Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00993

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1910 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр ******* надаас 147,189,300 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмч болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаартай 104.57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020.05.14-ний өдрийн 4/17988 дугаартай мэдэгдлээр 276,589,600 төгрөгөөр үнэлэгдсэн тухай мэдэгдсэн. ******* миний бие уг үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд 400,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд *******т 2020.05.10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 400,000,000 төгрөгөөр өгсөн. Иймд ******* миний өмч болох дээр дурдсан 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс илтэд доогуур үнэлсэн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2020.05.13-ны өдрийн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр 146,230,000 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011470 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот, 104.57 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх /3 өрөө орон сууц/ үл хөдлөх хөрөнгийг 2020.04.21-ний өдрийн 18290284/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020.04.28-ны өдрийн 12890284/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч *******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020.05.03-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 2020.04.28-ны өдрийн 4/15781 дугаартай мэдэгдлийг биечлэн өгөхөд уг орон сууцыг 450,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал өгсөн. Төлбөр авагч Газар капитал партнерс ББСБ ХХК төлбөр төлөгчийн ирүүлсэн саналыг зөвшөөрөөгүй тул шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход 276,589,600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2020.05.14-ний өдрийн 4/17988 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдэхэд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч өөрөө худалдан борлуулж төлбөрөө төлөх хүсэлтэй байгаа талаар хүсэлт ирүүлсэн боловч худалдан борлуулаагүй, төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******т холбогдох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276,589,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1910 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт: Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө... гэж заасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ингэж мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч гомдол гаргана гэж заасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дүгнэлт танилцуулсан, санал хүсэлт авсан, тэмдэглэл хөтөлсөн тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар мэдэгдсэн хэмээн дүгнэсэн нь баримтад тулгуурлаагүй, учир дутагдалтай дүгнэлт болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтад байх дүгнэлт танилцуулах, санал хүсэлт авах, тэмдэглэл хөтлөх гэсэн хуулийн шаардлагыг өөрийн үзэмжээр хялбаршуулан өөрчилж үнэлгээний мэдэгдэл хэмээн хуулийн шаардлагад байхгүй бичиг баримт зохион уг хууль бус баримтаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т нийцсэн хэмээн үзсэн нь хууль бус юм. Хуульд өөрчлөлт оруулах, танах, хасах, хялбаршуулах эрх зөвхөн хууль тогтоогчид бий. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээрх эрхийг өгөөгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээр дурдсан хууль бус зохиомжийг хуулийн шаардлага хангасан үйл баримт хэмээн тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал ч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байгаа болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...шинжээч үнэлгээг хэт багаар тогтоосон... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шинжээч үнэлгээ хийхдээ хууль зөрчөөгүй ... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны болон үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр ******* 146,230,000 төгрөгийг Газар капитал партнерс ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

******* төлбөрийг сайн дураар биелүүлээгүйгээс захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн, 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 5 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэн, үнэлгээ тогтоолгосон баримтууд хэрэгт авагджээ.

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч талуудаас үнийн санал авахад тохиролцоогүйгээс Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, үнэлгээг ******* эс зөвшөөрч 2020.05.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 276,589,600 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2020.05.14-ний өдөр мэдэгдэхэд тэрээр орон сууцыг өөрөө худалдах хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан 1 сарын хугацаа олгожээ.

 

Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаас үзвэл, шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцөлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, орон сууцны талбайг бодитоор хэмжиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт нэхэмжлэгч гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...үнэлгээ хэт бага, ...төлбөр төлөгчид үнэлгээний талаар мэдэгдэх үүргээ шийдвэр гүйцэтгэгч биелүүлээгүй... гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01876 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1910 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.10.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД