Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 436

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У  овогт И.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Б  сумын Засаг даргад холбогдох, 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай 132/2019/00708/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.П, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Х.У , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, гэрч Б.А , Д.Н , Н.О , Б.Н , Н.Г , Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б  сумын Засаг даргын тамгын газар 2017 оны 12 дугаар сарын 18-ны Б/41 захирамжаар тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт томилогдон ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлж ирсэн гэж үзэж байна. Үүрэгт ажлаа хүлээж авсны дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болсон энэ хурал дээр ямар байгууллага хүлээж авсан гэдгээ хэлсэн. Энэ байгууллага эзэнгүй айл шиг байсан. Номын сан гэхэд 3 данс бүртгэх ёстой нэг ч данс бүртгэл байгаагүй, номын тал нь алга болсон байсан. Ажиллах орчин маш хүнд байсан. 2019 оны наадмын дараа Засаг дарга та газрын геодези, гиологийн зураг аваад аймгийн төв ороод байгууллагуудаар явж зөвшөөрөл олж ир гэсэн. н.Пүрэвсүрэн гэж хүнээс гиологийн зураг аваарай гэсэн боловч хүмүүс нь амралтаа аваар гадагшаа явсан байсан. Энийг хөөцөлдөөд 14 хоног явж байж гиологийн зураг авсан. Тэр нь ямар ч баталгаагүй. Ингээд би Засаг дарга дээр ороод амралтаа авмаар байна гэхэд та үүрэг даалгавар биелүүлээгүй байж яаж амралтаа авах юм бэ гэсэн. Би хүүхэд сургуульд орох гэж байна таны яриад байгаа зүйлийг хөөцөлдөх мөнгө байхгүй гэхэд гар зайл гэж хөөсөн. Орлогч дарга дараа нь надад амралтын хугацааг хэлсэн. 2019 оны 08 дугаар сард амралтаа авсан. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажилдаа орох ёстой, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөр дуусгавар болох ёстой гэж надад хэлсэн. Миний бие маш их өвдөж хөл дээрээ алхаж чадахгүй ийм байдалтай байдаг байсан.  Амралтаа аваад Улаанбаатар хот ороод 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  зүрхний эмчид үзүүлсэн. Үзүүлэхэд таны зүрх зүгээр байна. Та бамбайн эход харуулаад ир гээд үзүүлээд очтол бамбайн 2 зангилаатай байна гэсэн. Яаралтай үзүүлэхгүй бол хагалгаанд орох магадлалтай байна гээд би маш их сэтгэлээр унасан. Гар хөл янгинаж өвдөөд байхаар нь үе мөчний эмчид нь үзүүлэхэд хоолойны ангинатай байна гэсэн. 10 хоног Дархан аймагт очиж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Амралт 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр дууссан. Намайг амарч байх хугацаанд Боловсрол, соёлын газрын  60 жилийн ойн арга хэмжээ 2020 оны 10 дугаар сарын 4-5-нд болох ёстой гээд намайг ирж тоглолтынхоо бэлтгэлийг хий гэж дуудуулсан байсан. н.Н  рүү залгаад намайг дуудсан байна манайхаас хэн хэн очих вэ гэхэд манайхаас н.Г  явна, сургуулийн бүжгийн тэмцээнд түрүүлсэн хүмүүс оролцох юм байна лээ гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт бэлтгэл дээрээ очсон. Бэлтгэлдээ ороод 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой тоглолт болоод гараад иэхэд миний утас алга болсон байсан. Би цагдаад бүртгүүлээд, хүлээн авалтанд оролцоод 2020 оны 10 дугаар сарын 05-ний шөнө Б  явсан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар бие өвдөөд байсан учраас Солонго эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Тэгээд таны бамбайгаас болоод байж магадгүй нүдийг чинь угаагаад харж байж болно гэсэн. Дараа нь би очиход таны нүд маш их хуурашилттай, үрэвсэлтэй байсан учраас харшил явагдаад байна гэсэн. Ямар ч байсан бамбайн эмчдээ хяналтанд байгаарай гэж 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр акт бичиж өгсөн. Тэгээд хичээл орох болоод сургуулиасаа дуудах бичиг аваад бичиг хэргийн ажилтан н.П т хувь чатаар нь явуулсан. Ээлжийн амралтаа авахдаа соёлын төвийн няравт би амралтаа авлаа намайг байхгүйд орлож ажлаарай гээд үүрэг даалгавар өгөөд явсан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш надад утас байгаагүй. Ажлын хүмүүсийн утасны дугаарыг мэдэхгүй болохоор Засаг даргатай холбогдож чадаагүй. 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ажлаас халсан тушаал гарсан гэж н.Н  хэлсэн. Би эгч нь утасаа алдчихаад утасгүй байж байгаад утастай болсон мөн эмчилгээ хийлгээд явж байна. Эгч нь үргэлжлүүлээд хичээлдээ сууна. Засаг дарга руу бичиг баримтаа явуулна гэж хэлсэн.  Засаг дарга руу бичиг хэрэг ороод захирамж авах гэсэн боловч өгөөгүй юм байна лээ. Засаг дарга надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би ажилгүйдлын тэтгэмж авч чадаагүй. Дараа нь би 2019 оны 11 дүгээр сарын 5,6 хавьцаа хичээлээс чөлөө аваад сум ороод Засаг даргад тушаалаа авъя гэж хэлэхэд надад өгөөгүй. Сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Булган аймгийн Б  сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б  сумын Засаг даргын ажлыг 2016 оны 12 дугаар сард авсан. Оны эхэнд үйл ажиллагаатайгаа танилцаж амжаагүй өөрийн төлөвлөгөөг батлуулах гэж явсаар он гаргасан.  Дараа нь Соёлын төвийн ажилтай танилцахад соёлын төвийн барилга болоод ажилчид нь асуудалтай байсан. Тухайн ажлыг сайжруулж сэтгэл зүрхээ зориулах хүн хайж байсан. Тэр үед урлагын гавъяат зүтгэлтэн н.Э , архив бичиг хэргийн И.П  нар И.П ыг ажилд авахыг санал болгосон. Нутгийн хүн мөн Улаанбаатар хотод номын санчаар ажиллаж байсан, нутгийн зөвлөлд нарийн бичиг хийж байсан болохоор нь ажилд авсан. Ажилд авсан өдрөөсөө бүх талаас нь дэмжиж өөрөө дунд нь орж ажилладаг байсан. Сүүлдээ ажил нь явцгүй болоод шинэ жил, эх үрсийн баяр, аймгийн баяр наадмаар ажлын үр дүн ерөөсөө харагдахгүй байсан тул нэг удаа бүх ажилчдыг дуудаад И.П ад сануулсан. Тэр ажилчид дотроос н.М   гэж хүн би энэ хүнтэй хамт ажиллаж чадахгүй, энэ хүн ажил дээрээ байх юм бол ажлаасаа гарна гэж өргөдөл өгсөн. И.П тухайн үед "Намайг 12 дугаар сар хүртэл харж үзээч, хэрвээ ажиллаж чадахгүй бол ажлаасаа чөлөөлөгдөнө" гээд өргөдөл өгсөн тухайн өргөдлийг бичиг хэргийн ажилтанд өгсөн. н.Э  гуайн хоёр жилд нэг удаа болдог “Б ын хавар” тоглолт болсон. н.Э гуайн шавь нар ирээд хандив өгөөд зохион байгуулаад явсан. Энийг өөртэйгөө холбоод байна. Оны төсөв орохоос өмнө шинэ төсвийг оруулах ёстой. И.П эрхлэгч хэлсэн “Та 8 дугаар сараас эхлээд 8 дугаар сарын 26-ны өдөр амрах хүртлээ газрын алба, онцгой байдлын газар, холбоо гэсэн газраар яваад ямар бичиг баримт хэрэгтэй юм бэ, хэрэгтэй бичиг баримтыг цуглуулаад ирээрэй. Ажилчид нь 8 сар гарахаар амарчихдаг шүү гэдэг үүрэг даалгавар өгсөн. Би өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримт цуглуулаад Засаг даргын зөвлөлийн хуралд орох гэсэн боловч И.П байгаагүй. 8 дугаар сарын 12-ны өдөр дахин зөвлөлийн хурал зарлахад олдохгүй байсан. Хүрч ирээд гэнэт амралтаа авна гэсэн. Тэгээд би хэлсэн чамд үүрэг даалгавар өгсөн шинэ барилгын төсөл гарах гээд байна. Би сарын өмнө хэлсэн шүү дээ наад хүмүүс чинь ажил дээрээ байгаа гэдгийг мэдээд явуулсан. Хоёрдугаарт амралтаа аваад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэсэн амралт нь захирамжинд бичсэн байгаа. Энэ үед залгахад утасаа аваагүй, ирээгүй. 10 дугаар сард тоглолтын бэлтгэл хийж байхад нь би Соёлын төвийн эрхлэгч ирсэн үү гэхэд ирээгүй гэхээр надад ирэхээр нь хэлээрэй гэсэн. 10 дугаар сарын 3-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд ирлээ гэсэн. Ингээд ажлын 3 өдөр ор сураггүй алга болсон. Хаврын тоглолтонд би өөрөө оролцсон Соёлын төвийн эрхлэгч ирж уулзаагүй. За за нэг дэх өдөр уулзах байх гэж бодоод орхисон тэгээд тэр өдрөө орой нь н.Г , И.П нар Б  сум руу орсон байсан. Тэгээд би 1 дэх өдөр ирэх юм байх гээд Засаг даргын зөвлөлийн хурал хийх гээд цуглуулахад И.П байгаагүй. Та нар энэ хүнд хэлдэггүй юм уу гэхэд өнөө өглөө таксигаар Эрдэнэт явчихлаа гэсэн. Хэн гэдэг хүнтэй явсан бэ гэхэд Г  гэдэг хүнтэй Нараа гээд ажилчинтай хамт явсан гэсэн. Нараа руу залгаад наадах чинь надад хэлж болдоггүй юм уу гэж асуухад халвал хална биз надад ямар хамаатай юм гэж ярьсан гэсэн. Би бичиг хэргийн ажилтан И.П т ирэхгүй бол ажлаас хална гэж хэлсэн.  Сануулаад ирээч гэж хэлээрэй гэсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэл сураггүй алга болсон учраас дахин Засаг даргын зөвлөлийн хурал хийсэн. Соёлын төвийн ажилчдыг дуудаад дарга чинь ирдэггүй  юм уу гэхэд даргаа 7-нд над руу залгаад намайг халах гэж байгаа гэлүү халвал хална биз би сургуульд сурч байгаа бичгээ шидчихэд болоо гэсэн. Бие өвдлөө гэдэг зүйл яригдаагүй. Тэгээд эмнэлгийн магадлагаа өгсөн байсан. Эмнэлгийн магадлагаа нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн байсан. И.П нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, хэл чимээгүй таг чиг алга болсон. Эмнэлгийн магадлагааг надад өгөөгүй. Сурдаг сургууль руу нь залгахад манайх өчигдөр тань руу дуудах бичиг явуулсан гэж хэлсэн. Дуудах бичиг явуулахаар манай сурч байгаа хүн тань дээр ороод албан ёсоор чөлөөгөө аваад дараагийн ажилтандаа ажлаа хүлээлгэж өгөөд ирэх ёстой гэсэн. Тэгээд удаа дараа ийм асуудал гаргаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сураггүй алга болсон байсан ”Ангын отог” гэдэг амралтын газарт амарч байгаад манай ажилтантай таарсан гэсэн. Чи амралтаа авсан юм уу гээд асуухад нь үгүй ээ би амралтаа аваагүй гэж хэлсэн байсан. Би энд ажил явуулах гээд байдаг тэнд хүн ажлын өдрөөр амралтанд явж байдаг. Тэр нь ажлын цагийн бүртгэлээр харагдана. Удаа дараа сануулсаны эцэст ажлаас чөлөөлсөн. Утсаа хаясан гэж яриад байх юм. Дүү нь болохоор хэлдэг. Гэтэл ажилтантайгаа хурлын дараа ярьж захирамж гарсныг мэдсэн байдаг. Өөрөө хүрч ирээд захирамжаа аваагүй гэж явж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Ирэхээр нь би доор захирамжыг нь өгсөн гэж хэлсэн.  Тэгэхээр нь би бичиг хэргийн ажилтан И.П  гаргасан байх ёстой доороос ороод авчих гэхэд за би захирамжаа авъя гэж хэлээд гарсан бичлэг нь нотлох баримтаар өгсөн байж байгаа. Дараа нь 11 дүгээр сарын 26-нд дүүгээсээ гардаж авсан байдаг. Яагаад гэвэл дүү нь архив бичиг хэргийн ажилтан манайхаас албан ёсоор амаар мэдэгдэх ёстой албан үүргийнхээ дагуу эгчдээ хэлсэн байгаа юм. Өөрөө болохоор ажил үүргийн дагуу хэлээгүй хувийн асуудлаар хэлсэн гэж байгаа юм. Ийм асуудал гараад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан гэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

гэрч Б.Н  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би И.П тай 2 жилийн хугацаанд хамт ажиллаж байна. И.П амралтын хугацаа 2019 оны 10 сарын 01-ний өдөр байсан. 2019 сарын 10 сарын 17-ны өдөр И.П ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ хугацаанд И.П нь энэ хугацаанд ажилдаа ирээгүй байсан. И.П нь албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан. И.П надтай 2019 оны 10 сарын 07-ны орой ярьсан. Та өөрөө байсан юм бол Засаг даргаас чөлөөгөө аваад явахгүй яасан юм гэхэд би Улаанбаатар хот руу ороод сургуулиасаа дуудах хуудсаа явуулна. Намайг сурч байгааг Засаг дарга мэдэж байгаа гэж хэлсэн. И.П ад удирдагч хүний ёс зүй байхгүй гэж хэлж болно. Соёлын төвийн үйл ажиллагаа манай албан хаагчид бүгд дор бүрнээ өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэдэг. И.П нь Соёлын төвийн эрхлэгчийн тамгаа өгөхдөө би амарч орж ирээд хүсэлтдээ өгөөд ажлаа өгнө гэж байсан. И.П 2019 оны 11 сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай захирамжаа авахад нь би байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.А  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би И.П тай 2017 оноос хойш хамтарч ажиллаж байсан. энэ хугацаанд И.П нь ажлаа яг тасралтгүй хийж байсан гэж хэлж чадахгүй. Тодорхойгүй хугацаагаар алга болчихдог. Засаг даргын зөвлөлийн хурал дээр И.П хаачив гэдэг зүйл удаа дараа яригдаж байсан. И.П ыг Засаг даргын зөвлөлийн хурлаар 2019 оны 10 сарын 07-ны өдөр, 2020 оны 10 сарын 17-ны өдрүүдэд хуралдсан. Тус зөвлөлд И.П байдаг. И.П ажиллаж байх хугацаандаа н.Э ы Б ын хавар наадмыг н.Э  гэдэг хамт зохион байгуулж ажилласан. Засаг даргын зөвлөлийн хурлаар миний нэрийг соёл урлаг, спортыг ажлын хэргийн ахлагчид нэр дэвшүүлсэн байсан. Яагаад соёлын төвийн эрхлэгч гэдэг хүн байсаар байтал сургуулийн захирал зохион байгуулах ёстой вэ гэж хэлж байсан. Бүх хүний саналаар би гарсан. Миний хувьд чөлөө авахдаа 3 дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргад өөрт нь хандана гэсэн гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 10 сарын 07-ны өдрийн боловсролын ойгоор энэ хүний асуудал яригдаж эхэлсэн. 10 сарын 01-нд ирэх ёстой байсан хүн яагаад ирээгүй байна гээд ажлын байран дээр байх эсэхийг ярилцсан. 2020 оны 10 сарын 17-ны өдөр И.П ыг сургуульд суралцаж байгаа эсэх талаарх дуудах бичиг очоогүй байгаа тохиолдол манай сургуулиас хариуцахгүй гэж хэлж байсныг спикер дээрээ тавьсан байхад нь сонссон. 2020 оны 10 срын 07-ны хуралд И.П ын эгч н.П  хурал дээр гарын үсэг зуруулах гэж орж ирсэн. Тэгэхэд Засаг дарга хэлсэн.И.П эрхлэгчийн асуудал ярьж байна. И.П ад энэ асуудлыг хэлээд яг дамжуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд мэдэхгүй бид нар ерөөсөө холбогдохгүй байгаа гэж хэлж байсан. 2019 оны 10 сарын 17-ны хурал дээр мэдсээр байж дахин ирсэнгүй гэж бодсон” гэх мэдүүлэг,

Гэрч Д.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Чөлөө авахдаа бид нар Засаг дарга болон удирдах албан тушаалтнаасаа авдаг. Жил болон Засаг даргатай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Засаг даргын зүгээс ажилтан болон албан хаагчтай ёс зүйгүй харьцаж байсан зүйл байхгүй. Би И.П тай 2019 оны 08 сарын 12, 13-ны ажлын өдрүүдэд Ангын отог амралтын газар амарч яваад таарч байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 11 дүгээр сард ажилд орсон. И.П нь байгууллагын удидлагын хувьд үүрэг даалгавар өгдөггүй байсан. Ямар нэгэн үйл ажиллагаа болоход байдаггүй байсан. Утсаар нь холбогддог байсан. Ажлын цагаар ирдэг ажилдаа ирдэг ч ажлаа тасдаад явчихдаг байсан. өвчтэй гээд 2-3 хоногоор явдаг байсан. И.П ын ээлжийн амралтын хугацаа дуусч ажилдаа орох хугацаа нь 2019 оны 10 сарын 01-ний өдөр байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Н  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 сарын 07-ны өдөр И.П тай хамт Эрдэнэт рүү Соната маркийн машинаар орсон. Тухайн үед И.П ын бие нь тааруу зүйл ажиглагдаагүй. Тухайн өдөр нь нэг дэх өдөр байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Засаг даргын зөвлөлийн хурлын бэлтгэл ажил зөвлөлийн гишүүдийг цуглуулж, дарааллаар дэвтэр гаргаж, дарааллын дагуу хуралдаан явагддаг. И.П ын ээлжийн амралтын хугацаа 2020 оны 10 сарын 01-ний өдөр дууссан байсан ба сүүлийн хуралд ирээгүй. Утас нь холбогдохгүй холбоо барьж чадаагүй. И.П ыг ажлаас чөлөөлсөн тухай захирамжийг түүний дүү И.П т өгсөн. Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг төрийн захиргааны ажилтан боловсруулдаг. Засаг даргын ажлаас чөлөөлсөн талаарх захирамжийг И.П ад гардуулж өгөх үүрэгтэй ба захирамж гарсан ирж аваарай гэж өөрт нь хэлсэн боловч аваагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.П нь хариуцагч Булган аймгийн Б  сумын Засаг даргад холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Б  сумын Засаг дарга нь нэхэмжлэгч И.П ыг удирдлагын зүгээр өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж, ажлын хариуцлага алдсан алдаанууд удаа дараа гаргасан учраас ажлаас халсан тушаал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч И.П ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч И.П , хариуцагч Булган аймгийн Б  сумын Засаг дарга нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар гэрээ бичгээр хийгдэж хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан боловч хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч гарын зурсан И.П гарын үсэг зураагүй байх тул дээрхи гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй хэдий ч И.П нь Булган аймгийн Б  сумын Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Ажилтныг ажил олгогчийн санаачлагаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсн өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд ажил олгогч нь ажлаас халагдсан тушаалыг И.П ад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулан өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч Булган аймгийн Б  сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 тоот тушаал нь Төрийн албаны  тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5 дахь хэсгийг баримтласан ба ажлаас халсан үндэслэл нь “...үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалж ажлын хариуцлага алдсан” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай, энэ хууль болон бусад хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцүүлэн шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байхад Булган аймгийн Б  сумын Засаг нь И.П ыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг баримталсан нь буруу болжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь И.П ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч И.П ын ажилгүй байсан хугацааны ажлын 38 өдрийн /Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2843890 : 3 сар = 947963 төгрөг, 947963 төгрөг : 21.5 ажлын өдөр= 44091 төгрөг, 44091 төгрөг х 137 өдөр = 6040467 төгрөг/ 6040467 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 -т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зохистой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч И.П нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6040467  төгрөгт ногдох 111597 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.

Иймд И.П ыг Булган аймгийн Б  сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч И.П ыг Булган аймгийн Б  сумын Соёлын төвийн эрхлэгч /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б  сумын Засаг даргаас 6040467  /зургаан сая гучин долоон дөчин мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.П ад  олгосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар И.П ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Булган аймгийн Б  сумын Засаг даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111597 /нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОДОНЧИМЭГ