Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 122/2017/0017/З |
Дугаар | 0456 |
Огноо | 2018-11-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 0456
З.Г-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, сүлжээний ажилтан бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, үндэслэлгүйгээр хассан 1 өдрийн цалинг буцаан олгуулах, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/65 дугаар захирамжийн дагуу зэргийн нэмэгдлийг тооцож олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах”,
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0432 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч З.Г, түүний өмгөөлөгч Э.Т, Хариуцагч О.Б нар.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан З.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хассан нэг өдрийн цалин болох 23431 төгрөг, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зэрэг дэв олгох тухай А/65 дугаар захирамжийн дагуу зэрэг дэвийн нэмэгдэл болох 135826 төгрөг, нийт 159257 төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0432 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Гийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчээс: З.Г-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0432 дугаар магадлалыг эс зөвшөөрч хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
4. Тус газарт “Сүлжээний ажил-бичиг хэрэг”-ийн ажлын байр шинээр батлагдсан... дотоод ажил-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хадгалагдаж үлдээгүй байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл төрийн аль ч байгууллага ажил хэрэг, үйл ажиллагаа нь төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн дээр явагддаг бөгөөд хэн нэгэн дарга, аймгийн засаг дарга зохион байгуулалтын бүтцийг хийхдээ бичиг хэргийн ажлыг хавсарга болгох учиргүй юм. Сүхбаатар аймгийн засаг даргаас 2017 онд баталсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орон тооны бүтцэд Сүлжээний ажил-бичиг хэрэг мэргэжилтний ажлын байр батлагдсан байдаг.
5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлйн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орон тооны бүтцэд Сүлжээний ажил-бичиг хэрэг мэргэжилтний ажлын байр байгаа бөгөөд нэхэмжлэгч З.Г миний эрхэлж байсан бичиг хэргийн ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна.
6. Бичиг хэргийн ажил нь нэг өгүүлбэрт оруулбал багасдаг ажил биш бөгөөд төрийн албан хэрэг хөтлөлтийн дүрэм, Архивын тухай хуульд заасан бүхэл бүтэн цогц ажиллагаа юм. Мөн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргааны албан тушаалтан мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтонд мөн л сүлжээний ажилтны гол ажил үүрэг анимейшн хийх, эх бэлтгэх ажил тусгагдсан. Үйлчилгээний болон захиргааны албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтод сүлжээний ажилтны хийх ажил тусгагдсан байгааг үзвэл дотоод ажил-бичиг хэргийн ажлын байрны чиг үүргээс дотоод ажил хасагдаж, байгууллагын сүлжээ хариуцсан ажил нэмэгдэж буй нь үндсэн ажил нь бичиг хэргийн ажил болох нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хариуцагч бүтэц хэрхэн өөрчлөгдөж орон тоо нь хасагдаж буй талаар сонсгох ажиллагааг хийлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
7. Эндээс дүгнэн үзвэл шүүх З.Г-ийн эрхэлж байсан “Дотоод ажил-бичиг хэрэг”-ийн мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ байхгүй болсон гэж дүгнэж Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, сүлжээний мэргэжилтэн-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, гаргуулах болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болж байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0432 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг хянаж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч З.Г нь “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, сүлжээний ажилтан-бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, үндэслэлгүйгээр хассан 1 өдрийн цалинг буцаан олгуулах, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Зэрэг дэв олгох тухай” А/65 дугаар захирамжийн дагуу зэргийн нэмэгдлийг тооцон олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна.
10. Шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сүлжээний ажилтан бичиг хэрэг хариуцсан ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11. Нэхэмжлэгч З.Г-ээс, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч “...шүүхээс, нэхэмжлэгчийн эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ байхгүй болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй...” гэж хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
12. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай байхаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог баталжээ.
13. Дээрх захирамжийг үндэслэн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалаар, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, хамрах хүрээ, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр, “дотоод ажил, бичиг хэрэг” гэсэн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч З.Г-ийг уг мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
14. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...төрийн байгууллага ...өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.
15. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлахад нэхэмжлэгчийн эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байр хасагдаж, харин сүлжээний ажилтан-бичиг хэрэг гэсэн орон тоо батлагдсан байх ба тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлагад “программист, сүлжээний инженер” мэргэжилтэй байх гэсэн шаардлага тавигдсан, нэхэмжлэгч З.Г-ийн хувьд бизнесийн болон төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй учир тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогджээ.
16. Мөн, хариуцагчийн тайлбарт дурдсан “...нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний болон шинэ бүтцээр бий болсон сүлжээний ажилтан-бичиг хэрэг гэсэн ажлын байрны тодорхойлолтуудад заагдсан ажлын байрны зорилго, үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаа, эзлэх хувь зэргийг харьцуулахад, нэхэмжлэгч З.Г-ийн өмнө эрхэлж байсан ажлын байрны зорилтын 30 хувь болох Олон улсын гэрээ конвенц, хууль, байгууллагын хөтөлбөр төлөвлөгөө болон бусад эрхийн баримт бичиг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, 30 хувь болох ...бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх, үр дүнг тооцох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, тайлагнах, мэдээлэх, мөн 10 хувь болох мэдээлэл судалгаа гаргах зэрэг түүний эрхэлж байсан ажлын байрны зорилт, үйл ажиллагааны 70 хувь нь хасагдаж, үлдэх 30 хувь болох байгууллагын баримт бичгийг стандартын дагуу хөтлөн боловсруулах, архивлах ажил буюу гол үйл ажиллагаа нь 10 хувь болж багассан” гэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
17. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч З.Г-ийн урьд эрхэлж байсан, дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн захиргааны акт нь хуульд нийцсэн гэж дүгнэн, эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв гэж дүгнэв.
18. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...уг хэргийг шийдвэрлэхээс татгалзаж байсан шүүгч Б.Б, мөн өмнө нь хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Ц нар бичиг баримтад үзлэг хийж, гэрчээс мэдүүлэг авч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно...” гэсэн гомдол үндэслэлгүй байна. Учир нь, тус захиргааны хэргийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г, Б.Ц, Б.С нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.Ц, Б.Б нар шүүгчийн даалгавар гүйцэтгүүлэх захирамжийн дагуу гэрчээс мэдүүлэг авч, бичмэл нотлох баримтад үзлэг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
19. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 113/ШШ2018/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0432 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА