Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01830

 

Л.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 268 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 16 982 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Ц-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.Ц-д 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 91 436 000 төгрөг зээлдүүлж өгсөн ба П.Ц- нь нийт 63 168 000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 28 268 000 төгрөгийг өнөө хүртэл өгөөгүй. 2015 оноос хойш удаа дараа нэхэхэд замын тендер хөөцөлдөж байгаа, өгнө гэсээр олон сар өнгөрсөн бөгөөд сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Солонгос Улсад явж байхад нь чатаар холбогдоход “за тэгнэ” гэсэн хариу өгсөн. Энэ хооронд 3 удаа Солонгос Улс руу явж ирсэн байдаг ба танидаг хүмүүстээ “намайг энд ирсэн гэж битгий хэлээрэй” гэж, ер нь мөнгө өгөх шинжгүй болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан боловч тэнд худал мэдүүлэг өгсөн, мөн цагдаагийн байгууллага хэргийг шалгахгүй үндэслэлгүйгээр хаасан. П.Ц-ыг мөнгө гуйх болгонд түүнд итгээд өгдөг байсан. Дансны хуулгад тодорхой байгаа. Миний ариун цагаар хөдөлмөрөөр олсон мөнгийг энэ хүн дуртай үедээ авчихаад одоо мөнгө өгөх ёсгүй, харин ч надаас авлагатай мэтээр шүүхэд тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. “Мөнгийг чинь өгөх гэж байхад цагдаа, шүүхэд хандсан тул одоо чи юу ч олж долоохгүй” гэх мэтээр доромжилсон. Өөрөө надад өртэй гэдгээ П.Алтантуяа болон нягтлан Хандаа, танил Цэвээн нарт ярьсан байдаг. Миний гаргаж өгсөн дансны хуулгад түүний авсан мөнгө тодорхой байхад цагдаа, прокуророор ийм шийдвэр гаргуулж байгаад нь гомдолтой байна. Миний хүйтэнд хөрч, халуунд халж байж олсон хэдэн төгрөгийг маань дуртай үедээ авчихаад эцэс сүүлд нь ингэж гүтгүүлнэ гэж санасангүй. Би хэзээ ч П.Ц-оос мөнгө зээлж байгаагүй. Иймд хариуцагч П.Ц-оос зээлийн гэрээний үүрэг 28 268 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Л.Ц-гийн надаас 28 268 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Ц-, П.Ц- бид 2014, 2015 онд сайн харилцаатай байсан ба хоорондоо мөнгө, төгрөг зээлж авалцдаг байсан. Би 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Л.Ц-гийн Хаан банкны 5011213502 тоот дансанд нийт 103 238 000 төгрөг шилжүүлснээс Л.Ц- надад 86 256 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би өөрөөр Л.Ц-гаас мөнгө аваагүй. Мөн 103 238 000 төгрөгөөс гадна 5 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бэлнээр авсан мөнгөө Л.Ц- хүлээн зөвшөөрдөггүй. П.Ц- би харин Л.Ц-гаас 16 982 000 төгрөгийн авлагатай бөгөөд энэ мөнгөө нэхэхээр цагдаа, шүүхээр явсаар өдий хүрсэн. Иймд Л.Ц-гаас 16 982 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 2 сарын 01-ний өдөр П.Ц- надаас 40 000 000 төгрөг гуйсан бөгөөд тухайн үед банкны шилжүүлгээр нэг хоногийн дараа орохоор байсан тул тэрээр хүлээж чадахгүй гээд миний Хас банкны данснаас бэлнээр 39 500 000 төгрөг гаргуулж, 500 000 төгрөгийг нэмээд нийт 40 000 000 төгрөгийг би түүнд бэлнээр өгсөн. Тэрээр надад хэлсэн ёсоороо 7 хонуулаад 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр миний “Хаан банк”-ны дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн өдөр миний “Хаан банк”-ны дансанд 40 000 000 гаруй төгрөг байсан ба П.Ц-оос 40 000 000 төгрөг орж ирээд би 80 000 000 төгрөгтэй байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, би өөрөө мөнгөтэй байсан хүн П.Ц-оос 40 000 000 төгрөг зээлж авах шаардлага байгаагүй. Хоёрдугаарт, тухайн үед би биеийн байдлаас шалтгаалан дэлгүүрээ өөр хүнд түрээслүүлсэн байсан бөгөөд хариуцагчийн тайлбарласан шиг би дэлгүүрийн бараа татах шаардлага байгаагүй. Надаас 16 982 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч П.Ц-оос зээлийн гэрээний үүрэг 28 268 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16 982 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Ц-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлтийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 290 төгрөг, хариуцагч П.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-оос 299 290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц-д олгож, мөн П.Ц-ын илүү төлсөн хураамж 3 504 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч П.Ц-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах  гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Ц.Цэрэнсодном нь өөрийн “Хаан банк” дахь дансандаа 2014 оны 2 сарын 17-ны өдрийн 15 цаг 50 минутад 40 000 000 төгрөгийн орлого хийсэн байдаг. Харин нэхэмжлэгч Л.Ц- болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд удаа дараа өгсөн тайлбартаа 2014 оны 2 сарын 17-ны өдрийн 14 цаг 39 минутад 39 500 000 төгрөг, 16 цаг 24 минутад 400 000 төгрөг гаргасан талаар тайлбарладаг, уг тайлбарынхаа нотлох баримтаар 71 дүгээр хуудсанд авагдсан “Хас банк”-ны хуулга гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүгч хэрхэн 16 цаг 24 минутад нэхэмжлэгч Л.Ц-гийн гаргасан гүйлгээг П.Ц- нь 15 цаг 50 минутад орлого хийхдээ Л.Ц-гаас авсан мөнгө гэж үзээд [байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч Л.Ц- нь 2019 оны 3 сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... энэ надруу шилжүүлж өгсөн 40 000 000 төгрөгийг ямар учиртай шилжиж орж ирснийг санахгүй байна ...” гэж мэдүүлсэн байдаг. Харин П.Цэрэнсоднсм нь 2014 оны 2 сарын 24-ний өдөр шилжүүлсэн 40 000 000 төгрөг зээлдүүлсэн гэдгээ удаа дараа мэдүүлдэг бөгөөд Л.Ц- нь П.Ц-д 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс л мөнгө шилжүүлж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь уг 40 000 000 төгрөгийн асуудалыг П.Ц-ын мэдүүлэг, дансны хуулгатай тааруулах үүднээс материалтай танилцсаны дараа зориуд тааруулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Л.Ц- нь бусдад байнга мөнгө зээлдүүлдэг нь түүний дансны хуулгаас харагдаж байна. Түүнчлэн тухайн цаг хугацаанд буюу 2014 оны 02 сард Л.Ц-гийн дансанд өөр бусад хүнээс 40 000 000 төгрөг орж ирсэн нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхээс “... өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна” гэж дүгнэсэн. Мөн хуулийн 281 дүгээр зүйл 281.2 дахь хасэгт “... мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс үнийн дүн зөрүүтэй, цаг хугацаа зөрүүтэй байхад түүнчлэн нэхэмжлэгч нь өөр бусад хүмүүст байнга мөнгө зээлдэг, байнгын их хэмжээний мөнгөн гүйлгээ хийдэг нь түүний дансны хуулгаас тодорхой харагдсаар байхад Ц.Цэрэнсодномыг шууд уг 40 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна П.Ц- нь тухайн үед Япон улсаас машин оруулж ирж худалдан борлуулдаг, байнгын бэлэн мөнгөтэй байдаг байсан юм. Түүнчлэн Л.Ц- нь П.Ц-д мөнгө өгөхдөө байнга данс ашигладаг хирнээ зөвхөн уг 40 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. П.Ц- нь Л.Ц-гаас нэг ч удаа бэлэн мөнгө авч байсан удаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ц- нь хариуцагч П.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 268 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 16 982 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Л.Ц- нь хариуцагч П.Ц-д 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 91 436 000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-18-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ. 

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

            Хариуцагч П.Ц- нь нэхэмжлэгч Л.Ц-д зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх боловч хэрэгт авагдсан “Хаан банк”-ны дансны хуулгаар 63 168 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь үлдэх 28 268 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй юм. /хх-ийн 6-18-р тал/ Өөрөөр хэлбэл, хариуцагч П.Ц- нь зээлийн төлбөрийг төлж дууссан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй байна.

           

            Иймд хариуцагч П.Ц-оос зээлийн гэрээний үүрэгт 28 268 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

           

            Хариуцагч П.Ц- нь нэхэмжлэгч Л.Ц-гаас зээлийн гэрээний үүрэгт 16 982 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Л.Ц-д  бид 2 харилцан бие биедээ мөнгө зээлдэг байсан бөгөөд нэхэмжлэгч Л.Ц- нь хариуцагчид 16 982 000 төгрөгийн өртэй гэжээ. /хх-ийн 61-р тал/

 

            Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн харилцаанаас өмнөх 2014 оны 2 сарын 17-ны өдрийн 40 000 000 төгрөгийн гүйлгээний талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

                        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 542 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

                                                                                     

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ