Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2020/00028

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Баяншанд баг 5-16 тоотод оршин суух, Ө овогт Б.А-ын /РД:ДЮ73031976/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг, 6-14 тоотод оршин суух, Б овогт Б.С-д /РД:ДП82032700/ холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2.219.975 төгрөг, хүү 221.997 төгрөг, алданги 1.109.978.5 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг, нийт 3.815.559.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А миний бие 2019 оны 06 дугаар сарын 04-нд иргэн Б.С-д 2.219.975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацааны эцэст авахаар нотариатоор батлуулж гэрээ байгуулсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Зээлсэн мөнгөө авахаар удаа дараа шаардаж байгаа боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Мөн 2 сард уулзахаар хот ороод уулзаж чадалгүй ирсэн. Иймд Б.С-аас зээлийн үндсэн мөнгө 2.219.975 төгрөг, хүүний 221.997 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг зээлийн үндсэн мөнгөний 50 хувь 1.109.978.5 төгрөг нийт 3.815.559.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.С нь нэхэмжлэгч Б.А-аас 2019 оны 03 дугаар сарын 07-нд 1 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оны 03 дугаар сарын 10-нд 1 сая төгрөгийг нэмж зээлсэн. Үүний хүү болох 100.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд Б.А-ын 5315354505 гэсэн дансаар шилжүүлсэн. Мөн 4 дүгээр сарын 19-нд дахин дээрх дансаар 122.000 төгрөгийг, 5 дугаар сарын 14-нд 302.890 төгрөгийг мөн шилжүүлсэн. 6 дугаар сарын 4-нд зээлийн гэрээний үйлчилгээний төлбөр 11.000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн болно. Б.А-ын нэхэмжилж байгаа 2.219.975 төгрөгийг миний бие бэлэн болон дансаар аваагүй учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн 2 дугаар сард надтай уулзахаар ирээгүй. Цагдаагийн байгууллагын ажилтан явуулж надтай уулзуулж мэдүүлэг авахуулсан юм. Тийм учраас хотод ирсэн гэх зардлыг төлөх үндэслэлгүй. Тэр хүн өөрийнхөө ажлаар ирсэн хүн байсан. Иймд би анх зээлж авсан 2.000.000 төгрөгөөс өөрийн төлсөн 535.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.465.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Б.А-тай тохиролцож үндсэн мөнгөө төлье гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй шүүхэд хандсан учир би ч мөн адил шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтаст хэргийн материалтай танилцахад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 2.219.775 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж авсан байна. Хариуцагчийн хэлж байгаагаар 1.800.000 төгрөг төлнө. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2.219.775 төгрөгөөс тодорхой хувийг төлсөн. Энэ талаар нотлох баримт нь хэргийн материалд байгаа гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 2.219.975 төгрөг, хүү 221.997 төгрөг, алданги 1.109.987 төгрөг нийт 3.551.959.5 төгрөгийг хариуцагч Б.С-гаас гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гаас 75.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.С надаас 3.551.959.5 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх би 2019 оны 03 дугаар сарын 07-нд 1.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-нд 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг зээлж авсан. Би 535.000 төгрөгийг буцааж төлсөн үлдэгдэл 1.465.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2 сая 86 төгрөгийг хасч тооцож өгнө үү. Иймд дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 04-нд иргэн Б.С-д 2.219.975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацааны эцэст авахаар нотариатоор батлуулж гэрээ байгуулсан боловч зээлийг төлөөгүй тул Б.С-гаас зээлийн үлдэгдэл 2.219.975 төгрөг, хүүний 221.997 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүүгүй алданги буюу 1.109.978.5 төгрөг нийт 3.815.559.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.С нь нэхэмжлэгч Б.А-аас 2019 оны 03 дугаар сарын 07-нд 1 сая төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оны 03 дугаар сарын 10-нд 1 сая төгрөгийг нэмж зээлсэн. Үүний хүү болох 100.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд Б.А-ын 5315354505 гэсэн дансаар шилжүүлсэн. Мөн 4 дүгээр сарын 19-нд дахин дээрх дансаар 122.000 төгрөгийг, 5 дугаар сарын 14-нд 302.890 төгрөгийг мөн шилжүүлсэн. 6 дугаар сарын 4-нд зээлийн гэрээний үйлчилгээний төлбөр 11.000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн болно. Б.А-ын нэхэмжилж байгаа 2.219.975 төгрөгийг миний бие бэлэн болон дансаар аваагүй учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлсэн хэмжээ хязгаарын дотор анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн 5 дахь талд авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нотлох баримтаар авагджээ. Уг гэрээнд зааснаар 2.219.975 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ныг хүртэл 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлжээ. Зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувиар тооцож алданги төлүүлэхээр тохирч гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулан давхар нотариатаар батлуулжээ.   

 

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө нийт 535000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байна. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 –д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. “ гэж заажээ.

Шүүх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх анз 2219975 төгрөгний 0,5 хувийн алданги өдрийн 11.099 төгрөг нийт 324 өдрийн 3596076 төрөг гэж тооцож, гүйцэтгээгүй үүрэг 2219975 төгрөгний 50 хувь 1109987 төгрөгийг хариуцагчаас гаргуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 болон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хууль буюу гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч Б.А хариуцагч Б.С-гаас шаардах эрхтэй байна.   

Иймд зээлийн гэрээний үүрэг 2219975 төгрөг, хүү 221997 төгрөг, алданги 1109987 төгрөг нийт 3551959 төгрөгийг хариуцагч Б.С-гаас гаргуулж, хариуцагчтай уулзахаар Улаанбаатар хот явсан гэх байдал нотлогдоогүй тул нислэгийн тийзний үнэ 263600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “ , 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 “ гэж нэмж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

 

                        ШҮҮГЧИД                             Т.Ж

 

                                      Ш.Б