Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00935

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/01846 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1913 дугаар магадлалтай,  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох 

Гүйцэтгэсэн ажилд чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгуулах, ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч Голденсэркл ХХК хариуцагч Гэрэлт фокус ХХК-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, уг барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг даалгах, улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 102/ШШ2022/01846 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-д дээрх барилгын ажлын захиалагч, зураг төсөлч зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд, уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр тус тус оролцохыг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч ******* ХХК-аас барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1913 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 102/ШШ2020/01846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцохыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцохыг даалгуулах, барилгын суурь, хана, ханын хучилт, шат өрөг бүтээц, дээврийн ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын ...210,000 төгрөг гэснийг ...140,400 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар дүгнэлт өгөөгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тус шүүхийн шийдвэрт буюу үндэслэх хэсэгт хууль зүйн хувьд алдаатай буруу дүгнэлт өгсөн хэд хэдэн асуудлууд байна.

4.1 Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.7-д дараах тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана гэсэн байдаг. Барилга байгууламжийг дараах тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана гэсэн байдаг. Барилгын тухай хуулийн 26.3-т барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадлын өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна гэсэн заалтыг хангаагүй тохиолдолд ашиглалтанд оруулахаас татгалзана гэж заажээ. Гэтэл уг барилга барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн боловч явцын дунд мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр 5-н давхрыг 6-н давхар болгож өөрчилсөн, гадна дотор инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн шинэчилсэн зургуудыг шинээр гаргаж ТПП уурын зуух барьсан, гадна фассатад өөрчлөлт оруулсан, суурь зооринд 14-н цууралт үүссэнтэй холбоотойгоор нэмэлтээр зураг хийгдсэн, Монгол улсын зөвлөх инженерийн зөвлөмж гаргасан боловч дээрх хүчин чадлын өөрчлөлтүүд уг барилгад орсон байхад барилгын ажлын зөвшөөрлүүдийг 1 ч удаа аваагүй (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт 2016.12.04-ний №110702А/28А) байхад Улсын комисс ажиллуулах шийдвэр гарч байгаа нь өөрөө хууль бус шийдвэр гарч байна. Энэ тухай уг Улсын комисс хууль бус гэдгийг 2017.09.04-ны 115/ШШ2017/0019-тоот Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхээр нотлогдож уг Улсын комиссын актыг хүчингүй болгож байсан. (2018.01.18-н №18 Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол)

4.2 Барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг (Улаан журнал) гаргуулахыг даалгасан нь мөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Уг барилга байгууламж нь нийт 4-н жилийн хугацаанд баригдаж олон гүйцэтгэгч компаниуд ажилласан байдаг. Үүнээс манай компани уг барилга дээр 1 жил ажилласан. 2014.07.01-ээс 2015.06.10-н хүртэл хугацаанд хөтөлж байсан улаан журналыг 2015.06.10-ны өдөр Их Модун ХХКомпаний менежерт манай инженер үлдэгдэл ажлын тооцооны хамт хүлээлгэж өгсөн байдаг. Уг улаан журналыг цааш үргэлжлүүлэн хөтөлж уг барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Барилгын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэл буюу улаан журналд тухайн өдрийн цаг агаар, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, материалын тооцоо, ажиллах хүчний тоо, гүйцэтгэсэн ажлын тайлбаруудыг тусгасан байдаг. Мөн төрийн эрх бүхий хяналтын байгууллагууд, зураг зохиогч, захиалагчид тухай бүрд үзэж танилцан ажлын зааварчилгаа, шаардлагыг бичиж тэмдэглэсэн байдаг, уг журналгүйгээр барилгын ажил 1 ч өдөр явагдах боломжгүй. Гэтэл бүтэн 4-н жилийн ажлын тэмдэглэгээ буюу улаан журналыг манай компаниас шаардаж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр юм. Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.04-ний өдрийн 115/ШШ217/0011 тоот шийдвэрт уг шүүх хурлын үед хэрэгт авагдсан материалуудад манай компанитай холбоотой

-Барилга угсралтын гэрээ

-Барилга угсралтын ажлын тэмдэглэл ( Улаан журнал)

-Барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангууд

******* ХХКомпаниас ******* ХХКомпанд 2016.08.16- ы өдрийн 1/26-тоот албан бичиг хүргүүлсэн зэрэг баримтууд байсныг нотолж тэмдэглэл үйлдсэн байдаг.

4.3 Барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцуулахыг даалгасан нь мөн хууль бус гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх, тохируулах хугацааг 1 жил байна. Энэ хугацаанд зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч, ашиглагчид тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийнэ гэж заасан байдаг. 2016.09.15-нд Улсын комисс хүлээж авснаас хойш уг барилга байгууламж нь 6-н жилийн хугацаа өнгөрсөн байна. Барилгын тухай хуулийн 40-р зүйлд барилгын ажлын гүйцэтгэгчийн чиг үүргийг тусгайлан заасан байдаг. Үүнд гүйцэтгэгч өөрийн хийсэн ажилд дүгнэлт гаргаж өгөх тухай заагаагүй байдаг. Зөвхөн гүйцэтгэгч компаний хийсэн ажлыг төрийн эрх бүхий мэргэжлийн байгууллагууд, зураг төсөл зохиогч, дүгнэж дүгнэлт гаргах ёстойг заажээ. Уг барилга байгууламжид манай компани угсралтын буюу далд хэлбэрийн ажлуудыг хийж оролцсон. Тухай үед гүйцэтгэлийн ажилтай холбоотой ил, далд ажлын актууд холбогдох фото зургуудыг захиалагчид гаргаж өгсөн. Одоогоор 6-н жилийн дараа далд хийгдсэн бүх ажлуудад бичиг баримт бүрдүүлж дахин баталгаажуулж дүгнэх боломжгүй.

4.4 Уг иргэний хэрэг маргаантай шууд холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газар Капитал банк ХХК нь ******* ХХК-г 2016.02.20-ны 8 тоот хурлын шийдвэрээр эрх шилжүүлэх гэрээгээр охин компаниар авсан байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчийн 2020.01.06-ны өдрийн 50 тоот дүгнэлтээр 2016.12.20-ны 08 тоот хавсралт болгон өөрчилж ЭМ ЭН ЖИ ДАВХАР ДАЛАВЧ ХХК гэж зассаныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.04.13-ны өдрийн 200901152 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж шалгаж байна. Иймд ******* ХХК-ийг Капитал банк албан ёсоор хуулийн дагуу шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй. Энэ хэрэг шалгагдаж эцэслэн шийдвэрлэсний дараа үндсэн нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн захирал Б.Пагмадулам Капитал банкны эрх хүлээн авагчаас томилсон захирал Дэлгэрхүү, ЭМ ЭН ЖИ ДАВХАР ДАЛАВЧ компани хэн болох нь тодорхойлогдоно. Мөн захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан нь тогтоогдох юм. Тиймд уг шүүхийн шийдвэртэй шууд хамааралтай. Мөн шүүхийн нэхэмжлэлтэй шууд холбоотой ил, далд ажлын актууд, бусад бичиг баримтууд, хулгайд алдагдсан фото зургууд гэх мэт бичиг баримтуудтай холбоотой хэрэг 2018.10.08-ны өдрийн 5/51 тоот Монгол улсын ерөнхий прокурорын тогтоолоор 182000229 тоот хэрэг бүртгэлийн хэргийг нээж дээрх хэргүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст, Дорноговь аймгийн цагдаад тус тус эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Гэрэлт фокус ХХК-д холбогдуулан барилгын ажилд холбогдох чанарын баталгааг албан бичгээр гаргуулах, захиалагч болон зураг төслийн зохиогчтой хамтран техникийн болон чанарын дүгнэлт гаргах ажиллагаанд оролцох, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр оролцох нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин ... Барилгын тухай хуулийн 32.1.5, 48.5, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолд зааснаар барилгын ажлыг ашиглалтад оруулахад баталгааны бичиг, ...техникийн болон чанарын дүгнэлт, гүйцэтгэлийн тэмдэглэл шаардлагатай, ...ашиглалтад оруулах комисст гүйцэтгэгч оролцох ёстой. Гэрэлт Фокус ХХК нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган баталгаа, ... дүгнэлт гаргаагүй байхад улсын комисс акт гаргасан нь буруу гэх үндэслэлээр актыг хүчингүй болгуулсан ... үүнээс хойш улсын комисс хүлээн авахад шаардлагатай чанарын баталгаа, ... ажлын журналыг гаргаж өгөөгүй, ... дүгнэлтийг захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран гаргаагүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байна, ... үүнээс болж улсын комисс барилгыг ашиглалтад авах боломжгүй, оршин суугчдын өмчлөх эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байна.

 7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... Барилгын тухай хуулийн 21.2-т зааснаар архивт бүх баримтыг шилжүүлсэн, ...улаан журналыг ч хүлээлгэн өгсөн, ... барилгын ажлын явцад олон өөрчлөлт орсон, шинэ зургаа хяналтын байгууллагаас нуусан, ... өөрчилсөн зургаар дахин зөвшөөрөл аваагүй бол ашиглалтад оруулахаас татгалзах хуулийн зохицуулалттай, ... барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил, гэтэл барилга баригдаад 6 жил болсон, ... Их Модун ХХК-аас хууль бусаар чанарын баталгаа, дүгнэлт гаргуулсан, ... улсын комиссын актад хууль бус баримт бичиг бүрдүүлсэн нь цагдаад шалгагдаж байгаа тул комисст орж ажиллах боломжгүй гэж хариуцагч маргаж байна.

 8. Анхан шатны шүүх хариуцагч нь барилгын ажлыг 95 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг бүрэн буюу 721,843,000 төгрөгийг хүлээн авсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тус барилгын үндсэн гүйцэтгэгч нь Гэрэлт Фокус ХХК болох нь тогтоогдсон, талуудын байгуулсан гэрээний 4.2.3-т заасны дагуу ажлын тайлан, гүйцэтгэлийн тэмдэглэлийг захиалагч талд хүлээлгэж өгөх үүрэгтэй ба ийнхүү хүлээлгэж өгснөө нотлоогүй тул ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргуулах; Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахад захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч хамтран дүгнэлт гаргах, зөрчлөө арилгах арга хэмжээ авах үүрэгтэй тул уг ажиллагаанд оролцуулах; барилгыг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцохыг даалгах шаардлагуудыг тус тус хангаж, гэрээний талууд чанарын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй үед мэргэжлийн байгууллагаар шийдвэрлүүлэх үндэстэй, шүүхээс барилгын чанарын асуудлыг тодорхойлох боломжгүй гэж дүгнэн чанарын баталгааг албан бичгээр гаргуулах шаардлагыг хангахаас татгалзжээ.

 9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд хариуцагчийг оролцуулах эсэх нь аймаг, нийслэлийн засаг даргын бүрэн эрх байх тул энэ шаардлагыг гаргах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн бусад дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

 10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

10.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барилгын ажлын захиалагчийн зүгээс зураг төслийг өөрчилсөн атал энэ зураг төслийн дагуу барилгын зөвшөөрлийг дахин авалгүйгээр ажлыг гүйцэтгүүлсэн тул барилга байгууламжтай холбоотой ажил бүхэлдээ хууль бус болсон гэх агуулгаар маргаж чанарын баталгаа гаргах, техникийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцох, түүнчлэн улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзана гэжээ.

Хоёр шатны шүүхээс барилгын үндсэн гүйцэтгэгч Гэрэлт Фокус ХХК нь барилгын ажилд техникийн болон чанарын дүгнэлт өгөх хамтын багт орж ажиллахаас дээрх үндэслэлээр татгалзах боломжгүй, ийнхүү дүгнэлт гаргахаар хамтран ажиллах явцад илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлагаа тавих эрх нь хариуцагчид нээлттэй хэвээр гэж үзсэн нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3, 48.5.4, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд энэ үндэслэлээр техникийн дүгнэлт гаргах зорилгоор гүйцэтгэгчид захиалагч, зураг төсөл зохиогчтой хамтран ажиллаж, зохих дүгнэлт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн чанарын баталгааг албан бичгээр гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрч, ажлын чанарт хяналт тавих үүрэг захиалагчид хадгалагдаж байгаа, хуулиар олгогдсон доголдлын талаарх гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт гомдлын шаардлага гаргах хуулийн тусгайлсан зохицуулалт бий бөгөөд энэ зохицуулалтыг хэрэглэх, хуульд заасан үндэслэлээр татгалзах боломж барилгын ажил гүйцэтгэх гэрээний талуудад адил тэгш, нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 10.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд багтах гишүүдийг томилох эрх хэмжээ Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд төрийн эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах шийдвэр гаргасан тохиолдолд хууль тогтоомжид заасан үндэслэлгүйгээр татгалзах, бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзах боломжгүй гэж үзнэ. Иймд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрх барилгын ажлын захиалагч талд шууд олгогдсон гэж дүгнэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.

 10.3. Барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэл буюу практикт нэрлэж заншсанаар улаан журналыг гаргуулах нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн үндэслэлийг залруулан зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигчид шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд маргаан бүхий тохиолдолд тэмдэглэл буюу журналыг нэхэмжлэгч буюу захиалагчид хүлээлгэн өгсөн болохоо нотолсон аливаа баримтыг хариуцагч талаас гаргаагүй, энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 11. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1913 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.10.14-ний өдөр төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

Х.ЭРДЭНЭСУВД