Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01913

 

 

 

 

“ГС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01846 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ГС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г Ф” ХХК-д холбогдох,

Гүйцэтгэсэн ажилд чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгуулах, ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Ф” ХХКнь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд гомдол, тайлбар гаргахдаа тус барилгад 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, тус барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг гүйцэтгэсэн гэж дурдсан нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолд тус тус тусгасан. Мөн Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авахдаа дээрх ажлыг гүйцэтгэгч “Г Ф” ХХК-ийг чанарын баталгааг гаргаагүй байхад хүлээн авсан тул актыг хүчингүй болгуулсны дараа улсын комиссыг шинээр ажиллуулах хүсэлтэй байна. Гэвч “Г Ф” ХХКнь улсын комиссын акт хүчингүй болсноос хойш уг барилгыг улсын комисст өгөхөд шаардлагатай чанарын баталгааг гарган өгөхгүй байна. Барилгын тухай хуульд зааснаар барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэгч нь “Г Ф” ХХКбарилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд өөрийн гүйцэтгэсэн ажлын талаар баталгааг захиалагчид гарган өгөх байдлаар оролцох үүрэгтэй боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолд “Г Ф” ХХК-ийг баталгаа гаргаагүй байхад барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссыг ажиллуулсан гэх гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэж байсан байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.4-д зааснаар захиалагчаас барилгад улсын комиссыг ажиллуулахад захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байх ёстой. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2.3 дахь хэсэгт барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4-т тус тус заасан дүгнэлтийг гаргасан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, барилгын захиалагч зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар хамтран барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байх ёстой бөгөөд барилгын үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллагч “Г Ф” ХХКнь дээрх хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байгаагаас барилгыг улсын комисст өгөх ажиллагаа зогсонги болж оршин суугч иргэдийн өмчлөх эрх зөрчигдөж байна. Мөн дээрх шүүхийн шийдвэр тогтоолд “Г Ф” ХХК-ийг энэ дүгнэлтийг гаргаагүй байхад улсын комисс барилгыг ашиглалтад авсан гэх үндэслэлийг дурдаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 155 дугаар байр хаягт байрлах 65 айлын орон сууц, үйлчилгээний төв, авто зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримттай танилцахад барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл буюу /талбайн журнал буюу улаан журнал/ байхгүй байна. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, болон хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэлд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл буюу /талбайн журнал буюу улаан журнал/ өөрт нь хадгалагдаж байгаа тухай тайлбар өгсөн. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд зааснаар Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашглалтад оруулах комиссын бүрэлдэхүүний гишүүнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл заавал оролцох ёстой. Гэвч “Г Ф” ХХКнь үндэслэлгүйгээр оролцохоос татгалзаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад өөрийн хийж гүйцэтгэсэн ажил /барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажил/-д холбогдох чанарын баталгааг барилгын захиалагч “Голдэнсэркл” ХХК-д албан бичгээр гаргуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажилагаанд оролцохыг даалгах. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл /талбайн журнал буюу улаан журнал/-ыг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хуулийн (2008 оны) барилгын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах тухай асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “хөрөнгө оруулагч захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл тэг тэнхлэг татсан акт, зураг төсөл, ил далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт, гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгөх баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөхөд архивт шилжүүлнэ” гэж заасан. Үүний дагуу захиалагч “ГС” ХХК хөрөнгө оруулагч Капитал банк нь холбогдох бүх бичиг баримтын бүрдлийг хангах ёстой. Бидний зүгээс ил далд ажлын акт, барилгын ажил гүйцэтгэх тэмдэглэлийг (улаан журнал) хүлээлгэн өгсөн байдаг. Одоо манай компаниас энэ байгууллагад өгөх материал байхгүй. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот шийдвэртэй хэрэгт, барилга угсралтын гэрээ, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /Улаан журнал/, барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангууд авагдсан. “Гэрэлт фокус” ХХК-аас “Голдэнсеркл” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/26 тоот албан бичгээр барилгын ажлын явцын талаарх дүгнэлт зэрэг баримтууд байсныг нотолж тэмдэглэн үлдээсэн. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Дорноговь аймгийн архивын дарга Ч.Чулуунцэцэг гэрчийн тайлбар өгөхдөө “ГС” ХХК нь анх 2015 оны өвөл барилга байгууламжийн баримт бичгийг архивт өгөхөөр авч ирэхэд шаардлага хангаагүй бүрдэл дутуу байсан учраас буцаасан. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Э.Анхбаяр 6 хавтаст хадгаламжийн нэгжийг архивт хүлээлгэн өгсөн. Э.Анхбаярын бүрдүүлж өгсөн баримтад зөвхөн комиссын хурлын тэмдэглэл байгаагүй боловч одоог хүртэл бүрдүүлж өгөөгүй гэж мэдүүлсэн. Дээрх баримтуудаас манай компани нь ил далд ажлын акт, барилгын угсралтын ажлын тэмдэглэл, “Голдэнсэркл” ХХК-д хүлээлгэж өгснийг нотолж байна. Уг бичиг баримтуудыг хөрөнгө оруулагч захиалагчид бэлдэх байсан боловч бид холбогдох зургуудыг бэлдэж өгсөн. Тус барилга нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалттайгаар зураг төслөө батлуулж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Явцын дунд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн давхраа 6 давхар болгож өөрчилсөн байсныг 2015 оны 11 сард давхрынхаа зургийг барилгын ажил дууссаны дараа нөхөж гаргасан боловч мэргэжлийн хяналтын байгууллагууд, архивд, улсын комиссын бүрэлдэхүүнээс нуусан. Уг барилгын суурийн хагаралт цууралттай холбоотой 2014 оны 7 дугаар сарын 22-ны Монгол Улсын зөвлөх инженерийн зөвлөмж, зургийн авторийн холбогдох зургуудыг, гүйцэтгэгч компаниас гаргаж өгсөн фото зургуудыг мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нууж дарсан. Барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн шинэчилсэн зургуудыг мөн шинээр нэмсэн уурын зуухны холбогдох зургуудыг тусгаагүй. Гадна фассатыг бүхэлд нь өөрчилсөн байхад мөн холбогдох газруудаас нууж дарсан гэх барилгын бүтээцэд, инженерийн шугам сүлжээнд, хүчин чадлын өөрчлөлтүүд уг барилгад орсон байхад зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр аваагүй. Барилга байгууламж баригдсанаас хойш 6 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт гэрчилгээ олгогдоогүй дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон байтал “ГС” ХХК нь оршин суугчдыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулан оршин суугчдыг залилан зарж борлуулсан. Улсын комисс аваагүй байхад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж уг барилгын чанарын эдэлгээнд өөрчлөлт орсон. Энэ 6 жилийн хугацаанд хууль бусаар Улсын комисс ажиллуулж “Их модун” ХХК-аар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр чанарын баталгаа дүгнэлт гаргуулсан боловч 2 жилийн хугацаанд (2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр) Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж баталгаажуулж явах байсан боловч хөрөнгө оруулагч Капитал банк, захиалагч “ГС” ХХК нь нэг ч удаа үзлэг хийж баталгаажуулаагүй. Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.15-д барилга байгууламжийн баримт бичгийг ашиглалтын хугацаанд хадгалж, баяжилт хийнэ гэсэн боловч хийгдээгүй. Уг барилгад Улсын комисс ажиллахтай холбоотой 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх холбогдох бичиг баримт дутуу барилгын бүтээцэд өөрчлөлт оруулсан боловч зураг төсөл, хүчин чадлын өөрчлөлтийг нууж дарсантай холбогдуулан мөн хуулийн дагуу шинэчилсэн зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр тогтоолууд гарсаар байтал “ГС” ХХК нь хууль бусаар шүүхүүдийн шийдвэрийг үл хүндэтгэн Улсын комисс ажиллуулсан. Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаар шийдвэрт Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газрын дарга Г.Бат-Ирээдүй гэрчээр тайлбар өгөхдөө “өмнө нь шүүхийн шийдвэр гарснаас хойш “ГС” ХХК захирал ирж уулзаад танай байгууллагын нэхээд байгаа дутуу бичиг баримтуудыг бүрдүүлж өгье, комиссын актад гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлтийг биечлэн тавьсан. Манай байгууллагын зүгээс боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа аймгийн засаг дарга дуудаж асуудлыг шуурхай шийдвэрлэх гэж амаар болон бичгээр үүрэг өгсний дараа уг Улсын комиссын актыг баталгаажуулж өгсөн”гэж тайлбарласан. Барилгын ажлын тэмдэглэл фото зургууд зэрэг нь хулгайд алдагдсан бөгөөд Дорноговь аймгийн Замын Үүд сумын Цагдаагийн хэлтэст эрүүгийн 201410010236 тоот хэрэг үүсгэн шалгагдаж байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссын 26/2016 тоот актад холбогдох хууль бус бичиг баримт ашигласан, хулгайд алдагдсан фото зургуудыг ашигласан зэрэг нь нэмэгдэж цагдаагийн байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 182000229 тоот хэрэг үүсгэн шалгагдаж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Голдэнсэркл” ХХК-ийг Капитал банк охин компаниар шилжүүлж авахтай холбоотойгоор 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүрэмд хууль бусаар засвар хийлгэсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна. Мөн манай компанийн зүгээс уг барилга байгууламжид дээрх үндэслэлүүдээр чанарын баталгаа дүгнэлт гаргаж өгөх, Улсын комисст оролцох боломжгүй мөн биднээс шаардагдах бүх бичиг баримтыг “Голдэнсэркл” ХХК-д өгсөн тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Г Ф” ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж, нэхэмжлэгч “Голдэнсэркл” ХХК-д олгож, хариуцагч “Г Ф” ХХК-д дээрх барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “Г Ф” ХХК-аас барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах “ГС” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Ф” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голдэнсэркл” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Барилгын тухай хуулийн 26.3-т барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадлын өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна” гэснийг хангаагүй тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана гэж заасан. Гэтэл уг барилга барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн боловч явцын дунд мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр таван давхрыг зургаан давхар болгож өөрчилсөн, гадна дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн шинэчилсэн зургуудыг шинээр гаргаж уурын зуух барьсан, гадна фассатад өөрчлөлт оруулсан, зооринд 14 хэсэгт цууралт үүссэнтэй холбоотойгоор нэмэлтээр зураг хийгдсэн, Монгол улсын зөвлөх инженер зөвлөмж гаргасан боловч дээрх хүчин чадлын өөрчлөлтүүд уг барилгад орсон байхад барилгын ажлын зөвшөөрлүүдийг нэг ч удаа аваагүй. Шүүх дээрх бичиг баримтын бүрдлүүд дутуу, эрх бүхий байгууллагын шинэчилсэн зөвшөөрлүүд байхгүйг нотолсон боловч Улсын комиссын бүрэлдэхүүнд “Г Ф” ХХК-ийг гишүүнээр оролцохыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг (Улаан журнал) гаргуулахыг даалгасан нь мөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Уг барилга байгууламж нь нийт дөрвөн жилийн хугацаанд баригдаж олон гүйцэтгэгч компаниуд ажилласан байдаг. Үүнээс манай компани уг барилга дээр 1 жил ажилласан. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хөтөлж байсан улаан журналыг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Их Модун” ХХК-ийн менежерт манай инженер үлдэгдэл ажлын тооцооны хамт хүлээлгэж өгсөн. Уг улаан журналыг цааш үргэлжлүүлэн хөтөлж уг барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэл буюу улаан журналд тухайн өдрийн цаг агаар, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, материалын тооцоо, ажиллах хүчний тоо, гүйцэтгэсэн ажлын тайлбаруудыг тусгасан. Мөн төрийн эрх бүхий хяналтын байгууллагууд, зураг зохиогч, захиалагчид тухай бүрд үзэж танилцан ажпын зааварчилгаа, шаардлагыг бичиж тэмдэглэсэн байдаг, уг журналгүйгээр барилгын ажил явагдах боломжгүй. Гэтэл бүтэн дөрвөн жилийн ажлын тэмдэглэгээ буюу улаан журналыг манай компаниас шаардаж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр юм. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын комисс хүлээж авснаас хойш уг барилга байгууламж нь зургаан жилийн хугацаа өнгөрсөн. Гүйцэтгэгч өөрийн хийсэн ажилд дүгнэлт гаргаж өгөх тухай хууль зүйн үндэслэлгүй. Зөвхөн гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг төрийн эрх бүхий мэргэжлийн байгууллага, зураг төсөл зохиогч, дүгнэж дүгнэлт гаргах ёстой. Уг барилга байгууламжид манай компани угсралтын буюу далд хэлбэрийн ажлуудыг хийж оролцсон. Тухай үед гүйцэтгэлийн ажилтай холбоотой ил, далд ажлын актууд холбогдох фото зургуудыг захиалагчид гаргаж өгсөн. Одоогоор зургаан жилийн дараа далд хийгдсэн бүх ажлуудад бичиг баримт бүрдүүлж өгөх боломжгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар “Капитал банк" ХХК нь “Голденсеркл” ХХК-ийг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 8 дугаар шийдвэрээр эрх шилжүүлэх гэрээгээр охин компаниар авсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 тоот дүгнэлтээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны 08 тоот хавсралт болгон өөрчилж “Эм Эн Жи давхар далавч” ХХК гэж зассаныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын13-ны өдрийн 200901152 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж шалгаж байна. Иймд “Голденсеркл” ХХК-ийг Капитал банк албан ёсоор хуулийн дагуу шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй. Энэ хэрэг шалгагдаж эцэслэн шийдвэрлэсний дараа “Голденсеркл” ХХК-ийн захирал Б.Пагмадулам Капитал банкны эрх хүлээн авагчаас томилсон захирал н.Дэлгэрхүү, “Эм Эн Жи давхар далавч” ХХК аль болох нь тодорхойлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “ГС” ХХК хариуцагч “Г Ф” ХХК-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, уг барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах, улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“ГС” ХХК нь “Г Ф” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажил гүйцэтгэгч “Г Ф” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагны тавцан цутгах ажлыг ажлыг гүйцэтгэх, захиалагч “Голденсэркл” ХХК нь ажлын хөлсөнд 700 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Ажил гүйцэтгэгч “Г Ф” ХХК дээрх гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлын 95 хувийг гүйцэтгэсэн, захиалагч “ГС” ХХК нь ажлын хөлсөнд 721 843 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Гэрээний 4.2.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь өдөр тутмын барилга угсралтын ажлын явцыг тэмдэглэж, энгийн болон далд ажлын тайлан, гүйцэтгэлийн тэмдэглэл актыг ажил тус бүрээр нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасантай нийцсэн байна. “Г Ф” ХХК ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг “ГС” ХХК-д өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх уг тэмдэглэлийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч шаардах эрхийг буруу тодорхойлсныг залруулж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт захиалагч эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд мөн хуулийн 48.5.3-т зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг, мөн хуулийн 48.5.4-т захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг тус тус хавсаргана гэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2.3-т: “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт”-ийг гаргасан байна” гэж заасан. Иймд  захиалагч нь ажил гүйцэтгэгчийг захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулахыг даалгуулах эрхтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Ажил гүйцэтгэгч гэрээний 1.1-т зааснаар ажлыг хүчин төгөлдөр үйлчилж буй БНбД, норм, дүрэм, стандарт, технологи, олгогдсон техникийн нөхцөлд заасны дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Гэрээний 6.1-т Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль, дүрэмд заасан стандарт нь барилга угсралтын ажлын чанарын стандарт болно гэж талууд тохиролцжээ. Иймд хариуцагч “Г Ф” ХХК-ийг барилгын захиалагч болон зураг төсөл зохиогчтой хамтран чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

Гэрээний 4.1.7-т “Захиалагч тал нь гүйцэтгэгч талын өдөр тутамын ажил гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж ажиллах ба ажлын явц болон буруу хийгдсэн, гологдол илрүүлсэн тохиолдолд цаг тухайд нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд оруулж, ажил гүйцэтгэлийн явцын хуралд байдлыг тэмдэглэнэ” гэж, мөн 4.1.8-т “захиалагч талын үндсэн үүрэг нь технологийн хяналт, барилгын ажлын явцыг шалган авах” гэж зааснаас дүгнэвэл захиалагч ажлын чанарт хяналт тавих үүрэгтэй байна. Энэ үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байхаас гадна гэрээ болон хуулиар олгогдсон догодлын талаарх гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжтой тул ажил гүйцэтгэгчээс чанарын баталгааг бичгээр гаргуулах шаардлагагүй юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон. Түүнчлэн, аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилно. Иймд уг комиссын бүрэлдэхүүнд оролцохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн хариуцагч нь “Г Ф” ХХК биш юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Г Ф” ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгах тухай нэхэмжлэгч “ГС” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г Ф” ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж нэхэмжлэгч “Голдэнсэркл” ХХК-д олгож, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг хариуцагч “Г Ф” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулах, барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...210 000 төгрөг” гэснийг “...140 400 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                                             ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                                               Д.БАЙГАЛМАА