Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00949

 

 

С.М-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2020/00659 дүгээр шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

С.М-ын нэхэмжлэлтэй,

З.З-Э-д холбогдох

Хохиролд 15,601,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч З.З-Э-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч З.З-Э-д холбогдуулан хохиролд 15,601,970 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2020/00659 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч З.З-Э-ээс 15,601,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.З-Э-ээс 235,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М-д олгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалаар хариуцагч З.З-Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,960 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч З.З-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Тодруулбал, шүүхүүд хэргийг тухайн асуудлаас өөрөөр буюу хариуцагч намайг нэхэмжлэгч нарын 15,601,970 төгрөгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг өөрийн Хаан банкны дансаар авч хөрөнгө оруулалтын “Five winds” компанийн гишүүн н.Ц-нд 8,886,360 төгрөг, н.М-нд 9,975,000 төгрөг шилжүүлж, нэхэмжлэгч 7 хоног бүр ногдол ашгийг авч байсан талаарх үйл баримтыг шүүх харгалзаж үзээгүй.

4.2. Мөн анхан шатны шүүх 2020.06.26-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй. “Нэхэмжлэгчийн “Five winds Asset management” компанид элсэхээр шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь өөрийн дансаар хүлээн авч дээрх компанид элсүүлэхээр компанийн ажилтан н.Ц-ийн 5043002183 тоот Хаан банкны данс руу 2018.01.23-ны өдөр, С.М-ын хүүхдийн 5278144484 тоот Хаан банкны данс руу 2018.03.02-ны өдөр шилжүүлсэн талаарх үйл баримт нь З.З-Э-ийн Хаан банкны дансны хуулбараар нотлогдоно. Иргэний хэргийн гол маргаан болоод буй мөнгийг хэн хүлээж авсан нь нэхэмжлэл үндэслэлтэй эсэхийг тодруулах чухал ач холбогдолтой тул тус мөнгийг шилжүүлсэн Хаан банкны 5043002183, 5278144484 тоот данснууд нь хэний эзэмшлийн данс болохыг Хаан банкнаас тодруулж, данс эзэмшигчийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж өгнө үү.

4.3. Нэхэмжлэгч нь Д.А болон А.М-Э нартай холбогдож “Five winds Asset management” компанид элсэх талаар хүссэн ба тухайн компанид элсэж мөнгөө шилжүүлсэн болон компаниас ашиг авч байсан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой. Иймээс Д.А, А.М-Э нар нь нэхэмжлэгчийг тус компанид элссэн бөгөөд тухайн компаниас хувьцааны ашиг авч байсныг нотлох тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна.

4.4. Нэхэмжлэгч нь С.М-ын шилжүүлсэн мөнгийг н.Ц, С.М нарын данс руу шилжүүлсэн гэх бөгөөд тухайн мөнгийг дээрх хүмүүс авсан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой. Тодруулбал, маргаан бүхий мөнгийг хэн авсан тухайн хүн хариуцагч болох учиртай байх тул шүүх хуралдаан дээр гэрчээр С.М-ыг оролцуулж өгнө үү. Дээрх гомдлоор нэхэмжлэгч С.М, Л.М нарын шилжүүлсэн мөнгийг 2018.01.23-ны өдөр “Five winds” компанийн гишүүн н.Ц-гийн 5043002183 тоот данс руу 8,886,360 төгрөг шилжүүлэн өгсөн нь нотлогдоно” гэсэн хүсэлт гаргасан.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч С.М-аас хариуцагч З.З-Э-д холбогдуулан 15,601,970 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... 2018 оны 1 сард хариуцагч З.З-Э нь “гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа эрсдэлийн сантай, даатгалтай компанид хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад жилийн дотор 200 хувийн ногдол ашгийг 7 хоног бүр авна, би дансаараа мөнгийг чинь аваад компанид өөрөө бүртгүүлж өгнө” гэж ярьсан. Хөрөнгө оруулалт хийхээр өөрийн данснаас нийт 19,770,400 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Миний дансанд “Five wind” гэх утгатай 4 удаагийн нийт 4,168,443 төгрөгийн шилжүүлэг ирснийг ногдол ашгаа авч байна гэж ойлгож байсан ч ногдол ашиг нь орж ирэхгүй болж энэ талаар З.З-Э-ээс асуухаар удахгүй орно гэсээр сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд дансны хуулгаа үзээд компанид элсэн ороогүй гэдгээ мэдсэн. Иймд, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нь нөхөр Л.М-ны  хамт өөрсдийн сайн дурын үндсэн дээр “Five wind” компанид элсэхээр надад хандсан, тус компаниас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн. Миний бие С.М болон Л.М нарын мөнгийг өөртөө авч завшин үрэгдүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, миний бие тус мөнгийг аваагүй тул хариуцагч этгээд биш...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчээс хариуцагчид 19,770,400 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг хариуцагч нь “Five winds Asset management” гэх компанийн дансанд шилжүүлж нэхэмжлэгч тус компанийн гишүүн болсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, иймд талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, харин уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр эд юмс олж авсан буюу эзэмшсэн гэж үзэхээр байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөнөөс нийт 4,168,443 төгрөг буцаан өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй…” гэсэн үндэслэлээр үлдсэн 15,601,970 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Иймд “шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

10. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс “хүсэлтийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай  (Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т) хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй буюу уг асуудал нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй юм.

11. Харин давж заалдах шатны шүүх магадлалын Тогтоох хэсэгтээ анхан шатны шүүхийн нэрийг дутуу буюу буруу бичсэн байх тул уг алдааг залруулахаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Булган аймаг дахь...” гэсний дараа “сум дундын...” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 235,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Д.ЦОЛМОН