Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01846

 

 

 

 

 

 

 

 

 

 2020            06            10                                             102/ШШ2020/01846                            

 

       

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЧД, С-ийн гудамж-00 тоотод байрлах, “Г с” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, 00А байранд байрлах, “Г ф” ХХК/РД: 0000000/-д холбогдох,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад өөрийн хийж гүйцэтгэсэн барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах,

уг барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах,

барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах,

барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г ф” ХХКнь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд гомдол, тайлбар гаргахдаа "тус барилгад 2014 оны 06 дугаар сарын 20-ноос 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, тус барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг гүйцэтгэсэн” гэж дурдсан нь Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18 тоот тогтоолд тус тус тэмдэглэгджээ.

Мөн Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авахдаа дээрх ажлыг гүйцэтгэгч “Г ф” ХХК-ийг чанарын баталгааг гаргаагүй байхад хүлээн авсан тул актыг хүчингүй болгуулсны дараа улсын комиссыг шинээр ажиллуулах хүсэлтэй байна” гэжээ.

Гэвч “Г ф” ХХКнь улсын комиссын акт хүчингүй болсноос хойш уг барилгыг улсын комисст өгөхөд шаардлагатай чанарын баталгааг гарган өгөхгүй байна. Барилгын тухай хуульд зааснаар барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэгч нь Гэрэлтфокус ХХК барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд өөрийн гүйцэтгэсэн ажлын талаар баталгааг захиалагчид гарган өгөх байдлаар оролцох үүрэгтэй боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хлралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №18 тоот тогтоолд “Г ф” ХХК-ийг баталгаа гаргаагүй байхад барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссыг ажиллуулсан гэх гомдлыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэж байсан байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.4-д зааснаар захиалагчаас барилгад улсын комиссыг ажиллуулахад захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байх ёстой. Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.3 дахь хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4-т тус тус заасан дүгнэлтийг гаргасан байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл барилгын захиалагч зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар хамтран барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг гаргасан байх ёстой бөгөөд барилгын үндсэн, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллагч “Г ф” ХХКнь дээрх хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байгаагаас барилгыг улсын комисст өгөх ажиллагаа зогсонги болж оршин суугч иргэдийн өмчлөх эрх зөрчигдөж байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэр тогтоолд “Г ф” ХХК-ийг энэ дүгнэлтийг гаргаагүй байхад улсын комисс барилгыг ашиглалтад авсан гэх үндэслэлийг дурдаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байжээ.

Барилгын тухай хуулийн 48.5-д Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргахдаа барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг хавсарган өгөхөөр заажээ.

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 155 дугаар байр хаягт байрлах 65 айлын орон сууц, үйлчилгээний төв, авто зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримттай танилцахад барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл буюу /талбайн журнал буюу улаан журнал/ байхгүй байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, болон хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэлд барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл буюу /талбайн журнал буюу улаан журнал/ өөрт нь хадгалагдаж байгаа тухай тайлбар өгсөн.

Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд зааснаар Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашглалтад оруулах комиссын бүрэлдэхүүний гишүүнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл заавал оролцох ёстой. Гэвч “Г ф” ХХКнь үндэслэлгүйгээр оролцохоос татгалзаж байна.

Дээрх үндэслэлээр 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад өөрийн хийж гүйцэтгэсэн ажил /барилгын суурь, хана, ханын хучилт, шат, өрөг бүтээц, дээврийн ажил/-д холбогдох чанарын баталгааг барилгын захиалагч "Г с” ХХК-д албан бичгээр гаргуулах,

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажилагаанд оролцохыг даалгах.

3. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл /талбайн журнал буюу улаан журнал/-ыг гаргуулах.

4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Барилгын тухай хуулийн (2008 оны) барилгын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах тухай асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 21.2-т хөрөнгө оруулагч захиалагч нь ашиглалтанд оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл тэг тэнхлэг татсан акт, зураг төсөл, ил далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт, гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтанд хүлээлгэн өгөх баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгөхөд архивт шилжүүлнэ гэсэн байна. Энэ дагуу захиалагч “Г с” ХХК хөрөнгө оруулагч Капитал банк нь холбогдох бүх бичиг баримтын бүрдлийг хангах ёстой. Бидний зүгээс ил далд ажлын акт, барилгын ажил гүйцэтгэх тэмдэглэлийг (улаан журнал) хүлээлгэн өгсөн байдаг. Одоо манай компаниас энэ байгууллагад өгөх материал байхгүй. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот шийдвэрт уг шүүх хурлын үед хэрэгт авагдсан материалуудад:

1. “Барилга угсралтын гэрээ”

2. “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл” /Улаан журнал/

3. “Барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангууд”

4. “Г ф” ХХКомпаниас “Г с” ХХК-д 2015 оны 08 дугаар16-ны өдрийн 1/26 тоот албан бичгээр хүргүүлсэн “Барилгын ажлын явцын талаарх дүгнэлт” зэрэг баримтууд байсныг нотолж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Мөн 2017 оны 09 дүгээр 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 тоот захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Дорноговь аймгийн архивын дарга Ч.Чулуунцэцэг гэрчийн тайлбар өгөхдөө “Г с” ХХК ХХК нь анх 2015 оны өвөл барилга байгууламжийн баримт бичгээ архивт өгөхөөр авч ирсэн бөгөөд архивт хүлээн авах шаардлага хангаагүй бүрдэл дутуу байсан учраас буцаасан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.Анхбаяр 6 хавтаст хадгаламжийн нэгжийг архивт хүлээлгэн өгсөн. Э.Анхбаярын бүрдүүлж өгсөн баримтад зөвхөн комиссын хурлын тэмдэглэл байгаагүй боловч одоог хүртэл бүрдүүлж өгөөгүй” гэж мэдүүлжээ. Дээрх баримтуудаас манай компани нь ил далд ажлын акт, барилгын угсралтын ажлын тэмдэглэл, “Г с” ХХК-нд хүлээлгэж өгсөныг нотолж байдаг. Уг бичиг баримтуудыг Барилгын тухай хуулинд заасанчлан хөрөнгө оруулагч захиалагчид бэлдэх байсан боловч бид холбогдох зургуудыг нь авч бэлдэж өгсөн.

2. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаас татгалзах үндэслэлд Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадлын өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна” гэсэн заалтыг хангаагүй тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана гэж заажээ.

Тус барилга нь 5 давхар 65 айлын орон сууцны зориулалттайгаар зураг төсвөө батлуулж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Явцын дунд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн давхраа 6 давхар болгож өөрчилсөн байсныг 2015 оны 11 сард давхрынхаа зургийг барилгын ажил дууссаны дараа нөхөж гаргасан боловч мэргэжлийн хяналтын байгууллагууд, архивд, улсын комиссын бүрэлдэхүүнээс нуусан. (барилгын явцад барилгын батлагдсан зургаар 5, 6-р давхрын зургууд нь давтагдах давхраар гүйцэтгүүлсэн)

Уг барилгын суурийн хагаралт цууралттай холбоотой 2014 оны 07 дугаар сарын 22-ны Монгол Улсын зөвлөх инженерийн зөвлөмж, зургийн авторийн холбогдох зургуудыг, гүйцэтгэгч компаниас гаргаж өгсөн фото зургуудыг мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нууж дарсан.

Барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн шинэчилсэн зургуудыг мөн шинээр нэмсэн уурын зуух ТПП-ны холбогдох зургуудыг тусгаагүй. Гадна фассатыг бүхэлд нь өөрчилсөн байхад мөн холбогдох газруудаас нууж дарсан гэх мэтчилэн Барилгын бүтээцэд, инженерийн шугам сүлжээнд, хүчин чадлын өөрчлөлтүүд уг барилгад орсон байхад зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр аваагүй. (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт 2016.12.04, №11-07-02А/28А тоот дүгнэлтээр, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны №18 тоот Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд тус тус тусгасан байдаг)

3. Барилгын тухай хуулийн 12.4-т барилгын чанарын баталгаат хугацааг 3 жил байна гэж заасан. Гэтэл уг барилга байгууламж баригдсанаас хойш 6 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Барилгын тухай хуулийн 48.3-т гэрчилгээ олгогдоогүй дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэсээр байтал “Г с” ХХК нь хууль зөрчин оршин суугчдыг ипотекийн 8% ийн зээлд хамруулан оршин суугчдыг залилан зарж борлуулсан. Улсын комисс аваагүй байхад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж уг барилгын чанарын эдэлгээнд өөрчлөлт орсон. (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт 2016.12.04 № 11-07-02А/28А тоот дүгнэлтээр, 2019 оны 04 дүгээр сарын 01-нд Дорноговь аймгийн Замын Үүд сумын Капитал банкны 155-р байрны зээл олголтын мэдээ). Энэ 6 жилийн хугацаанд хууль бусаар Улсын комисс ажиллуулж “Их модун” ХХК-аар 2016 оны 09 дүгээр 15-нд чанарын баталгаа дүгнэлт гаргуулсан боловч 2 жилийн хугацаанд (2018 оны 01.10) Барилгын тухай хуулийн 14.2.3-т барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж баталгаажуулж явах байсан боловч хөрөнгө оруулагч Капитал банк, захиалагч ‘Голдэн серкл” ХХК нь нэг ч удаа үзлэг хийж баталгаажуулаагүй. Мөн Барилгын тухай хуулийн 37.15-д барилга байгууламжийн баримт бичгийг ашиглалтын хугацаанд хадгалж, баяжилт хийнэ гэсэн боловч хийгдээгүй.

4. Уг барилгад Улсын комисс ажиллахтай холбоотой 2016 оны 08 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх холбогдох бичиг баримт дутуу барилгын бүтээцэд өөрчлөлт оруулсан боловч зураг төсөл, хүчин чацлын өөрчлөлтийг нууж дарсантай холбогдуулан мөн хуулийн дагуу шинэчилсэн зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр 3 шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр тогтоолууд гарсаар байтал (2017 оны 01.04-ны өдрийн №4-тоот Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол) “Г с” ХХК нь хууль бусаар шүүхүүдийн шийдвэрийг үл хүндэтгэн Улсын комисс ажиллуулсан байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019-тоот Захиргааны хэргийн шийдвэрт Дорноговь аймгийн Барилга хот байгуулалтын газрын дарга Г.Бат-ирээдүй гэрчийн тайлбар өгөхдөө: “өмнө нь шүүхийн шийдвэр гарснаас хойш “Г с” ХХК захирал ирж уулзаад танай байгууллагын нэхээд байгаа дутуу бичиг баримтуудыг бүрдүүлж өгье, комиссын актад гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлтийг биечлэн тавьсан. Манай байгууллагын зүгээс боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа аймгийн засаг дарга дуудаж асуудлыг шуурхай шийдвэрлэ гэж амаар болон бичгээр үүрэг өгсний дараа уг Улсын комиссын актыг баталгаажуулж өгсөн гэж тайлбарласан байдаг.

5. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг дараах тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадлын өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна” гэсэн заалтыг хангаагүй тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана” гэж, 48 дугаар зүйлийн 48.5.2-т “барилгын ажлын ил далд ажлын актууд холбогдох зургууд байхгүй тохиолдолд уг барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаас татгалзана” гэж тус тус заажээ. Үүнтэй холбоотойгоор ажлын тэмдэглэл фото зургууд зэрэг нь хулгайд алдагдсан бөгөөд Дорноговь аймгийн Замын Үүд сумын Цагдаагийн хэлтэст эрүүгийн 201410010236 тоот хэрэг үүсгэн шалгагдаж байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комиссын 26/2016 тоот актад холбогдох хууль бус бичиг баримт ашигласан, хулгайд алдагдсан фото зургуудыг ашигласан зэрэг нь нэмэгдэж цагдаагийн байгууллагад 2018.10.08-нд 182000229 тоот хэрэг үүсгэн шалгагдаж байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Г с” ХХК-ийг Капитал банк охин компаниар шилжүүлж авахтай холбоотойгоор 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүрэмд хууль бусаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт засвар хийлгэсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна. Эдгээр байдлуудаас үүдэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн манай компанийн зүгээс уг барилга байгууламжид дээрх үндэслэлүүдээр чанарын баталгаа дүгнэлт гаргаж өгөх, Улсын комисст оролцох боломжгүй мөн биднээс шаардагдах бүх бичиг баримтыг “Г с” ХХК-нд өгсөн тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Г с” ХХК нь хариуцагч “Г ф” ХХК ХХК-нд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгад хийж гүйцэтгэсэн барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг тус тус гаргуулах, уг барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

               Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

               Нэхэмжлэгч “Г с” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Г ф” ХХК ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” 01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч тал болох “Г с” ХХК нь Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлууд болон тухайн ажлуудыг гүйцэтгэх машин механизмын зардал зэргийг багтаан батлагдсан зураг төсөл, хүчин төгөлдөр үйлчилж буй БНбд, норм, дүрэм, стандарт, технологи, олгогдсон техникийн нөхцлүүдэд заасны дагуу чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэх,

захиалагч тал болох “Г с” ХХК нь гэрээний хавсралт-2 “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх санхүүжилтийн график”, хавсралт-4 “Барилга угсралтын ажлын тоо хэмжээ, үнэлгээ”-д заасан нөхцөл, журмын дагуу хөлс 700,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад дээрх гэрээ нийцэж байна.

Зохигч гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

 

Ажил гүйцэтгэгч “Г ф” ХХК2014 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тухайн барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг тус тус гүйцэтгэн, нийт барилгын ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгч,

захиалагч “Г с” ХХК-аас ажлын хөлс 700,000,000 төгрөг, нэмэлтээр 21,843,000 төгрөг, нийт 721,843,000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажлын хөлсний хэмжээтэй холбоотой маргаан үүсэж, гэрээний үүргийг хэрэгжүүлээгүй, захиалагч тал болох “Г с” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Их модун” ХХК-тай гэрээ байгуулж, тухайн барилгын дотор заслын ажил, сууцны барилгын дараах ажил буюу плита, чулуу, замаск, обой, паркет, хаалга, дүүжин тааз, гадна зам цутгалт, будгийн ажлыг гүйцэтгүүлэн, барилгын ажил 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан болох нь талуудын тайлбар болон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/00437 дугаартай шийдвэр /хэргийн 169-174 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Ийнхүү Дорноговь аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байх боловч хариуцагч “Г ф” ХХК ХХК-аас Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчид мэдэгдээгүй, үндсэн гүйцэтгэгчээс барилгын чанарын баталгаа, дүгнэлт гаргаагүй байхад хуурамч баталгаа дүгнэлтийг үндэслэн акт гаргасан нь хууль бус” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаартай шийдвэрээр улсын комиссын дээрх актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлохгүй бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Г ф” ХХКнь гэрээний дагуу барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, уг ажиллагаанд ажил гүйцэтгэгч “Г ф” ХХК ХХК-ийг ажил гүйцэтгэгчийн хувиар оролцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг “Их модун” ХХК-нд хүлээлгэн өгсөн,

захиалагч “Г с” ХХК нь барилгын үндсэн бүтээцэд, инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлтүүд орсон байхад зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр аваагүй,

Барилгын тухай хуулийн /2008/ 12 дугаар зүйлийн 12.4-т барилгын чанарын баталгаат хугацааг 3 жил байна гэж заасан бөгөөд уг барилга байгууламж баригдсанаас хойш 6 жил өнгөрсөн. Мөн барилгыг улсын комисс ашиглалтад оруулахаар хүлээж аваагүй байхад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, уг барилгын чанарын эдэлгээнд өөрчлөлт орсон, барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хууль бус баримт бүрдүүлсэн тул чанарын баталгаа гаргах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаанд оролцох боломжгүй” гэж тайлбарлаж байна.

 

Нэг. Барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.5.1-т “захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг хавсаргана гэж заасан байна.

 

Хариуцагч талаас “тухайн барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг барилгын дутуу ажлыг гүйцэтгэсэн “Их модун” ХХК-нд хүлээлгэн өгсөн“ гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан “Их модун” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 247/20 дугаартай “Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын тэмдэглэлийг хүлээн аваагүй тул нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй” гэх албан бичгээр үгүйсгэгдэж байхаас гадна Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас тухайн барилгын ажилтай холбогдох баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан бөгөөд үүнд маргаан бүхий барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл авагдаагүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.2.3-т “гүйцэтгэгч талын Монгол инженер нь өдөр тутмын барилга угсралтын ажлын явцыг тэмдэглэж, энгийн болон далд ажлын тайлан, гүйцэтгэлийн тэмдэглэл актыг ажил тус бүрээр нь захиалагч талд өгнө” гэж заасан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал болох “Г ф” ХХК энэ үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар үзлэг хийж хэрэгт бэхжүүлсэн нэхэмжлэгч “Г с” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн нарын уулзалт ярилцлагын гэх бичлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн хэлсэн гэх “... наад дээр чинь тодорхой материалууд манай дээр байгаа юм жишээлбэл талбайн журнал” гэсэн хариулт /хэргийн 153 тал/-аас үзэхэд тухайн барилгын талбайн журнал буюу барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг захиалагч тал болох “Г с” ХХК-нд өгөөгүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээх бөгөөд ийнхүү цуглуулахдаа хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дээрх ярианы бичлэгийг хийхдээ уулзалтад оролцогч нарт “яриа бичигдэж байгаа болохыг мэдэгдсэн” /хэргийн 150 тал/ байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар захиалагч тал болох “Голдэнсеркл” ХХК нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх чиг үүрэгтэй тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар барилга байгууламжийн баримт бичигт хамаарах талбайн журнал буюу барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гэрээний дагуу хариуцагч “Г ф” ХХК ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Хоёр. Барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.5.3, 48.5.4-т “захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг хавсаргана гэж заасан байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргахаар заасан барилгын зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техниийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг хэрхэн гаргах талаар Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7-д заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаартай тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ээр зохицуулсан байна.

 

Энэ дүрмийн 2.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулж, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т тус тус заасан дүгнэлтийг гаргасан байна.” гэж заасан байх бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үндсэн ажил гүйцэтгэгч “Г ф” ХХК нь дээрх дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохоор дүрэмд зохицуулсан гэж үзнэ.

 

Харин барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичгийг хууль бусаар бүрдүүлсэн, барилгын ажлын зөвшөөрлийн нөхцлүүдийг захиалагч зөрчсөн гэх Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлд хамаарах нөхцөл үүссэн эсэхийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулах талаар шаардлага гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

 

Иймд хариуцагчийн татгалзлын үндэслэл буюу “захиалагч “Г с” ХХК нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “барилгын үндсэн бүтээцэд, инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлтүүд орсон байхад зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.”,  мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн, мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хууль бус баримт бүрдүүлсэн гэх үндэслэл нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.3-т заасан ажиллагаанд ажил гүйцэтгэгч оролцохгүй байх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцохоор зохицуулсан байна.

Дээр дурдсанчлан, хариуцагч “Г ф” ХХКнь маргаан бүхий орон сууцны барилгын үндсэн ажил гүйцэтгэгч болох нь тогтоогдож байх тул уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд ажил гүйцэтгэгчийн хувьд гишүүнээр оролцох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар барилгыг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, эрх бүхий байгууллагаас барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгогдсоноор гэрээний зүйл болох орон сууцны барилгын ажлын үр дүн гарна гэж үзнэ. Иймд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч нь барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Гурав. Гүйцэтгэсэн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд барилгын чанарын стандарт болон шалган хүлээн авах ажиллагааг зохицуулсан байх ба мөн зүйлийн 6.1, 6.2-т зааснаар барилга байгууламжийн чанар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох дүрэмд заасан стандартыг хангасан байна, барилгын норм, стандартыг үндэслэн захиалагч ажлын явц, чанарт шалгалт хийж, хэрвээ талууд чанарын стандартын асуудлаар зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр заасан байна.

Мөн гэрээний 4.1.7-д “захиалагч тал нь гүйцэтгэгч талын өдөр тутмын ажил гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж ажиллах ба ажлын явц болон буруу хийгдсэн, гологдол илрүүлсэн тохиолдолд цаг тухайд нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд оруулж, ажил гүйцэтгэлийн явцын хуралд байдлыг мэдэгдэнэ” гэж, 4.1.8-д “Захиалагч талын үндсэн үүрэг нь технологийн хяналт, барилгын ажлын явцыг шалган авах ... зэрэг болно” гэж тус тус заасан байна.

 

Гэрээний дээрх зохицуулалтаас дүгнэхэд захиалагч тал болох “Г с” ХХК нь тухайн барилгын ажлын чанар, стандартад хяналт тавих, шалган авах үүрэгтэй ба хэрэв талууд барилгын чанарын асуудалд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

Иймд шүүх барилгын чанарыг тодорхойлохгүй бөгөөд захиалагч өөрөө барилгын чанар, стандартад хяналт тавих, шалган авах үүрэгтэй байхаас гадна дээр дурдсанчлан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу талууд хамтран барилга байгууламжид үзлэг хийж, чанар, стандарт хангаж байгаа талаар дүгнэлт гаргах замаар, эсхүл барилгын чанарын талаар мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр зохицуулсан байх тул ажил гүйцэтгэгчээс гүйцэтгэсэн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасныг талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга баригдаж дууссан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл зургаан жилийн хугацааг тоолоход нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлүүдээр барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны шаардлага гэж үзэх үндэслэлтэй байх тул Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хариуцагч “Г ф” ХХК биелүүлэх үүрэгтэй.

Иймд хариуцагч “Г ф” ХХК ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж нэхэмжлэгч “Г с” ХХК-нд олгож, хариуцагч “Г ф” ХХК ХХК-нд дээрх барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “Г ф” ХХК ХХК-аас гүйцэтгэсэн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Г ф” ХХК ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж нэхэмжлэгч “Г с” ХХК-нд олгож, хариуцагч “Г ф” ХХК-нд дээрх барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч “Г ф” ХХК-аас барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах “Г с” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г ф” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г с” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ