Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 19

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.П ын нэхэмжлэлтэй, хариуцагч Булган аймгийн ... сумын Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлоор 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.П , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Х.У , хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов. 

Нэхэмжлэгч И.П  нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ... сумын Засаг даргын тамгын газар 2017 оны 12 дугаар сарын 18-ны Б/41 захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт томилогдон ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж ирсэн гэж үзэж байна. Үүрэгт ажлаа хүлээж авсны дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болсон энэ хурал дээр ямар байгууллага хүлээж авсан гэдгээ хэлсэн. Энэ байгууллага эзэнгүй айл шиг байсан. Номын сан гэхэд 3 данс бүртгэх ёстой нэг ч данс бүртгэл байгаагүй, номын тал нь алга болсон байсан. Ажиллах орчин маш хүнд байсан. 2019 оны наадмын дараа Засаг дарга та газрын геодези, гиологийн зураг аваад аймгийн төв ороод байгууллагуудаар явж зөвшөөрөл олж ир гэсэн. н.П  гэж хүнээс гиологийн зураг аваарай гэсэн боловч хүмүүс нь амралтаа аваар гадагшаа явсан байсан. Энийг хөөцөлдөөд 14 хоног явж байж гиологийн зураг авсан. Тэр нь ямар ч баталгаагүй. Ингээд би Засаг дарга дээр ороод амралтаа авмаар байна гэхэд та үүрэг даалгавар биелүүлээгүй байж яаж амралтаа авах юм бэ гэсэн. Би хүүхэд сургуульд орох гэж байна таны яриад байгаа зүйлийг хөөцөлдөх мөнгө байхгүй гэхэд гар зайл гэж хөөсөн. Орлогч дарга дараа нь надад амралтын хугацааг хэлсэн. 2019 оны 08 дугаар сард амралтаа авсан. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажилдаа орох ёстой, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөр дуусгавар болох ёстой гэж надад хэлсэн. Миний бие маш их өвдөж хөл дээрээ алхаж чадахгүй ийм байдалтай байдаг байсан.  Амралтаа аваад Улаанбаатар хот ороод 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зүрхний эмчид үзүүлсэн. Үзүүлэхэд таны зүрх зүгээр байна. Та бамбайн эход харуулаад ир гээд үзүүлээд очтол бамбайн 2 зангилаатай байна гэсэн. Яаралтай үзүүлэхгүй бол хагалгаанд орох магадлалтай байна гээд би маш их сэтгэлээр унасан. Гар хөл янгинаж өвдөөд байхаар нь үе мөчний эмчид нь үзүүлэхэд хоолойны ангинатай байна гэсэн. 10 хоног Дархан аймагт очиж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Амралт 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дууссан. Намайг амарч байх хугацаанд Боловсрол, соёлын газрын 60 жилийн ойн арга хэмжээ 2020 оны 10 дугаар сарын 4-5-нд болох ёстой гээд намайг ирж тоглолтынхоо бэлтгэлийг хий гэж дуудуулсан байсан. н.Нарангэрэл рүү залгаад намайг дуудсан байна манайхаас хэн хэн очих вэ гэхэд манайхаас н.Г явна, сургуулийн бүжгийн тэмцээнд түрүүлсэн хүмүүс оролцох юм байна лээ гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт бэлтгэл дээрээ очсон. Бэлтгэлдээ ороод 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой тоглолт болоод гараад иэхэд миний утас алга болсон байсан. Би цагдаад бүртгүүлээд, хүлээн авалтанд оролцоод 2020 оны 10 дугаар сарын 05-ний шөнө ... явсан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар бие өвдөөд байсан учраас Солонго эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Тэгээд таны бамбайгаас болоод байж магадгүй нүдийг чинь угаагаад харж байж болно гэсэн. Дараа нь би очиход таны нүд маш их хуурашилттай, үрэвсэлтэй байсан учраас харшил явагдаад байна гэсэн. Ямар ч байсан бамбайн эмчдээ хяналтанд байгаарай гэж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр акт бичиж өгсөн. Тэгээд хичээл орох болоод сургуулиасаа дуудах бичиг аваад бичиг хэргийн ажилтан н.П т хувь чатаар нь явуулсан. Ээлжийн амралтаа авахдаа соёлын төвийн няравт би амралтаа авлаа намайг байхгүйд орлож ажлаарай гээд үүрэг даалгавар өгөөд явсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш надад утас байгаагүй. Ажлын хүмүүсийн утасны дугаарыг мэдэхгүй болохоор Засаг даргатай холбогдож чадаагүй. 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан гэж н.Нарангэрэл хэлсэн. Би эгч нь утасаа алдчихаад утасгүй байж байгаад утастай болсон мөн эмчилгээ хийлгээд явж байна. Эгч нь үргэлжлүүлээд хичээлдээ сууна. Засаг дарга руу бичиг баримтаа явуулна гэж хэлсэн.  Засаг дарга руу бичиг хэрэг ороод захирамж авах гэсэн боловч өгөөгүй юм байна лээ. Засаг дарга надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би ажилгүйдлын тэтгэмж авч чадаагүй. Дараа нь би 2019 оны 11 дүгээр сарын 5,6 хавьцаа хичээлээс чөлөө аваад сум ороод Засаг даргад тушаалаа авъя гэж хэлэхэд надад өгөөгүй. Сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Булган аймгийн ... сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.У анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ... сумын Засаг даргын ажлыг 2016 оны 12 дугаар сард авсан. Оны эхэнд үйл ажиллагаатайгаа танилцаж амжаагүй өөрийн төлөвлөгөөг батлуулах гэж явсаар он гаргасан.  Дараа нь Соёлын төвийн ажилтай танилцахад соёлын төвийн барилга болоод ажилчид нь асуудалтай байсан. Тухайн ажлыг сайжруулж сэтгэл зүрхээ зориулах хүн хайж байсан. Тэр үед урлагын гавъяат зүтгэлтэн н.Э , архив бичиг хэргийн И.П  нар И.П ыг ажилд авахыг санал болгосон. Нутгийн хүн мөн Улаанбаатар хотод номын санчаар ажиллаж байсан, нутгийн зөвлөлд нарийн бичиг хийж байсан болохоор нь ажилд авсан. Ажилд авсан өдрөөсөө бүх талаас нь дэмжиж өөрөө дунд нь орж ажилладаг байсан. Сүүлдээ ажил нь явцгүй болоод шинэ жил, эх үрсийн баяр, аймгийн баяр наадмаар ажлын үр дүн ерөөсөө харагдахгүй байсан тул нэг удаа бүх ажилчдыг дуудаад И.П ад сануулсан. Тэр ажилчид дотроос н.М  гэж хүн би энэ хүнтэй хамт ажиллаж чадахгүй, энэ хүн ажил дээрээ байх юм бол ажлаасаа гарна гэж өргөдөл өгсөн. И.П  тухайн үед "Намайг 12 дугаар сар хүртэл харж үзээч, хэрвээ ажиллаж чадахгүй бол ажлаасаа чөлөөлөгдөнө" гээд өргөдөл өгсөн тухайн өргөдлийг бичиг хэргийн ажилтанд өгсөн. н.Э  гуайн хоёр жилд нэг удаа болдог ...ын хавар тоглолт болсон. н.Э  гуайн шавь нар ирээд хандив өгөөд зохион байгуулаад явсан. Энийг өөртэйгөө холбоод байна. Оны төсөв орохоос өмнө шинэ төсвийг оруулах ёстой. И.П  эрхлэгч хэлсэн Та 8 дугаар сараас эхлээд 8 дугаар сарын 26-ны өдөр амрах хүртлээ газрын алба, онцгой байдлын газар, холбоо гэсэн газраар яваад ямар бичиг баримт хэрэгтэй юм бэ, хэрэгтэй бичиг баримтыг цуглуулаад ирээрэй. Ажилчид нь 8 сар гарахаар амарчихдаг шүү гэдэг үүрэг даалгавар өгсөн. Би өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримт цуглуулаад Засаг даргын зөвлөлийн хуралд орох гэсэн боловч И.П  байгаагүй. 8 дугаар сарын 12-ны өдөр дахин зөвлөлийн хурал зарлахад олдохгүй байсан. Хүрч ирээд гэнэт амралтаа авна гэсэн. Тэгээд би хэлсэн чамд үүрэг даалгавар өгсөн шинэ барилгын төсөл гарах гээд байна. Би сарын өмнө хэлсэн шүү дээ наад хүмүүс чинь ажил дээрээ байгаа гэдгийг мэдээд явуулсан. Хоёрдугаарт амралтаа аваад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэсэн амралт нь захирамжинд бичсэн байгаа. Энэ үед залгахад утасаа аваагүй, ирээгүй. 10 дугаар сард тоглолтын бэлтгэл хийж байхад нь би Соёлын төвийн эрхлэгч ирсэн үү гэхэд ирээгүй гэхээр надад ирэхээр нь хэлээрэй гэсэн. 10 дугаар сарын 3-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд ирлээ гэсэн. Ингээд ажлын 3 өдөр ор сураггүй алга болсон. Хаврын тоглолтонд би өөрөө оролцсон Соёлын төвийн эрхлэгч ирж уулзаагүй. За за нэг дэх өдөр уулзах байх гэж бодоод орхисон тэгээд тэр өдрөө орой нь н.Г, И.П  нар ... сум руу орсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр ирэх юм байх гээд Засаг даргын зөвлөлийн хурал хийх гээд цуглуулахад И.П  байгаагүй. Та нар энэ хүнд хэлдэггүй юм уу гэхэд өнөө өглөө таксигаар Эрдэнэт явчихлаа гэсэн. Хэн гэдэг хүнтэй явсан бэ гэхэд Ганбаа гэдэг хүнтэй Нараа гээд ажилчинтай хамт явсан гэсэн. Нараа руу залгаад наадах чинь надад хэлж болдоггүй юм уу гэж асуухад халвал хална биз надад ямар хамаатай юм гэж ярьсан гэсэн. Би бичиг хэргийн ажилтан И.П т ирэхгүй бол ажлаас хална гэж хэлсэн.  Сануулаад ирээч гэж хэлээрэй гэсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэл сураггүй алга болсон учраас дахин Засаг даргын зөвлөлийн хурал хийсэн. Соёлын төвийн ажилчдыг дуудаад дарга чинь ирдэггүй юм уу гэхэд даргаа 7-нд над руу залгаад намайг халах гэж байгаа гэлүү халвал хална биз би сургуульд сурч байгаа бичгээ шидчихэд болоо гэсэн. Бие өвдлөө гэдэг зүйл яригдаагүй. Тэгээд эмнэлгийн магадлагаа өгсөн байсан. Эмнэлгийн магадлагаа нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн байсан. И.П  нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, хэл чимээгүй таг чиг алга болсон. Эмнэлгийн магадлагааг надад өгөөгүй. Сурдаг сургууль руу нь залгахад манайх өчигдөр тань руу дуудах бичиг явуулсан гэж хэлсэн. Дуудах бичиг явуулахаар манай сурч байгаа хүн тань дээр ороод албан ёсоор чөлөөгөө аваад дараагийн ажилтандаа ажлаа хүлээлгэж өгөөд ирэх ёстой гэсэн. Тэгээд удаа дараа ийм асуудал гаргаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сураггүй алга болсон байсан Ангын отог гэдэг амралтын газарт амарч байгаад манай ажилтантай таарсан гэсэн. Чи амралтаа авсан юм уу гээд асуухад нь үгүй ээ би амралтаа аваагүй гэж хэлсэн байсан. Би энд ажил явуулах гээд байдаг тэнд хүн ажлын өдрөөр амралтанд явж байдаг. Тэр нь ажлын цагийн бүртгэлээр харагдана. Удаа дараа сануулсаны эцэст ажлаас чөлөөлсөн. Утсаа хаясан гэж яриад байх юм. Дүү нь болохоор хэлдэг. Гэтэл ажилтантайгаа хурлын дараа ярьж захирамж гарсныг мэдсэн байдаг. Өөрөө хүрч ирээд захирамжаа аваагүй гэж явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Ирэхээр нь би доор захирамжыг нь өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг хэргийн ажилтан И.П  гаргасан байх ёстой доороос ороод авчих гэхэд за би захирамжаа авъя гэж хэлээд гарсан бичлэг нь нотлох баримтаар өгсөн байж байгаа. Дараа нь 11 дүгээр сарын 26-нд дүүгээсээ гардаж авсан байдаг. Яагаад гэвэл дүү нь архив бичиг хэргийн ажилтан манайхаас албан ёсоор амаар мэдэгдэх ёстой албан үүргийнхээ дагуу эгчдээ хэлсэн байгаа юм. Өөрөө болохоор ажил үүргийн дагуу хэлээгүй хувийн асуудлаар хэлсэн гэж байгаа юм. Ийм асуудал гараад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаартай шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П ыг Булган аймгийн ... сумын Соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ... сумын Засаг даргаас 6040467 /зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар И.П ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Булган аймгийн ... сумын Засаг даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111597 /нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. гэж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. ... сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан И.П  нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасан "төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна", гэсний дагуу Сумын соёлын төвийн төсвийн шууд захирагч бөгөөд Сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээгээр бус, /хуучнаар үр дүнгийн гэрээ / одоогийнхоор Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, сумын засаг даргаар батлуулан cap бүр төлөвлөгөөний биелэлтээ гаргаж дүгнүүлэх үүрэгтэй бөгөөд төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, томилох асуудлыг Төрийн жинхэнэ албан хаагчийн адил Төрийн албаны зөвлөл шийдвэрлэж томилуулахаар нэр дэвшүүлдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг гаргадаг, төрийн албан хаагч, Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан, нийтийн эрх зүйн субьект юм. Мөн төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т "энэ хуулийн 47.1- д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана", 54 дүгээр зүйлийн 54.1-д "Төсвийн шууд захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж жил бүриийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ гэж тус тус зааснаас харахад Төсвийн шууд захирагчийг томилох чөлөөлөх, албан тушаалаас халах асуудпыг төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байх тул ... сумын Засаг даргын хувьд И.П ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж ажлын хариуцлага алдсан алдаанууд давтагдсан гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 тоот захирамжаар ажлаас нь халсан байдаг. Хэрвээ И.П  нь Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д "Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна" гэж заасны дагуу түүнд Сахилгын шийтгэл ногдуулж тэрээр мөн хуулийн 128.1.2-т зааснаар гомдол гаргах байсан боловч И.П нь Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан биш бөгөөд Засаг даргын захирамжаар түүнийг ажлаас нь халсан байхад Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ "ажилтныг ажил олгогчийн санаачлагаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 тушаалаар ажлаас чөлөөлжээ гээд хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй, П ыг ажлаас чөлөөлсөн тушаал гэх зүйл хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт дурдсан байгаа.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай байдаг, гэтэл шүүх талуудын гаргасан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй, аль нотлох баримтаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь хэрхэн тогтоогдож байгааг шийдвэртээ дурдаагүй, мөн хуулийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэсэн байхад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар огт тусгаагүй, ямарч нөхцөл байдлын талаар, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурдаагүй хирнээ, "дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэстэй" гэсэн нь ойлгомжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцээд И.П ыг ажлаас халах үндэслэл нотлогдсон, Засаг даргын П ыг ажлаас халсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад ... шүүгч Засаг даргын Б/12 тоот тушаал гээч хэрэгт авагдаагүй, байхгүй зүйл дурдаж уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны хууль баримтласан нь буруу гэж зөрчил гаргаж гэм буруу нь нотлогдсон этгээдийг ажилд эгүүлэн томилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Засаг даргын П ыг ажлаас халсан захирамж үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүчингүй болгосны дараа ажилд нь эгүүлэн томилох байсан болов уу гэж бодно/

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдпыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж дурдсан хирнээ... Төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байхад Төрийн албаны хуулийг баримталсан нь буруу гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. И.П  нь ... сумын соёлын төвийн эрхлэгчээр буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төсвийн шууд захирагч учраас түүний хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд олон хууль дүрэм журмаар зохицуулагддаг. Гэтэл шүүх зөвхөн Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахаар дүгнэлт хийсэн нь өрөөсгөл, алдаатай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-т "шүүх байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно" гэсэн байхад шүүгч энэ ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.П  хариуцагч Булган аймгийн засаг даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч ... сумын засаг дарга Х.У нэхэмжлэгч нь удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан, ажлын хариуцлага алдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.П  нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б/31 дугаар захирамжаар Булган аймгийн ... сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар ажлаасаа халагдсан байна.

Хариуцагч ажлаас халсан тухай захирамж гаргахдаа Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5 дахь хэсгүүдийг үндэслэл болгожээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ... сумын засаг дарга нь ... сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.П ыг соёлын байгууллагад ажлын цагаар 8 удаа очиход очих бүрт ажлын байрандаа байгаагүй, ээлжийн амралтын хугацаа дуусаж 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох байсан боловч 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүйгээс гадна удирдан зохион байгуулах чадваргүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалж, ажлын хариуцлага алдсан гэжээ.

... сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримт материалгүй бөгөөд энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар И.П ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлдагыг хангасан гэж үзнэ.

... сумын засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг үндэслэж байгаа талаараа тушаалдаа тодорхой заах үүрэгтэй ба хууль баримтлаагүйг хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Аж ахйун нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтныг цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар хуульчилсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдсан гомдолдоо: ... нэхэмжлэгч И.П  нь ... сумын соёлын төвийн эрхлэгчээр буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төсвийн шууд захирагч учраас түүний хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд олон төрлийн хууль дүрэм журмаар зохицуулагддаг гэтэл шүүх хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар дүгнэлт хийсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Нэхэмжлэгч И.П  нь Булган аймгийн ... сумын соёлын төвийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан тул түүний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар зохицуулагдах бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ захирамж гэхийг тушаал гэж тогтоох хэсгийн 1 дэх заалтанд зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо гэхийг зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо гэж ташаа бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ё.БЯМБАЦЭРЭН

         ШҮҮГЧИД           Д.МӨНХӨӨ

                                            М.ХҮРЭЛБААТАР