Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 24

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 659 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч З.З д холбогдох, гэм хорын хохиролд 15.601.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч З.З ийн давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.З  нь 2018 оны 1 дүгээр сард гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа,  хөрөнгө оруулалт хийгээд 7 хоног бүр ноогдол ашиг авна гэж хэлсэн. Анх оруулсан хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад жилийн дотор 200 хувь ноогдол ашиг олно. Сүлжээний компани биш, компанид хөрөнгө оруулснаар хувьцаа эзэмшигч болж ноогдол ашиг авна, эрсдлийн сантай, даатгалтай компани юм. Би дансаараа мөнгийг чинь аваад компанид өөрөө бүртгүүлж өгнө гэж ярьж байсан. Ингээд хөрөнгө оруулалт хийе гэж З.З тэй яриад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 807.000 төгрөгийг өөрийн данснаас, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.241.400 төгрөгийг нөхөр М аар ХААН банкаар гүйлгээ хийлгүүлж шилжүүлсэн. Миний дансанд 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 401200 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 336300 төгрөг Five wind гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. Би ноогдол ашгаа авч байна гэж ойлгосон. З  дахин ярьж өндөр дүнгээр хөрөнгө оруулалт хийвэл ноогдол ашиг нь өндөр орох юм байна гэхээр нь 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.722.000 төгрөгийг З.З ийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.485.300 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 945643 төгрөг “Five wind” гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. З.З  ноогдол ашиг данс руу чинь хийнэ гэж хэлдэг байсан. Хэний ямар данснаас мөнгө орж ирж байгаа нь мэдэгддэггүй байсан. Сүүлдээ ноогдол ашиг нь орж ирэхгүй болж энэ талаар З.З эс асуухаар удахгүй орно, зун орж ирнэ, өвөл орж ирнэ гэсээр байгаад 2019 он гарсан. Сүүлдээ З.З  утсаа авахгүй болсон. Дансны хуулгаа үзээд компанид элсэн ороогүй гэдгээ мэдэж, үүнээс хойш үлдэх 15.601.970 төгрөгийг огт авч чадаагүй. Иймд хариуцагч З.З эс 15.601.970 төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.З  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.М ын  нэхэмжлэлтэй, З.З д холбогдох 15.601.970 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.М  өөрийн гэр бүлийн хүн болох Л.М тай хамтдаа өөрсдийн сайн дурын үндсэн дээр Five wind компанид элсэхээр надад хандсан. Нэхэмжлэгч мөн нэхэмжлэл дээрээ тус компанид элссэнээ хүлээн зөвшөөрч мөн тус компаниас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Миний бие С.М  болон Л.М  нарын мөнгийг өөртөө авч завшин үрэгдүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь миний бие тус мөнгийг аваагүй тул хариуцагч этгээд биш юм гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч З.З эс 15.601.970 /арван таван сая зургаан зуун нэг мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.З эс 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.З  давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ болсон асуудлаас тэс өөрөөр хариуцагч намайг нэхэмжлэгч нарын 15.601.970 төгрөгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэсэн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Би дээрх 2 нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг өөрийн Хаан банкны дансаар хүлээн авч хөрөнгө оруулалтын “Five winds” компанид шилжүүлж дээрхи 2 нэхэмжлэгч 7 хоног бүр ноогдол ашиг авч байсан. Иймд шүүх дээрхи нөхцөлийг анхаарсангүй. Учир нь нэхэмжлэлийн шаардпагад дурдсаныг тайлбарлавал: Нэхэмжлэгч С.М  нь тухайн компанид гишүүнээр элссэн Д.Алтантогосоос мэдээлэл авч орсон. Үйл ажиллагааг дотоод гүйлгээгээр хувь хүний дансруу шилжүүлж 270 еврог 1 дүгээр сарын 20-ны өдөр 807.000 төгрөгөөр С.М ын ... хаягаар бүртгүүлж тухайн үед гишүүнээр оруулж бүртгүүлсэн. Нөхөр болох Л.М  ... хаягаар 2430 еврогийн багцыг 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.241.400 төгрөгөөр авч өөрийн хүсэлтээр элсэн орсон болно. Дараа нь Л.М  3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн хүсэлтээр 11.722.000 төгрөгөөр өөр дээрээ багц нэмж авсан бөгөөд тухай үед ноогдол ашгийг миний дансаар дамжуулж авч байсан нь үнэн болно. З.З  миний бие С.М , Л.М  нарыг сайн танихгүй өөрсдөө намайг ирж хайж утсаар холбогдож гуйж сайн дурын үндсэн дээр надад хандсан тул хүсэлтийг хүлээн авч “Five winds” компанид ажиллаж байсан Ц тэй холбоо бариж элсэн орсон болно. Тус компаний линк хаягаар өөрсдөө орж харж өөрсдийн хүсэлтээр багцаа нэмж ноогдол ашгаа авч байсан болно. Одоогоор тус компаний хаяг линкрүү орж болохгүй хаагдчаад нотлох баримт гаргаж чадахгүй байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Five winds” компани цагдаагийн газар шалгагдаж байгаа бөгөөд З.З  миний тухайн компанид хөрөнгө оруулалт хийсэн хохирогч болно. Дээрх гомдлоор нэхэмжлэгч С.М  .Л.М  нарын шилжүүлсэн мөнгийг хариуцагч З.З  би “Five winds” компанийн гишүүн Ц д *********** тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8.886.360 төгрөг, гишүүн М д 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 9.975.000 төгрөгийг өгсөн нь дансны хуулгаар нотлогдоно.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.М  нь З.З д холбогдуулан 15.601.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч З.З  нь нэхэмжлэгч С.М ын ХААН банкны данснаас миний ХААН банкны данс руу шилжүүлсэн мөнгийг өөртөө авч завшин үрэгдүүлсэн зүйлгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.М , гэр бүлийн хүн болох Л.М  нар нь “FIVE WINDS” компанид элсэн орохоор З.З тэй ярилцан 2018 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр 807.000 төгрөг, 1 дүгээр сарын 23-ний өдөр 7.241.400 төгрөг, 3 дугаар сарын 2-ний өдөр 11.722.000 төгрөг нийт 19.770.400 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны ********** тоот данс руу нь шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 3-ний өдөр 401.200 төгрөг, 2 дугаар сарын 10-гий өдөр 336.300 төгрөг, 3 дугаар сарыг 30-ний өдөр 2.485.300 төгрөг, 4 дүгээр сарын 1-ний өдөр 945.643 төгрөг нийт 4.168.443 төгрөгийг буцааж авсан нь хэрэгт авагдсан зохичдийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.  

Харин хариуцагч З.З  нэхэмжлэгч нараас шилжиж ирсэн мөнгийг өөртөө авч хэрэглээгүй, “FIVE WINDS” компанид ажиллаж байсан Ц , М  нарт шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар нотлогдоно гэж байгаа боловч бусад нотлох баримтуудаар бүрэн нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч З.З  нь Ц , М  нарыг гэрчээр асуулгах талаар шүүхэд хүсэлт гаргаагүйгээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлээгүй байна.

Бусдын өмнө үүрэг хүлээсэн хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийн олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд дээрхи хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд  нэхэмжлэгч С.М , хариуцагч З.З  нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй тул хариуцагч З.З ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 15.601.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй  байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167  дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Хариуцагч З.З ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235.960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг төрийн санд  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                ШҮҮГЧИД                                     Д.МӨНХӨӨ         

                                                                        М.ХҮРЭЛБААТАР