Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1835

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01812 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю.Чд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Чтай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан.

Ю.Ч нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 10 хоног тутам төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй, зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн.

Зээлийн гэрээний 4-т заасны дагуу зээлийн нийт хүү 3 000 000 төгрөгийн 287 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги нь 4 305 000 төгрөг, 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хэтрүүлсний алданги 10 205 000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги нь нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 5 000 000 төгрөгийн үндсэн зээлийн алдангийг 2 500 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн алдангийг 1 500 000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 12 000 000 төгрөгийг Ю.Чаас гаргуулахаар нэхэмжилж байна.

З.Эа Ю.Чд зээлийн мөнгийг хүлээлгэж өгсөн нь үнэн. Ц.Соос Ю.Чд зээлдүүлсэн зээлийн мөнгийг З.Эагаас тусдаа авсан мэтээр ойлгож болохгүй. Энэ мөнгийг З.Эа хүлээлгэж өгөөд, дараа нь Ю.Ч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж Ц.Стой зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бараа хүлээлгэж өгсөн тухай баримт хэрэгт байдаг.

Зээлийн хүү төлөхөөсөө өмнө бараа өгнө гэж байхгүй, мөнгөнийхөө оронд бараа авчихья гэж тохирсон зүйл байхгүй. Гэтэл З.Эад надад мөнгө өгч байсан учраас бараагаар Ц.Сын өрийг төлж байсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Эагийн тайлбараас үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаас 2 599 845 төгрөгийг хасч, үлдэх 9 400 155 төгрөгийг нэхэмжилж байна.

Үндсэн зээл болох 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, хүүнд 3 000 000 төгрөгөөс гэрчийн мэдүүлгээр 7 удаагийн санхүүгийн баримтаар 1 733 230 төгрөгийг хасч 1 266 770 хүүгээ нэхэмжилнэ. Хүүний алдангид үүний 50 хувь болон 633 385 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ю.Ч нь З.Эагаас мөнгө авсан гэж тайлбарлаад байгаа боловч Ц.Стой гэрээ хийсэн. Ц.Стой гэрээ байгуулсан нь Ц.Сын мөнгийг зээлж байгаагаа ойлгож гэрээ байгуулсан гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Соос би ямар ч мөнгө зээлж аваагүй. Харин түүний дотны хүн болох З.Эагаас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг зээлсэн. Би архи, пиво, ус, ундааны бөөний цэг ажиллуулдаг байсан. З.Эа нь Найман шарга захын хажууд караоке паб ажиллуулдаг ба, түүнд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь өгдөг байсан.

Одоо надад З.Эа, Ц.С нарт өгөх өр байхгүй. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн мөнгөө энэ өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 26 удаагийн баримтаар архи, пиво, ус, ундаа болон бусад бараа бүтээгдэхүүнээр 6 542 510 төгрөг болгон төлж барагдуулсан. З.Эа нь эдгээр бараа бүтээгдэхүүнийг авснаа хүлээн зөвшөөрч, өөрийн гарын үсгийг зурж баталгаажуулсан.

З.Эа нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлсэн 13 500 000 төгрөгийн гэрээгээ Ц.Стой хийлгүүлж, дараа нь 5 000 000 төгрөгийн гэрээгээ мөн Ц.Стой хий гэснээр 04 дүгээр сарын 10-ны өдөр нөхөн гэрээ хийсэн. З.Эа нь 5 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохирч, энэ мөнгөө манай худалдагч Б.Бадамгаравт цаасан дээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгөөд, тэр мөнгийг нь Б.Бадамгарав надад дамжуулж өгсөн.

Энэ мөнгийг З.Эа худалдагч Б.Бадамгаравт зээлсэн гэж гүтгэн, Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад шалгуулсан. Мөрдөн байцаагч шалгаж үзээд Ю.Ч нийт 10 000 000 төгрөг аваагүйг нотолж, эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй хэмээн үзэж, өргөдлийг хаасан. З.Эа нь цаасан дээр нэг бичүүлээд, мөн Ц.Стой нэг зээлийн гэрээ байгуулуулаад, нэг үйл явдалд хоёр бичиг баримт бүрдүүлсэн. Би Ц.Соос ямар ч мөнгө гардаж аваагүй. Ц.С өөрөө мөнгө өгөөгүй байж, З.Эаг олон удаа бараа бүтээгдэхүүнээр мөнгөө авч байсныг мэдсээр байж хүү, зээлийг төлөөгүй мэтээр намайг гүтгэж байна. Энэ 5 000 000 төгрөгийг хэний мөнгө гэдгийг тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

З.Эа Цагдаагийн хэлтэст гомдол гаргахдаа энэ миний мөнгө гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө бас миний мөнгө гэж мэдүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны цагдаад өгсөн мэдүүлэгт Ц.С гэдэг хүн 5 000 000 төгрөг өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг. Эндээс харахад энэ 5 000 000 төгрөг Ц.Сынх биш З.Эагийн мөнгө гэж харагдаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байгуулсан. Зээлийн гэрээний 8-д зээл авагчид 5 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр өгсөн гэж бичигдсэн байгаа. Гэрч тус тусдаа 5 000 000 төгрөгийн асуудал байхгүй гэж мэдүүлсэн. Гэрчийн зүгээс 10 хоногийн хугацаанд 1 хувийн хүүтэй гэж хэлсэн.

З.Эаг Ю.Чд 5 000 000 төгрөгийг өгснөөр буюу амаар зээлийн гэрээ байгуулагдсан. Ц.Стой байгуулсан зээлийн гэрээг үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш мөнгө аваагүй. З.Эа болон Ю.Ч нарын хооронд хийсэн зээлийн гэрээний харилцаанд өөр этгээд орж ирж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Чаас 2 044 155 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун тавин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 356 000 /долоон сая гурван зуун тавин зургаан мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47 656 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн” хэмээн зээлийн гэрээний үүрэг 12 000 000 төгрөг гаргуулах, өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр З.Эагаас Ю.Чд өгсөн 5 000 000 төгрөгийг, хүү, алдангийн хамт гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч талаас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.С гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй, харин Ц.Стой хамт ажилладаг З.Эагаас 5 000 000 төгрөгийг авсан, төлбөрт нь 6 542 510 төгрөгийг бараа материалаар төлсөн, одоо төлбөр тооцоогүй хэмээн маргасан. З.Эагаас Ю.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг авсан, З.Эа, Ю.Ч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Түүнчлэн З.Эа нь дээрх 5 000 000 төгрөгийг миний мөнгө хэмээн Ю.Чаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх утга бүхий өргөдлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргаж байсан нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд асуугдсан гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байтал Ц.С нь дээрх мөнгийг миний мөнгө хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг мөнгийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Ц.С болон Ю.Ч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний дагуу аливаа зээлийн харилцаа үүсээгүй бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Иймд Ц.С нь аливаа байдлаар Ю.Чд мөнгө өгөөгүй, зээлийн харилцаа үүсээгүй, дээрх мөнгийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ю.Чд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9 400 155 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.С Ю.Чимэдуламтай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Ю.Ч нь 5 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлсэн байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хууийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээрх зээлийн гэрээний 8-д “зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчид авагчид бэлнээр өгсөн болно” гэж тэмдэглэжээ.

 

Түүнчлэн гэрч З.Эагаас шүүхэд өгсөн “Ц.Соос 5 000 000 төгрөг аваад худалдагч Б.Бадамгаравт өгсөн, Ю.Чыг Ц.Стой зээлийн гэрээ байгуулна шүү гэхэд Ю.Ч за гэж байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг,

гэрч Б.Бадамгарав шүүхэд өгсөн “Би З.Эа эгчээс 5 000 000 төгрөгийг аваад Ю.Ч эгчид өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг зэргийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Ц.Сыг Ю.Чд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Ю.Ч нь Ц.Стой зээлийн гэрээ байгуулсан боловч Ц.Соос уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг хүлээж аваагүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргаж маргажээ. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ биечлэн гүйцэтгэхээр заасан буюу үүргийн шинж чанарт харшлахгүй тул үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг З.Эагаар гүйцэтгүүлсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрхээс дүгнэвэл Ц.С нь Ю.Чаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хүү 30 хувь байгаа нь хэт өндөр гэж үзэж 10 хувь болгож бууруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд хариуцагчаас 1 000 000 төгрөгийн хүүг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагч нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хэргийн 21-33 дугаар талд авагдсан зарлагын баримтуудыг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамаарах 2017 оны 03 дугаар сарын     31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хуртэл хугацааны барааны үнэ            5 837 230 төгрөг, уг төлбөрөөс Ю.Чын З.Эад бэлнээр төлсөн гэх 1 200 000 төгрөгийг хасч Ю.Ч нь Ц.Сд 4 637 230 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Иймд Ю.Ч нь Ц.Сд зээлийн гэрээний үүрэгт 1 362 770 /6 000 000 - 4 637 230/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Талууд гэрээний 4-т гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцжээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний хугацааг 287 хоногоор хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд алдангийг тооцвол 1 955 574 /1 362 770*0,5*287/ төгрөг байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар адлдангийг 50 хувиар хязгаарлаж алдангид 681 385 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 044 155 / 1 362 770 + 681 385/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 656 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА