр итгэмжлэл олгосон болохоос итгэмжлэл өөрчлөгдөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох бүрэн эхийн Баттулгад өгсөн байгаа талаар нэхэмжлэгч Хаан банкинд мэдэгдээгүй. Гэтэл*******итгэмжлэлд хамтран зээлдэгчээр оролцох хүсэл зоригоо ******* илэрхийлсээр байтал хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж төлөөлүүлэгчээр гарын үсэг зуруулж байгаа нь уг итгэмжлэлийг ашиглаж болохгүй гэсэн агуулгыг зөрчиж хийсэн байна.

4.5. Дээрх нөхцлөөс харахад төлөөлөх эрхгүй этгээдтэй*******нь зээлийн гэрээ байгуулсан тул Гансүхийн хувьд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Үүнээс дүгнэхэд*******нь нэхэмжлэгч Гансүхийн цалингаас хуулийн үндэслэлгүй суутгал хийсэн байна.

4.6. Мөн барьцааны гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгосноос бус өөрийн цалин хөлсийг барьцаалах эрх олгоогүй болно тэр ч утгаараа барьцааны гэрээнд барьцааны зүйлийг Баттулгын ирээдүйд олох цалин орлогыг барьцаалсан байдаг.*******болон Баттулга нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Цалингийн зээлийн гэрээ байна. Уг гэрээнд Гансүхийг Хамтран үүрэг гүйцэтгэгч /хамтран зээлдэгч/ гэж зааж , гэрээний 3.2.2 Цалингийн зээлийн хувьд зээлдэгчийн дансанд цалин орсон бүрд суутган авах гэрээний 5.1.2-т зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах дансан дахь мөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах гэж тусгасан атлаа зээлийн гэрээний салнггүй хэсэг болох барьцааны гэрээнд Баттулгын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр зааж, гэрээнд барьцаа хөрөнгөөр ирээдүйд орж ирэх цалингийн орлого гэж тусгажээ.

4.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 49.1 зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийнхээ дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь тухайн зуулдэгдийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Үүнээс харахад гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Батгулгад холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр заагдсан боловч өөрийн цалин хөлсийг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй этгээд болох *******эд хамааруулах боломжгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...эгчийн нөхөр Э.Баттулга 2018.05.17-ны өдөр Хаан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авна гэж хэлээд нотариат орж итгэмжлэл хийлгэж авсан, гэтэл Э.Баттулга нь өмнө 5,073,800 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба нэмж 14,900,000 зээлийг авсан байна.

Хаан банк надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 1, 4 дүгээр саруудад нийт 630,700 төгрөгийг миний данснаас дур мэдэн татаж, дансны гүйлгээг хааснаас өөрийн дансаар цалингаа авч чадахаа больсон тул Хаан банкны энэхүү хууль бус үйлдлийг зогсоож, хүчээр авсан 630,700 төгрөгийг гаргуулж, дахин зээлийн төлбөр суутгахгүй байхыг Хаан банкинд даалгаж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч ******* нь 2017.11.06, 2018.05.17-ны өдрүүдэд зээлдэгч Э.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч, Э.Баттулга нь *******ээс олгосон итгэмжлэлийг үндэслэж гэрээнд гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч тул банк гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар суутгаж зээл төлүүлсэн нь хууль зөрчөөгүй... гэж маргажээ.

 

7.*******ХХК, Э.Баттулга нарын хооронд 2018.05.17-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээнд нэхэмжлэгч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, зээлдүүлэгч*******ХХК нь зээлдэгч Э.Баттулга зээлийн төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч *******ийн цалингийн данснаас зээлийн төлбөрт 630,700 төгрөгийг суутгасан үйл баримт тогтоогджээ.

 

8. Хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж тус тус зохицуулсан.

 

Зохигчийн байгуулсан гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 3.2.1 дэх заалтаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Хаан банкин дахь данснаас зээлийн төлбөрийг суутгах авах зөвшөөрлийг энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл олгох шаардлагагүй гэжээ.

 

9. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгчийн данснаас зээлдэгч Э.Баттулгын зээлийн төлбөрийг суутган авсан нь зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуульд нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

 

10. 2018.05.16-ны өдөр *******ээс Э.Баттулгад олгосон итгэмжлэлд өөрийн нэрийн өмнөөс Цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг бүрэн олгож байна гэжээ.

 

*******ийн дээрх итгэмжлэлийг үндэслэн*******Э.Баттулгатай зээлийн гэрээ байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээний оролцогч болсон байна.

 

Хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлийн гэрээний үүргийг зээлдэгчтэй хамтран биелүүлэх үүрэг хүлээсэн нэг л агуулгатай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анхнаасаа өөрөө зээл авах зорилгоор бус Э.Баттулгыг зээл авахад нь эргэн төлөх баталгаа болж, үүргийг хамтран хариуцахаар хамтран зээлдэгчээр гэрээнд оролцох эрхийг олгосон байх тул ...гэрээнд заасан зээлийн хөрөнгийг олгоогүй, ...хамтран зээлдэгчээр оролцох итгэмжлэл олгосон байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд тодорхойлсон нь итгэмжлэлийн агуулгыг зөрсөн хүчин төгөлдөр бус гэрээ тул зээлийн гэрээний үүргийг цалингаас суутгасан нь хуулийн үндэслэлгүй... гэх /тодорхойлох хэсгийн 4/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр хариуцагч*******зохигчийн хооронд байгуулсан гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, хамтран зээлдэгчийн данснаас зээлийн төлбөрийг суутгасан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1804 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяагаас 2020.09.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД