Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00315

 

  

Б.Арсланбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэр

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалтай,  

Б.Арсланбаатарын нэхэмжлэлтэй,

Б.Сүнжидмаад холбогдох  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2,219,975 төгрөг, хүү 221,997 төгрөг, алданги 1,109,978 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263,600 төгрөг, нийт 3,815,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч Б.Сүнжидмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Б.Арсланбаатар нь Б.Сүнжидмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, зардал нийт 3,815,559 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 2,219,975 төгрөг, хүү 221,997 төгрөг, алданги 1,109,987 төгрөг нийт 3,551,959 төгрөгийг хариуцагч Б.Сүнжидмаагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Арсланбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот явсаны зардал 263,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сүнжидмаагаас 75,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Арсланбаатарт олгохоор шийдвэрлэжээ. 

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШШ2020/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэсний дараа 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Б.Сүнжидмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх ашгийг хохироосон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэр гаргасан. Би 2,000,000 төгрөгийг зээлж авахад хүүтэй авахаар тохирсон, гэхдээ ямар нэгэн байдлаар гэрээ хийгээгүй. Бодит байдалд 2,000,000 төгрөгийг зээлээд төлөлт хийж байх хугацаанд буюу 2019.06.04-ний өдөр маргаан бүхий зээлийн гэрээг нөхөн байгуулсан. Ингээд төлөлт хийгээд зарим үед хугацаа хэтэрсээр гэрээ хийх болсон. Ингэхэд 2.219,975 төгрөг гэж гэрээ хийсэн. Энэ үед надад ямар нэгэн мөнгө өгсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж, 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл 2,000,000 төгрөгийг авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу хүү тооцох эрхгүй гэж үзэхээр байгаа. Мөн зээлийн гэрээг бодит гэрээ гэж үздэг. Энэ утгаараа зээлийн гэрээг нөхөн байгуулна, хугацааг сунгасан гэрээ байгуулна гэсэн хууль зүйн ойлголт байхгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл... гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ байдал нь 2,219,975 төгрөгийг зээлээгүй байтал зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж байгаа байдлаар харагдана. Өөрөөр хэлбэл тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан юм. Энэ нь 2019.03.07-нд авсан 1,000,000, 03 сарын 10-ны өдөр нэмж дахин 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг авсан хэлцлээ халхавчлах зорилготой хийсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Мөн 2020.06.04-ний өдрийн 2,219,975 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн мөнгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр бэлнээр болон дансаар ямар нэгэн байдлаар аваагүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанчлан мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр болохоор хуульчилж өгсөн. Энэхүү хуулийн заалтаас харахад Б.Арсланбаатар нь надад тухайн зээлийн гэрээнд дурдагдсан мөнгийг өгөөгүй тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус үзэж байгаа юм. Миний бие хэдийгээр гомдол гаргаж байгаа ч нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцааж төлөхгүй гэдэг байр суурь илэрхийлдэггүй бөгөөд 2,000,000 төгрөгөөс нийт 535,000 төгрөгийг буцаан төлсөн. 2,000,000 төгрөгөөс төлсөн дүн буюу нийт 535,000 төгрөгийг хасаад үлдэх 1,465,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч Б.Сүнжидмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч Б.Сүнжидмаагаас 3,551,959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Арсланбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ. 

7. Нэхэмжлэгч Б.Арсланбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019.06.04-ний өдөр Б.Сүнжидмаад 2,219,975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацааны эцэст авахаар нотариатоор батлуулж гэрээ байгуулсан боловч зээлийг төлөөгүй тул зээл, хүү, алданги, зардал нийт 3,815,559 төгрөгийг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч Б.Сүнжидмаа ...2.219.975 төгрөгийг миний бие бэлэн болон дансаар аваагүй учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, ...би анх зээлж авсан 2,000,000 төгрөгөөс өөрийн төлсөн 535,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1,465,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 263,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Зохигч 2019.06.04-ний өдөр зээлийн гэрээгээр 2,219,975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хэн аль гэрээнд гарын үсгээ зуржээ.  

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хожим гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

10.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

10.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2019.06.04-ний өдрийн зээлийн гэрээг талууд хожим нөхөж хийсэн, хариуцагч өмнөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар 2,219,975 төгрөгийн өр хуримтлагдсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 535,000 төгрөг төлсөн гэж байгаа боловч энэ нь 2019.06.04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Тодруулбал, шүүх хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

12. Хариуцагч Б.Сүнжидмаа 1,465,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч Б.Сүнжидмаа тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

13. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, Б.Сүнжидмаагаас 3,551,959 төгрөгийг гаргуулан Э.Энхзулд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

15. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч Б.Сүнжидмаагийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч хариуцагч Б.Сүнжидмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.БАНЗРАГЧ  

                                                    ШҮҮГЧИД             Б.МӨНХТУЯА

                                                                                   П.ЗОЛЗАЯА 

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                       Х.ЭРДЭНЭСУВД