Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01910

 

МАГАДЛАЛ

 

 

 

 2020.09.09                                           Дугаар 1910

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэртэй, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр Ц.Б-оос   147 189 300 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4/17988 дугаартай мэдэгдлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоото хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаартай 104.57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 276 589 600 төгрөгөөр үнэлэгдсэн тухай мэдэгдсэн. Ц.Бминий бие уг үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд 400 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 400 000 000 төгрөг гэж НШШГГ-т өгсөн. Иймд “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр 146 230 000 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот, 104.57 м.кв талбайтай өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот, 104.57 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18290284/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12890284/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ц.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/15781 дугаартай мэдэгдлийг биечлэн өгөхөд уг орон сууцыг 450 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Төлбөр авагч “Газар капитал партнерс ББСБ” ХХК төлбөр төлөгчийн ирүүлсэн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилоход 276 589 600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4/17988 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдэхэд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч өөрөө худалдан борлуулж төлбөрөө төлөх хүсэлтэй байгаа талаар хүсэлт ирүүлсэн боловч худалдан боруулаагүй, төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276 589 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ц.Бнь төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шинжээчийн дүгнэлтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “...мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэнтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нийцээгүйг шүүх анхаараагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

   Нэхэмжлэгч Ц.Бнь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байр, 5 тоотод байрлах 104.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 276 589 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр Ц.Б-оос   146 230 000 төгрөг гаргуулж

“Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байр, 5 тоотод байрлах 104.57 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-27-30/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ/2018/00972 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-44-46, 48-50/

Төлбөр төлөгч Ц.Б-оос   төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Газар капитал партнерс ББСБ” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-54/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-аас  Ц.Б-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг 276 589 600 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ц.Батболдод 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна. /хх-78/ Иймээс төлбөр төлөгч Ц.Бнь шинжээчийн үнэлгээг мэдэгдснээс хойш, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах байтал 8 хоногоор хэтрүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276 589 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг тухай нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд төлбөр төлөгч Ц.Б-ын төлбөрт хураагдсан эд эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлж, эрх ашгийг хохироосон гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА