Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00500

 

 

                                                       И.П-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

И.П-ын нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.П, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч И.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Бугат сумын Засаг даргын 2017.12.18-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдон, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлж байсан. Үүрэгт ажлаа хүлээж авсны дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болсон энэ хурал дээр ямар байгууллага хүлээж авсан гэдгээ хэлсэн. Засаг даргад амралтаа авмаар байна гэхэд та үүрэг даалгавар биелүүлээгүй байж яаж амралтаа авах юм бэ гэхэд би хүүхэд сургуульд орох гэж байна таны яриад байгаа зүйлийг хөөцөлдөх мөнгө байхгүй гэхэд гар, зайл гэж хөөсөн. Орлогч дарга дараа нь надад амралтын хугацааг хэлсэн. 2019.08 дугаар сард амралтаа авсан. 2019.10.02-ны өдөр ажилдаа орох ёстой, 2019.10.02-ны өдрөөр дуусгавар болох ёстой гэж надад хэлсэн. Миний бие маш их өвдөж хөл дээрээ алхаж чадахгүй байдалтай байсан. Амралтаа аван Улаанбаатар хот ороод 2019.08.28-ны өдөр зүрхний эмчид үзүүлэхэд таны зүрх зүгээр байна, та бамбайн эход харуулаад ир гээд үзүүлээд очтол бамбайн 2 зангилаатай байна, яаралтай үзүүлэхгүй бол хагалгаанд орох магадлалтай байна гэхэд би маш их сэтгэлээр унасан. Гар хөл янгинаж өвдөөд байхаар нь үе мөчний эмчид нь үзүүлэхэд хоолойн ангинтай байна гэхэд нь 10 хоног Дархан-Уул аймагт очиж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Амралт 2020.10.02-ны өдөр дууссан. Намайг амарч байх хугацаанд Боловсрол, соёлын газрын 60 жилийн ойн арга хэмжээ 2020.10.04-05-нд болох ёстой гээд намайг ирж тоглолтынхоо бэлтгэлийг хий гэж дуудуулсан байсан. н.Нарангэрэл рүү залгаад намайг дуудсан байна манайхаас хэн хэн очих вэ гэхэд манайхаас н.Ганчимэг явна, сургуулийн бүжгийн тэмцээнд түрүүлсэн хүмүүс оролцох юм байна лээ гэж хэлсэн. 2020.10.02-ны өдөр 16 цагт бэлтгэл дээрээ очсон. Бэлтгэлдээ ороод 2020.10.05-ны орой тоглолт болоод гараад ирэхэд миний утас алга болсон байсан. Би цагдаад бүртгүүлээд, хүлээн авалтанд оролцоод 2020.10.05-ны шөнө Бугат сум явсан. 2020.10.06-ны өдөр Улаанбаатар бие өвдөөд байсан учраас Солонго эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Тэгээд таны бамбайгаас болоод байж магадгүй нүдийг чинь угаагаад харж байж болно гэсэн. Дараа нь би очиход таны нүд маш их хуурайшилттай, үрэвсэлтэй байсан учраас харшил явагдаад байна, ямар ч байсан бамбайн эмчдээ хяналтад байгаарай гэхэд 2019.10.16-ны өдөр акт бичиж өгсөн. Тэгээд хичээл орох болоод сургуулиасаа дуудах бичиг аваад бичиг хэргийн ажилтан И.Пүрэвмядагт хувь чатаар нь явуулсан. Ээлжийн амралтаа авахдаа соёлын төвийн няравт би амралтаа авлаа, намайг байхгүйд орлож ажиллаарай гээд үүрэг, даалгавар өгөөд явсан. 2019.10.07-ны өдрөөс хойш надад утас байгаагүй. Ажлын хүмүүсийн утасны дугаарыг мэдэхгүй болохоор Засаг даргатай холбогдож чадаагүй. 2019.10.07-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан гэж н.Нарангэрэл хэлсэн. Би эгч нь утсаа алдаад утасгүй байж байгаад утастай болсон, мөн эмчилгээ хийлгээд явж байна. Эгч нь үргэлжлүүлээд хичээлдээ сууна, Засаг даргад бичиг баримтаа явуулна гэж хэлсэн.  

Засаг дарга надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, би ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Дараа нь 2019.11.5, 6 сарын үед хичээлээс чөлөө аваад, сум орж Засаг даргаас тушаалаа авъя гэж хэлэхэд надад өгөөгүй. Сүүлд 2019.11.20-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Х.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Бугат сумын Засаг даргын ажлыг 2016.12 дугаар сард авсан. Оны эхэнд үйл ажиллагаатайгаа танилцаж амжаагүй өөрийн төлөвлөгөөг батлуулах гэж явсаар он гаргасан.  Дараа нь Соёлын төвийн ажилтай танилцахад соёлын төвийн барилга болоод ажилчид нь асуудалтай байсан. Тухайн ажлыг сайжруулж сэтгэл зүрхээ зориулах хүн хайж байсан. Тэр үед урлагын гавьяат зүтгэлтэн н.Эрдэнэбулган, архив бичиг хэргийн И.Пүрэвмядаг нар И.П-ыг ажилд авахыг санал болгосон. Нутгийн хүн, мөн Улаанбаатар хотод номын санчаар ажиллаж байсан, нутгийн зөвлөлд нарийн бичиг хийж байсан болохоор нь ажилд авсан. Ажилд авсан өдрөөсөө бүх талаас нь дэмжиж өөрөө дунд нь орж ажилладаг байсан. Сүүлдээ ажил нь явцгүй болоод шинэ жил, эх үрсийн баяр, аймгийн баяр наадмаар ажлын үр дүн ерөөсөө харагдахгүй байсан тул нэг удаа бүх ажилчдыг дуудаад И.П-д сануулсан. Тэр ажилчид дотроос н.Мандах гэж хүн би энэ хүнтэй хамт ажиллаж чадахгүй, энэ хүн ажил дээрээ байх юм бол ажлаасаа гарна гэж өргөдөл өгсөн. И.П тухайн үед "Намайг 12 дугаар сар хүртэл харж үзээч, хэрвээ ажиллаж чадахгүй бол ажлаасаа чөлөөлөгдөнө" гээд өргөдөл өгсөн. Тухайн өргөдлийг бичиг хэргийн ажилтанд өгсөн. н.Эрдэнэбулган гуайн хоёр жилд нэг удаа болдог Бугатын хавар тоглолт болсон. н.Эрдэнэбулган гуайн шавь нар ирээд хандив өгч, зохион байгуулаад явсан ба үүнийг өөртэйгөө холбоод байна. Оны төсөв орохоос өмнө шинэ төсвийг оруулах ёстой. Та 08 дугаар сараас эхлээд 08 дугаар сарын 26-ны өдөр амрах хүртлээ газрын алба, онцгой байдлын газар, холбоо гэсэн газраар яваад ямар бичиг баримт хэрэгтэй юм бэ, хэрэгтэй бичиг баримтыг цуглуулаад ирээрэй. Ажилчид нь 8 сар гарахаар амарчихдаг шүү гэдэг үүрэг даалгавар өгсөн. Би өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримт цуглуулаад Засаг даргын зөвлөлийн хуралд орох гэсэн боловч И.П байгаагүй. 08.12-ны өдөр дахин зөвлөлийн хурал зарлахад олдохгүй байсан. Амралтаа аваад 2019.10.01-ний өдрийг хүртэл гэж амралтын хугацааг захирамжид бичсэн байгаа. Энэ үед залгахад утсаа аваагүй, ирээгүй. 10.03-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд ирлээ гэсэн.

Ингээд ажлын 3 өдөр ор сураггүй алга болсон. Хаврын тоглолтод би өөрөө оролцсон, Соёлын төвийн эрхлэгч ирж уулзаагүй. За за нэг дэх өдөр уулзах байх гэж бодоод орхисон. Тэгээд тэр өдрийн орой н.Ганчимэг, И.П нар Бугат сум руу орсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр ирэх юм байх гээд Засаг даргын зөвлөлийн хурал хийх гээд цуглуулахад И.П байгаагүй. Та нар энэ хүнд хэлдэггүй юм уу гэхэд өнөө өглөө таксигаар Эрдэнэт явчихлаа гэсэн. Хэн гэдэг хүнтэй явсан бэ гэхэд Ганбаа, Нараа нартай хамт явсан гэсэн. Нараа руу залгаад наадах чинь надад хэлж болдоггүй юм уу гэж асуухад халбал хална биз, надад ямар хамаатай юм гэж ярьсан гэсэн. 2019.10.17-ны өдөр хэл сураггүй алга болсон учраас дахин Засаг даргын зөвлөлийн хурал хийсэн. Соёлын төвийн ажилчдыг дуудаад дарга чинь ирдэггүй юм уу гэхэд даргаа 07-нд над руу залгаад намайг халах гэж байгаа гэлүү, халбал хална биз би сургуульд сурч байгаа бичгээ шидчихэд болоо гэсэн. Бие өвдлөө гэдэг зүйл яригдаагүй. Тэгээд эмнэлгийн магадалгаа өгсөн байсан. Эмнэлгийн магадалгаа нь 2019.10.16-ны өдөр бичигдсэн байсан. И.П нь 2019.10.07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, хэл чимээгүй таг чиг алга болсон. Эмнэлгийн магадлагааг надад өгөөгүй. Сурдаг сургууль руу нь залгахад манайх өчигдөр тань руу дуудах бичиг явуулсан гэж хэлсэн. Дуудах бичиг явуулахаар манай сурч байгаа хүн тань дээр ороод албан ёсоор чөлөөгөө аваад дараагийн ажилтандаа ажлаа хүлээлгэж өгөөд ирэх ёстой гэсэн. Тэгээд удаа дараа ийм асуудал гаргаж байсан. 2019.08.12-ны өдөр сураггүй алга болсон байсан. Ангын отог гэдэг амралтын газарт амарч байгаад манай ажилтантай таарсан гэсэн. Чи амралтаа авсан юм уу гээд асуухад нь үгүй ээ би амралтаа аваагүй гэж хэлсэн байсан. Би энд ажил явуулах гээд байдаг тэнд хүн ажлын өдрөөр амралтанд явж байдаг. Тэр нь ажлын цагийн бүртгэлээр харагдана. Удаа дараа сануулсны эцэст ажлаас чөлөөлсөн.

Гэтэл ажилтантайгаа хурлын дараа ярьж захирамж гарсныг мэдсэн байдаг. Өөрөө хүрч ирээд захирамжаа аваагүй гэж байгаад 2019.11.05-ны өдөр ирсэн. Ирэхээр нь би доор захирамжийг нь өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би бичиг хэргийн ажилтан И.Пүрэвмядаг гаргасан байх ёстой доороос ороод авчих гэхэд за би захирамжаа авъя гэж хэлээд гарсан бичлэг нь нотлох баримтаар өгсөн байгаа. Дараа нь 11.26-нд дүүгээсээ гардаж авсан байдаг. Яагаад гэвэл дүү нь архив бичиг хэргийн ажилтан манайхаас албан ёсоор амаар мэдэгдэх ёстой албан үүргийнхээ дагуу эгчдээ хэлсэн байдаг. Өөрөө болохоор ажил үүргийн дагуу хэлээгүй хувийн асуудлаар хэлсэн гэдэг. Ийм асуудал гараад 2019.10.17-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П-ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Бугат сумын Засаг даргаас 6,040,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  И.П-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111,597 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “ энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр арга  хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01.01-ний өдрөөс 12.31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас харахад төсвийн шууд захирагчийг томилох чөлөөлөх, албан тушаалаас халах асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байх тул Бугат сумын Засаг даргын хувьд И.П-ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж ажлын хариуцлага алдсан нь давтагдсан гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан 2019.10.17-ны өдрийн Б/12 тоот захирамжаар ажлаас нь халсан байдаг. Хэрвээ И.П Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасны дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулж, тэрээр мөн хуулийн 128.1.2-т зааснаар гомдол гаргах байсан.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “ажилтныг ажил олгогчийн санаачилгаар 2019.10.17-ны өдрийн Б/12 тушаалаар ажлаас чөлөөлжээ...” гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй. И.П-ыг ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, талуудын гаргасан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, аль нотлох баримтаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь хэрхэн тогтоогдож байгааг шийдвэртээ дурдаагүй, мөн хуулийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн байхад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар огт тусгаагүй. Шүүх хуралдаанаар хэлэлцээд И.П-ыг ажлаас халах үндэслэл нотлогдсон, Засаг даргын И.Пүравбатыг ажлаас халсан захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад ...шүүгч Засаг даргын Б/12 тоот тушаал хэрэгт авагдаагүй, байхгүй зүйл дурдаж уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль баримталсан нь буруу гэж зөрчил гаргаж гэм буруу нь нотлогдсон этгээдийг ажилд эгүүлэн томилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж дурдсан хирнээ ...төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байхад Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь буруу гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. И.П нь Бугат сумын соёлын төвийн эрхлэгчээр буюу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төсвийн шууд захирагч учраас түүний хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд олон хууль дүрэм, журмаар зохицуулагддаг. Гэтэл шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар дүгнэлт хийсэн нь өрөөсгөл, алдаатай болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-т “шүүх байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно” гэсэн байхад шүүгч энэ ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

И.П Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2019.10.17-ны өдрийн Б/12 тоот захирамжаар “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5-д заасныг тус тус баримтлан И.П нь сумын Засаг дарга соёлын байгууллагад ажлын цагаар 8 удаа очих бүрт ажлын байрандаа байгаагүйн зэрэгцээ ээлжийн амралтын хугацаа нь дуусч 10.01-ний өдрөөс ажилдаа орох байсан боловч 10.14-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, байгууллагын удирдлага, хүнд байж боломгүй харилцааны соёлгүйгээс гадна удирдан зохион байгуулах чадваргүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж, ажлын хариуцлага алдсан алдаа нь удаа дараа давтагдсан” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар И.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ ажлын байр буюу албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тухайлан ярьж тохирсон байх ёстой бөгөөд эдгээр нөхцөлүүд нь ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэр, ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлог зэргээс үл шалтгаалж аливаа хөдөлмөрийн гэрээнд нийтлэг, адил хэмжээгээр хамаардаг.

 Аливаа гэрээ, хэлэлцээр нь талуудын хүсэл зоригийн адил тэгш илэрхийлэл байдгаас үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын хооронд нэгэнт тохирч байгуулсан бол түүнийгээ аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй болдог.

Хөдөлмөрийн гэрээгээр талууд эрх, үүргээ харилцан тохиролцохоос гадна, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг урьдчилан нэрлэн заасан бол хөндлөнгийн байгууллага тэдний хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн хувьд чиг баримжаа болгож, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд холбогдох хуулийн зүйл, заалтыг нарийвчлан баримтлахаас илүүтэй ажилтны гаргасан зөрчлийг нэг бүрчлэн тогтоохоос гадна энэ нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, холбогдох хуульд заасан зөрчилд хамаарах ёстой байдаг.

Зохигчийн хооронд 2017.12.18-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгагдсан гэрээ хэрэгт авагджээ.

Уг гэрээнд ажилтан И.П гарын үсэг зураагүй хэдий ч шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

И.П Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017.12.18-ны өдрөөс хойш ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.П нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримтгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх талаар гаргасан тайлбар, Булган аймгийн Бугат сумын засаг даргын 2019.10.17-ны өдрийн Б/12 дугаар “Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.П-ыг ажлаас халах тухай” захирамжийг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

Дээрх байдлын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх “И.П-ыг Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж” гэсэн дүгнэлт хийж, түүнийг Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоосон нь хоёрдмол утгыг илэрхийлсэн, ажилд томилсон тушаал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч И.П-ыг ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, /зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ гэж алдаатай бичсэнийг залруулах шаардлагатай.

Иймээс магадлал, шийдвэрийн 1 дэх заалтыг “...нэхэмжлэгч И.П-ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Булган аймгийн Бугат сумын засаг даргын тамгын газраас 6,040,467 /зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П-ыг Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Бугат сумын Засаг даргын тамгын газраас 6,040,467 /зургаан сая дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П-д олгосугай.” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УНДРАХ                                                        

                                 ШҮҮГЧИД                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                 Д.ЦОЛМОН                      

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД