Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 133/ШШ2020/00496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Баяншанд баг 5-16 тоотод оршин суух, Ө овогт Б.А-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг, 6-14 тоотод оршин суух, Б овогт Б.С-д холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2.219.975 төгрөг, хүү 221.997 төгрөг, алданги 1.109.978.5 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг, нийт 3.815.559.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А миний бие 2019 оны 06 дугаар сарын 04-нд иргэн Б.С-д 2.219.975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацааны эцэст авахаар нотариатчаар батлуулж гэрээ байгуулсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Зээлсэн мөнгөө авахаар удаа дараа шаардаж байгаа боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Мөн 2 сард уулзахаар хот ороод уулзаж чадалгүй ирсэн. Иймд Б.С-аас зээлийн үндсэн мөнгө 2.219.975 төгрөг, хүүний 221.997 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг зээлийн үндсэн мөнгөний 50 хувь 1.109.978.5 төгрөг нийт 3.815.559.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.С нь нэхэмжлэгч Б.А-аас 2019 оны 03 дугаар сарын 07-нд 1 сая төгрөгийг 14 хоногийн 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оны 03 сарын 10-нд 1 сая төгрөгийг нэмж зээлсэн. Үүний хүү болох 100.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд А-ын 5315354505 гэсэн дансаар шилжүүлсэн. Мөн 4 дүгээр сарын 19-нд дахин дээрх дансаар 122.000 төгрөгийг, 5 дугаар сарын 14-нд 302.890 төгрөгийг мөн шилжүүлсэн. 6 дугаар сарын 4-нд зээлийн гэрээний үйлчилгээний төлбөр 11.000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн болно. А-ын нэхэмжилж байгаа 2.219.975 төгрөгийг миний бие бэлэн болон дансаар аваагүй учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн 2 дугаар сард надтай уулзахаар ирээгүй. Өөр цагдаагийн байгууллагын ажилтан явуулж надтай уулзуулж мэдүүлэг авахуулсан юм. Тийм учраас хотод ирсэн гэх зардлыг төлөх үндэслэлгүй. Тэр хүн өөрийнхөө ажлаар ирсэн хүн байсан. Иймд би анх зээлж авсан 2.000.000 төгрөгөөс өөрийн төлсөн 535.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.465.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Атай тохироцож үндсэн мөнгөө төлье гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй шүүхэд хандсан учир би ч мөн адил шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтаст хэргийн материалтай танилцахад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 2.219.775 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлж авсан байна. Хариуцагчийн хэлж байгаагаар 1.800.000 төгрөг төлнө. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2.219.775 төгрөгөөс тодорхой хувийг төлсөн. Энэ талаар нотлох баримт нь хэргийн материалд байгаа гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэсэгчлэн хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2.219.975 төгрөг, хүү 221.997 төгрөг, алданги 1.109.978.5 төгрөг, Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөг нийт 3.815.559.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.С нь ...А-ын нэхэмжилж байгаа 2.219.975 төгрөгийг миний бие бэлэн болон дансаар аваагүй учир энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн 2 дугаар сард надтай уулзахаар ирээгүй. Тийм учраас хотод ирсэн гэх зардлыг төлөх үндэслэлгүй. Тэр хүн өөрийнхөө ажлаар ирсэн хүн байсан. Иймд би анх зээлж авсан 2.000.000 төгрөгөөс өөрийн төлсөн 535.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.465.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.С нар нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний гол нөхцөлийг 2.219.975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 14 хоногийн хүү 10 хувь буюу 221.997 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирч нотариатчаар батлуулснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.А нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч Б.С-аас шаардах эрхтэй байна.
Мөн маргааны зүйл болох зээлийн гэрээний 2.6-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувиар алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.А болон хариуцагч Б.С нар нь 2019 оны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 2.219.975 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 14 хоногийн хүү 221.997 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4 дахь хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.
Шүүх маргааны зүйл болох зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх анзыг тооцоход 2.219.975 төгрөгийн 0.5 хувийн алданги нь өдрийн 11.099 төгрөг, нийт 324 өдрийн 3.596.076 төгрөг болж байх боловч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар алдангид үндсэн зээлийн мөнгө болох 2.219.975 төгрөгийн 50 хувь болох 1.109.987.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 2.219.975 төгрөг, хоногийн хүү 221.997 төгрөг, алданги 1.109.987 төгрөг нийт 3.551.959.5 төгрөгийг хариуцагч Б.С-аас гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.С-тай уулзахаар Улаанбаатар хот явсаны зардал болох 263.600 төгрөгийг шаардаж Aero Mongolia ХХК-ний нислэгийн тийзийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч хариуцагч Б.С-тай уулзсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Б.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...100.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд 4 дүгээр сарын 19-нд 122.000 төгрөгийг, 5 дугаар сарын 14-нд 302.890 төгрөгийг нэхэмжлэгч Б.А-ын ХААН банкны 5315354505 тоот дансанд шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.С-ийн ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдож байгаа боловч талууд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнээс хойшхи хугацаанд зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг тооцож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи хугацаанд зээлийн хүү төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 75.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 2.219.975 төгрөг, хүү 221.997 төгрөг, алданги 1.109.987 төгрөг нийт 3.551.959.5 төгрөгийг хариуцагч Б.С-аас гаргуулж эхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот явсаны зардал 263.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 75.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 


                                     ДАРГАЛАГЧ                                   Н.ОЮУНБИЛЭГ