Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2020/00030

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 14-р гудамж, 30-р байр, 5 тоотод оршин суух, Д овогтой Н.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баяншанд баг, 9-р гудамж, 24 тоотод оршин суух, Х овогтой О.О-т холбогдох,

үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н овогтой Э миний бие 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.О-тай харилцан тохиролцож сар бүр хүүгийн төлбөрт 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн зээл, сүүлийн сарын хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсны үндсэн дээр 5.000.000 төгрөгийг иргэн О.О-ын Хаан банк дахь 5315337919 тоот дансанд шилжүүлэн зээлдүүлсэн. Зээлдэгч гэрээний хугацаанд ногдох зээлийн хүүг бэлнээр төлсөн бөгөөд үндсэн зээл болон алдангийг төлөөгүй байна. Үндсэн зээл, алдангийг төлүүлэхээр удаа дараа шаардаж байгаа боловч гэр бүлийн найз болох З.П /РД:ДЮ71010778/, Ц.Э /РД:ДЮ71041761/ нарт дамжуулан зээлдүүлсэн тул тус зээлийг төлөхгүй гэдэг тайлбар хэлсээр өдийг хүрсэн. Гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч тал харилцан тохиролцох боломжгүй гэдэг шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Иймд зээлийн гэрээний 2.6 /зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ./ 3.5 дахь хэсэгт зээлдэгч гэрээний үүргийг үл маргах журмаар биелүүлнэ. Иргэний хуулийн 232.4 /Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/ заалтыг үндэслэн зээлийн хүүгийн төлбөр 2.500.000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээн дээр иргэн О.О гарын үсэг зурж өөрөө хариуцлагаа хүлээсэн. Энэ зээлийн гэрээг нотариат дээр батлуулсан. Нотариатч эрх, үүргийг бүгдийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан учир үүнийг төлөх боломжгүй гэж үзэх боломж байхгүй. Ц.Э гэдэг иргэн надад зээл өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Би зээл өгөх боломжгүй таньтай гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Ингэж хэлснээс хоёр хоногийн дараа О.О наад хүн чинь манай гэр бүлийн найз учир би баталгаа гаргаж өөрөө гэрээ байгуулаад зээлийг авч өгөх боломжтой гэсэн. Тухайн үед би энэ асуудлыг Ц.Э-тэй ярихгүй, өөртэй чинь ярина гэдгийг хэлээд О.О-тай гэрээ байгуулсан байгаа. Хүүний төлбөр болох 500.000 төгрөгийг авч байсан. 11 дүгээр сарын 24-нд О.О руу яриад зээлийн хүү мөнгө төгрөгөө өгөөч гэхэд наад асуудлыг чинь би хариуцахгүй. Ц.Э-ээс ав гээд байрлалыг зааж өгөөд эхний 3 сарын хүүгээ авсан нь үнэн гэв.

Хариуцагч О.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н.Э-аас миний дансанд хийсэн гэх 5.000.000 төгрөгийг надаар дамжуулж Ц.Э-т зээлдүүлсэн билээ. О.О миний бие дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шилжүүлсэн өдөр нь Ц.Э-ийн дансанд хийсэн баримтаа хавсарган өгөв. Ийм учраас Н.Э-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э нь 16-нд гэрээ хийж 18-нд миний дансанд хийсэн уг мөнгийг хийсэн өдөр нь Ц.Э-ийн 5315182839 дансанд 4.000.000 төгрөг нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн дээрх 5.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн учир нь Ц.Э-ээс О.О миний бие авах авлагаа хасаад шилжүүлсэн Ц.Э өөрөө тэгээд шилжүүлчих гэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр шилжүүлэг хийсэн юм. Хариуцагч О.О би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийсэн боловч миний данс барьцаалагдсан болохоор тухайн мөнгө надад ирээгүй. Өөрөө энэ мөнгийг аваагүй учир эвлэрүүлэн зуулчлал дээр эвлэрэх боломжгүй гэж хэлсэн байгаа. Би өөрөө энэ мөнгийг аваагүй учир өдийг хүртэл төлөөгүй гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь зааснаар хариуцагч Х овогтой О.О-аас 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д овогтой Н.Э-т олгож, нэхэмжлэлээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-аас 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 511 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н.Э миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр О.О-тай зээлийн гэрээ байгуулж надаас 5.000.000 төгрөгний зээлийг 03 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, уг зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож уг гэрээгээ нотариатаар батлуулсан бөгөөд О.О-ын Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч О.О нь 3 сарын зээлийн хүүг бэлнээр төлсөн бөгөөд үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсний алдангийг төлөөгүй юм. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад гэр бүлийн найз болох З.П, Ц.Э нарт дамжуулан зээлдүүлсэн тул тэд нар төлөхгүй байгаа учраас хугацаа хэтрээд байна гэж тайлбарласан. Ингээд зээлийн төлбөрөө төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байсан учир миний бие зээлийн төлбөрийг барагдуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нь бидний хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлон хуулийг буруу тайлбарлаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоогдсон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар болон зээлдэгч тал баталгааны гэрээ байгуулсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байх тул баталгааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэж 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Н.Э миний бие О.О-тай харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөг зээлсэн болохоос Ц.Э гэх хүнд ямар нэгэн мөнгө төгрөг зээлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй юм. Харин О.О нь надаас зээлсэн мөнгөө цаашаа нь өөрийн найз болох Ц.Э-т дамжуулан зээлсэн үйлдэл нь надад ямар нэгэн хамааралгүй юм.

Үүнийг анхан шатны шүүх буруугаар тайлбарлаж миний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн О.О-т 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж нотариатаар батлуулж зээлийн гэрээ байгуулсан байна.

Зээлийг төлөөгүй тул О.О-аас үндсэн зээлийн төлбөр 5.000.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н.Э-аас миний дансанд хийсэн гэх 5.000.000 төгрөгийг надаар дамжуулж Ц.Э-т зээлдүүлсэн билээ. О.О миний бие дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй шилжүүлсэн өдөр нь Ц.Э-ийн дансанд хийсэн баримтаа хавсарган өгөв. Ийм учраас Н.Э-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э нь 16-нд гэрээ хийж 18-нд миний дансанд хийсэн уг мөнгийг хийсэн өдөр нь Ц.Э-ийн 5315182839 тоот дансанд 4.000.000 төгрөг нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн дээрх 5.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг дутуу шилжүүлсэн учир нь Ц.Э-ээс О.О миний бие авах авлагаа хасаад шилжүүлсэн Ц.Э өөрөө тэгээд шилжүүлчих гэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр шилжүүлэг хийсэн юм. Хариуцагч О.О би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ хийсэн боловч миний данс барьцаалагдсан болохоор тухайн мөнгө надад ирээгүй. Өөрөө энэ мөнгийг аваагүй учир эвлэрүүлэн зуулчлал дээр эвлэрэх боломжгүй гэж хэлсэн байгаа. Би өөрөө энэ мөнгийг аваагүй учир өдийг хүртэл төлөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 болон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хууль буюу гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч Н.Э хариуцагч О.О-аас шаардах эрхтэй байна. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. “ гэж заажээ. Үүний дагуу 2.500.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь буруу биш байна.

Уг зээлийн гэрээний үүргийн дагуу 3 сарын хүүд 1.500.000 төгрөг төлөгдсөн бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал шүүх багасгаж болно гэж заасны дагуу алдангид 2.500.000 төгрөг нэхэмжилсэнийг 1.500.000 төгрөг болгож багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар О.О-аас үндсэн зээл 5.000.000 төгрөг, алдангид 1.500.000 төгрөг нийт 6.500.000 төгрөг гаргуулж Н.Э-т олгосугай гэж, 2 дахь заалтын “70.950 гэснийг “118500” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Н.Э-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 78.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

      ШҮҮГЧИД                             Т.Ж

                                            Ш.Б