Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 659

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Т ” ХХК-ийн Могод салбарын ахлах теллер ажилтай, Булган аймгийн ...  оршин суух,З овогт С.М  -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суух,Т овогт З.З-д холбогдох,

Хохирол 15.601.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00391/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн, гэрч Л.М , иргэдийн төлөөлөгч Б.Март, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.З нь 2018 оны 1 дүгээр сард гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа,  хөрөнгө оруулалт хийгээд 7 хоног бүр ноогдол ашиг авна гэж хэлсэн. Анх оруулсан хөрөнгө оруулалтаасаа шалтгаалаад жилийн дотор 200 хувь ноогдол ашиг олно. Сүлжээний компани биш, компанид хөрөнгө оруулснаар хувьцаа эзэмшигч болж ноогдол ашиг авна, эрсдлийн сантай, даатгалтай компани юм. Би дансаараа мөнгийг чинь аваад компанид өөрөө бүртгүүлж өгнө гэж ярьж байсан. Ингээд хөрөнгө оруулалт хийе гэж З.З тэй яриад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 807.000 төгрөгийг өөрийн данснаас, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 7.241.400 төгрөгийг нөхөр М аар ХААН банкаар гүйлгээ хийлгүүлж шилжүүлсэн. Миний дансанд 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 401200 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 336300 төгрөг Five wind гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. Би ноогдол ашгаа авч байна гэж ойлгосон. З  дахин ярьж өндөр дүнгээр хөрөнгө оруулалт хийвэл ноогдол ашиг нь өндөр орох юм байна гэхээр нь 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.722.000 төгрөгийг З.З ийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.485.300 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 945643 төгрөг “Five wind” гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн. З.З  ноогдол ашиг данс руу чинь хийнэ гэж хэлдэг байсан. Хэний ямар данснаас мөнгө орж ирж байгаа нь мэдэгддэггүй байсан. Сүүлдээ ноогдол ашиг нь орж ирэхгүй болж энэ талаар З.З эс асуухаар удахгүй орно, зун орж ирнэ, өвөл орж ирнэ гэсээр байгаад 2019 он гарсан. Сүүлдээ З.З  утсаа авахгүй болсон. Дансны хуулгаа үзээд компанид элсэн ороогүй гэдгээ мэдэж, үүнээс хойш үлдэх 15.601.970 төгрөгийг огт авч чадаагүй. Иймд хариуцагч З.З эс 15.601.970 төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч З.З  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.М ын  нэхэмжлэлтэй, З.З д холбогдох 15.601.970 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.М  өөрийн гэр бүлийн хүн болох Л.М тай хамтдаа өөрсдийн сайн дурын үндсэн дээр Five wind компанид элсэхээр надад хандсан. Нэхэмжлэгч мөн нэхэмжлэл дээрээ тус компанид элссэнээ хүлээн зөвшөөрч мөн тус компаниас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Миний бие С.М  болон Л.М  нарын мөнгийг өөртөө авч завшин үрэгдүүлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь миний бие тус мөнгийг аваагүй тул хариуцагч этгээд биш юм гэжээ. 

Гэрч Л.М  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “F” гэх компаний талаар мэдэхгүй. Би энэ компанид элсэн орох хүсэлт гаргаж байгаагүй. Манай эхнэр М  нь 7242400 төгрөгийг хүний дансанд хийчих гэж намайг явуулсан. Би компаний дансанд хийхгүй, хувь хүний дансанд хийж болох юм уу гэж асууж байсан. Цаад хүн нь өөрөө компаний данс руу нь шилжүүлнэ гэж хэлж байсан гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь З.З д холбогдуулан хохирол 15.601.970 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч С.М  нь З.З эс 2018 оны 1 дүгээр сард мэдээлэл авч “F” компанид мөнгөө өсгөх зорилгоор элсэн орохоор болж, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 807.000 төгрөгийг өөрийн данснаас, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр Л.М аар ХААН банкаар гүйлгээ хийлгүүлж 7.241.400 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.722.000 төгрөг, нийт 19.770.400 төгрөгийг хариуцагч З.З ийн ********** дугаарын хувийн дансанд шилжүүлж, үүнээс 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 401 200 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 336 300 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.485.300 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 945 643 төгрөг, бүгд 4.168.443 төгрөгийг “Five wind” гэсэн гүйлгээний утгатай ноогдол ашиг гэж авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч З.З  нь нэхэмжлэгч С.М  өөрийн гэр бүлийн хүн болох Л.М тай хамт өөрсдийн сайн дурын үндсэн дээр “Five wind” компанид элсэхээр надад хандаж мөнгө шилжүүлж тус компанид элссэн, тус компаниас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн. Миний бие С.М  болон Л.М  нарын мөнгийг өөртөө авч завшин үрэгдүүлээгүй, мөнгийг аваагүй тул хариуцагч этгээд биш гэж маргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.

Хариуцагч З.З ийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд дээрх урьдчилсан нөхцлүүдийг шалган үзэх нь зүйтэй юм.

1 дүгээрт: нэхэмжлэгч ньF компанид мөнгөө өсгөх зорилгоор элсэж, хариуцагч З.З ийн ХААН банкан дахь ********** дугаарын дансанд нийт 19.770.400 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагчийн данснаас дээрх мөнгөн дүнгээр F компанийн дансанд элсэлтийн мөнгө шилжин орж, нэхэмжлэгч тухайн компанийн гишүүн болсон нь баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д  /хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл/ зааснаар үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй, харин 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

2 дугаарт: талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул үүрэг нь хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч З.З ийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 20-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 401200 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 336300 төгрөгийг ********** дугаарын данс руу “Five wind ноогдол” гэсэн гүйлгээний утгатайгаар данснаасаа шилжүүлж байсан нь “С.М  өөрийн гэр бүлийн хүн болох Л.М тай хамт өөрсдийн сайн дурын үндсэн дээр Five wind компанид элсэхээр надад хандаж мөнгө шилжүүлж тус компанид элссэн, тус компаниас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн” гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

Харин нэхэмжлэгч С.М  нь хариуцагч З.З ийн ХААН банкан дахь ********** дугаарын дансанд 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 807.000 төгрөгийг өөрийн данснаас, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр М аар ХААН банкаар гүйлгээ хийлгүүлж 7.241.400 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 11.722.000 төгрөг, нийт 19.770.400 төгрөгийг шилжүүлж, үүнээс 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 401200 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 336300 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.485.300 төгрөг,  2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 945643 төгрөг, бүгд 4.168.443 төгрөгийг буцаан авсан нь зохигчийн тайлбар, хавтаст хэргийн 5-7, 48-57 дугаар хуудсанд авагдсан орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь уг “F” компанид элсэн орж гишүүн болоогүй, тус компанитай эрх зүйн харилцаанд ороогүй тул хөрөнгө олж авсан этгээд буюу хариуцагчаас мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч З.З эс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15.601.970 /арван таван сая зургаан зуун нэг мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч З.З д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч З.З эс 15.601.970 /арван таван сая зургаан зуун нэг мянга есөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.З эс 235 960 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН

             ШҮҮГЧИД                                 О.ОДОНЧИМЭГ

                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР